Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 73

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Нийгмийн

даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалынерөнхий газарт

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Л.Атарцэцэг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    Х.Батсүрэн,

                                                    Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

            Нэхэмжлэлийн шаардлага: Х ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Хнаас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0013 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Л.С нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Х ХХК-иас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Хнаас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд илүү төлсөн 1,240,419,904 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0013 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 67 дугаар зүйлийн 67.3” гэснийг хасч, “15.7” гэснийг “7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0013 дугаар магадлалыг 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гардан аваад бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болох нь: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар” (цаашид “А/84 дүгээр заавар” гэх) нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр байсан.

5. Давж заалдах шатны шүүх гомдлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг хамарч байгааг анхаарч үзээгүй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгож буй А/84 дүгээр заавар нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд тухайн шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газар (2018.10.30-ны өдрийг хүртэл) эсхүл Шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон ямар нэгэн шийдвэр гараагүй, хэрэгт ийм нотлох баримт байгаагүй болно. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хууль үндэслэлээ тухайн заавар хүчин төгөлдөр бус учир дагаж мөрдөхгүй гэж тайлбарлаж маргадаг, ийм учир анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт өгсөн байдаг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн А/84 дүгээр зааврыг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр буюу нотлох баримт хэрэгт байхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй.

6. Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж заасны дагуу Засгийн газар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй хууль зөрчиж байх хугацаанд Засгийн газрын агентлаг болохын хувьд салбарын хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлж нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн эрх ашиг сонирхлыг зөрчигдөхөөс сэргийлсэн арга хэмжээ авсныг буруутгах боломжгүй үзэж байна.

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдлын үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримталсан. Энэхүү зарчмыг “...иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд” хэрэглэнэ гэж хуульчилжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар даатгуулагч, ажил олгогчид чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт баталж, түүнийг дагаж мөрдүүлэхээр бүх аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд үүрэг чиглэл өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар (Хавтаст хэргийн 113 дугаар хуудас) тогтоогддог. А/84 дүгээр зааврын 3.9 дэх хэсгийг баримталснаар ажил олгогчийн зүгээс төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ буурч мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүснэ. Нэхэмжлэгч буюу ажил олгогчийн зүгээс ийнхүү итгэж тухайн зааврыг баримтлах юм байна гэсэн итгэл үүссэн болно.

8. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдах албан тушаалтан өөрчлөгдсөнөөр өмнөх даргынхаа баталсан зааврыг үргэлжлүүлэн мөрдөхөөс татгалзаж эс үйлдэл гаргаж даатгуулагч, ажил олгогчийн эрх ашгийг хохироож байна. Гэтэл Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг шийдвэрлэхдээ гомдлын энэхүү үндэслэлүүдийн талаар огт дүгнэлт өгөөгүй байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгч, энэхүү зарчмыг яагаад баримтлахгүй болох хууль зүйн үндэслэлийг маш тодорхой тайлбарлаж магадлалд тусгах байсан гэж үзэж байна.

9. Энэхүү захиргааны хэрэгт шүүгчийн захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаар шийдвэр нотлох баримтаар авагдсан бөгөөд тус шүүхийн шийдвэрийг нийгмийн даатгалын ерөнхий газар хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Дээрх 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаар шүүхийн шийдвэрт “Засгийн газар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоогоогүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийг болон уг хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлахаар батлагдсан зааврыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй” гэж дүгнээд тухайн хэргийн нэхэмжлэгчийн (татварын зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд) нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, ингэснээр тодорхойгүй тооны ажил олгогч нар А/84 дүгээр зааврын дагуу нийгмийн даатгалын тайлангаа өгөхөөр болсон бодит үйл баримт байдаг.

10. Ийнхүү А/84 дүгээр заавар хэрхэн батлагдсан процесс, түүнийг дагаж мөрдүүлэхээр аймаг нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын чиглэл очиж байсан эсэх, программ хангамжийн боломжоос хамаарч хүлээгдсэн тухай, мөн Засгийн газар хуулийг зөрчиж шимтгэл төлөх дээд хэмжээг тогтоохгүй байсан цаг хугацаанд Нийгмийн даатгалын газрын шийдвэрийг дагаж мөрдөх эсэхийг дүгнэсэн шүүхийн шийдвэр нь өөрөө нотлох баримт болно гэж үзэж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж А/84 дүгээр зааврыг дагаж мөрдөх нь зөв байна гэсэн үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүйгээр үнэлэх байсан гэж үзэж байна.

11. Дээрх үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх анхаарч, хянан үзсэн бол хэрэглэвэл зохих Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх байсан болно.

12. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр арын 03-ны өдрийн 221/МА2019/0013 дугаар магадлалыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ, ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ...” гэж заасан байх тул 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахаас татгалзаж буй хариуцагчийн үйлдэл хууль бус” гэж тодорхойлон маргасан байна. 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч нараас “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн, Засгийн газрын захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхэд халдаж, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаал гарган “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг баталсан байх ба нэхэмжлэгч энэхүү хууль бус тушаалыг үндэслэл болгон нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаанд хэрэглэгдэх Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.             

16. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн, тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэж заасныг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчилжээ. 

17. Хуулийн дээрх заалтуудаар нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр заасан байтал Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр А/84 дүгээр тушаал гарган, “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг баталж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоосон нь хууль дээдлэх үндсэн зарчимд нийцэхгүй талаар 2 шатны шүүх зөв дүгнэжээ. 

18. Нэхэмжлэгчээс “...хуулийн өөрчлөлтийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр хуульчилсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар хуулийг дагаж мөрдөхгүй байсаар 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 251 дүгээр тогтоол гаргасан. ...Засгийн газар ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн дээд хэмжээг тогтоогоогүй байх хугацаанд буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий газраас заавар баталж зохицуулсан, уг зааврын дагуу тус банкны илүү төлсөн шимтгэлийн зөрүүг дараа төлөх шимтгэлд тооцох боломжтой байхад хариуцагчаас хууль бусаар татгалзаж эс үйлдэхүй гаргасан” маргадаг боловч нэхэмжлэгчийн маргаж буй тухайн цаг хугацаанд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох” тухай Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байсан.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан.

20. Хариуцагч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс, дээрх Засгийн газрын тогтоолд заасныг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч баталгаажуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь хууль бус шийдвэр /заавар/-ийг үндэслэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үндэслэлтэй гэж маргах эрхгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн, “Х” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд илүү төлсөн гэх нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх нийгмийн даатгалын шимтгэлд тооцон суутгахаас татгалзсан нь хууль ёсны байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

21. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0682 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0013 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.АТАРЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА