Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/02476

 

2020 09 16 183/ШШ2020/02476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .............. тоотод байрлах Д ХХК, /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг .............. тоотод байрлах Ү ХХК /РД:0000000/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 318 840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, Б.А , нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК-ийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд агаарын болон далайн, авто зам, төмөр замаар экспорт болон импортын тээвэрлэлтийг хийж гүйцэтгэдэг анхдагч тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэг юм. 2018 онд Д ХХК нь Ү ХХК-ийн хүсэлтээр агаарын тээврийн үйлчилгээг 4 удаа хийж гүйцэтгэсэн боловч 0000503 ачааны тээврийн хөлс 6631$, 0000491 ачааны төлбөр 1728$, IМYG484 ачааны төлбөр 3009$, нийт 11368$ төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.    0000491 ачааны тухайд Ү ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Итали улс руу 540 кг ачаа тээвэрлүүлж, ачаа нь ямар нэг асуудалгүй хүлээн авагчид очсон.

2.    0000484 ачааны тухайд Ү ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Итали улс руу 1020 кг ачаа тээвэрлүүлсэн бөгөөд дээрх ачаа нь мөн ямар ч асуудалгүй хүлээн авагчид очсон.

3.    0000503 ачааны тухайд Ү ХХК-ийн менежер Г.Б 12 сарын 13-ны өдөр пүрэв гарагийн бүх ачааг хойшлуулж, агаарын тээврийн Т ХХК-д захиалга өгүүлсэн. Хариуцсан ажилтан М.Н нь онгоц жижиг хэмжээтэй, ачааг оруулахын тулд бүтэн нислэг авдаг тухай, бүх ачааг хойшлуулж зөвхөн Ү ХХК-ийн Итали улс руу явуулах ачааг тээвэрлэх болсныг Г.Бд анхааруулж байсан байна. Гэтэл хариуцагч компани нь бичиг баримтыг бүрдүүлэлтээ дутуу хийсний улмаас тус тээвэрлэлтийг цуцалж, тээвэрлэгч компани нь ачаагүй хоосон нислэг үйлдсэн. Ачааг хойшлуулсны дараа хариуцагч дахин тус ачааг тээвэрлүүлэх хүсэлт гаргахад М.Н нь тээвэрлэгч компанид учирсан хохирлын талаар болон тээвэрлэгч компаниас манай компани руу торгууль нэхэмжилсэн тохиолдолд танайх руу шилжүүлнэ гэдгийг хэлж сануулж байсан.

Д ХХК-ийн санхүүгийн албанаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 0000484 ачааны төлбөр 3009$ буюу тухайн үеийн ханшаар 7 724 103 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 0000491 ачааны төлбөр 1728$ буюу тухайн үеийн ханшаар 4 449 600 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0000503 ачааны төлбөр 6631$ буюу тухайн үеийн ханшаар 17 547 213,60 төгрөг, нийт 29 720 916 төгрөгийн нэхэмжлэхүүд явуулсан боловч төлбөр огт төлөгдөөгүй байдаг. Ү ХХК-иас дээрх гурван удаагийн тээврийн үйлчилгээний хөлс нийт 11368$ буюу Монгол банкны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн долларын ханшаар 31 318 840 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч байгууллага нь шүүхэд гаргасан тайлбартаа манай нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргаж байсан, өөрөөр хэлбэл өөрсдөдөө хохирол учирсан бөгөөд түүнийгээ манай нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцох агуулгатай зүйл өмнөх шүүх хуралдаан дээр ярьдаг бас тайлбар нь ч тийм байсан. Хэрэгт нэхэмжлэл гаргах үеийн долларын лавлагааг өгсөн шиг санаж байгаа ч үүрэг үүсэх үеийн ханшаар тооцоход гомдолгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ү ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү ХХК нь 2018 онд Бүгд найрамдах Итали улс руу нийт 4 удаа преслэж багласан самнасан ноолуурыг Д ХХК-ийн агаарын тээврийн зуучлалын үйлчилгээг сонгон явуулсан байдаг. Итали улс руу явуулах бараа, материалыг тээвэрлэгч компанид зуучилж өгсөн Д ХХК-ийн хариуцлагагүй үйлдлийн улмаас бид ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн. Тодруулбал, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0000445 тоот дугаартай ачааг тээвэрлүүлэхэд Д ХХК нь бичиг баримтын төрлийг удаа дараа буруу явуулах, Бүгд Найрамдах Итали улс дахь DHL компанитай мэдээллээ дутуу солилцсоноос бараа, материалыг 7 хоног илүү хадгалсны төлбөрт 609.16 еврог Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад Ү ХХК нь төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0000503 тоот дугаартай ачааг тээвэрлүүлэхэд тухайн бараа материалын Airway Bill, House Airway Bill зэрэг агаарын тээврийн баримтуудад жин/хэмжээг зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн нь мөн дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэж бараа, материалыг 5 хоног илүү хадгалсны төлбөрт 567,20 евро нийт 1176,36 еврог Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад төлсөн байдаг. Дээрх барааг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гаалийн мэдүүлэгт дурдахдаа нийт 207,60 ам.доллараар мэдүүлсэн бөгөөд тухайн үнийн дүнгээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдан авагчид төлбөрийн нэхэмжлэх явуулж байсан. Гэтэл бараа нь худалдан авагчид хугацаандаа очоогүйгээс бид тухайн үеийн зах зээлийн үнийн өөрчлөлтийн улмаас 189,892 ам.доллараар худалдан авагч талд тухайн барааг зарахаас өөр аргагүйд хүрч бидэнд үнийн зөрүүнээс болж 17,748 ам.долларын бодит хохирол учраад байна. Хариуцагч Ү ХХК-ийн зүгээс дээрх хохирлын асуудлыг шийдвэрлэж төлбөр тооцоо нийлэх талаар нэхэмжлэгчид удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг шийдвэрлэх талаар нэхэмжлэгч нь нааштай хариуг ирүүлж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь нийт 3 удаагийн тээвэрлэлтийн хөлс болох 11,368 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцон 29,720,916,60 төгрөгийг нэхэмжилж мөн нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ханшаар тооцон 31,318,840 төгрөгийг нэхэмжилсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болох бөгөөд бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглодог. Нэхэмжлэгч компани нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг компани байх бөгөөд гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх этгээд биш байх тул гадаад валютаар зуучлалын хөлсний хэмжээг илэрхийлэх болон валютын зөрүүнээс үндсэн төлбөрийн дүнг нэмэгдүүлэн нэхэмжилсэн нь дээрх хуулийг зөрчсөн асуудал болох юм. Учир нь нэхэмжлэгч компани төлбөрийг төгрөгөөр илэрхийлэн нэхэмжилж байгаа хэдий ч төлбөрийг доллараар тооцож, уг төлбөр нь валютын ханшнаас хамааран хэлбэлзэж байгаа нь төлбөр тооцоог төгрөгөөр бус ам.доллараар тооцож байгааг харуулж байна. Иймд дээрх төлбөрийг төгрөгөөр тооцон төлбөр тооцоог гүйцэтгэх нь хуульд нийцэх юм. Мөн нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжилж буй 11,368 ам.доллар буюу 31,318,840 төгрөг нь талуудын гэрээгээр тохиролцсон дүн мөн эсэхийг шалгаж баталгаажуулах шаардлагатай байх тул үүнийг нэмж тодруулах болно. Ү ХХК-ийн агуулахын төлбөрт нэмэлтээр төлсөн нийт 1176,36 еврог төгрөг рүү хөрвүүлэхэд 3.557.500,8576 төгрөг болон үнийн зөрүүний алдагдал 17,748 ам.долларыг төгрөг рүү хөрвүүлэхэд 49,358,785.32 төгрөг, нийт 52.916.286,177 төгрөг нь Д ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ү ХХК-д учирсан хохирол бөгөөд тус компанийн нэхэмжилж буй 11,368 ам.доллар буюу 31.318.840 төгрөгийг хасч тооцоход хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлгүй болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь бичгээр гаргасан тайлбарын тухайд өмгөөлөгч аваагүй байхдаа гаргасан бөгөөд сүүлд дахиад тайлбар өгсөн байгаа, манайх үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн хэлцэл бөгөөд төлбөр тооцоог валютаар биш төгрөгөөр хийх ёстойг төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуульд маш тодорхой тусгасан. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гэрээний үүргээ бодитойгоор биелүүлсэн эсэх, түүнтэй холбоотой хохирлыг нэхэмжилж байгаа ба иргэний хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нэхэмжлэл бол маргаж буй гэрээний үүргээ нэхэмжлэгч тал шударгаар биелүүлсэн эсэхийг тогтоох асуудал тул үүнийг шийдвэрлээгүй байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан үндэслэлээр 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан ноолуурын илгээсний хөлсний үлдэгдэл төлбөр 31 318 840 төгрөг гаргуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2018 онд хэлцэл аман хэлбэрээр байгуулагдсан байх ба уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 0000503 дугаартай 2448 кг угаасан самнасан ноолуурыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр /хх-15, 53/ 0000503 дугаартай 2448 кг угаасан самнасан ноолуурыг, 0000484 дугаартай 1020 кг угааж самнасан ноолуурыг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 0000491 дугаартай 5400 кг угааж самнасан ноолуурыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр /хх-57/ Итали улсын Милан хот руу агаарын тээвэр үйлчилгээг ашиглан илгээсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Учир нь Д ХХК нь аж ахуйн үндсэн үйл ажиллагаа болох ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцсон, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.2-д заасан шаардлагыг хангасан байх тул зохигчдын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч нь дээрх гурван ачааг илгээх ажлын хөлсөнд 11 368 ам.доллар буюу 31 318 840 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэдэг бол хариуцагч нь уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх асуудал адил шатны өөр шүүх дээр шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах, түүнчлэн гэрээ хууль зөрчиж байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус гэж тайлбар гаргаж маргажээ.

Нэхэмжлэгч Д ХХК нь гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 0000503 дугаартай 2448 кг угаасан самнасан ноолуурыг, 0000484 дугаартай 1020 кг угааж самнасан ноолуурыг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 0000491 дугаартай 5400 кг угааж самнасан ноолуурыг, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Итали улсын Милан хот руу агаарын тээвэр үйлчилгээг ашиглан илгээх үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Ү ХХК нь хөлс төлөх үүрэгтэй байна.

Улмаар хариуцагчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн .....нийт 52 916 286 төгрөг нь Д ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ү ХХК-д учирсан хохирол бөгөөд тус компанийн нэхэмжилж буй 11 368 ам доллар буюу 31 318 840 төгрөгийг хасч тооцоход хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлгүй болж байгаа .. гэх хариу тайлбарыг үндэслэж ажлын үнэ хөлс 11 368 ам доллар нэхэмжилж буйг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь хариуцагчийн хариу тайлбар нь гэрээний үнэ 11 368 ам.долларыг хүлээн зөвшөөрсөн, гагцхүү энэхүү гэрээнээс үүдэлтэй хохирол учирсан тул түүнийгээ хасаж тооцуулах агуулгатай байна.

Хариуцагчийн хариу тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэл юм. Харин валютын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар бодсон гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол банкны лавлагаа хэрэгт байхгүй байна.

Иймд хэргийн 52-54 дүгээр хуудаст үүрэг үүсэх үеийн ханшаар Монгол банкны лавлагаа авагдсан байх тул энэ ханшаар /нэхэмжлэгч тал зөвшөөрсөн/ 11 368 ам.долларыг тооцож 29 647 969 /6631$*2635₮, 3009$*2565₮, 1728$*2565₮/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Хэрэгт хэдийгээр талуудын хооронд байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ гэрээний үүргээ Д ХХК нь зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоолгож, хохирол 53 846 743 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүсч, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаарх 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2020/09148 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж авагдсан байх ба хариуцагч талын хүсэлтээр шүүх хэргийг түдгэлзүүлсэн захирамжийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ.

Гэвч тухайн шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШТ2020/00363 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрхэн шийдвэрлэх нь Д ХХК болон Ү ХХК-ийн хооронд тээврийн үйлчилгээний хөлс гаргуулах хэрэгт нөлөөлөхгүй гэсэн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн татгалзлын нэг үндэслэл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэл нь хэрэг түдгэлзүүлсэн эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлтэй агуулгаараа ижил юм.

Гэвч захирамжийг хүчингүй болгосон тухайн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т зааснаар эцсийн шийдвэр болдог учиртай. Иймд хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбар үндэслэлгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн татгалзлын тухайд шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэдийгээр дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Энэхүү заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан юм. Гэрээний талууд ачаа барааг нэг улсаас нөгөө улс руу тээвэрлэхтэй холбогдох үнэ тарифыг ам.доллараар төлөхөөр тохиролцсоныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү ХХК-иас үлдэгдэл төлбөр 29 647 969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 670 871 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.544,20 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 306.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         О.ЧУЛУУНЧИМЭГ