Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00274

 

 

Э.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02711 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Нгийн хариуцагч М.Бд холбогдуулан гаргасан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа: Миний аав С.Э нь 2013 оны 8 дугаар сарын 18- ны өдөр өвчний учир нас барсан юм. Аав С.Эийг нас барах үед түүний өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгө болон бусад зүйл дээр өв залгамжлалын харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч Э.Н миний бие 2014 оноос эхлэн хууль ёсны өв залгамжлагч байх эрхээ сэргээлгэх, өв залгамжлалын дагуу өвлөгдөх ёстой эд хөрөнгө, түүний дагалдах эрхүүдийн биет болон хуулийн хүчин төгөлдөр байдлуудыг хадгалж хамгаалах, сэргээх талаар өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хөөцөлдөж ирсэн. Аав С.Эийг нас барах үед улсын бүртгэлийн 9011228001, регистрийн 5215781 дугаартай Моручи ХХК, түүний 100 хувийн эзэмшилд байсан бөгөөд тэрээр тус компанийн нэг бүр нь 1 420 750 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг, нийт 142 075 000 төгрөгийн үнэлгээ бүхий хувьцааг дангаар эзэмшдэг байсан. Аав Э.Эрдэнэсүхийг нас барснаас хойш 2013 оны 9 дүгээр сард Моручи ХХКомпаний бичиг баримтыг цэгцэлж, улсын бүртгэлийн газраас лавлагаа тодорхойлолт авах гэтэл тус компани нь М.Б гэх хүний нэр дээр шилжсэн байсан. М.Б гэх хүнд аав С.Э өөрийн Моручи ХХК шилжүүлэн өгөх ямар ч үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн лавлагаагаар 2010, 2011, 2013 онуудад компанийн эрхийг 10,51, 100 хувь гэх мэтчилэн гурван удаагийн үйлдлээр шилжүүлэн авсан болох нь тодорхой болсон. Улмаар Э.Н миний бие 2013 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ...М.Б нь хуурамч бичиг баримт үйлдэж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан... гэх гомдол гаргаж тус хэлтсээс 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201301042304 дугаартай хэрэг үүсгэн М.Бд холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хариуцагч М.Б нь аав С.Эийн гарын үсгийг удаа дараа хуурамчаар дуурайлган зурж, бичиг баримт хуурамчаар үйлдэн улсын бүртгэлийн байгууллагад гарган өгч аав С.Эий эзэмшлийн Моручи ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон. Дүгнэлтүүдээр хариуцагч М.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр аав С.Эийн гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж, хуурамч гэрээ үйлдэн Улсын бүртгэлийн байгууллагад гарган өгч компанийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогджээ. Хариуцагч М.Бы хууль бус үйлдлийн талаар нэхэмжлэгч Э.Н миний бие 2013 оны 9 дүгээр сараас эхлэн хуулийн дагуу зохих байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд эцэстээ Мөрдөн байцаах алба, Прокурор, Захиргааны хэргийн шүүхээс ...Гэрээний эрх зүйн маргаан байна... гэсэн үндэслэл зааж, маргааны харьяалал тогтоож өгөөд байна. Э.Н миний хувьд аав С.Эий эзэмшилд байсан улсын бүртгэлийн 9011228001, регистрийн 5215781 дугаартай Моручи ХХК, тус компанийн эзэмшилд байгаа дагалдах эрх, хөрөнгө зэргийг өвлөн авах хууль ёсны өвлөгч байх эрх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нотариатын 026 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр олгогдсон тул Э.Н миний бие Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрх бүхий этгээд юм. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Санж овогтой Эрдэнэсүх, Мягмаржав овогтой Баярсайхан нарын дунд 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01 дугаартай Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 01 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 01 дугаартай Бэлэглэлийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Компаний хувьцаа шилжүүлэх тухай гэрээ 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. С.Э өөрөө амьд сэрүүн байх үед нь компанийн гэх талаар яагаад гомдол гаргахгүй явсан бэ? гэхээр 100 хувь эзэмшигч гэдгийг С.Э өөрөө мэдээгүй байсан. Мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр С.Эийн гарын үсэг биш байна гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл С.Э гэх гарын үсгийг гэрээнүүд дээр М.Бтай өөрөө санал нийлж байгуулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. С.Эийн өмнөөс гарын үсэг хуурамчаар зураад байгуулаад шилжүүлээд байгаа нь С.Эийг нас барснаас хойш тогтоогдсон учраас нэхэмжлэл гаргаж байгаа. Үүнийг С.Э өөрөө мэдээгүй байх боломжтой байгаа нь нотлох баримтаар хангагдана. Өв залгамжлалын асуудлаар бол 2017 оны 10 дугаар сард гэрчилгээ олгогдсон боловч өв залгамжлалаас өмнө нь үүссэн. Энэ асуудлаар М.Б нэхэмжлэл гаргаагүй биш гаргаж байсан. С.Эийн эзэмшил, өмчлөлд байсан компанийг өв залгамжлалаар М.Нямцэрэнд шилжүүлсэн, өв залгамжлахтай холбоотой асуудлуудыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарч иргэний хэрэг үүсээд хэрэгсэхгүй болж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгуулсан ч эрүүгийн хэргийн шинжгүй байна гэсэн хариу ирж байсан. н.Мэндсайхан гэж хүнтэй холбоотой асуудал нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралгүй. М.Б, н.Мэндсайхан нарын мөнгөний асуудлууд үндсэн шаардлагад хамааралгүй учраас тайлбар өгөх шаардлагагүй гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түүний эцэг бид найз нөхөд төдийгүй олон жил бизнесийн салбарт ашигтай ашиггүй хамтран ажиллаж ирсэн хүмүүс бөгөөд түүний нэхэмжлэлд дурдаад буй шиг түүний хувьцааг өөртөө хууль бусаар хуурамч гарын үсэг зурж шилжүүлэн авсан үйлдэл байхгүй энэ үйлдлийг намайг хийсэн гэж үзэж олон газар шалгуулсан боловч эцсийн дүгнэлтүүдээр хуурамч гарын үсэг зурж түүний эцгийн хувьцааг эзэмшдэг байсан компани хувьцааг шилжүүлсэн авсан зүйл тогтоогдоооггүй болохыг шат шатны хууль хяналтын байгууллагууд нэгэнт тогтоосон төдийгүй гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн болно. Энэхүү компани хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан хэмээн Захиргааны хэргийн шүүх холбогдох бүхий л хууль хяналтын байгууллагаар олон удаа шалгуулсан боловч нэхэмжлэл гомдол шаардлага нь бүгд хэрэгсэхгүй болж шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлд дурдсан эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ зэргийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэх гэсэн юм. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дугаар зүйлүүдэд зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эрх зүйн үр дагавартай. Гэрээ болгон дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдана. 2013 оны хөөн хэлэлцэх хугацааг бодоод үзэхээр нийт 30 сар хугацааг хэтэрсэн гэж харагдаж байна. Тиймээс шаардах эрхгүй гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Авзага хийц ХХК-аас 5 436 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тауэр констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5 977 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 572 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Авзага хийц ХХК-аас 101 932 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тауэр констракшн ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан, нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож буй үйл баримтуудад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүй атлаа хэт нэг талыг барьж илтэд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгүүдэд заасан нотлох баримтыг үнэлэх хууль зүйн үндсэн зарчмуудыг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагаас өөр үйл баримтад дүгнэлт хийж, тухайн дүгнэлтээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2010, 2011, 2013 онуудад байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх болон бусад гэрээнүүдэд С.Э гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн 3024, 4959, 220 дугаартай актын дүгнэлтүүдээр хангалттай тогтоогдож тухайн гэрээнүүд дээрхи С.Эийн гарын үсгийг М.Б дуурайлган зурсан гэх үйл баримтыг хариуцагч болон анхан шатны шүүх ямар ч үйл баримтаар няцааж үгүйсгэж чадаагүй атлаа анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд дээрхи нөхцөл байдалд ямар ч дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг зев хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохдоо хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн мен хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэх хоёр үндсэн нөхцөлийг хууль зүйн шалгуур болгосон. Нэхэмжлэлийн хувьд маргаан бүхий гэрээ хэлцэлүүдэд С.Э өөрийн эзэмшил дэх компаниа худалдан борлуулах, бусдад сайн дурын үндсэн дээр шилжүүлэх гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл агуулагдаагүй буюу талуудын дунд хийгдсэн гэх гэрээ хэлцэлүүд нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдал нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн. Маргаан бүхий гэрээнүүдэд С.Э өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулаагүй түүний гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурсан үйлдэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.10 дах хэсгүүдэд заасан хзлцэл хүчин төгөлдер болох хууль зүйн шалгуурыг хангаагүй. Анхан шатны шүүхэзс дээрхи үндэслэлүүдээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, маргаан бүхий асуудалд хамааралгүй хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч М.Бд холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.                    

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч М.Б болон С.Э нарын хооронд 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.Э нь өөрийн 100 хувь хувьцааг эзэмшдэг улсын бүртгэлийн 9011228001, регистрийн 5215781 дугаартай Моручи ХХК-ийн 10 хувийн хувьцааг М.Бд шилжүүлж, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 01 тоот эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр С.Э нь Моручи ХХК-ийн 51 хувийн хувьцааг М.Бд шилжүүлж, мөн 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх тухай, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр Моручи ХХК-ийн 49 хувийн хувьцааг М.Бд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. 

 

            Хэрэгт мөрдөн байцаах ажиллагааны явцад хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3024 тоот, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4959 тоот, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 220 тоот шинжээчийн дүгнэлтүүд тус тус авагдсан байх бөгөөд дээрх дүгнэлтүүдээр 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрх шилжүүлэх гэрээнд С.Э гарын үсэг зураагүй болох нь тогтоогдох боловч нотариатын бүртгэлийн дэвтэрт С.Э гарын үсэг зурсан байна гэж дүгнэжээ.

            Дээрх дүгнэлтүүдээс С.Э, М.Б нарын хооронд хэлцэл хийгдээгүй, С.Эийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэх боломжгүй. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс С.Эрдэнсүхийн гарын үсгэнд шинжилгээ хийхдээ харьцуулсан гэх бичиг баримт, бичвэрүүд нь нотлох баримтын шаардлага хангасан, түүнийх мөн эсэхийг хангалттай нотолсон үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх нөхцөл байдал хэргийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн, дээрх хэлцэлүүд нь хэлбэрийн хувьд эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээ гэх боловч хариуцагчаас З.Мэндсайхан гэж хүн 200 000 ам.доллароор компанийн хувьцааг худалдан авах зорилгоор шилжүүлсэн, С.Э бид 2 уг мөнгийг хувааж авсны дараа наймаагаа буцааж, мөнгөө өгөх гэхэд С.Э нь мөнгө байхгүй гэсэн тул түүний өмнөөс 100 000 ам.долларыг З.Мэндсайханд төлж, хувьцааг нь шилжүүлж авсан гэж тайлбарлажээ. Дээрх хэлцэлүүд нь С.Эийг 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нас барахаас өмнө 2010, 2011, 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн байна. Улмаар түүний хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн хэлцэлүүд мөн эсэх үйл баримтыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/02711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 720 755 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                             Д.НЯМБАЗАР

 

                     С.ЭНХТӨР