Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00490

 

“.......ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/03108 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар магадлалтай,

“.......ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

А.Цд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 20,293,146 төгрөг гаргуулах, нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Ц болон түүний өмгөөлөгч С.Ялалт нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, Б.Тэмүүжин, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.......ББСБ” ХК нь хариуцагч А.Цд холбогдуулан зээлийн үлдэгдэл 17,680,627 төгрөг, зээлийн хүү 2,584,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,143 төгрөг, нийт 20,293,146 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/03108 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Цд холбогдох 20,293,146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “.......ББСБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/03108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Цгаас 20,293,146 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.......ББСБ” ХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч А.Цгаас 259,416 төгрөгийг гаргуулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,416 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч А.Ц болон түүний өмгөөлөгч С.Ялалт нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг хариуцагч талаас хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулахдаа нэхэмжлэгч хариуцагчийг тус тусад нь 2 өөр өрөөнд оруулж, шүүх хуралдааныг явуулсан. Нэхэмжлэгч гомдлоо тайлбарлахад нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож чадаагүй. Энэ талаар шүүх бүрэлдэхүүнд хэлэхэд бичсэн гомдлынх нь хүрээнд тайлбар хэл гэж зандарлаа. Юу ярьж хэлснийг сонсоогүй учир энэ явдалд бухимдаж бухимдлаа илэрхийлсэн. Товчхондоо, шүүх хуралдаан явуулсан гэж үзэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Шүүх хуралдааны явцад зөв зүйтэй мэдээлэл солилцож чадаагүй. Магадлал аваад л ойлголт авч байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 451 дүгээр зүйлийн зохицуулалт хоорондоо ялгаатай. Банк бусын санхүүгийн байгууллагын хувьд илүү нарийвчилсан зохицуулалттай, тусдаа хуулийн зохицуулалттай. Хууль хэрэглээ, зохицуулалт өөр гэдгийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэлгүй, орхигдуулж, хууль хэрэглээний болон нотлох баримт үнэлж дүгнэхдээ алдаа гаргалаа. Энэ нь Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл боллоо.

4.2. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ банк бус санхүүгийн байгууллага тусгай зохицуулалттай хуулийн этгээд гэдгийг анхаарсангүй, зүгээр энгийн иргэн, байгууллага хоорондын зээл шиг асуудалд хандаж шийдвэрээ гаргалаа. Банк бус санхүүгийн байгууллага нь тодорхой зориулалтаар зээл олгож, тухайн зориулалтаар зээл ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьдаг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэтэл зээлдэгч А.Цд олгосон зээлийг бизнесийн зээлд зориулж олгосон хэрнээ зээлдэгчээр өөр этгээдийн зээлийн төлбөрт төлүүлсэн. Өөр зээлийн төлбөрт төлүүлсэн, өөр этгээдийн зээлийн төлбөрт төлөх зорилготойгоор анх зээлийг олгож, төлүүлсэн талаараа нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны үед, мөн бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо маш их дурдсан. Энэ талаар талуудад ямарваа нэгэн ойлголтын зөрүү үүсээгүй гэж хэлж болно. Бизнесийн зориулалтаар зарцуулах нөхцөл боломжийг анхнаасаа олгох зорилгогүйгээр анхнаасаа өөр хүний зээлийг төлүүлэх зорилгоор олгосон нөхцөл байдал дээр нэхэмжлэгч маргаагүй байхад, энэ асуудлыг дэмжсэн тайлбар, давж заалдах гомдлыг удаа дараа гаргасаар байхад үүнийг анхаараагүй байх учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг үнэн зөв болсон гэж үзэх үндэслэл байхгүй байна. Анхнаасаа иргэн А.Цгийн дансаар мөнгөн хөрөнгө “ороод л буцаад гарах” гэсэн гадаад хэлбэр төдий зүйлийг бий болгох гэсэн зорилго байгаад гол учир оршиж байхад үүнийг хууль ёсны зээлийн харилцаа үүссэн гэж үзэж болохгүй.

4.3. Хэрэв давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв зүйтэй юм бол банк, банк бус санхүүгийн байгууллагууд анхнаасаа өөр зориулалтаар ашиглахыг, ашиглуулахаа мэдсээр байж зээлийн гэрээ байгуулж, бизнесийн болон эргэлтийн гэх зэрэг хэзээ ч хэрэгжихгүй нөхцөлөөр зээл олгоод байвал яах вэ? Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх байнга л зөвтгөх бололтой. Нэхэмжлэгчийн хувьд зээлдэгчийн дансыг хянах боломжгүй хэдий ч өөр зээл төлүүлж хаах талаар зээлдэгчтэй анхнаасаа хэлэлцэж тохирсон, А.Цд даалгасан, үүрэг болгосон нөхцөл байдал нэхэмжлэгчийн удаа дараагийн тайлбаруудаас харагддаг. Түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийнх нь дансанд 1 цаг орчмын дараа буцаан төлсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдээгүй өнгөрнө гэж байхгүй юм. Хэрэв үнэхээр мэдээгүй байсан бол мэдмэгцээ зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж буруутгах ёстой байсан юм. Зориулалтын дагуу ашигла, битгий өөр зүйлд зарцуулаад бай гээд буцааж өгөх ёстой байсан юм. Үнэн хэрэгтээ А.Ц бизнесийн зориулалтаар нэг ч төгрөг ашиглаж чадаагүй, нэхэмжлэгч мөн энэ нөхцөл байдлыг анхнаасаа мэдэж байсан. А.Ц нэг ч төгрөг ашиглахгүй ч зээлийн өртэй болж үлдэхийг сайтар мэдэж энэ бүгдийг тооцоолон хийсэн байсан. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий болсон. Давж заалдах шатны шүүх энэ мэтээр алдаа гаргадаг учир Улсын дээд шүүх байгаа.

4.4. Зээлийг буцаасан гүйлгээг ямар зорилгоор хийсэн талаар давж заалдах шатны шүүхээс тодруулж байсан. Энэ гүйлгээг ямар зорилгоор яах гэж хийснийг нэхэмжлэгч маш сайн мэдэж байгаа. Нэг зээл хаагдаж, нөгөө зээл хуулийн дагуу мэт болж харагдах нь нэхэмжлэгчид чухал байсан. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн ч нэхэмжлэгчийн энэ тавьсан урхинд давж заалдах шатны шүүх амархан орчихлоо гэж дүгнэж байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “.......ББСБ” ХК хариуцагч А.Цд холбогдуулан зээлийн үлдэгдэл 17,680,627 төгрөг, зээлийн хүү 2,584,376 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,143 төгрөг, нийт 20,293,146 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талуудын хооронд байгуулагдсан 2019.10.18-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...гэрээ байгуулсан ч зээлийн мөнгөн хөрөнгийг хууль ёсны дагуу олгоогүй, ашиглах боломжийг хязгаарлаж, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж, данс руу 19,900,000 төгрөг шилжүүлсэн атлаа 54 минутын дараа буцаан татаж, өөр этгээдийн зээлийг төлүүлсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.” гэжээ.

7. Анхан шатны шүүх “гэрээнд зээлийг бизнесийн зориулалтаар олгохоор тохиролцсон, нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийн хувьд мөнгөн хөрөнгийг зориулалтаар ашиглах боломжийг олгох, зориулалтаар ашиглаж буйд хяналт тавих үүрэгтэй, гэтэл автомашин зээлээр худалдах-худалдан авахтай холбоотой өөр гэрээний төлбөрийг барагдуулах зорилгоор мөнгийг нэн даруй буцаан авсан тул мөнгийг олгоогүй гэж үзнэ, зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус” гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, үндэслэлээ “...хариуцагч мөнгийг өөрийн нөхрийн ахын зээлийн төлбөрт шилжүүлсэн болохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул зээлийг ашиглах боломж олгоогүй буюу бусдын төлбөрт шилжүүлэхийг нэхэмжлэгч шаардсан гэх байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгүүлсэн фидуцийн зүйл болох автомашин хариуцагчийн эзэмшилд байгааг үгүйсгээгүй, гэрээний дагуу зээлийн төлөлт хийж байсан, эдгээр үйл баримтаар нэхэмжлэгч зээлийн мөнгийг хариуцагчид олгосон гэж үзнэ, гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй” гэж дүгнэжээ.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Тус шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

9. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 20 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл гэнэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс олгох зээл нь зориулалттай байх, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд зээлдүүлэгч хяналт тавих үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх нь зүйд нийцэх юм.

10. Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, (эс үйлдэхүй)-г хэлцэл гэх, хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан.

Өөрийн гэрээ байгуулах хүсэл зоригоо гэрээний аль ч тал нөгөө талдаа эхэлж илэрхийлэх боломжтой бөгөөд зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, хариуцагч А.Ц нь нэхэмжлэгч “.......ББСБ” ХК-д хандаж, бизнесийн үйл ажиллагаанд зориулж 20,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай олгохыг хүссэн, зээлийн үүргийг хангуулахаар 11-23 УНЦ улсын дугаартай Тоёото кроун автомашиныг фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгүүлэхийг зөвшөөрсөн, үүний дагуу зохигчийн хооронд зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.

11. Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон бөгөөд энэ хэргийн хувьд нэхэмжлэгч зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, дур мэдэж бусдын өрийг төлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой заасан, энэ дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

11.1. Нэхэмжлэгч “.......ББСБ” ХК нь ХААН банк дахь А.Цгийн дансанд зээлийн 19,900,000 төгрөгийг 2019.10.18-ны өдөр шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 21 дүгээр зүйлийн 2-т “зээлдүүлэгч нь... зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21 дүгээр зүйлийн 4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэснийг зөрчөөгүй байна.

11.2. Бусдын буюу н.Батзаяагийн өмнө авсан зээлийг төлүүлэхээр зээл олгосон даруйдаа мөнгийг буцааж авсан гэж хариуцагч маргаж байгаа боловч өмнө нь “.......ББСБ” ХК-аас н.Батзаяа гэгч зээл авч, зээлийн барьцаанд Тоёото кроун маркийн автомашин барьцаалсан байсан, хариуцагч А.Ц бизнесийн зээлээр тухайн автомашиныг худалдан авч, өөрийн эзэмшилд шилжүүлж, зээлийн мөнгөө автомашины үнийг төлөх буюу н.Батзаяагийн зээлийг хааж шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон (анхан ба давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан зохигчийн тайлбарт тодорхой тусгагдсан) эдгээр үйл баримтад давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

12. Нөгөө талаар “...зээлийг зориулалтаар ашиглах боломж олгоогүй эсхүл зориулалтын бусаар ашигласан” нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах гэрээний талуудын эрх, үүрэгт хамааралтайгаас бус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл болохгүй.

13. А.Ц гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлснээс хойш 2019 оны 11 сараас 2020 оны 02 сарыг хүртэл зээлийн хүүд 4 удаагийн төлөлтөөр нийт 4,704,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчид хандаж, үүнээс хойш хүүг төлж чадаагүй, зээл төлөлтийг хойшлуулж өгөх, цаашид хэвийн байдлаар төлөлт хийнэ гэсэн утгатай хүсэлт гаргаж байсан нь хэргийн баримтад авагдсан, дээр дурдсан автомашиныг өөрөө эзэмшиж байгаагаа үгүйсгээгүй байх тул түүнийг зээлийн хөрөнгөөр автомашин худалдан авсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ, иймээс зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй гэх үндэслэлгүй болно.

14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “гэрээний үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “...авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч гэрээг цуцалж 2020.06.18-ны өдрөөр зээлийн гэрээний гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолж шаардсан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

15. Давж заалдах шатны шүүх хуралдаан явагдсан гэж үзэхэд хүндрэлтэй нөхцөл үүссэн гэж хариуцагч гомдолдоо дурдсан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын яриа хариуцагчийн өмгөөлөгчид бүрэн сонсогдоогүй гэж тэрээр тайлбарласан хэдий ч нэхэмжлэгчийн бичгээр гаргасан гомдлын хүрээнд түүний хариу тайлбарыг шүүх бүрэлдэхүүн болон бусад оролцогч сонсож, зарим зүйлийг тодруулж асуулт асууж хариулт авсан нь хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээс үзвэл давж заалдах шатны шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5-д заасан хуралдаан явуулах тогтоосон журам зөрчигдөөгүй байна.

16. Дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 80 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Цгийн 2021.01.26-ны өдөр 259,500 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД