Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0675

 

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0675

Улаанбаатар хот

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0467 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0467 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28  дугаар зүйлийн 2, 3, 80 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/266 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж, холбогдох хууль, журамд нийцүүлэн 2017-2018 оны хичээлийн жилд Баянгол дүүргийн .... дугаар сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа гуравдагч этгээд “Б.А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр асуудлыг шийдвэрлэх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг заажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0467 дугаар шийдвэрийг гаргахдаа хууль буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулах энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/266 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг дээрх шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

  Хариуцагч “захиргааны байгууллагын мэдэгдэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй өөрийн буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй...” гэх дүгнэлтийн тухайд:

Баянгол дүүргийн .... дугаар сургууль дээр 2015-2016 оны хичээлийн жилд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгчээр “П” ХХК-ийг шалгаруулсан боловч тус сургууль дээр 2014-2015 онд хөтөлбөр хэрэгжүүлж байсан “Б.А” ХХК-ийн гэрээг дүгнэлгүйгээр хууль бус сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг хариуцагч байгууллагаас биелүүлж байна гэж нэхэмжлэгчтэй байгуулсан 2015-2016 оны Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдож байгуулсан цайны газрын түрээсийн гэрээг дүгнэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн ба дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс мөн хүндэтгэн биелүүлсэн байдаг.

Харин 2016-2017 оны хичээлийн жилд дээрх сургуульд Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалт “Шүүхийн шийдвэрийн дагуу” гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалт явагдсан ба үүнд нэхэмжлэгчээс холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн оролцож шалгаран гэрээ байгуулсан. Уг үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй ба Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх, гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдсан.

Үүнээс үзвэл нэгэнт гэрээ хууль ёсны дагуу байгуулагдаж, түүний дагуу эрх, үүрэг хүлээж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад хууль, журам болон гэрээнд заагаагүй үндэслэлээр цуцлах мэдэгдэл өгсөн нь хуулийг зөрчсөн. Шүүхийн дүгнэж байгаагаар өмнөх гаргасан буруу шийдвэрээ зөвтгөж гаргаж байгаа нь хуульд нийцсэн, үүнээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж дүгнэж байгаа нь буруу нэхэмжлэгчийн хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй, гэрээ байгуулагдсан, ажлаа гүйцэтгэсэн байхад маргаан бүхий актын улмаас дахин өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажил үүргээ дүгнүүлж чадахгүй байдалд хүрч байгаа, хууль болон гэрээг зөрчсөн гэх үндэслэл бүхий дүгнэлтээр гэрээ цуцлагдаагүй байдлыг анхаарч үзээгүй, үүнтэй холбогдох нотлох баримт үндэслэлүүдийг үнэлээгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 2, 3, 80 дугаар зүйл болон Нийслэлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын холбогдох заалтуудыг энэ тохиолдолд буруугаар тайлбарлаж, нэхэмжлэгчид хууль ёсны дагуу үүссэн эрхийн талаар дүгнэлт өгөлгүйгээр хариуцагчийн үйлдлийг шууд зөвтгөх болсон нь үндэслэлгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0467 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад  хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/266 дугаар албан мэдэгдэл, Баянгол дүүргийн “Э.У” цогцолборын ... дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянгол дүүргийн ... дугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/266 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон байна. Анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “хууль буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/266 дугаар албан мэдэгдлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/0253 дугаар магадлал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 1/26434, 1/30202 дугаар мэдэгдлүүд, Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчийн түрээсийн гэрээний 10.1.4 дэх хэсгийг үндэслэн “П” ХХК-тай байгуулсан ..... дугаартай гурвалсан түрээсийн гэрээг цуцалж байгааг нэхэмжлэгчид мэдэгджээ.

Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр “Б.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Үнэлгээний хорооны даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0253 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын 2014-2015 оны хичээлийн жилийн түрээсийн гэрээ дүгнэсэн тухай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалтын 82 дугаарт түрээслэгч “Ө.Х” ХХК-ийн Гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн НӨХГ-ЕБС/ЦГ-201502 тоот сонгон шалгаруулалтын Баянгол дүүргийн ... дугаар сургуульд Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цайны газрын түрээслэгчээр “П” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 791 дүгээр зүйлийн 791.1-д “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй”, 791.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ бүлэгт заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2016/0253 дугаар магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул “Б.А” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх” тухай 4875 дугаар захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгджээ. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албан бичгүүдийг удаа дараа Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлж байсан байна.

Иймд хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох 1/266 дугаар албан бичгийг “П” ХХК-д хүргүүлж, ...... дугаартай гурвалсан түрээсийн гэрээг цуцалж байгааг мэдэгдсэнийг шүүхийн шийдвэрийг биелүүлж, өмнө гаргасан буруутай үйл ажиллагааг зөвтгөсөн байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/ болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР