Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р.У/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Ж цэцэрлэг/РД: /-т холбогдох,

                                                         

Мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин 3 139 024 төгрөг, амралтын мөнгө 1 800 000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, гэрч Б.Амартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие СБД-ийн 65-р цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажилладаг ба 2019.11.01-ний өдөр үндэслэлгүйгээр халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шатанд эвлэрч 2020.01.15-ны өдөр шүүх 181/ШШ2020/00187 тоот захирамж гарч ажилдаа эгүүлэн тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрийг гардан аваад ажилдаа 2020.01.16, 17-ны өдөр очиход ажлын хаалгаар оруулаагүй, захиралтай уулзъя гэж гуйж байж орсон хойноо хөөгдөж гарсан болно. Шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 68-р цэцэрлэг огт биелүүлэхгүй байсан учир 2020.01.28-ны өдөр 01664 тоот албадан гүйцэтгэх захирамж, 00120 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж шийдвэр гүйцэтгэгчээс удаа дараа шаардсаны “ажилд авах тушаал гарга” дагуу 2020.02.18-ны өдөр 2020.01.15-ны өдрөөр огноолсон тушаал гаргасан байсныг миний бие гардаж аваад НШШГГ-т хүсэлт гаргаж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ч дуусаагүй, ажилдаа ч орж амжаагүй хөдөлмөрийн гэрээгээ ч байгуулж амжаагүй байхад, мөн ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад надад мэдэгдэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халсан гэсэн мэдэгдэл өгч байгаа нь хөдөлмөрчин иргэний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл тул аргагүйн эрхэнд шүүхэд хандахад хүрлээ.

2020.01.24-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгосноор үүрэгт ажлаа ямар нэгэн хөндлөнгийн дарамтгүйгээр хийх боломж бүрдэх болно. Иймд 2020.01.24-ний өдрийн Мэдэгдлийг хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 181/ШШ2020/00187 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 68-р цэцэрлэг нь 2020.01.15-ны өдрийн Б/06 тоот тушаал гаргаснаа Р.Уд гардуулан өгөөгүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бөгөөд аргагүйн эрхэнд албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас хүсэхэд тус шүүхээс 2020.01.28-ны өдөр 181/ШЗ2020/01664 тоот албадан гүйцэтгэх захирамж, дугаар 181/ГХ2020/00120 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 68-р цэцэрлэг нь 2020.01.15-ны өдрийн Б/06 тоот ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргаснаа мэдэгдээгүй, Р.Уд гардуулж өгөөгүй байхдаа 2020.01.24-ний өдрөөр огноолсон 05 тоот ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг гаргасан байгаа нь ноцтой зөрчил гэж үзэж байна.

Нэгэнт шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, улмаар албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсний дараа тушаалуудыг нөхөж гаргаж байгаа нь хуульд нийцэх эсэхэд шүүх дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

Р.У нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлснээс хойш тушаалыг гаргаж өг гэсэн асуудлыг тавьж байсан үйл баримт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэг үүргээ биелүүлэхгүй Р.Ундрал-Эрдэнийг биеийн тамирын багшаар нь ажиллуулахгүй байсан учраас Нийслэлийн боловсролын газарт албан бичиг хүргүүлж Р.Уд хариу ирж байсан.

Нэгэнт хууль зөрчсөн 05 мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа, ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгоогүй, мөн ажлаас халах тушаал гаргаагүй байгаа учир ажилгүй байсан хугацааны цалин болох 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин болох 4x784 756=3 139 024 төгрөг, амралтын мөнгө 1 800 000 төгрөг гаргуулж, холбогдох Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. /2019.11 сард 764 373, 2019.12 сард 764 375, 2020.01 сард 825 520 төгрөг/

Иймд ажилгүй байсан хугацааны цалин 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин 3 139 024 төгрөг, амралтын мөнгө 1 800 000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Ж цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боржигон овгийн Ренчиндоржийн Уэс Жцэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж  байна.

Р.У нь Жцэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/00187 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн юм. Р.У бид шүүхэд эвлэрэхдээ нэхэмжлэгч тал буюу Р.Ундрал-Эрдэнийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас гадна түүнийг дахин Жцэцэрлэгт ажиллахгүй, нэгэнт биеийн тамирын багшийн орон тоонд мэргэжлийн бус хүн ажиллуулах боломжгүй, хүний оронд түр томилогдсон гэдгээ мэдэж байгаа учир ажлаасаа чөлөөлөгдөнө, ажилгүйдлийн тэтгэмж авах боломжоор хангаж өгөөрэй гэсэн хүсэлтийг нь харгалзан эвлэрлийн гэрээ байгуулах болсон юм.

 Р.У түүний өмгөөлөгч Ж.Амгалан нарын шүүхэд болон хариуцагч талд хандаж гаргасан уг хүсэлт 2020 оны 01 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн Р.У дээрх захирамжийг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахдаа цаашид 68 цэцэрлэгт  ажиллахгүй гэдэг тайлбар хүсэлтээ мөн бичиж өгсөн байдаг. Манай цэцэрлэгийн зүгээс шүүхийн өмнөх шийдвэрийг гүйцэтгэсэн. Харин шүүх дээр эвлэрэх гэрээ байгуулахдаа аль аль тал нь харилцан нөхцөл зааж, энэ үндсэн дээр эвлэрсэн бөгөөд Р.У цаашид манай байгууллагад ажиллахгүй гэсэн учир бид эвлэрсэн. Өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндсэн дээр түүнийг ажилд томилсон тушаал гаргасан. Уг тушаалаар томилсон ажлаас чөлөөлөх шаардлагатай учир мэдэгдэл гардуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Өмнөх шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичиж өгсөн энэ хүсэлтийг үндэслээд бид нар ажлаас чөлөөлсөн. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл чөлөөлсөн гэсэн тушаалаа авахгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа даргатайгаа уулзсан байдаг. Дарга нь цалингийн асуудлаар нягтлантай уулзаад эгүүлээд надтай уулзаарай гэж хэлсэн байдаг. Тэгж уулзчихаад дахиж Жцэцэрлэгийн хаалгаар орж ирээгүй. Сая нэхэмжлэлдээ зөрчлөөр халах гэсэн ийм мэдэгдэл өгсөн асуудлын хүчингүй болгуулъя гээд байх шиг байна. Ажлаас чөлөөлөхдөө хүсэлтийг үндэслэж чөлөөлсөн. Одоо болтол манай байгууллагатай харьцахгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг зөвхөн хариуцагч тал мөнгө төлөх ёстой асуудлаар биелүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Эвлэрлийн гэрээгээ өөрсдөө хийчихээд өнөөдөр шүүхэд ямар асуудал тавьж байгааг ойлгохгүй байна. Банкны зээлтэй байсан гэсэн асуудлыг ярьж байна. Үргэлжлүүлэн ажлуулна гэж ерөөсөө шийдээгүй. Хэрвээ үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн бол эвлэрэхгүй байхаар байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Жцэцэрлэгт ирүүлсэн мэдэгдэл, төлбөр төлсөн баримт зэргээс манайх шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Энэ цэцэрлэгийн эрхлэгч 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн. Тушаал шийдвэр энэ мэдэгдлийн дагуу зөрчлөөр гарсан уу эсхүл өөрөө хүсэлтээр чөлөөлөгдсөн үү гэдэг нь тушаал дээр бичигдсэн байгаа. Тушаалын асуудлаар нэхэмжлэл гаргаагүй учраас нэхэмжлэгч талаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.У хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгт холбогдуулан мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, ажилгүй байсан хугацааны 2020 оны 2, 3, 4, 5 сарын цалин 3 139 024/гурван сая нэг зуун гучин есөн мянга хорин дөрөв/ төгрөгийг, амралтын мөнгө 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 00187 дугаар Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 00187 дугаар Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байна гэх үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдсан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01664 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн болон 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 00120 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/06 дугаар Р.Ундрал-Эрдэнийг ажилд түр авах тухай тушаал гаргасан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчийг биеийн тамирын багшаар түр ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр № 05 Мэдэгдэл гаргасан болох нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 05 Мэдэгдлээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 05 Мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөх талаар мэдэгдсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн № 05 Мэдэгдлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид № 05 Мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан гэх тайлбартай хариуцагч нь маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар ... ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;”, 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.3-т “ажлаас халах.” гэж заасан.

 

Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчид цалин хөлс олгохгүй, ажлаар хангахгүй байгаа болох нь № А0936748 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Б.Амартуяагийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хөдөдмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар ... хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ... үүргээ биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг гардуулж өгөөгүй байх боловч Хөдөдмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлс олгох, ажлаар хангах үүргээ биелүүлээгүй байх тул 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь № 05 мэдэгдлийг гардуулсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг мэдсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 03717 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар хариуцагчийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс дүгнэлт гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн хариуцагчийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс нь нэхэмжлэгч мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх дүгнэлт гаргасан тохиолдолд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн аль зөрчлийг гаргасан болох нь тодорхой бус байх ба уг зөрчлүүдийн аль нэгийг гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол;” гэж заасан.

                              

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгийн биеийн тамирын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байх тул хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 05 мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 764 373/764373+764373+764373=2293119, 2293119:3=764373/ /долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуун далан гурав/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 34 744/764373:22=34744/ /гучин дөрвөн мянга долоон зуун дөчин дөрөв/ төгрөг болох нь № А0936748 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 4/дөрөв/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 3 057 492/764373х4=3057492/ /гурван сая тавин долоон мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 81 532/3139024-3057492=81532/ /наян нэгэн мянга таван зуун гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

         

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас амралтын мөнгөд 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.”, 55.2-т “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас ээлжийн амралтын олговорт 853 720/10095368:11=917760, 917760:21.5=42686, 42686x20=853720/ /найман зуун тавин гурван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 946 280/1800000-853720=946280/ /есөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ундрал-Эрдэнийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгийн биеийн тамирын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 057 492/гурван сая тавин долоон мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг, ээлжийн амралтын олговорт 853 720/найман зуун тавин гурван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Уд олгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгт олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 027 812/нэг сая хорин долоон мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ундрал-Эрдэнийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгийн биеийн тамирын багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 057 492/гурван сая тавин долоон мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг, ээлжийн амралтын олговорт 853 720/найман зуун тавин гурван мянга долоон зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Уд олгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгт олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 027 812/нэг сая хорин долоон мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Ундрал-Эрдэнийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Жцэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 147 729 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

             

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ