Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00080

 

“И ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/03108 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И ББСБ” ХК-ийн хариуцагч А.Цд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 20 293 146 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “И ББСБ” ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “И ББСБ” ХК-тай В12019101801 тоот зээлийн гэрээ, F120191011801 тоот фидуцийн гэрээг байгуулж 20 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Уг фидуцийн гэрээний барьцаанд GWS2040003832 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, 11-23 УНЦ улсын дугаартай, toyota crown маркийн суудлын авто машиныг барьцаалсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг зээлдэгч төлөх үүрэгтэй боловч 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн автомашиныг бодитойгоор гаргуулан авахаар шаардсан ч хөдлөх хөрөнгийг гаргаж өгөөгүй зэргээр гэрээний үүргээ зөрчсөн болно. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.1.11-д заасан ноцтой зөрчлийг гаргаж, гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 17 680 627 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 584 376 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28 143 төгрөг нийт 20 293 146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ц болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийн зээлийг надад олгосон, барьцаа хөрөнгийг бодитоор гаргуулан авах гэсэн боловч гаргаж өгөөгүй гэх зэргээр бодит байдалд нийцээгүй, худал тайлбарыг нэхэмжлэлд тусгасан байна. А.Ц надад өнөөдрийг хүртэл ийм шаардлага тавьж байгаагүй. Зээл авсан асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ байгуулсан байж болох ч зээлийн мөнгөн хөрөнгийг хууль ёсны дагуу олгосон эсэх, олгосон мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжийг бүрдүүлсэн эсэх асуудал нэхэмжлэгч байгууллага хууль болон гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллага өөрийн Хаан банкны 5123058626 тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 35 олгосон. Харин тухайн өдрийн 15 цаг 29 минутад буюу зээл олгосноос хойш 54 минутын дараа 19 900 000 төгрөгийг тус байгууллага нь өөрийн дансандаа буцаан татсан болно. Эндээс би зээлийг бодитойгоор ашиглаагүй, надад ашиглах боломж, нөхцөлийг олголгүй 54 минутын дараа буцаан авсан гэдэг нь харагдана. Үүний улмаас би ямар нэгэн зээл төлөх үндэслэлгүй. Гэтэл надаас сар бүр хүү төлүүлж хууль бус орлого олж байсан.  Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Цд холбогдох 20 293 146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И ББСБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. А.Ц нь өөрийн нөхөр болох М.Бат-Эрдэнийн ах М.Батзаяагийн “И ББСБ” ХК-тай байгуулсан В17091223 тоот “Зээлийн” болон “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу барьцаанд шилжүүлсэн байсан 1123 УНЦ маркийн автомашиныг өөрийн эзэмшилд авч М.Батзаяагийн зээлийн үлдэгдлийг хаах зорилгоор өөрийн хүсэл зоригийг илэрхийлж манай байгууллагатай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр В12019101801 тоот “Зээлийн гэрээ”, Р12019101801 тоот “Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ” байгуулсан. А.Ц болон М.Батзаяа нарийн Зээлийн болон фидуцын гэрээ нь хоёр тусдаа гэрээ боловч харилцан хамааралтай нэг барьцааны зүйлтэй байгаа нь хоёр гэрээний фидуцын гэрээнүүдэд тусгагдсанаар харагдана. Харин анхан шатны шүүх нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлээгүй дээрх харилцааны үндсэн дээр А.Ц нь тус автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлж аваад М.Батзаяагийн манайхаас авсан зээл болох 19 900 000 төгрөгийг өөрөө буцаан шилжүүлэхдээ утган дээр нь М.Батзаяагийн зээлийн үлдэгдлийг хаах зорилготой байснаа илэрхийлсэн. Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд А.Цгийн гэрээ анхнаасаа автомашиныг өөрийн эзэмшилд авахын тулд зээлийн гэрээ байгуулсан гэж харагдаж байна.Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талаас А.Цд зээлийг олгосон, А.Ц өөрийн хүсэлтээр мөнгийг өөрөө буцаан манай шилжүүлж М.Батзаягийн зээлийг хаасан. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг танилцуулсан тухай баримтад нэхэмжлэгчид хавтаст хэрэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй, хавтаст хэрэгтэй танилцах бүрэн боломжоор хангаагүй шүүх хуралдаанд оролцуулсан. Мөн тов мэдэгдэх баримтад нэхэмжлэгч талаар гарын үсэг зуруулаагүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, техникийн алдаа гаргасан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр хуудаст даргалагчаас шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах санал хүсэлтийг тайлбарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 гэж хуульд байхгүй зүйл заалтыг барьж тайлбарласан байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар хуудаст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нь машиныг унах сонирхолтой байна гэсэн. Учир нь н.Батзаяа нь өөрийнх нь нөхрийн ах учраас өрийг нь дараад машин авах зорилготой байсан гэж хэлснийг байр авах хүсэл зоригтой байсан гэж бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “И ББСБ” ХК нь хариуцагч А.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 680 627 төгрөг, зээлийн хүү 2 584 376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 143 төгрөг, нийт 20 293 146 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээл олгосноос 54 минутын дараа буцаан татсан гэх үндэслэлээр маргажээ. /хэргийн 1,2,31,32 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч “И ББСБ” ХК болон хариуцагч А.Ц нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр В12019101801 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 20 000 000 төгрөгийг, сарын 3.90 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ. /хэргийн 11-15 дугаар тал/

 

Дээрх зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад нэхэмжлэгчээс 19 900 000 төгрөгийг B12019101801 гэсэн гүйлгээний утгаар хариуцагч А.Цгийн Хаан банк ХХК дах 5171060514 тоот дансанд шилжүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийг хариуцагчид олгосонд тооцогдоно. Харин тус өдрийн 15 цаг 29 минутад А.Цгийн дээрх данснаас нэхэмжлэгчийн Хаан банк ХХК дах 5123058626 тоот дансанд уг үнийн дүнгээр В17091223 гэсэн гүйлгээний утгаар мөнгө буцаан шилжүүлсэн байна. /хэргийн 35,42 дугаар тал/

 

Нэхэмжлэгч дээрх үйл баримтыг тайлбарлахдаа хариуцагч өөрийн авсан зээлийн төлбөрийг хаах зорилгоор мөнгө шилжүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд өөрийн нөхрийн ах М.Батзаяагийн зээлийн төлбөрт шилжүүлсэн болохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна. Зээлийг зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй буюу бусдын зээлийн төлбөрт шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардсан гэж тайлбарлаж байгаагаа баримтаар нотолж чадаагүй байна. Энэ байдлыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс тодруулж асуухад, уг мөнгийг хариуцагч өөрөө Хаан банк ХХК дах данснаасаа бусдын зээлийн төлбөрт тооцож нэхэмжлэгчид шилжүүлсэн болохыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний татгалзлын үндэслэлийг хэн нь хэрхэн нотлох үүргийн хуваарилалтыг зөв тодорхойлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Тодруулбал, хариуцагчаас 19 900 000 төгрөг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн гүйлгээний утга дээр бичсэн В17091223 гэх гэрээний дугаар нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний дугаар биш байна. Мөн хариуцагчийн Хаан банк ХХК дах данснаас түүний зөвшөөрөлгүй нэхэмжлэгч зээлийг татан авсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх ба тийм боломжтой гэх үйл баримт тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл А.Ц нь зээлийг гэрээнд заасан зорилгоор буюу бизнесийн зориулалтаар ашиглалгүйгээр М.Батзаяагийн зээлийн төлбөрт шилжүүлж, захиран зарцуулсанд нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Мөн М.Батзаяагийн зээлийн гэрээгээр авсан автомашиныг хариуцагч өөрийн эзэмшилд байгаа болохыг үгүйсгээгүй ба түүний өмгөөлөгч үүнийг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

Түүнчлэн хариуцагчаас дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1 176 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 176 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 176 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 176 000 төгрөг, нийт 4 704 000 төгрөгийн төлөлт хийсэн байх бөгөөд уг төлөлтөө B120191011801 гэх утгаар буюу талуудын хооронд байгуулсан гэрээний дугаараар шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийг олгоогүй гэж үзэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу. /хэргийн 48-51 дүгээр тал/

 

Хариуцагч гэрээ байгуулснаас хойш төлсөн 4 704 000 төгрөгийг үндсэн зээл 2 319 373 төгрөг, зээлийн хүү 2 384 627 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй. Иймээс зээлийн үлдэгдэл төлбөр 17 680 627 төгрөг, хүү 2 584 376 төгрөг болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.6-д “зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагүу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө” гэж заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэгч талд мэдэгдэл өгсөн огноо буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр тооцож, нэмэгдүүлсэн хүү 28 143 төгрөгийн хамт, нийт 20 293 146 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй. /хэргийн 23 дугаар тал/ Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ.

Харин талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгч шаардлага гаргаж, энэ талаар маргаагүй тул шүүх тус гэрээтэй холбоотой дүгнэлт хийх шаардлагагүй юм. /хэргийн 16-19 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/03108 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Цгаас 20 293 146 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И ББСБ” ХК-д олгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч А.Цгаас 259 416 төгрөгийг гаргуулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 416 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО       

 

                                            ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                          С.ЭНХТӨР