Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00035

 

 

“Д Э Э Г Ф М ХХК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02476 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-ийн  хариуцагч “Ү К ХХК” ХХК-д холбогдуулан гаргасан    31 318 840 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 онд “Д Э Э Г Ф М ХХК” ХХК нь “Ү К ХХК” ХХК-ийн хүсэлтээр агаарын тээврийн үйлчилгээг 4 удаа хийж гүйцэтгэсэн боловч IMYG503 ачааны тээврийн хөлс 6631 доллар, IMYG491 ачааны төлбөр 1728 доллар, IМYG484 ачааны төлбөр 3009 доллар, нийт 11368 долларын төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. IMYG491 ачааны тухайд “Ү К ХХК” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Итали улс руу 540 кг ачаа тээвэрлүүлж, ачаа нь ямар нэг асуудалгүй хүлээн авагчид очсон. IMYG484 ачааны тухайд Ү К ХХК ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Итали улс руу 1020 кг ачаа тээвэрлүүлсэн бөгөөд дээрх ачаа нь мөн ямар ч асуудалгүй хүлээн авагчид очсон. IMYG503 ачааны тухайд “Ү К ХХК” ХХК-ийн менежер Г.Б 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр пүрэв гарагийн бүх ачааг хойшлуулж, агаарын тээврийн компанид захиалга өгүүлсэн. Хариуцсан ажилтан М.Н нь онгоц жижиг хэмжээтэй, ачааг оруулахын тулд бүтэн нислэг авдаг тухай, бүх ачааг хойшлуулж зөвхөн “Ү К ХХК” ХХК-ийн Итали улс руу явуулах ачааг тээвэрлэх болсныг Г.Бд анхааруулж байсан байна. Гэтэл хариуцагч компани нь бичиг баримтыг бүрдүүлэлтээ дутуу хийсний улмаас тус тээвэрлэлтийг цуцалж, тээвэрлэгч компани нь ачаагүй хоосон нислэг үйлдсэн. Ачааг хойшлуулсны дараа хариуцагч дахин тус ачааг тээвэрлүүлэх хүсэлт гаргахад М.Ннь тээвэрлэгч компанид учирсан хохирлын талаар болон тээвэрлэгч компаниас манай компани руу торгууль нэхэмжилсэн тохиолдолд танайх руу шилжүүлнэ гэдгийг хэлж сануулж байсан. “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-ийн санхүүгийн албанаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр IMYG484 ачааны төлбөр 3009 доллар буюу тухайн үеийн ханшаар 7 724 103 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр IMYG491 ачааны төлбөр 1728 доллар буюу тухайн үеийн ханшаар 4 449 600 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн IMYG503 ачааны төлбөр 6631 доллар буюу тухайн үеийн ханшаар 17 547 213.60 төгрөг, нийт 29 720 916 төгрөгийн нэхэмжлэл явуулсан боловч төлбөр огт төлөгдөөгүй. “Ү К ХХК” ХХК-аас дээрх гурван удаагийн тээврийн үйлчилгээний хөлс нийт 11368 доллар буюу  31 318 840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү К ХХК” ХХК нь 2018 онд Бүгд найрамдах Итали улс руу нийт 4 удаа багласан самнасан ноолуурыг “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-ийн агаарын тээврийн зуучлалын үйлчилгээг сонгон явуулсан. Итали улс руу явуулах бараа, материалыг тээвэрлэгч компанид зуучилж өгсөн. “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлийн улмаас бид ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн. Тодруулбал, ачааг тээвэрлүүлэхэд нэхэмжлэгч нь бичиг баримтын төрлийг удаа дараа буруу явуулах, агаарын тээврийн баримтуудад жин, хэмжээг зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн нь мөн дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэж бараа, материалыг илүү хадгалсны төлбөрийг удаа дараа манай талаас төлж байсан. Түүнчлэн бараа нь худалдан авагчид хугацаандаа очоогүйгээс бид 17 748 ам.долларын бодит хохирол учирсан. Мөн нэхэмжлэгч нь нийт 3 удаагийн тээвэрлэлтийн хөлс болох 11 368 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцон 29 720 916.60 төгрөгийг нэхэмжилж мөн нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ханшаар тооцон 31 318 840 төгрөгийг нэхэмжилсэн нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-ийн нэхэмжилж буй 11 368 ам.доллар буюу 31 318 840 төгрөг нь талуудын гэрээгээр тохиролцсон дүн мөн эсэхийг шалгаж баталгаажуулах шаардлагатай. “Ү К ХХК” ХХК-ийн агуулахын төлбөрт нэмэлтээр төлсөн нийт 1176,36 еврог төгрөг рүү хөрвүүлэхэд 3 557 500 857 төгрөг болон үнийн зөрүүний алдагдал 17,748 ам.долларыг төгрөг рүү хөрвүүлэхэд 49 358 785 төгрөг, нийт 52 916 286 төгрөг нь “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ү К ХХК ХХК-д учирсан хохирол бөгөөд тус компанийн нэхэмжилж буй 11,368 ам.доллар буюу 31 318 840 төгрөгийг хасч тооцоход хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлгүй болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь бичгээр гаргасан тайлбарын тухайд өмгөөлөгч аваагүй байхдаа гаргасан бөгөөд сүүлд дахиад тайлбар өгсөн байгаа, манайх үнийн дүнг зөвшөөрөхгүй. Түүнчлэн энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн хэлцэл юм. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гэрээний үүргээ бодитойгоор биелүүлсэн эсэх, түүнтэй холбоотой хохирлыг нэхэмжилж иргэний хэрэг үүссэн. Энэ нэхэмжлэл бол маргаж буй гэрээний үүргээ нэхэмжлэгч тал шударгаар биелүүлсэн эсэхийг тогтоох асуудал тул үүнийг шийдвэрлээгүй байхад уг хэргийг шийдэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ү К ХХК” ХХК-аас үлдэгдэл төлбөр 29 647 969 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 670 871 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 544,20 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 306 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д Э Э Г Ф М ХХК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн нь тодорхойгүй, үндэслэлгүй байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн бичгээр өгсөн хариу тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэжээ. Уг тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй ба энэ тухай шүүхэд гаргаж өгсөн тайлбар, шүүх хуралдааны явцад тайлбарлаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үнийн дүн тодорхойгүй байгаа талаар дурдаж байсан. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг тодруулахаар гарсан захирамжийн биелэлт хангагдаагүй, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох шаардлагатай талаар хүсэлт гаргасан байхад нэхэмжлэлийн дүн тодорхой, үнэн бодит эсэхэд огт дүгнэлт хийлгүйгээр 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчаас гаргаж өгч байсан Монгол банкны ханшийн лавлагаануудад үндэслэн 29 647 969 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм Эдгээр лавлагаанууд нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн нь тодорхойгүй байгааг нотлох баримтууд байсан. Түүнчлэн, гэрээний үүрэгтэй хамааралтай хохирлыг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэн боловч шүүхээс хүлээж аваагүй ба тусдаа нэхэмжлэл гарган маргасан. Уг  хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй юм. Талуудын хооронд хэлцэл зөвхөн аман хэлбэрээр байгуулагдаагүй. Агаарын ачааны дагалдах бичгүүд болон тээвэр зуучлалын үед хийгдэж байгаа бүхий л баримт бичгүүд гэрээний нэг хэсэг болдог. Мөн гэрээ байгуулах үед гэрээний нөхцөлийн талаар талууд имэйлээр харилцаж хоорондоо тохиролцож байсан. Эдгээр баримтуудаар гэрээний нөхцөл, үнэ, ачааны жин, хэмжээ бүхий л зүйлсийг тодруулах боломжтой байсан. 1МҮӨ503 дугаартай ачаа 2448 кг байгаагүй бөгөөд 2248 кг ачаа байсан. 1МҮӨ503 дугаартай агаарын ачааны дагалдах бичгийн огноо 2018 оны 12 дугаар сарын 11, 1МҮӨ484 дугаартай агаарын ачааны дагалдах бичгийн огноо 2018 оны 10 сарын 09-ний өдөр тус тус илгээгдсэн байдаг. Гэтэл шүүхээс Монгол банкны ханшийн лавлагаанд нийцүүлэх байдлаар гэрээний хугацааг өөрчилсөн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь нийт 3 удаагийн тээвэр зуучийн үйлчилгээний хөлс болох 11,368 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцон 29 720 916.60 төгрөгийг нэхэмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ханшаар тооцон 31 318 840 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар заасныг зөрчсөн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоол, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Д Э Э Г Ф М ХХК” ХХК нь хариуцагч “Ү К ХХК” ХХК-д холбогдуулан 31 318 840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгчээс хариуцагчийн 1MYG503 дугаартай 2448 кг угааж самнасан ноолуурыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 1MYG484 дугаартай 1020 кг угааж самнасан ноолуурыг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 1MYG491 дугаартай 5400 кг угааж самнасан ноолуурыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Итали улсын Милан хот руу агаарын тээвэр үйлчилгээг ашиглан илгээсэн гэж тайлбарлаж, хариуцагчийн ачааг тээвэрлэсний хөлс гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан байна. /хэргийн 1-2, 11-17, 55-58 дугаар тал /

            Анхан шатны шүүхээс талууд амаар ямар хэлцэл хийхээр тохиролцож, хэн нь ямар эрх, үүрэг хүлээсэн болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, эсхүл харилцан тооцох үүрэг үүссэн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд талуудын хооронд ажлын үр дүн бодитой бий болж, захиалагчийн өмчлөл, эзэмшилд шилжсэн зэрэг үйл баримт ач холбогдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтууд нь өөрийн байгууллагын буюу нэг талын баримт байх ба хэдэн төгрөгийн үнэ бүхий ямар хэмжээний ноолуурыг хэзээ хүлээн авч, хэрхэн тээвэрлүүлсэн, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

            Түүнчлэн, хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийг гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой өөрт учирсан хохирол гэх агуулгаар тайлбар гаргасан байна. /хэргийн 43,44, 70,71/ Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу. Учир нь нэхэмжлэгчийн үүргээ гүйцэтгэсэн байдал, гэрээний зүйл, гэрээний зүйлийн үнийг хэрхэн тодорхойлох зэрэг нөхцөл байдлын талаар хангалттай баримт авагдаагүй, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх анхаарч үзээгүй байна.

            Өөрөөр хэлбэл, талууд ямар гэрээний үндсэн дээр (тээвэрлэлтийн эсхүл илгээмжийн гэрээ) ачааг тээвэрлүүлсэн эсэхийг тодруулж, энэ талаар талуудын нотолгооны үүргийг тодорхойлсны үндсэн дээр Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний төрлийг тодорхойлсны үндсэн дээр гэрээний дагуу хүлээсэн үүрэг болон гэрээнд тусгайлан заагаагүй тохиолдолд Иргэний хуулиар тодорхойлсон тухайн гэрээнд хамаарах хүлээсэн үүрэг, үүргийн зөрчил байгаа эсэх зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой байжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    С.ЭНХТӨР