Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02313

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02605 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.м- хариуцагч ЭГБСТд холбогдуулан гаргасан сургалтын төлбөрт төлсөн 8 434 750 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.М нь 1 настай хүү Б.Нуман, 5 настай хүү Б.Суман нарыг ЭГЦт сургахаар тус цэцэрлэгтэй 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг тус бүр байгуулсан. Гэрээний дагуу нийт 9 сар буюу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоёр хүүхдээ цэцэрлэгт явуулахаар нийт 16 869 500 төгрөг төлсөн болно. Гэвч шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ ЭГЦт явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хичээлийн хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, хоол хүнсийг огт авч чадаагүй болно. ЭГЦийн удирдлагын зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 17 өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ЭГЦийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20/12 дугаар шаардлагад хариу хүргүүлэх тухай албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дэх хэсэгт заасны дагуу Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас сургалтын төлбөрт төлсөн 8 434 750 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  ЭГЦ нь нэхэмжлэгч Б.Мтай 2019 оны 8 дугаар сарын 16-ний өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж түүний 1 настай хүү Б.Нуман, 5 настай хүү Б.Суман нарыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 16 869 500 төгрөгийг төлсөн. Улмаар ЭГЦийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Дэлхий нийтэд Ковид-19 өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон.  Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээр Гүнд хэлткэр энд эдүкэшн сангаас хүүхдийн төлбөрийг төлсөн байх ба буцаан авахгүй гэсэн тодорхойлолтоо өгсөн боловч тус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нь Д.Ж-ыг томилсон байна. Гэтэл гүйцэтгэх захирал нь Ж.Б гэх байх бөгөөд түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон талаар улсын бүртгэлийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан дүрэм дээр байхгүй байна. Уг тусламжийн байгууллага нь төлбөрийг төлсөн боловч төлбөрийг буцаан авах, буцаан шаардах эрх үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас 7 923 548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, илүү нэхэмжилсэн 511 202 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 149 906 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 141 726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Зохигчдын хооронд сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ бичгээр байгуулагдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохирч улмаар эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж, гэрээний үүрэгт 7 923 548 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээний хугацаа нь 9 сар бөгөөд нэг сарын сургалтын төлбөр нь 990 000 төгрөг болно. Ковид-19 цар тахлын улмаас цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт 4 сар 27 хоногийн хугацаанд тасралтгүй явагдсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд сургалтын хөтөлбөр нийт гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулсан тал дээр хэн аль нь маргаагүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5.2-д заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 7 923 548 төгрөгийн 20 хувь болох 1 584 709 төгрөгийг хариуцагч байгууллага нь суутган авах эрхтэй байсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1 584 709 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан сургалтын төлбөр 8 434 750 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сургалтын төлбөрийг  өөр этгээд төлсөн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргажээ. /хэргийн 1, 67,68 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ЭГ-19/29,  Эг-19/113 дугаартай сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ тус тус байгуулагдаж, Б.Суман, Б.Нуман нарыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатай цэцэрлэгт хамруулах, уг хугацаанд тус бүр 9 405 000 төгрөг, нийт 18 810 000 төгрөгийн төлбөртэй сургаж хөгжүүлэх, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшүүлэхүйн дэмжих зорилготой боловсролын цөм хөтөлбөр болон Канад улсын Октарион мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр баяжуулсан сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 45-52 дугаар тал/

 

Иймд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчийн төлөх төлбөрийг хариуцагч байгууллагад Гүнд хэлткэр энд экүкэшн сан ТББ-ын 5002544299 данснаас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 12 929 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6 464 500 төгрөг, нийт 16 869 500 төгрөгийг тус тус Б.Нуман, Б.Суман нарын сургалтын төлбөрт төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хэргийн 5-8 дугаар тал/ Нэхэмжлэгч Б.М нь Б.Нуман, Б.Суман нарын сургалтын төлбөрт нийт 18 810 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх боловч 16 869 500 төгрөгийг шилжүүлснээр 1 940 500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь дээрх баримт, талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч байгууллагаас сургалтын төлбөрийг Гүнд хэлткэр энд экүкэшн сан ТББ төлсөн учир нэхэмжлэгч Б.М шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч Б.М нь Б.Нуман, Б.Суман нарын сургалтын төлбөрийг Гүнд хэлткэр энд экүкэшн сан ТББ-аар төлүүлснийг хариуцагч үгүйсгээгүй тул хариуцагч байгууллагаас сургалтын төлбөртэй холбоотой шаардах эрхээ нэхэмжлэгч алдахгүй юм.

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа, гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг зөв дүгнэсэн боловч гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврын талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь гэрээ хэрэгжих хугацаанд дэлхий нийтэд Ковид 19 цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, нэхэмжлэгч хүүхдүүдээ 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш цэцэрлэгт хамруулаагүй үйл баримт тогтоогдсон. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний үүргийг бодитой биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсонд зохигчдын хэн алинаас хамааралгүй үүссэн байна. Иймд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзахаар шаардах эрхтэй.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаварт хамааралтай хуулийн зохицуулалт хэрэглээгүй нь үндэслэл муутай болжээ.

Зохигчид гэрээнээс татгалзсаны улмаас гэрээ цуцлагдсан нөхцөлд нэгэнт өөрчлөгдсөн төлбөрийг буцаан олгохдоо мөнгөн төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагчаас зайлшгүй гаргах зардлын талаар талуудын гэрээний 7.5-д заасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Тодруулбал цэцэрлэгийн үйл ажиллагааны явц дах зардал, ажиллагсдын орон тоог тогтоож, багш ажилчид болон бэлтгэн нийлүүлэгч нартай гэрээ байгуулж цэцэрлэгийн зүгээс үүрэг хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэрэг зардлыг харгалзан үзэхээр талууд тохиролцсон байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино.” гэж, Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага дагаж мөрдөнө” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нь хууль болон гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй зардал гаргахаар байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй ...” гэж зааснаар нэхэмжлэгч нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой хариуцагчид гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчид гарсан зайлшгүй зардлыг эргэлзээгүй тодорхойлох боломжгүй тул гэрээний 7.5-д “хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж, төлбөр төлж орон тоог баталгаажуулснаар цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал, ажиллагсдын орон тоог тогтоож, багш ажилчид болон бэлтгэн нийлүүлэгч нартай гэрээ байгуулж цэцэрлэгийн зүгээс үүрэг хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэргээр ихээхэн хэмжээний зардлыг урьдчилан гаргах нөхцөл байдал үүсдэг. Мөн манай цэцэрлэгч хамрагдах хүсэлтэй бусад хүүхдийг буцааж, нэмж хүүхэд авах боломжийг хаадаг”, 7.5.2-т “эцэг эх нь хүүхдээ гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрөөс 20 хувиар суутган авна” гэж заасныг зайлшгүй зардалд хамаарах нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Иймд нэхэмжлэгчийн 2 хүүхдийн цэцэрлэгт хамрагдаагүй хугацаанд ногдох төлбөр 9 405 000 төгрөгөөс 20 хувийг зардалд тооцон суутгаж, үлдэх 7 524 000 төгрөгөөс нэхэмжлэгчийг гэрээний дагуу хүүхдээ хамруулсан хугацааны төлбөл зохих төлбөрөөс 1 940 500 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул  буцаан төлөх сургалтын төлбөрөөс хасч тооцвол 5 763 000 төгрөг болно. /хэргийн 13-20 дугаар тал/

Гэвч хариуцагч тал давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаас 6 338 839 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул уг үнийн дүнгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 923 548 төгрөг” гэснийг “6 338 839 төгрөг” гэж, “511 202 төгрөг” гэснийг “2 095 911 төгрөг” гэж,  

              2 дахь заалтын “141 726 төгрөг” гэснийг “116 371” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                      ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                   С.ЭНХТӨР