Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00158

 

 

“А Т Л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02555 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А Т Л” ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5903 дугаар шийдвэрээр “А Т Л” ХХК-аас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 1 828 192 212 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр НШШГГ 414910, 414912 дугаартай мэдэгдэл хүргүүлж, барьцааны зүйл болох “М” ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв-т газрын үнэлгээг гаргуулахаар шинжээч томилж үнэлгээ гаргуулахад 805 000 870 төгрөг, С.Туулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025892, гэрчилгээний 000129000 дугаартай 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025895, гэрчилгээний 000139403 дугаартай 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025696, гэрчилгээний 000139404 дугаартай 98.20 м.кв талбайтай хувийн сууцуудыг тус тус 73 000 000-74 000 000 төгрөгийн хооронд зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн. Уг үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан журмыг баримтлаагүй, эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлж гаргаагүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх бөгөөд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан тохиолдолд төлбөр төлөгч талд ноцтой алдагдал хүлээхээр байна. Учир нь 2013 онд 11/121тоот 96.43 м.кв талбайтай хувийн сууцыг 163 965 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш өсч байхад 100 000 000 төгрөгөөр бага үнэлсэн байна. Тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлэхэд хувийн сууцууд нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Одоо тус бүр 150 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар хувийн сууцууд байгаа. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв-т газрын хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Ремакс” ХХК 2 000 000 000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрч зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Төлбөр төлөгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Мөнх-Оргил” ХХК, “Виннер Вей” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5903 дугаар шийдвэрээр “А Т Л” ХХК-аас 1 828 192 212 төгрөгийг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 орон сууц, 1 газрыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч болон өмчлөгч нараас санал авахад хувийн сууцыг 250 000 000 төгрөгөөр, 1 газрыг 2 000 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн санал өгсөн боловч төлбөр авагч зөвшөөрөөгүй. 3 хувийн сууцыг “Мөнх-Оргил” ХХК, газрыг “Виннер Вей” ХХК-аар үнэлүүлэхээр томилсон. Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025892, гэрчилгээний 000129000 дугаартай 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 73 185 008 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025895, гэрчилгээний 000139403 дугаартай 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73 262 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025696, гэрчилгээний 000139404 дугаартай 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74 039 700 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв-т газрыг 805 000 870 төгрөгөөр тус тус үнэлсэн. Уг үнэлгээг хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үнэлгээний компанийн үнэлгээнүүд хуульд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Найрамдалын зам дагуу Таун хаусуудыг 2010 онд барьж эхэлсэн. 2013 онд барилгуудаа дуусгахад санхүүжилт хэрэгтэй байсан тул 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогддог байсан. Тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй 96 м.кв дуусаагүй барилгыг 163 000 000 төгрөгөөр үнэлж байсан.Одоогийн байдлаар тус барилгууд нь 2 давхар 150 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дотор засал дутуу хаусууд байгаа. Үнэлгээний компаниас хэмжилт хийж үзэлгүй яагаад хямд үнэлсэн талаар асууж, хувийн сууцны бүдүүвч зургийг үнэлгээ гаргасан үнэлгээчинд өгсөн. 70 хувийн гүйцэтгэлтэй 96 м.кв талбайтайгаар бодож үнэлсэн. 96 м.кв талбайтай хувийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон. Хэрэв м.кв-ын хэмжээг буруу бодож үнэлгээ гаргасан бол хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн. Одоогийн байдлаар үнэлгээг дахин гаргаагүй байна. Зах зээлийн ханшнаас дэндүү багаар үнэлж байна. Дуудлага худалдаанд ороход 30 000 000 гаруй төгрөг болно. 150 м.кв талбайтай, 2 давхар төвийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн болсон хувийн сууцыг үнэгүйдүүлж авах гэж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Үнэлгээ гаргасан үнэлгээчин буруутай бол буруугаа хүлээнэ гэсэн гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “А Т Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 79 185 800 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73 262 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74 839 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газарт тогтоосон 805 870 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “А Т Л” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. "Виннер Вэй" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд үнэлэгдэж буй хөрөнгийн байрлал, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишсэн байдал дээр тооцоо хийн үзэхэд тухайн газрын зах зээлийн үнэ цэнийг 805 870 000 төгрөгөөр тогтоох ямар ч үндэслэлгүй, боломжгүй байна. Үнэлэгдэж буй газрын хувьд нийслэлийн газрын зэрэглэлийн дагуу 9 дүгээр бүсд хамаарч буй бөгөөд дээр дурдсанчлан 5-10 дугаар бүсийн ялгаатай харьцаагаар харьцуулан үзэхэд 10 дугаар бүсд хамаарах газраас 5 хувиар илүү үнэлгээтэй байх боломжтой буюу 1 га газрын суурь үнэ 960 000 000 төгрөг байхаар байна. Энэ үнийг газрын нийт талбайгаар тооцон үзэхэд 40 000 м.кв буюу 4 га газрын үнэ 3 840 000 000 төгрөг болж байна. Энэхүү үнэ нь тус газрын ойролцоо адил төстэй газруудыг борлуулж буй үнэтэй ижил болохыг олон нийтэд ил зарын сайтуудаас олж харах бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэгчийн зүгээс "Виннер Вэй" ХХК-ийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаартай 40 000 м.кв газрыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 805 870 000 төгрөгөөр үнэлж, газар эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, "Виннер Вэй" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “А Т Л” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцанд тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05903 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 538 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00638 дугаар тогтоолоор “А Т Л” ХХК-аас 1 818 939 565 төгрөгийг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгож, зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 35-45 дугаар тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШЗ2017/14403 дугаар захирамж гарч, мөн өдөр 1360 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газрыг битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 142/01, 142/02 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 34, 46, 71, 72 дугаар тал/

            Талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнэлсэн үнийн дүнг төлбөр авагч хүлээн зөвшөөрөлгүй 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. /хэргийн 80 дугаар тал/ Улмаар хариуцагч байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/199 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Виннэр вэй” ХХК-ийг, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 4/198 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “М О Т” ХХК-ийг шинжээчээр тус тус томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 82,83 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Виннэр вэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газрыг 805 870 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ. /хэргийн 83-97 дугаар тал/

            Түүнчлэн, төлбөр төлөгч “А Т Л” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Уянгыг оролцуулахаар түүнд нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна. /хэргийн 47 дугаар тал/

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШЗ2020/07468 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан уг иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. / хэргийн 28 дугаар тал/

            “Ваннэр вэй” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40000 м.кв газрын үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгөтэй холбоотой хэсгийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Иймд дээрх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

            Харин “М О Т” ХХК-ийн Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоотод байрлах 96.03 м.кв талбайтай хувийн орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоотод байрлах 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоотод байрлах 98.20 м.кв талбайтай хувийн сууцад үнэлгээ тогтоохдоо шинжээч хэмжилт хийж, үнэлгээг тооцоогүй, энэ талаар үнэлгээний тайланд тусгаагүй болон шинжээч нь дүгнэлт гаргахдаа улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хэмжээгээр үнэлгээг тогтоосон болохоо шүүх хуралдаанд тайлбарласан байх тул дээрх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Үүнтэй холбоотойгоор хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдоогүй болно. /хэргийн 98-114 дүгээр тал/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.ДАВААДОРЖ

 

                                       ШҮҮГЧИД                Ч.ЦЭНД

 

                                                                С.ЭНХТӨР