Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2020/02111

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.Н

Хариуцагч “БХҮС”

4 370 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, Н.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,  гэрч Ж.Энхжаргал,  Ш.Билэг-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.                                                                                       

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Ц.Н-оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалаас гаргасан тайлбартаа:

Ц.Н нь 2019  оны 03 дугаар сарын 07-ны өдөр “ЦБХҮС”-тай охин Н.Н-г сургуульд явуулах зорилгоор 11/018 дугаартай зуучлах гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1., 2.2.-т тусгасан БНХАУ-ын 2 их сургуулийн аль нэг рүү нь зуучлуулахаар гэрээний төлбөрт  23 000 юань төлөхөөр харилцан тохиролцож, бүртгэлийн хураамжид 660 750 төгрөг төлсөн. 2019 оны 07 дугаар сард гэрээнд заасан 2 сургуульд зуучлах боломжгүй болохоо хариуцагч мэдэгдсэн. Иймээс энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй тул талууд харилцан цуцалсан. Ингээд дараа нь 2019 оны 07 дугаар сарын 24-25-ны өдрийн хооронд ярилцаж БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд зуучлуулахаар харилцан тохиролцож 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэлний бэлтгэлийн баталгаажуулалт гэж 565 500 төгрөг шилжүүлж, 07 дугаар сарын 30-ны өдөр 3 710 000 төгрөгийг сургалтын төлбөр, байрны барьцааны үнэ гэж нэхсэний дагуу  “ЦБХҮС”-д шилжүүлсэн. Ингээд тус зуучлалын зардалд нийт 4 936 250 төгрөг болсон бөгөөд үүнээс 7 050 юань буюу монгол мөнгөөр 2 700 000 орчим төгрөг нь сургалтын төлбөр,  400 ам.доллар буюу монгол мөнгөөр 960 500 орчим төгрөг байрны барьцаа болсон.

Н.Н Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд суралцаж байхдаа  тус багшийн сургууль ямар нэгэн байдлаар сургалтын төлбөр болон байрны барьцаа зэргийг авдаггүй болохыг мэдээд хариуцагчтай  холбогдож, энэ талаар талаар хэлж мөнгөө буцааж авах талаар ярилцсан боловч харилцан тохиролцоонд хүрч чадаагүй. Иймээс бүртгэлийн  баталгаажуулалт гэж төлсөн 565 500 төгрөгийг тус сургуульд  зуучилсан хөлс гэж үзээд нэхэмжлэхгүй, харин 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний үүрэг биелэгдээгүй учир 660 750 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Мөн БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлийн сургуулийн байрны барьцаа, сургалтын төлбөр гэж төлсөн учраас 3 710 000 төгрөгийг хариуцагч Цэгц боловсрол хөгжлийн үндэсний санг үндэслэлгүйгээр авсан гэж үзэж байна.  Иймээс 4 370 750 төгрөгийг хариуцагч “ЦБХҮС”-гаас гаргуулж өгнө үү.  Дээрх мөнгөнүүдийг хариуцагч авсан талаараа маргадаггүй.  Хариуцагч тал Н.Н-с итгэмжлэл авах ёстой байсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Анх 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээг сүүлд аман хэлцэлд шилжүүлж Ц.Нөөрөө хариуцагч “ЦБХҮС”-тай Зуучлалын гэрээ байгуулсан. Тиймээс Ц.Н нь Б.Насанжаргал надад итгэмжлэл олгосон. Н.Н энэхүү хэрэг маргаанд ямар ч хамааралгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгч Ц.Н-д  гэрээг цуцалж байгаа талаар ямар нэгэн мэдэгдэл өгч байгаагүй. Хуульд зааснаар мэдэгдэл өгөх үүрэгтэй. Уг  гэрээг цуцалсан, татгалзсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч Ц.Н ямар нэгэн байдлаар гэрээнээс татгалзаагүй. Гэрээний ерөнхий зүйлийн 1, 2.2-т заасан сургуулиудын бүртгэл сургалтанд хамруулаагүй учраас сүүлд нь сургуулиа өөр сургууль болгож, 1+4 гэсэн хөтөлбөрөө өөрчилж, 1 жилийн хэлний бэлтгэлд явахаар талууд харилцан тохиролцож, зуучлалын хөлс 656 500 төгрөг төлсөн. Гэтэл энэ явцад С.Нямдаваа, Н.Номин нар харилцаж байхдаа “сургалтын төлбөр 1 500-5 500 юань болно, барьцаа 400 ам.доллар болно, гэхдээ үүнийг буцааж өгнө” гэж ярьсан байдаг. Хариуцагчийн хэлээд байгаа зардал, хятад компанийн зардлын талаар хэрэгт баримт байхгүй. Манай талаас төлсөн мөнгөний зориулалт тодорхой байгаа бөгөөд харилцан ярилцсан мессенжерт үзлэг хийлгэж хэрэгт хавсаргасан. Энэ төлбөрүүд дундаас сургуулиа сольсонтой холбоотойгоор өмнө нь 2 сургуульд зуучлахад 660 000 төгрөг төлсөн, сүүлд нь сургууль өөрчлөгдөхөд 565 500 төгрөг болсон. Байрны барьцааны мөнгө дээр хариуцагч тал маргахгүй байгаа учраас 400 ам.доллараа авна. Дээрээс нь мессенжэрээс харахад сургалтын төлбөр авсан боловч тухайн сургууль руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд дунд харагдахгүй байна. Түүнээс гадна гэрч  нарын мэдүүлгээс сургалтын төлбөр, байрны төлбөргүй байсан талаар нотлогдож байна. Тиймээс “ЦБХҮС” нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нийт 4 370 750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ЦБХҮС”-аас шүүхэд болон шүүх хуралдаанд  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Одоос гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Н нь манай байгууллагатай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Боловсролд зуучлах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд заагдсан сургуулийн шаардлагыг Н.Н хангаагүй тул хойшид үргэлжлэх боломжгүй болж тус гэрээ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  цуцлагдсан. Гэрээний 4.5-т заасны дагуу 660 750 төгрөгийг бүртгэлийн хураамжид  нэхэмжлэгч тал төлсөн бөгөөд уг төлбөр нь буцаан олгогдохгүй нөхцөлтэй байсан. Энэ гэрээг талууд  харилцан тохиролцож дуусгавар болгосон.  Үүнээс  хойш 2019 он 07 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Н.Н  захирал С.Н нар мессенжерээр харилцан С.Н нь Н.Н-д БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд явах боломжтой гэсэн санал хүргэж, уг саналыг Н.Н хүлээн авч зөвшөөрсөн. Н.Н тус сургуульд очсон хойноо тус сургуулийн байр, сургалтын төлбөр үнэгүй байсан гэдгийг мэдсэн гэдэг нь худлаа, уг коллежид сургахад байр, сургалтын төлбөр үнэгүй гэдэг талаар С.Н нь өөрөө Н.Н-д хэлсэн байсан. С.Н, Ц.Н нарын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байхад Ц.Н-оос Б.Насанжаргалд итгэмжлэл олгосон дуусгавар болсон, одоо гэрээний үүргийг шаардаж байна. Сүүлд байгуулсан хэлцэл бол Н.Н, С.Н  нарын хооронд байгуулагдсан бөгөөд Н.Н тухайн үед 18  насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай болсон байсан. Иймд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5.-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох  Б.Насанжаргал 3 710 000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн  Б.Насанжаргал нь Н.Н-г төлөөлөх эрхгүй этгээд буюу Н.Н-оос олгогдсон итгэмжлэл хэрэгт байхгүй бөгөөд Н.Номин өөрөө энэхүү хэргийн оролцогч биш тул хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Н.Н-ийн утсанд хадгалагдсан мессежэнд хийсэн үзлэгээр С.Н, Н.Ннарын хооронд шууд утгаараа хэлцэл байгуулагдсан. Учир нь нэг нь санал болгож, нөгөөх нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнд Ц.Н гэдэг хүний нэг ч үг байхгүй, аавдаа хэлнэ, ээждээ хэлнэ гэдэг нэг ч үг, өгүүлбэр байхгүй, Н.Н нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээд мөн.

“БНХАУ-ын Гуйжоу багшийн их сургуулиас урилга ирсэн байна, чи энэ сургуульд явах юм уу” гэж Н.Н-оос асуухад Н.Н- “явъя”  гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ 2 хүний хооронд байгуулсан хэлцлийн үндсэн дээр 2019 оны 09 дүгээр 26-ны өдөр Н.Н сургуулийн төлбөрөө шилжүүлсэн бөгөөд үүнийг төлөөлөх эрхгүй этгээд шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэрээ цуцалсан талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэж байна, тэгсэн мөртлөө нэхэмжлэгч тал энэ талаараа нэхэмжлэлдээ “Н.Н-г сургуульд сургах боломжгүй талаараа хэлсэн, иймээс энэ гэрээ биелэгдээгүй учир 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээгээ харилцан цуцлагдсан” гэдгээ бичсэн байна. Одоо  хэргийн оролцогч нь Н.Н юм уу, Ц.Н юм уу гэдэг нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв Ц.Н  Зуучлалын гэрээний үүргээ шаардаад байгаа бол урьдчилгаанд өгсөн 660 000 төгрөг чинь зуучлалын үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан, мөнгийг гэрээ цуцалсан үед буцааж олгохгүй гэдгийг гэрээнд заасан байдаг. Тиймээс Ц.Н мөнгө шаардаж байгаа юм уу, Н.Н мөнгө шаардаж байгаа юм уу, хавтаст хэргээс харахад Ц.Н хэргийг оролцогч биш юм шиг харагдаж байна. Итгэмжлэлийг бид судлуулсан, Б.Насанжаргал нь нэхэмжлэх эрхгүй болох нь харагдаж байна. Н.Н-ой холбоотой сургалт, зуучлалын гэрээний өр төлбөрийн асуудал яригдаж байна. Тиймээс энэхүү нэхэмжлэлийг хэргийн оролцогч биш, нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжилсэн байна гэж үзэж байна гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад         

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч “ЦБХҮС”-д холбогдуулан, 4 370 750 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

            Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгчтэй түүний охин Н.Н-г анх БНХАУ-ын Сичуан болон Хунан их сургуульд суралцуулахаар тохиролцон зуучлалын гэрээ байгуулсан боловч Н.Н нь гэрчилгээгүй, хэлний онооны шаардлага хангаагүй, тэнцээгүй учир зуучлалын хөлс 23 000 юанийг аваагүй, энэ гэрээ хэрэгжээгүй дууссан, дараа нь өөрсдөө хугацаа алдмааргүй суралцмаар байна гэж хүссэний дагуу бид Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд зуучилж өгснөөр тус сургуулиас урилга ирж, виз нь гарч, Н.Н бүтэн жил суралцсан, зуучлалын хөлс төлснийг буцаан авах үндэслэлгүй, бид зуучлалын гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учраас нэхэмжлэл үндэслэлгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалд олгосон итгэмжлэл нь дараагийн гэрээний хувьд хамааралгүй учраас төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй, сүүлчийн гэрээг Н.Н-ой л хийсэн учир түүнээс итгэмжлэл аваагүй гэж тайлбарлан маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            1.Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч“ЦБХҮС”-тай тохиролцон өөрийн охин Н.Н-г БНХАУ-ын Сичуан /Sivhuan universite of engineering/ болон Хунан /Hunan universite of engineering/ их сургуулийн аль нэгэнд  суралцуулахаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 11/018 тоот “Боловсролд зуучлах гэрээ”-г байгуулжээ.

            Уг гэрээгээр хариуцагч тал нь БНХАУ-ын тус сургуулиудтай холбоо тогтоон, Н.Н-г тэтгэлэгт хамруулахад зуучлах, нэхэмжлэгч тал нь зуучилсан хөлсийг төлөхөөр харицан тохиролцож, зуучлагч нь зуучлуулагчийн сонгосон сургуульд явуулах, сургуулийн урилгыг хүлээлгэн өгөх, тэтгэлэгт хөтөлбөрийн төрөл, хэлбэр, хугацааны талаарх мэдээллийг өгөх үүргийг, зуучлуулагч буюу нэхэмжлэгч нь өөрийн сонгосон Хунан /Hunan universite of engineering/ их сургуульд суралцахтай холбоотой материалыг бүрдүүлж өгөх, зуулчлалын хөлсөнд 23 000 юань төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

            Гэрээний 4 дэх хэсгийн 2.3., 4-т зааснаар 1 680 юанийг гэрээг байгуулсан өдөр, 15 000 юанийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 3 620 юанийг 2019 оны 09 дүгээр сард төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчээс 660 750 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлсөн байна.

            Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11/018 тоот “Боловсролд зуучлах гэрээ”, хариуцагч байгууллагын  санхүүгийн тэмдэг бүхий 660 750 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нотлогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

            Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11/018 тоот “Боловсролд зуучлах гэрээ” нь дээрх зуучлалын гэрээний шинжийг илэрхийлсэн байна.

            Хариуцагч тал нь Н.Н-ийн ерөнхий боловсрол эзэмшсэн гэрчилгээ нь гараагүй, хэлний шалгалтанд тэнцээгүй, шаардлага хангаагүй гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

            Уг зуучлалын гэрээний үндсэн үүрэг болох Хунан /Hunan universite of engineering/, Сичуан /Sivhuan universite of engineering/ их сургуультай зуучлуулагчийг буюу нэхэмжлэгчийг холбон өгөх  зуучлагчийн  үүрэг биелэгдээгүй бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэсний дагуу хариуцагч талаас  2019 оны 07 дугаар сард дээрх их сургуулиудад Н.Н-г зуучлах боломжгүй тухай мэдэгдсэн нь зохигдын тайлбараар нотлогдсон байна.

            Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь...харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээс бүртгэлийн хураамжид хүлээн авсан 660 750 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

            2.Хэрэгт авагдсан БНСУ дахь Гадаад харилцааны яамны Консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдсэн, иргэн Б.Насанжаргалд иргэн Ц.Н-оос олгосон 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлд: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Боловсролд зуучлах” 11/018 дугаартай гэрээтэй холбогдуулан тус “Цэгц боловсрол үндэсний хөгжлийн сан”-д БНХАУ-ын их сургуульд зуучлан сургалтын төлбөр, байрны төлбөр, болон холбогдох бусад зардалд төлсөн бүх төлбөрүүдийг буцаан гаргуулах..., тус 11/018 тоот гэрээний дагуу төлсөн 4 584 700 төгрөгийг гаргуулах тухай гомдол нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25., 26. дугаар зүйлд заасны дагуу эрх эдэлж, үүрэгт хүлээн оролцох,...тул итгэмжлэл олгов. Энэхүү итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчинтэй болно.” гэж заасан байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргалын тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлд “...2019 оны 07 дугаар сард хариуцагчаас 11/018 тоот гэрээнд заасан 2 их сургуульд зуучлах  боломжгүй болсон тухай хэлсэн. Иймээс тус 11/018 тоот гэрээний үүрэг биелэгдээгүй, харилцан цуцалсан байдаг. Ингээд бид ярилцаж БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд зуучлуулахаар болж 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэлний баталгаажуулалт 565 500 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3 710 000 төгрөгийг тус тус шилжүүлж хэлний бэлтгэлд явсан...” гэжээ.

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Н нь БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд зуучлуулахаар хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсантай  холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25., 26. дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3., 62.4., 64 дүгээр зүйлийн 64.1., 64.2.-т зааснаар  Б.Насанжаргалд олгосон гэж үзэх боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл, итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Насанжаргалд төлөөлүүлэгч Ц.Н-оос охин Н.Н-г БНХАУ-ын Гуйжоу багшийн коллежийн хэлний бэлтгэлд суралцуулах зорилгоор зуучлуулахаар хариуцагч “ЦБХҮС”-тай гэрээ байгуулж, түүний дагуу төлсөн гэх 3 710 000 төгрөгийг буцаан шаардахтай  холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох эрхийг БНСУ дахь Гадаад харилцааны яамны Консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдсэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр олгоогүй байна.

            Иймд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5.-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 3 710 000 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулах тухай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэн, хариуцагч “ЦБХҮС”- аас 660 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс 3 710 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зйлийн 59.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 910 төгрөгөөс 20 408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20 408 төгрөгийг, улсын орлогоос64 502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчидолгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлан хариуцагч “ЦБХҮС”- аас 660 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн 3 710 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЦБХҮС”-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 910 төгрөгөөс 20 408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “ЦБХҮС”-аас  20 408 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас  64 502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.

 

  1. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                

  1.                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

    

 

                      ДАРГАЛАГЧ                                  Ж.БАЙГАЛМАА