Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00159

 

 

“Э А А С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/02430 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э А А С” ХХК-ийн хариуцагч Д.Гд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 39 910 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Д.Гд 2016 онд 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 25 000 000 төгрөгийг дансаар нийт 26 000 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн төлбөрийн талаар гэрээний талууд тооцоо нийлж гэрээг бичгэн хэлбэрээр шинэчлэн байгуулж, гэрээ байгуулсан үеэс нэмэлт үүргийн талаар тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Д.Г нь 26 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 22 тоот барьцааны гэрээ байгуулан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007243 дугаарт бүртгэж олгосон, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000023479 дугаар бүхий гэрчилгээтэй Д.Ггийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагчийн 47 дугаар гудамжны 1080Б тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007242  дугаарт бүртгэж олгосон, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000023480 дугаар бүхий гэрчилгээтэй Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагчийн 47 дугаар гудамжны 1080В тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007241 дугаарт бүртгэж олгосон, эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000530190 дугаар бүхий гэрчилгээтэй С.Аюурзана, Д.Г нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамжны 1080 тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг тус тус барьцаанд тавьсан. Д.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөх ёстой байсан боловч одоог болтол үндсэн зээл болон зээлийн хүү төлөөгүй. Иймд зээлийн болон барьцааны гэрээний дагуу Д.Ггоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 26,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1 300 000 төгрөг, алданги 12 610 000 төгрөг нийт 39 910 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э А А С” ХХК-ийн захирал болох Н.Мөнхбаяраас 2016 онд 1 000 000 төгрөг бэлнээр, 2017 оны 9 дүгээр сард 25 000 000 төгрөг дансаар нийт 26 000 000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед барилгын ажлын явц удаашран ажил зогсонги байдалд орсон тул өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Н.Мөнхбаяртай уулзаж ярилцаж байсан. Миний бие энэ асуудлаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цагдаад дуудагдаж, улмаар барьцаа хөрөнгө тавьж төлөлт хийгдэх хугацааг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсон боловч нэхэмжлэгч тал 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болгож урагшлуулсан. Энэ хугацаанд Коронавирусийн халдвар тархаж ажил зогсонги байдалд орж одооноос хэвийн үргэлжилж эхэлж байгаа тул алданги тооцохгүйгээр тохиролцвол үндсэн зээл 26 000 000 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулна. Хүү алданги төлөхөөр тохирч байгаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281,1, 232 дугаар зүйлийн 232.6, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ггоос 26 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э А А С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 13 910 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 287 950 төгрөгийг гаргуулж “Э А А С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/02430 дугаар шийдвэрээр талууд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний 1.1, 1.2, 1.4, 1.6-т заасны дагуу тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан бөгөөд өөрөөр хэлбэл талууд өмнө нь амаар байгуулсан зээлийн гэрээг бичгэн хэлбэрт оруулах, гэрээний үүргийг баталгаажуулах, хүү, алданги төлөх зэргээр гэрээг шинэчлэн байгуулах боломжтой буюу энэ нь хуулийн уг зохицуулалтад харшлахгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнд талууд өмнө нь амаар байгуулагдсан зээлийн гэрээг бичгэн хэлбэрт оруулж шинэчлэн байгуулсан, хариуцагч нь 2016 онд 1 000 000 төгрөг, 2017 онд 25 000 000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч тайлбарлаад байхад анхан шатны шүүх сүүлд байгуулсан зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө буюу мөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй гэх үндэслэлээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь талуудын гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох суурь зарчимд халдсан хууль бус шийдвэр гэж харж байна. Мөн хариуцагч Д.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг өмнө нь амаар байгуулсан зээлийн гэрээг бичгэн хэлбэрт оруулж, шинэчилж байгуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг, уг гэрээний дагуу бодитоор мөнгө шилжүүлээгүй гэж маргадаггүй бөгөөд гагцхүү сүүлд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хүү, алданги төлөх боломжгүй, уг үндэслэлээ эдийн засгийн хямрал, халдварт өвчний улмаас өөрийн бизнесээ эрхэлж чадаагүйтэй холбож тайлбарладаг болно. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин, өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн хэт нэг талыг барьж талуудын тэгш эрхийг хөндөж, талуудын маргаагүй үйл баримтад буюу сүүлийн гэрээгээр мөнгийг бодитоор шилжүүлээгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Э А А С” ХХК нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39 910 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч “Э А А С” ХХК нь хариуцагч Д.Гд 2016 онд 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 25 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 26 000 000 төгрөгийг хугацаа, хүү, алданги тооцохгүйгээр зээлэхээр тохиролцож, ам хэлцэл хийсэн талаар талууд маргаагүй.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Улмаар зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр 22 дугаартай барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, дээрх                 26 000 000 төгрөгийг хариуцагч, сарын 2,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг үгүйсгээгүй ба талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 1.6-д “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй үүргээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчөөгүй байна. Нөгөө талаар зохигчид хүү, алдангийг бичгийн гэрээ байгуулсан үеэс тооцохоор тохиролцсон байгаа  нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан хүү, анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцжээ.

Иймээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөр тооцож, үндсэн зээл 26 000 000 төгрөг, зээлийн хүү 1 300 000 төгрөг, алданги 12 610 000 төгрөг, нийт 39 910 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд бичгээр байгуулсан зээлийн гэрээг хуулийн зохицуулалтад нийцээгүй, нөхөж байгуулсан гэрээ тул хүү, алданги шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. /хэргийн 9-13 дугаар тал/

 

            Учир нь талууд бичгээр гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн үндсэн дээр хийгдсэн болохыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан тул дээрх гэрээг талууд гэрээний эрх чөлөөний зарчимд нийцүүлэн байгуулсан гэж үзнэ. Өмнө нь хийсэн ам гэрээг хожим бичгийн хэлбэрээр байгуулж, төлбөр төлөх хугацаа, хүү, алдангийн хэмжээ тохиролцохыг хуулиар хориглоогүй байна. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнөх хугацаанд хүү, алданги тооцох нөхцөлтэйгөөр гэрээ байгуулаагүй тул дээрх хуулийн заалтуудыг зөрчихгүй.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “цагдаад дуудагдаж, тус гэрээг байгуулсан” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Мөн дээрх зээлийн гэрээг үндэслэн талууд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Ггийн Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007243 дугаартай, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагчийн 47 дугаар гудамжны 1080Б тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, С.Аюурзана, Д.Г нарын Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007242 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамжны 1080 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Д.Тулгамаагийн Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007242 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 47 дугаар гудамжны 1080В тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг барьцаалахаар тохиролцсон барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хэргийн 11-13 дугаар тал/

             Хэрэгт С.Аюурзанаас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг Д.Гд олгосон байх бөгөөд уг итгэмжлэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Харин Д.Тулгамаа нь өөрийн өмчлөлийн газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бусадтай хэлцэл хийхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг Д.Гд олгосон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. /хэргийн 15 дугаар тал/ Түүнчлэн нэхэмжлэгч нь Д.Тулгамаад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасны дагуу зээлийн зүйл болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007243 дугаартай, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагчийн 47 дугаар гудамжны 1080Б тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007242 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамжны 1080 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

            Харин өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007242 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 47 дугаар гудамжны 1080В тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэх хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/02430 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Ггоос 39 910 000 төгрөгийг гаргуулж, “Э А А С” ХХК-д олгосугай.” гэж

2 дах заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Г төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007243 дугаартай, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо сурагчийн 47 дугаар гудамжны 1080Б тоотод байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007242 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамжны 1080 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202007242 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 47 дугаар гудамжны 1080В тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж 2 дах заалтыг 3 гэж дугаарлан “287 950 төгрөгийг” гэснийг “357 500 төгрөгийг” гэж, 3 дах заалтыг 4, 4 дэх заалтыг 5, 5 дэх заалтыг 6 гэж тус тус дугаарлан өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Г.ДАВААДОРЖ

 

                                       ШҮҮГЧИД             Ч.ЦЭНД

 

                                                             С.ЭНХТӨР