Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/02243

 

 

Ц.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02111 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Нийн хариуцагч ЦБХҮСхолбогдуулан гаргасан 4 370 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ноос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалаас гаргасан тайлбартаа: Ц.Н нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЦБХҮСтай охин Н.Нг сургуульд явуулах зорилгоор 11/018 дугаартай зуучлах гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1, 2.2.-т тусгасан БНХАУ-ын 2 их сургуулийн аль нэг рүү нь зуучлуулахаар гэрээний төлбөрт 23 000 юань төлөхөөр харилцан тохиролцож, бүртгэлийн хураамжид 660 750 төгрөг төлсөн. 2019 оны 7 дугаар сард гэрээнд заасан 2 сургуульд зуучлах боломжгүй болохоо хариуцагч мэдэгдсэн. Иймээс энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй тул талууд харилцан гэрээг цуцалсан. Үүний дараа нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд ярилцаж БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд зуучлуулахаар харилцан тохиролцож 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хэлний бэлтгэлийн баталгаажуулалт гэж 565 500 төгрөг шилжүүлж, 7 дугаар сарын 30-ны өдөр 3 710 000 төгрөгийг сургалтын төлбөр, байрны барьцааны үнэ гэж нэхсэний дагуу ЦБХҮСшилжүүлсэн. Ингээд тус зуучлалын зардалд нийт 4 936 250 төгрөг болсон бөгөөд үүнээс 7050 юань буюу монгол мөнгөөр 2 700 000 орчим төгрөг нь сургалтын төлбөр, 400 ам.доллар буюу монгол мөнгөөр 960 500 орчим төгрөг байрны барьцаа болсон. Н.Н Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд суралцаж байхдаа  тус багшийн сургууль ямар нэгэн байдлаар сургалтын төлбөр болон байрны барьцаа зэргийг авдаггүй болохыг мэдээд хариуцагчтай холбогдож, энэ талаар талаар хэлж мөнгөө буцааж авах талаар ярилцсан боловч харилцан тохиролцоонд хүрч чадаагүй. Иймээс бүртгэлийн баталгаажуулалт гэж төлсөн 565 500 төгрөгийг тус сургуульд зуучилсан хөлс гэж үзээд нэхэмжлэхгүй, харин 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний үүрэг биелэгдээгүй учир 660 750 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Мөн БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлийн сургуулийн байрны барьцаа, сургалтын төлбөр гэж төлсөн учраас 3 710 000 төгрөгийг хариуцагч Цэгц БХҮСг үндэслэлгүйгээр авсан гэж үзэж байна. Иймээс 4 370 750 төгрөгийг хариуцагч Цэгц БХҮС-гаас гаргуулж өгнө үү.  Дээрх мөнгөнүүдийг хариуцагч авсан талаараа маргадаггүй.  Хариуцагч тал Н.Нгоос итгэмжлэл авах ёстой байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Анх 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээг сүүлд аман хэлцэлд шилжүүлж Ц.Н өөрөө хариуцагч Цэгц БХҮС-тай Зуучлалын гэрээ байгуулсан. Тиймээс Ц.Н нь Б.Насанжаргал надад итгэмжлэл олгосон. Н.Н энэхүү хэрэг маргаанд ямар ч хамааралгүй. Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Нид гэрээг цуцалж байгаа талаар ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Хуульд зааснаар мэдэгдэл өгөх үүрэгтэй. Уг гэрээг цуцалсан, татгалзсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч Ц.Н ямар нэгэн байдлаар гэрээнээс татгалзаагүй. Гэрээний ерөнхий зүйлийн 1, 2.2-т заасан сургуулиудын бүртгэл сургалтанд хамруулаагүй учраас сүүлд нь сургуулиа өөр сургууль болгож, 1 дээх нэмэх нь 4 гэсэн хөтөлбөрөө өөрчилж, 1 жилийн хэлний бэлтгэлд явахаар талууд харилцан тохиролцож, зуучлалын хөлс 656 500 төгрөг төлсөн. Гэтэл энэ явцад С.Нямдаваа, Н.Н нар харилцаж байхдаа сургалтын төлбөр 1 500 юаниас 5 500 юань болно, барьцаа 400 ам.доллар болно, гэхдээ үүнийг буцааж өгнө гэж ярьсан байдаг. Хариуцагчийн хэлээд байгаа зардал, хятад компанийн зардлын талаар хэрэгт баримт байхгүй. Манай талаас төлсөн мөнгөний зориулалт тодорхой байгаа бөгөөд харилцан ярилцсан мессенжерт үзлэг хийлгэж хэрэгт хавсаргасан. Энэ төлбөрүүд дундаас сургуулиа сольсонтой холбоотойгоор өмнө нь 2 сургуульд зуучлахад 660 000 төгрөг төлсөн, сүүлд нь сургууль өөрчлөгдөхөд 565 500 төгрөг болсон. Байрны барьцааны мөнгө дээр хариуцагч тал маргахгүй байгаа учраас 400 ам.доллараа авна. Дээрээс нь мессенжэрээс харахад сургалтын төлбөр авсан боловч тухайн сургууль руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд дунд харагдахгүй байна. Түүнээс гадна гэрч  нарын мэдүүлгээс сургалтын төлбөр, байрны төлбөргүй байсан талаар нотлогдож байна. Тиймээс ЦБХҮСнь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нийт 4 370 750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЦБХҮСгаас шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-О-с гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Н нь манай байгууллагатай 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Боловсролд зуучлах гэрээг байгуулсан. Уг гэрээнд заагдсан сургуулийн шаардлагыг Н.Н хангаагүй тул хойшид үргэлжлэх боломжгүй болж тус гэрээ 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цуцлагдсан. Гэрээний 4.5-т заасны дагуу 660 750 төгрөгийг бүртгэлийн хураамжид нэхэмжлэгч тал төлсөн бөгөөд уг төлбөр нь буцаан олгогдохгүй нөхцөлтэй байсан. Энэ гэрээг талууд  харилцан тохиролцож дуусгавар болгосон. Үүнээс  хойш 2019 он 7 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Н.Н захирал С.Нямдаваа нар мессенжерээр харилцан С.Нямдаваа нь Н.Нд БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд явах боломжтой гэсэн санал хүргэж, уг саналыг Н.Н хүлээн авч зөвшөөрсөн. Н.Н тус сургуульд очсон хойноо тус сургуулийн байр, сургалтын төлбөр үнэгүй байсан гэдгийг мэдсэн гэдэг нь худлаа, уг коллежид сургахад байр, сургалтын төлбөр үнэгүй гэдэг талаар С.Нямдаваа нь өөрөө Н.Нд хэлсэн байсан. С.Нямдаваа, Ц.Н нарын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байхад Ц.Ноос Б.Насанжаргалд итгэмжлэл олгосон дуусгавар болсон, одоо гэрээний үүргийг шаардаж байна. Сүүлд байгуулсан хэлцэл бол Н.Н, С.Нямдаваа  нарын хооронд байгуулагдсан бөгөөд Н.Н тухайн үед 18  насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай болсон байсан. Иймд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох Б.Насанжаргал 3 710 000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн Б.Насанжаргал нь Н.Нг төлөөлөх эрхгүй этгээд буюу Н.Нгоос олгогдсон итгэмжлэл хэрэгт байхгүй бөгөөд Н.Н өөрөө энэхүү хэргийн оролцогч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Н.Нгийн утсанд хадгалагдсан мессежэнд хийсэн үзлэгээр С.Нямдаваа, Н.Н нарын хооронд шууд утгаараа хэлцэл байгуулагдсан. Учир нь нэг нь санал болгож, нөгөөх нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд Ц.Н гэдэг хүний нэг ч үг байхгүй, аавдаа хэлнэ, ээждээ хэлнэ гэдэг нэг ч үг, өгүүлбэр байхгүй, Н.Н нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээд мөн. БНХАУ-ын Гуйжоу багшийн их сургуулиас урилга ирсэн байна, чи энэ сургуульд явах юм уу гэж Н.Нгоос асуухад Н.Н явъя  гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ 2 хүний хооронд байгуулсан хэлцлийн үндсэн дээр 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Н.Н сургуулийн төлбөрөө шилжүүлсэн бөгөөд үүнийг төлөөлөх эрхгүй этгээд шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэрээ цуцалсан талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэж байна, тэгсэн мөртлөө нэхэмжлэгч тал энэ талаараа нэхэмжлэлдээ Н.Нг сургуульд сургах боломжгүй талаараа хэлсэн, иймээс энэ гэрээ биелэгдээгүй учир 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээгээ харилцан цуцлагдсан гэдгээ бичсэн байна. Одоо  хэргийн оролцогч нь Н.Н юм уу, Ц.Н юм уу гэдэг нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв Ц.Н Зуучлалын гэрээний үүргээ шаардаад байгаа бол урьдчилгаанд өгсөн 660 000 төгрөг чинь зуучлалын үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан, мөнгийг гэрээ цуцалсан үед буцааж олгохгүй гэдгийг гэрээнд заасан байдаг. Тиймээс Ц.Н мөнгө шаардаж байгаа юм уу, Н.Н мөнгө шаардаж байгаа юм уу, хавтаст хэргээс харахад Ц.Н хэргийг оролцогч биш юм шиг харагдаж байна. Итгэмжлэлийг бид судлуулсан, Б.Насанжаргал нь нэхэмжлэх эрхгүй болох нь харагдаж байна. Н.Нтой холбоотой сургалт, зуучлалын гэрээний өр төлбөрийн асуудал яригдаж байна. Тиймээс энэхүү нэхэмжлэлийг хэргийн оролцогч биш, нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжилсэн гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ЦБХҮСгаас  660 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нийн 3 710 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ЦБХҮСхолбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 910 төгрөгөөс 20 408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Цэгц БХҮСгаас  20 408 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас  64 502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Нид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох ёстой үүргээ биелүүлээгүй бөгөөд хэргийн үйл баримтыг буруу ойлгож, маргааны үйл баримтад үнэлэлт дүгнэлт зөвөөр өгөх боломжоо ашиглаж чадсангүй, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул шийдвэрээ үндэслэл бүхий бөгөөд бүрэн хэмжээний заалттай гаргаж чадсангүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг бүрэн хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөр нэхэмжлээгүй байхад нэхэмжилсэн гэж үзсэн. Зохигчдын хооронд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр боловсролд зуучлах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч буюу зуучлуулагч Ц.Н нь өөрийн охин Н.Нг БНХАУ-ын Сичуан болон Хунаны Их сургуулийн аль нэгэнд суралцахад зуучлуулах, хариуцагч буюу зуучлагч ЦБҮС нь зуучлалын хөлс авах гэрээ хийсэн. Уг гэрээ нь надтай тохиролцсоноор буюу гэрээнд бичигдсэнээр Хятад улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг сургуульд зуучлана, зуучлалын хөлс 23 000 юань байна гээд монгол төгрөгт хөрвүүлээд тухайн үед 660 750 төгрөг болж байсан. Энэ мөнгийг төлсөн. Тэгтэл уг сургууль бүтсэнгүй, харин мөн улсын Гуйнжоу-гийн Багшийн коллежид оруулах боломж байна гэхээр нь зөвшөөрч, зуучлалын хөлсөнд 565 500 төгрөг, байрны барьцаа (400доллар) болон байрны мөнгө гэж 3 710 000 төгрөг төлсөн. Тэгтэл хожим уг сургуулийн сургалт үнэгүй, байрны төлбөр авдаггүй болохыг мэдсэн. Энэ шалтгаанаар байрны мөнгөнд төлсөн 3 710 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа ба зуучлалын хөлсөнд төлсөн 565 500 төгрөгийг нэхэмжлээгүй юм. Мөн сургалтын төлбөр гэж нэхэмжлээгүй болно. Зохигчдын хооронд нэг л удаа гэрээ байгуулсан бөгөөд эхний тохиролцоо биелэгдээгүй, тэглээ гээд гэрээ цуцлагдаагүй, нөхцлөө өөрчлөөд гэрээ үргэлжлээд үйлчилсэн болно. Анхан шатны шүүх агуулгын хувьд нь гэрээг тайлбарлаж дүгнэх байсан. Тэгтэл тайлбарлаагүй, дүгнээгүй, харин гэрээг хариуцагч тал гэрээнээс татгалзсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалд төлөөлүүлэгчээс олгосон 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжпэлийг хуулийн шаардпага хангахгүй байна гэж үзжээ. Уг итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эрх үүргийг хэрэгжүүлж оролцох эрхийг БНСУ дахь Гадаад харилцааны яамны Консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдсэн итгэмжлэлээр олгоогүй байна гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ дүгнэлт нь шийдлийг зөвшөөрөхгүй бөгөөд уг итгэмжлэл утга агуулгыг бүрэн илэрхийлсэн, үгчилж бичсэн, нотариатын үүрэг гүйцэтгэх эрх бүхий этгээд Вөнийн конвенцид заасны дагуу олгосон байна гэж үзэж байна. Дээрх энэ үндэслэл шалтгаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалд төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг хууль ёсны болохыг дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн 4 370 750 төгрөгийн шаардлагаас анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан 660 750 төгрөгийг хасч, байрны барьцаа болон төлбөрт нэхэмжилсэн 3 710 000 төгрөгийг хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр ЦБХҮСгаас 660 700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг боловсрол зуучлах гэрээний дагуу гаргасан ба уг гэрээ нь харилцан тохиролцож дууссан, хойшид үргэлжлэх боломжгүй болгосон. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ харилцан тохиролцож гэрээг цуцалсан гэж тусгасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 660 700 төгрөгийг буцаан олгохгүй нөхцөлтэй байсан талаар маргалгүй хүлээн зөвшөөрсөн байтал шүүгч дээрх гэрээг үүргээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дугаар зүйлд заасныг үндэслэн хариуцагч байгууллага нъ бүртгэлийн хураамж болох 660 700 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй хэмээн шийдвэр гаргасан нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Боловсролд зуучлах гэрээг бүх талаас нь бодитоор үнэн зөв дүгнээгүй хэмээн үзэж байна. Учир нь уг гэрээний 3.5-д зуучлуулагч өөрийн бууруутай үйлдлийн улмаас зуучлагчийн холбогдож өгсөн сургуульд тэнцээгүй бол зуучлагч бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй хэмээн талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг харилцан тохиролцож чөлөөлтэй байгуулсан. Мөн Иргэний хуулийн Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ЦБХҮСнь 11/018 тоот гэрээнд тусгагдсан нэр бүхий 2 их, дээд сургуульд холбож өгсөн ба дээрх сургуулиудын босго оноог нэхэмжлэгчийн охин Н хангаагүй нь зуучлагчийн буруутай үйлдэл биш тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрээний үүрэгт 660 750 төгрөгийг хариуцагч Цэгц боловсролын хөгжлийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч ЦБҮС-д холбогдуулан 4 370 750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр боловсролд зуучлах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч буюу зуучлуулагч Ц.Н нь өөрийн охин Н.Нг БНХАУ-ын Сичуан болон Хунаны Их сургуулийн аль нэгэнд суралцахад зуучлуулах, хариуцагч буюу зуучлагч ЦБҮХсан нь БНХАУ-ын тус сургуулиудтай холбоо тогтоон, Н.Нг тэтгэлэгт хамруулахад зуучлах, нэхэмжлэгч тал нь зуучилсан хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож, зуучлагч нь зуучлуулагчийн сонгосон сургуульд явуулах, сургуулийн урилгыг хүлээлгэн өгөх, тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл, хэлбэр, хугацааны талаарх мэдээллийг өгөх үүргийг, зуучлуулагч буюу нэхэмжлэгч нь өөрийн сонгосон Хунан /Hunan universite of engineering/ их сургуульд суралцахтай холбоотой материалыг бүрдүүлж өгөх, зуулчлалын хөлсөнд 23 000 юань төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хэргийн 6-8 дугаар тал/

 

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь зуучлалын хөлс 23 000 юань буюу 660 750 төгрөгийг хариуцагчид төлж, хариуцагч түүний охин Н.Нгийн виз мэдүүлэгт шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, элсэлтийн бичиг, элсүүлэх мэдэгдэл, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын Яаманд хүргүүлсэн албан бичиг, зуучлалын хөлс хүлээн авсан зэрэг баримтаар тогтоогдож байна. /хэргийн 33-42 дугаар тал/

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээний дагуу хариуцагчид зуучлалын хөлсөнд төлсөн 660 750 төгрөгийг буцаан шаардах эрх үүсээгүй байхад анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нид олгож шийдвэрлэсэн нь буруу.

 

            Хэдийгээр талууд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан боловсролд зуучлах гэрээг цуцлагдсан гэж тайлбарлаж байх боловч зохигч дээрх гэрээгээр тохиролцсон БНХАУ-ын Сичуан болон Хунаны Их сургуулийн аль нэгэнд суралцахад зуучлуулах нөхцлийг мөн оны 7 дугаар сард өөрчилж, нэхэмжлэгчийн охин Н.Н нь  БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд сургахаар тохиролцож, Н.Н нь тус хэлний бэлтгэлд явсан, одоогоор дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний улмаас сургалцах үйл ажиллагаа нь түр зогссон байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй ба энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд тайлбарлаж байна. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зуучлалын гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлгүй юм.

 

            Учир нь нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хэлний бэлтгэлийн баталгаажуулалт гэж 565 500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх талуудын тайлбар, нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлээгүй зэргээс үзэхэд гэрээний нөхцөл өөрчлөгдсөн буюу уг гэрээний үндсэн дээр түүний охин Н.Нг БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд явсан гэж үзнэ.

 

            Тодруулбал, нэхэмжлэгчийн охин Н.Н хариуцагч байгууллагатай интернетээр харилцсан нь тусдаа гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь түүнийг насанд хүрээгүй байхад нь нэхэмжлэгч буюу Н.Нгийн эцгээс хариуцагч байгууллагатай зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр охин Н.Н нь хэлний бэлтгэлд хамрагджээ.

 

            Түүнчлэн, хэрэгт авагдсан Н.Оюуны хаан банкны 5074171101 дугаар дансны хуулгаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сургалтын төлбөр, байрны барьцаанд 3 710 0000 төгрөгийг “Нгийн ээж” гэх утгаар хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хэргийн 16 дугаар тал/ Хариуцагч уг мөнгийг Н.Нгийн сургалтын төлбөр, байрны барьцаанд тооцож авсан болон Н.Оюун нь Н.Нгийн ээж, нэхэмжлэгчийн эхнэр мөн эсэх талаар маргаагүй учраас Ц.Н нь уг мөнгийг шаардах эрхтэй. Учир нь хариуцагч 3 710 000 төгрөгийг цааш нь сургалтын төлбөр, байрны барьцаанд шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 3 710 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрх үүссэн байна.

 

            Иймд нэхэмжлэгчээс Б.Н-д олгосон 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., 62.4., 64 дүгээр зүйлийн 64.1., 64.2. дахь хэсэгт заасанд нийцээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

            Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэн, хариуцагч ЦБҮХсангаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан 3 710 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 660 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02111 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэн, 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ЦБХҮСгаас 3 710 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 660 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дах заалтыг 2, 4 дэх заалтыг 3 болгож, 2 дах заалтын “84 910 төгрөгөөс 20 408 төгрөг” гэснийг “84 910 төгрөгөөс 74 310 төгрөг” гэж, “20 408 төгрөг” гэснийг “74 310 төгрөг” гэж, “64 502 төгрөг” гэснийг “10 600 төгрөг” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 75 000 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгчийн 20 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                    ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                      

                                                                                                    С.ЭНХТӨР