Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02272

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02388 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн хариуцагч “МК” ХХК-д холбогдуулан гаргасан 151 092 850 төгрөг, 149 ширхэг бараа материалын үнэ 5 999 600 төгрөг, нийт 157 092 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ХХ” ХХК “МК” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 18-020 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Гэвч “МК” ХХК барилгын туслах материал түрээслүүлэх гэрээгээр тохиролцсон төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Энэ хугацаанд нийтдээ 17 353 ширхэг хэв, булан төмөр, тулаас зэрэг барилгын ажилд хэрэглэгдэх туслах материалуудыг тодорхой хугацаагаар нэг сарын төлбөрийг гэрээний хавсралтад заасан барааны тохиролцсон үнээр тооцоход түрээсийн төлбөр 505 585 960 төгрөг болсон. “МК” ХХК-аас барилгын туслах материалыг дагалддаг нэг  удаагийн хэрэгслүүдийг мөн худалдаж авсан. Худалдаж авсан дагалдах хэрэгслийн үнэ                8 419 500 төгрөг болсон. Үүнээс гадна гэрээний хугацаа дууссан ч амаар гэрээг сунгахаар харилцан тохиролцсон тул 2019 оны 6 дугаар сарын 06, 10, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрүүдийн тус тус нэмэлтээр 371 ширхэг барааг түрээслэхээр авсан. Үүнээс 222 ширхэг барааг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус тус буцаан өгсөн. Үлдэх 140 ширхэг 2,4 хэмжээтэй хуучин булан төмөр, 9 ширхэг 6м урттай хуучин труба буюу нийт 5 999 600 төгрөгний үнэ бүхий 149 ширхэг барааг өнөөг хүртэл буцааж өгөөгүй тул биет байдлаар барааг буцаан гаргуулахаар шаардаж байна. Түрээсийн гэрээний 7.3, 7.4-т түрээслэх явцад бараа материал эвдэрсэн, гэмтсэн бол гэрээгээр тохиролцсон тухайн барааны үнийн 50 хувиар тооцон төлөхөөр, дахин ашиглагдахгүйгээр эвдэж устгасан тохиолдолд үнийг 100 хувиар тооцон төлөхөөр тохиролцсон. Хариуцагч түрээслэх явцдаа нийтдээ 16 843 000 төгрөгний барааг эвдэж гэмтээсэн. Бас 34 367 200 төгрөгийн барааг дахин ашиглахааргүй болж акталсан тул энэ мөнгийг мөн нэхэмжилж байгаа. “МК” ХХК-аас гэрээний дагуу нийтдээ 581 328 745 төгрөг төлөх ёстойгоос бартераар 25 000 000 төгрөг, бусад байдлаар 450 229 150 төгрөгийг тус тус төлсөн тул үлдэх 106 099 595 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт нэхэмжилж байгаа 106 099 595 төгрөг дотор сүүлд нэмэлтээр түрээслэсэн 371 ширхэг барааны түрээсийн төлбөр 16 113 085 төгрөгийг оруулж тооцсон. Манайд өнөөг хүртэл буцаан өгөөгүй 149 ширхэг барааг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр тооцон энэ дүнд шингээсэн байгаа. Хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул алдангийг нэмэлтээр түрээслэсэн барааны төлбөрийг хассан дүнгээс гэрээний 7.2-т заасны дагуу хоног тутамд 0,5 хувиар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцоход алданги 44 993 255 төгрөг байна. Иймд үндсэн төлбөр 106 099 595 төгрөг, алданги 44 993 255 төгрөг, нийт 151 092 850 төгрөгийг, эргүүлж өгөөгүй 149 ширхэг барааны хамт “МК” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. Манай зүгээс барааг хүлээлгэн өгөхдөө зарлагын падаан, эгүүлэн авахад орлогын падаан тухай бүрт үйлддэг байсан. Уг баримтуудыг хэрэгт баримтаар өгсөн. Өөр өөр цаг хугацаанд бараа материалыг манайхаас авч байсан бөгөөд тус байгууллагын эрхтэй ажилтнууд ирж авдаг, буцаан өгдөг байсан. Хариуцагч барааг хүлээн авсан эсэхэд маргаж байх боловч удаа дараа барааг хүлээн авсан, төлбөр төлөх хугацаа олгооч гэсэн агуулгатай албан бичгийг манайд өгч байснаар хүлээн авсан нь нотлогдоно. Мөн эргүүлж өгөөгүй 149 ширхэг барааг буцааж өгөх боломжгүй эсэх талаар тайлбарыг ирүүлээгүй тул бид актлаагүй, түрээслэснээр тооцож байгаа болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “ХХ” ХХК-тай 18-020 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, бараа түрээслэж байсан нь үнэн. Байгууллагын зүгээс 99 923 810 төгрөг төлөх өр төлбөртэй тухай албан бичиг өгсөн байх тул энэ дүнг зөвшөөрч байна. Харин алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь барааг эргүүлэн өгөх хугацааг гэрээгээр тохиролцоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, алданги тооцох боломжгүй. Мөн нэмэлтээр бараа материал хүлээлгэн өгсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Гэрээний 1.5, 4.2-т бараа материалыг талууд баримт үйлдэж эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулж хүлээлгэн өгөх, авахаар заасан. Хэрэгт авагдсан орлого, зарлагын баримтуудад “МК” ХХК-ийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, санхүүгийн тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй байна. Түүнчлэн манайх хүлээн авсан бараа материала1а бүгдийг эргүүлж өгсөн, дутуу өгсөн бараа байхгүй тул энэ шаардлагыг мөн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулснаас хойш төлсөн мөнгөн дүнд маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 99 923 810 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “МК” ХХК-аас 139 893 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 199 520 төгрөг болон 5 999 600 төгрөгний 149 ширхэг бараа материалыг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 024 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 80 945 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 857 416 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21 өдрийн 181/ШШ2020/02388 тоот шүүхийн шийдвэрт иргэний хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн дараах байдлаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн туүнчлэн зарим төрлийн буюу нэг удаагийн шинжтэй хэрэглэгдэх бараа материалыг гэрээнд тохиролцсон үнээр тооцон “МК” ХХК-ийн эргүүлж өгөхгүйгээр өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байгаагаас үзвэл шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулсан холимог шинжтэй буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан гэж шүүх үзэв гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэсэг нь найруулгын алдаатайгаас гадна дор дурдсан хуулийг буруу хэрэглэсэн алдаатай байна. Тодруулбал нэхэмжлэгч талтай байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээнд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тохиролцсон үнээр тооцон “МК” ХХК-ийн эргүүлж өгөхгүйгээр өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон гэсэн хэсэг байхгүй ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт дурдсан байхад анхан шатны шүүхээс холимог шинжтэй буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ илт их нөхцөл байдал үүссэн буюу үндсэн 99 923 810 төгрөгт 39 969 520 төгрөгийн алданги ноогдуулсан нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид давуу эрх олгосон хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн “МК” ХХК-аас 139 893 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгох шийдвэрийн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “МК” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 151 092 850 төгрөг, 149 ширхэг бараа материалын үнэ 5 999 600 төгрөг, нийт 157 092 450 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 99 923 810 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Барилгын туслах материал түрээслэх нэртэй гэрээ байгуулагдсан байна. /хэргийн 8-10 дугаар тал/

 

            Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ.” гэж зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу. Учир нь зохигч гэрээгээр тодорхой хугацаанд бараа, материалыг ашиглаж, ашиглалтын зардлыг хавсралтаар тохиролцсон үнээр тооцон төлөхөөр, зарим төрлийн эд хөрөнгийг гэрээгээр тохиролцсон үнээр худалдахаар харилцан тохиролцсон байгаагаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах болон эд хөрөнгө түрээслэх гэрээний шинжтэй холимог гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн зүйл, бараа материалын төлбөрийг бэлэн, бэлэн бусаар төлж байсан үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн, хэргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байна.

 

            Харин хариуцагч нь нэмэлтээр бараа материал авсан орлого зарлагын баримтгүй тул 149 ширхэг 5 999 600 төгрөгийн үнэ бүхий бараа материал буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар орлого, зарлагын падаануудыг баримтаар өгсөн байх боловч уг баримтуудаар хариуцагчид шилжүүлсэн түрээсийн зүйлээс 149 ширхэг, 5 999 600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч буцааж шилжүүлээгүй дутаасан болох нь тогтоогдоогүй гэж анхан анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь гэрээний хавсралтад заасан эд хөрөнгүүдийг хариуцагчид шилжүүлсэн гэх баримтууд нь нэг талын буюу хариуцагч талын гарын үсэггүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

            Түүнчлэн, дээрх гэрээний дагуу хариуцагчаас төлөхийг зөвшөөрсөн 99 923 810 төгрөгийн төлбөрт талууд гэрээний 7.2-д “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэж харилцан тохиролцсоны дагуу хариуцагч “МК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай тул алданги 39 969 520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчөөгүй байна. Алдангийн хэмжээ хэт их гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.   

 

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02388 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МК” ХХК-аас 139 893 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 199 520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 857 416 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                      ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                             С.ЭНХТӨР