Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02605

 

2020 09 29

183/ШШ2020/02605

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, олимпийн гудамж, 33а байр, 15 тоотод оршин суух овогт Чонос овогт Батсайханы Мандахбаяр /РД:УУ89091104/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Таймскүэр хотхон, 501 байр, 101-102 тоот хаягт байрлах Эко гэр боловсрол сургалтын төвд холбогдох

 

Сургалтын төлбөр 8 434 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Эрхбилгүүн, өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Дэлгэрмаа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мандахбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Мандахбаяр нь 1 настай хүү Б.Нуман, 5 настай хүү Б.Суман нарыг Эко гэр цэцэрлэгт сургахаар тус цэцэрлэгтэй 2019.08.16-ны өдөр Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг тус бүр байгуулсан. Гэрээний дагуу нийт 9 сар буюу 9 сарын 01-ний өдрөөс 5 сарын 31-ний өдрийг хүртэл хоёр охиноо цэцэрлэгт явуулахаар нийт 16 869 500 төгрөг төлсөн болно. Гэвч шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зогсоох шийдвэр гарч, би хүүхдээ Эко гэр цэцэрлэгт явуулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд хичээлийн хагас жилийн төлсөн төлбөртэй тэнцэхүйц үр дүн, үйлчилгээ, сургалт, (бие бялдрын хөгжлийн чухал хичээлүүд болох биеийн тамир, балет, усан бассейн зэрэг сургалтууд явагдаагүй), хоол хүнсийг огт авч чадаагүй болно. Эко гэр цэцэрлэгийн удирдлагын зүгээс 2020 оны 04 сарын 17 өдөр гаргасан сургалтын төлбөрийн тухай мэдэгдэл нь хэт нэг талыг барьсан, бидэнд хохиролтой шийдвэр гаргасан. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс 2020 оны 04 сарын 27-ны өдөр Эко гэр цэцэрлэгийн захиргаанд албан шаардлага хүргүүлсэн боловч тус цэцэрлэгийн зүгээс 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 20/12 дугаар шаардлагад хариу хүргүүлэх тухай албан бичгээр бидний шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд 2019 оны 08 сарын 23-ны өдрийн сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т Ажиллагч ажлынхаа хөлсийг бухэлд нь эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цүцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасны дагуу Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас сургалтын төлбөр болох 8 434 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Эко гэр цэцэрлэг нь нэхэмжлэгч Б.Мандахбаяртай 2019 оны 8 дугаар сарын 16-ний өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж түүний 1 настай хүү Б.Нуман, 5 настай хүү Б.Суман нарыг тус цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 16 869 500 төгрөгийг төлсөн. Улмаар Эко гэр цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч Дэлхий нийтэд Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол улсын онцгой комиссоос мөн өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд улмаар Улсын онцгой комиссоос шат дараалсан шийдвэр гарсаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Улмаар дээрх үйл явдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин Эко гэр цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухайд төсөв бүтэн жилээр батлагддаг тул төсөвт тусгагдсан үйл ажиллагаагаа хэвийн явуулж хэдий хүүхдүүд ирэхгүй байгаа ч гэсэн цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулсаар байгаа. Мэдээж цар тахлын улмаас цэцэрлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч бусад хувийн цэцэрлэгийн жишгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд эцэг эхчүүдээс сургууль цэцэрлэгийг хаах Улсын онцгой комиссын шийдвэр гарснаас хойших сургалтын төлбөрийн үлдэгдлээ буцаан авах хүсэлтийг эрчимтэй гаргах болсон. Эко гэр цэцэрлэгийн тухайд дээрх асуудалд хүндэтгэлтэй хандаж аль болох эвийн журмаар шийдвэрлэхээр зорьж ирсэн бөгөөд зарим эцэг эхчүүд бидний тавьсан саналыг хүлээж авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээр Гүнд хэлткэр энд эдүкэшн сангаас хүүхдийн төлбөрийг төлсөн байна. Энийг буцаан авахгүй гэсэн тодорхойлолтоо өгсөн боловч энэ байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нь Дугар овогтой Жаргалсайханыг томилсон байна. Гэтэл гүйцэтгэх захирал нь Ж.Бат-Ирээдүй гэх байх бөгөөд түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон талаар улсын бүртгэлийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан дүрэм дээр алга. Уг тусламжийн байгууллага нь төлбөрийг төлсөн боловч төлбөрийг буцаан авах, буцаан шаардах эрх үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мандахбаяр хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан сургалтын төлбөр 8 434 750 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч тал зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2019 оны 08 сарын 16-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулагдаж, ЭГ-19/29 дүгээр гэрээгээр 5 настай Б. Суманг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 05 сарын 30-ны өдөр хүртэл 9 сарын хугацаатай, Эг-19/113 дугаар гэрээгээр 1 настай Нуманг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 05 сарын 30-ны өдөр хүртэл тус тус цэцэрлэгт хамруулах, хүүхдийг цэцэрлэгт хамруулах хугацаанд 8 434 750 төгрөгийн төлбөртэй сургаж хөгжүүлэх, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшүүлэхүйн дэмжих зорилготой боловсролын цөм хөтөлбөр болон Канад улсын Октарион мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр баяжуулсан сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулахаар тохиролцожээ. /хх-ийн 45-52/

Дээрх гэрээний дагуу Гүнд хэлткэр энд экүкэшн сан ТББ-ын 5002544299 данснаас 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 9 сарын 04-ний өдөр 4 702 500 төгрөг, 2020 оны 01 сарын 10-ны өдөр 6 464 500 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар болон талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-9/

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 08 сарын 23-ны өдрийн сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т Ажиллагч ажлынхаа хөлсийг бухэлд нь эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цүцлагдсан бол урьд олгосон хөлсийг бүцаан төлүүлнэ гэж заасны дагуу Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас сургалтын төлбөр болох 8 434 750 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэснийг хариуцагчийн төлөөлөгч ...Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээр Гүнд хэлткэр энд эдүкэшн сангаас хүүхдийн төлбөрийг төлсөн байна. Энийг буцаан авахгүй гэсэн тодорхойлолтоо өгсөн боловч энэ байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нь Дугар овогтой Жаргалсайханыг томилсон байна. Гэтэл гүйцэтгэх захирал нь Ж.Бат-Ирээдүй гэх байх бөгөөд түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон талаар улсын бүртгэлийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан дүрэм дээр алга. Уг тусламжийн байгууллага нь төлбөрийг төлсөн боловч төлбөрийг буцаан авах, буцаан шаардах эрх үүсэхгүй байна... гэж тайлбар гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан бөгөөд дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосонтой холбоотой сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт байна.

Уг байдлын улмаас талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих нөхцөл өөрчлөгдөж, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд гэрээр хоол болон видео хичээлийг хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг явуулсан гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч уг үйл ажиллагаанд хамрагдаагүй гэх тайлбар гаргажээ.

 

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-т Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь сургалтанд хамрагдаагүй хугацааны сургалтын төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээр хүү Б.Нуман, хүү Б.Суман нар нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 1 сарын 27-ны өдрийг хүртэл Эко гэр цэцэрлэгт хамрагдаж, үйлчилгээ авсан байх ба энэ хугацааны төлбөр нэг хүүхдээр тооцоход 4 472 976 төгрөг, нийт 8 945 952 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгчийн нийт төлсөн дүнгээс хасаж тооцоход 7 923 548 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн татгалзал, тайлбар дараах үндэслэлгүй байна.

Хариуцагч тал Гүнд хэлткэр энд эдүкэшн сан ТББ төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэгчид төлбөрийг буцаан авах, буцаан шаардах эрх үүсэхгүй байна гэх тайлбар гаргаж маргаж байгаа хэдий ч Гүнд хэлткэр энд эдүкэшн ХХК-ийн 2020 оны 9 сарын 28-ны өдрийн 032020/008 дугаар албан бичгээр Б.Мандахбаяр нь сургалтын төлбөрийг Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас буцаан шаардахаар зөвшөөрсөн тодорхойлолтыг ирүүлсэн байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн байна.

Харин хариуцагч тал талуудын байгуулсан гэрээний 7.5.2-т Эцэг, эх хүүхдээ гэрээний хугацааны 50% хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ноогдох төлбөрөөс 20%-иар суутган авч эцэг эхэд буцаан олгоно. гэсний дагуу төлбөрөөс 20%-ийг суутгуулна гэсэн нь дараах үндэслэлгүй юм.

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон дээрх нөхцөлд хэн аль нь буруутай гэх үндэслэлгүй тул талуудын байгуулсан гэрээний хариуцлага ноогдуулсан заалтыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 7 923 548 хангаж, илүү нэхэмжилсэн 511 202 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас 7 923 548 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мандахбаярт олгож, илүү нэхэмжжилсэн 511 202 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 149 906 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Эко гэр боловсрол сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 141 726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мандахбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ