Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2024/0812

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Халиуна, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г******* нарын нэр бүхий 35 иргэн,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: “Б” ХХК

Маргааны төрөл: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн  даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Д.Г******* нэр бүхий иргэдээс “...”Б” ХХК-д Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт ашиглалтын МҮ-02 тоот тусгай зөвшөөрлийг олгосон ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            “...”Б” ХХК-ийн ашиглалтын МҮ-02 тоот тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг тус багийн ард иргэд эсэргүүцэн тэмцэж байгаа бөгөөд Архангай аймгийн хэмжээнд урсаж буй Хануй, хүнүйн голууд эх авч урсдаг, төдийгүй нутгийн иргэдийн тахин шүтэж ирсэн домогт Баянхайрхан уул оршдог жилийн 4 улирал, мад аж ахуй эрхэлж буй Чулуут нутгийн 1208 малчин өрхийн, 4165 иргэд орон нутагтаа

амар амгалан амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсч гол горхи ширгэхэд хүрээд байна. Мөн “Б” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй уг газар нь иргэдийн үеийн үед амьдарч ирсэн, тахин шүтдэг хайрхан, түүхийн дурсгалт газар бөгөөд Хайрхан багийн малчин иргэдийн өвөлж хаваржаа,, зуслан, намаржааны мал маллагааны гол түших бэлчээрийн газар юм.

            Түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/110 дугаар захирамжаар сумын Засаг дарга, Хайрхан багийн Баянхайрхан бэлчээр ашиглалтын хэсгийн төлөөлөл, ахлагч Дахийраадаагийн Гунгаабуутай бэлчээр ашиглах хамгаалах тадаар харилцан тохиролцож 15 /арван таван/ жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан газрын талбайн хэмжээ нь 4212 га бөгөөд “Б” ХХК-ийн эзэмшиж байгаа талбайтай давхцаж байгаа.

            Мөн дээрх компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн баталсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.”, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах мөн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь хэсэгт заасан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэх заалтын зөрчсөн.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал, хайх ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ”, 8 дугаар зүйлийн 8.4.8-д “Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл хүсэлтийг авах” 18 дугаар зүйлийн 18.4-д “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд оршин суугчдаас албан ёсоор санал авч хэлэлцүүлэг зохион байгуулна.” гэж заасны дагуу хэлэлцүүлэг зохион байгуулаагүй холбогдох хуулийг зөрчсөн нь хүчингүй болгох хангалттай үндэслэлтэй.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1.-д “Сум, дүүгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг даргын бүрэн эрхэд хамаарах нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялагыг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж биелэлтэд хяналт тавих”, 17.2.8-д “Байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах”, 18 дугаар зүйлийн 18.1.2-д “Нийтийн ашиглалтын байгалийн баялагийн хамгаалалт, ашиглалтад хяналт тавих” чиг үүрэгтэй.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дэх хэсэгт “...иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу нутгийн иргэдийн зүгээс Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдэлж, гэрээний дагуу үүссэн бэлчээр ашиглах эрх, үүргээ хэрэгжүүлэх, уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн амьдрах, амар тайван аж төрөх эрх зөрчигдөх нөхцөл байдалтай байна.

Иймд “Б” ХХК-нд Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт ашиглалтын МҮ-02 тоот тусгай зөвшөөрлийг олгосон Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл:

Архангай аймгийн Чулуут сумын Баянхайрхан нэртэй 737 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 онд 9011018006 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “А” ХХК-д олгосон бөгөөд Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 549 дүгээр шийдвэрээр 90111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “ЭФ Эм Ай” ХХК-д, мөн тус хэлтсийн даргын 2011 оны 312 дугаар шийдвэрээр 90111 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Б” ХХК-д тус тус тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг хянан үзэж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "ашигт малтмалын хайгуулын XV-01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу “Б” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ өргөдөл /NM-02******* өргөдлийн бүртгэлтэй/ гаргасан байна.

Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч хянаад зураг зүйн шүүлт хийхэд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-д заасан "тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй" гэсэн шаардлага, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-25.7-д заасан журмыг тус тус хангаж байсан тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр “Б” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд энэхүү шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт болно.

Мөн төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын XV- 01******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д "хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг тухай орон нутгийн захиргааны байгууллагаас саналыг авсан байна.

“Б” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МѴ-02 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж, уулын ажлын төлөвлөгөө, тайланг хуульд заасан хугацаанд ирүүлж, хянуулан, батлуулж ирсэн байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу “Б” ХХК-д Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт ашиглалтын MV-02 тоот тусгай зөвшөөрлийг олгосон Геологи Уул уурхайн кадастрын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

Дөрөв. Гуравдагч оролцуулах тухай:

4.1:Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 06 дугаар 25-ны өдрийн 3******* дугаар шүүгчийн захирамжаар “Б” ХХК-ийг гуравдагч этгээд татан оролцуулсан байна.

4.2.2023 оны 078 дугаар 18-ны өдөр “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

““Б” ХХК нь Архангай аймгийн Чулуут сумын XV-01******* тоот 736.29 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 онд тухайн үеийн АМГ- ын ГУУКХ-ийн даргын 2011.04.07-ний өдрийн 312 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шилжүүлэн авсан.

“гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д заасны дагуу давхцалтай хэсэг болох 198.81 га талбайг хасуулах хүсэлтийг 2012 онд гаргаж, тухайн үеийн АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2012.07.26-ны өдрийн 491 тоот шийдвэрийн дагуу давхцалтай хэсгийг хасуулж, Давхцалгүй үлдсэн 537.48 га талбайд ашигт малтмалын хайгуулын ажлын холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байсан.

Манай компани тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмын дагуу жил бүр Чулуут сумын засаг дарга болон Байгаль орчныг хамгаалах улсын байцаагчаар Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулан геологи хайгуулын ажил гүйцэтгэж, холбогдох төрийн захиргааны байгууллага болон Ашигт малтмалын, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар геологи хайгуулын төлөвлөгөө, тайланг хянуулан баталгаажуулж байсан болно.

Ийнхүү бид 2011-2018 онуудад геологи хайгуулын ажил гүйцэтгэж дуусгаад 2018 онд Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулж, 2018 оны 9-р сарын 28-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын ХХ-12-06 тоот дүгнэлт, АМГТГ-ын даргын 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн Н-110 тоот Нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаал гарсан.

2018 онд БОАЖЯ-аар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг батлуулсан. Манай компани холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган АМГТГ-ын Кадастрын хэлтэст Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гарган Кадастрын хэлтсийн даргын 2018.12.10-ны өдрийн 856 тоот шийдвэрийн дагуу MV-02 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан.

Манай компани Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хадгалах бүхий л нөхцөл шаардлагыг хангаж ирсэн ба Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан зарчим, төрийн үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой, залгамж холбоотой байх зарчмын дагуу нэхэмжлэгчийн асуудалд бодитой үндэслэлтэй хандахыг хүсэж байна. Өчигдөр гаргасан шийдвэрээ хэн нэг албан тушаалтан, тэмцэгч нэр зүүсэн хэсэг, бусаг нөхдийг шахалтаар өөрчлөөд байвал энэ улс оронд юунд найдаж, юуг үндэслэж хөрөнгө оруулах юм. Өнөөдөр эсэргүүцэх байсан юм бол анхаанаасаа яагаад зөвшөөрлийг нь олгосон зэрэг ойлгомжгүй асуулт гарна.

Бид 2011 оноос өнөөг хүртэл Чулуут сумын удирдлага, Хайрхан баг болон тусгай зөвшөөрлийн талбайн ойр орчмын иргэдтэй зөрчилдөж, маргалдсан тохиолдол байхгүй, өнгөрсөн хугацаанд жил бүр байгаль орчин нөхөн сэргээх, хамгаалах төлөвлөгөөг сумын засаг дарга, БОУ-ын байцаагчаар батлуулан ажиллаж ирсэн.

4.2. Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Д. Г******* нарын нэр бүхий иргэний шүүхэд гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 3.1.3. “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлээс харахад 44 иргэний шүтээнд нь хариуцагч халдаад байгаа юм шиг эсхүл газар эзэмших, ашиглах эрхэд халдаад байгаа юм шиг ойлгомжгүй нэхэмжлэлийн үндэслэл гаргажээ. Бид ойлгохдоо 44 иргэний шашин шүтэх эрх чөлөөнд халдсан гэж таамагласан. Хэрэв тийм бол эдгээр хүмүүс маань бөөгийн шүтлэгтэй юм уу, шарын шашинтай юм уу, христийн шашинтай эсэхээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Манай тусгай зөвшөөрлийн талбай нь шүтээн хайрхнаас хол байдаг ба "М******* и м" ХХК-ын хайгуулын талбай хайрхантай ойр эсэхийг бид мэдэхгүй юм.

4.3.Нэхэмжлэгч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг буруу ойлгожээ. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; гэж заасан байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж 2 төрөлтэй байхаар хуульчилсан байдаг.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заасны дагуу Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд үнэлгээг “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ” хавсаргадаг. Төслөө хэрэгжүүлэх буюу ашигт малтмал ашиг үед байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болно. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ /хуулийн 8.4.8 дахь заалт/- д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлийг авах ёстой. Харин үнэлгээг байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд санал авна гэж хуульчлаагүй болно.

4.4. Шүүхэд гаргасан, Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Д. Г******* нарын нэр бүхий иргэнээс Ц. Мын хаваржаа, Ц. Тийн хаваржаа л байдаг бол О. Оын өвөлжөө байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. "Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ." гэж заасан байдаг. Ц. М, Ц. Т, О. Отай газар ашиглах талаар маргаагүй, сайн харилцаатай байдаг ба хэрвээ маргаан гарвал Захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх маргааныг шийдвэрлэнэ.

Иймд Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Д. Г******* нарын нэр бүхий иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7334 дүгээр шүүгчийн захирамжаар Д.О*******, С.Х нарын Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Д.Г******* нарын нэр бүхий 33 иргэний нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн байна.

 

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

  1. Шүүх хуралдааны ирцийн тухайд:

1.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б*******, иргэдийн төлөөлөгч Т.Наранцэцэг нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу тэдгээрийн утсанд мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотолсон болон шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлээгүй байна.

1.2. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Х.Амаржаргалаас мөн өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн ч хуульд заасан шаардлагад нийцүүлсэн итгэмжлэл огт ирүүлээгүй, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага гадаад улсад албан томилолттой гэх боловч нотлох баримтыг ирүүлээгүй байх тул түүнийг хэргийн оролцогч гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул ирээгүй оролцогч нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Хэргийн үйл баримтын талаар:
    1. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдэд NM-02******* дугаар өргөдлийн дагуу Архангай аймгийн Чулуут сумын нутаг Баянхайрхан нэртэй 537.48 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгожээ.
    2. Өргөдөлд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/199, 1/200 тоот албан бичиг, мөн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13/7609 тоот ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, мөн яамны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06б/******* тоот албан бичгийг тус тус хавсаргажээ.
    3. Гэтэл уг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/199 тоот албан бичгийг үйлдээгүй болох нь Засаг даргаар ажиллаж байсан П.Жаргалсайханы 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ““Б” ХХК-д холбогдуулан албан бичиг гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/308 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

                 Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 25.1.6-д “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна” гээд 26.2.2-т “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх” гэж тус тус заажээ.

            2.4. Гэтэл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зайлшгүй байх шаардлагатай байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан талаарх сумын Засаг даргын тодорхойлолт хуурамч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт огноо дугааргүй, хайгуулын талбай нь нэр бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхцалтай, Хануй голын сав газрын захиргааны саналыг аваагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

                 2.5. Учир нь гуравдагч этгээдийг хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан эсэхийг гагцхүү тухайн сумын эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тодорхойлно, мөн хайгуулын талбай нь хэд хэдэн иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай давхцалтай байхад тэдгээрийг хэрхэх нь тодорхойгүй, Хануй голын сав газрын захиргаа 2013 онд байгуулагдсан байхад түүнээс санал аваагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасан “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” байх шаардлагад нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна.

                 2.6. Хэдийгээр өргөдөлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06б/******* тоот албан бичгийг хавсаргасан хэдий ч уг албан бичиг нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасанд нийцсэн баримт бичиг биш.

                 Иймд гуравдагч этгээдийг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан эсэх, хайгуулын талбайд давхцаж буй нэр бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны газрыг хэрхэх талаар бүрэн тодруулж, Хануй голын сав газрын захиргааны санал авах зэрэг нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн  даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.2, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус баримтлан Д.Г******* нарын нэр бүхий 35 иргэний нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн  даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 6 (зургаа) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн  даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 856 дугаар шийдвэр хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144000 төгрөгөөс 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                              ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА

 

                              ШҮҮГЧ                         Т.МӨНХ-ЭРДЭНЭ