Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00079

 

 

Р.У-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02398 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.У-ийнхариуцагч СБД-ийн 68 цт холбогдуулан гаргасан мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин, хөлсний дундажтай тэнцэх олговор 3 139 024 төгрөг, амралтын мөнгө 1 800 000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие СБД-ийн 68 цт биеийн тамирын багшаар ажилладаг ба 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үндэслэлгүйгээр халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шатанд эвлэрч 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүх 181/ШШ2020/00187 тоот захирамж гарч ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийг гардан аваад ажилдаа 2020 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа очиход ажлын хаалгаар оруулаагүй. Шүүхийн шийдвэрийг Нийслэлийн СБД-ийн 68 ц огт биелүүлэхгүй байсан учир уг шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1664 тоот албадан гүйцэтгэх захирамж, тус өдрийн 120 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр огноолсон тушаал гаргасан байсныг миний бие гардаж аваад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. Гэтэл ажилдаа орж амжаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтуудыг үндэслэн ажлаас халсан гэсэн мэдэгдэл өгснөөр нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иймд мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү. Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин болох 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин болох 3 139 024 төгрөг, амралтын мөнгө 1 800 000 төгрөг гаргуулж, холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин 3 139 024 төгрөг, амралтын мөнгө 1 800 000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.У нь 68 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00187 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Р.У бид шүүхэд эвлэрэхдээ нэхэмжлэгч тал буюу Р.У-ийнажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас гадна түүнийг дахин 68 дугаар цэцэрлэгт ажиллахгүй, нэгэнт биеийн тамирын багшийн орон тоонд мэргэжлийн бус хүн ажиллуулах боломжгүй, хүний оронд түр томилогдсон гэдгээ мэдэж байгаа учир ажлаасаа чөлөөлөгдөнө, ажилгүйдлийн тэтгэмж авах боломжоор хангаж өгөөрэй гэсэн хүсэлтийг нь харгалзан эвлэрлийн гэрээ байгуулах болсон юм. Тус шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичиж өгсөн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Эвлэрлийн гэрээг өөрсдөө хийсэн атлаа өнөөдөр шүүхэд ямар асуудал тавьж байгааг ойлгохгүй байна. Банкны зээлтэй байсан гэсэн асуудлыг ярьж байна. Хэрвээ үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн бол эвлэрэхгүй байхаар байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 68 дугаар цэцэрлэгт ирүүлсэн мэдэгдэл, төлбөр төлсөн баримт зэргээс манайх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тушаал шийдвэр энэ мэдэгдлийн дагуу зөрчлөөр гарсан уу эсхүл өөрөө хүсэлтээр чөлөөлөгдсөн үү гэдэг нь тушаал дээр бичигдсэн байгаа. Тушаалын асуудлаар нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дах заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ундрал-Эрдэнийг хариуцагч СБД-ийн 68 цийн биеийн тамирын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч СБД-ийн 68 цээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 057 492 төгрөгийг, ээлжийн амралтын олговорт 853 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Уд олгож, хариуцагч СБД-ийн 68 цт олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 027 812  төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.У-ийннэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч СБД-ийн 68 цээс улсын тэмдэгтийн хураамжид 147 729 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Р.У нь 68 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00187 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Мөн Р.У дээрх захирамжийг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахдаа цаашид 68 дугаар цэцэрлэгт ажиллахгүй гэдэг тайлбар хүсэлтээ бичиж өгсөн байдаг. Р.Унрал-Эрдэнэ нь мэдэгдлийг гардан авснаас хойш нэг ч удаа ажилдаа ирээгүй, ажлаас чөлөөлсөн тушаалаа өнөөдрийг хүртэл авахгүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02398 тоот шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримталжээ. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас боловсролын явцын шалгалтыг хийж, бүх багш нарын боловсролын бичиг баримтуудыг шалгаж, биеийн тамирын багшаар мэргэжлийн бус багш ажиллуулж байна гэсэн зөрчил зааж, уг зөрчлийг арилгаж мэргэжпийн багш ажиллуулах үүрэг даалгавар өгсөн учир Р.Ундрал-Эрдэнийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/37 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ бүх нөхцөл байдлыг Р.У бүрэн мэдэж байсан. Мөн шүүхийн шийдвэрт “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Р.У нь тус цэцэрлэгт цаашид ажиллахгүй гэдгээ шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад удаа дараа бичгээр өөрөө мэдэгдсэн. Иймд Р.Ундрал-Эрдэнийг өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн болно. Мөн Р.У нь түр тушаалаар ажил гүйцэтгэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Р.У нь хариуцагч СБД-ийн 68 цт холбогдуулан мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин, хөлсний дундажтай тэнцэх олговор 3 139 024 төгрөгийг, амралтын мөнгө 1 800 000 төгрөгийг хангаж гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00187 дугаартай “Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Р.Ундрал-Эрдэнийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхөөр хариуцагч зөвшөөрсөн агуулгаар зохигч эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 5,6  дугаар тал/

            Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2020/01664 дугаар шүүгчийн захирамж болон 181/ГХ2020/00120 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. /хэргийн 76-78 дугаар тал/

 

            Улмаар хариуцагч байгууллагаас Нийслэлийн СБД-ийн 68 цийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Р.Ундрал-Эрдэнийг ажилд түр авах тухай тушаал гаргасан боловч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгджээ. /хэргийн 2, 3 дугаар тал/

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд түр томилох тушаал гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажилтныг томилогдсон ажлын байранд нь ажиллуулаагүй, ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

 

            Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Шинж төрлийн коронавирус цар тахлын улмаас цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон тул үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх олговор болон түүнд ногдох ээлжийн амралтын олговрыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлаж байх боловч энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт .Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг хамааралгүй болно.

 

Хариуцагч 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид цалин хөлс олгоогүй үйл баримтад маргаагүй байна.

 

            Түүнчлэн Нийслэлийн СБД-ийн 68 цийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар мэдэгдэл нь үр дагавар үүсгээгүй байх ба нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ..........................Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                             

                                            ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      С.ЭНХТӨР