Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01105

 

“Хх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02388 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2272 дугаар магадлалтай,

“Хх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М К” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 151,092,850 төгрөг, 149 ширхэг бараа материалын үнэ 5,999,600 төгрөг, нийт 157,092,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамхандын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, О.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Хх” ХХК нь“М К” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 151,092,850 төгрөг, 149 ширхэг бараа материалын үнэ 5,999,600 төгрөг, нийт 157,092,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02388 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “М К” ХХК-аас 139.893.330 /нэг зуун гучин есөн сая найман зуун ерэн гурван мянга гурван зуун гучин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хх” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.199.520 төгрөг болон 5.999.600 төгрөгийн 149 ширхэг бараа материалыг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.024.357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 80.945 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 857.416 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2272 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02388 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М К” ХХК-аас 139 893 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хэв хашмал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 199 520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 857 416 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.11-ний өдрийн 2272 тоот шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн дараах байдлаар гомдол гаргаж байна. 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...талууд гэрээгээр бараа материалыг “тохиролцсон үнээр тооцон “М К” ХХК-н эргүүлж өгөхгүйгээр өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон” гэсэн гэрээнд огт байхгүй хэсгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан. Гэрээнд байхгүй заалтыг үндэслэн түрээсийн гэрээгээр худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан нь хуулийн энэ шаардлагыг зөрчиж байна. Тиймээс анхан шатны шүүхийн найруулгын болон хууль хэрэглээний алдаатай шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. 2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт “Алдангийн хэмжээ хэт их гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.” гэж заасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд ““М К” ХХК-аас гэрээний дагуу 581,328,745 төгрөг төлөх ёстойгоос ...450,229,150 төгрөг төлсөн” хэмээн дурдсан. Энэ нь бид нийт гэрээний төлбөрөөс 77 хувийг төлсөн болохыг харуулж байна. Ингэж гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан байхад алдангид 39,969,520 төгрөг оногдуулсан нь алдангийн хэмжээг илт их гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн алдангийн хэмжээг багасгуулах хүсэлт гаргасан байхад шүүх хангахгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн “М К” ХХК-аас гэрээний төлбөрийн алдангид 39,969,520 төгрөгийг гаргуулах шийдвэрийг өөрчилж, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

. Нэхэмжлэгч “Хх” ХХК нь хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 106,099,595 төгрөг, алданги 44,993,255 төгрөг, 149 ширхэг бараа материалын үнэ 5,999,600 төгрөг, нийт 157,092,450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч 99,923,810 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, маргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас 139,893,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

8. Зохигчийн хооронд байгуулагдсан 2018.03.20-ны өдрийн “Барилгын туслах материал түрээслэх” гэрээ нь худалдах-худалдан авах болон хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний шинжийг агуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасан “нэрлэгдээгүй гэрээ” гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэлийн шаардлага холимог гэрээний түрээсийн гэрээний хэсэгтэй холбоотой тул шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах эрхийг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй, шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд түрээсийн төлбөрийн дутуу 99,923,810 төгрөг, гэрээний 7.2-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэж харилцан тохиролцсоны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцагч “М К” ХХК-иас алданги 39,969,520 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуульд нийцсэн байна.

9. Хариуцагч нь “алдангийн хэмжээ хэт их” талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд тайлбар, гомдол гаргасан боловч шүүх ийм нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн байх ба энэ талаар хяналтын журмаар гомдол гаргасан, хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2272 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 857,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                    Х.ЭРДЭНЭСУВД