Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02359

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02359

 

 

 

 

                                           Б.Нгийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03088 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нгийн хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30 150 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Д.Отай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Д.О нь зээлийн хүүгийн төлбөрт өөрийн өмчлөлийн ..., 2 өрөө орон сууцыг хөлслүүлнэ гэсний үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 1 сарын хүү 750 000 төгрөг, жилийн хүү 9 000 000 төгрөг болох бөгөөд уг төлбөртөө тооцож байрыг нь 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр болсон. Гэвч тухайн орон сууцны байршил нь хол байсан учир Д.Отай харилцан тохиролцож өөр орон сууц хайж иргэн Э.Мөнхжаргалын эзэмшлийн байрыг сарын 650 000 төгрөгөөр тооцон 6 сарын хугацаагаар хөлслөхөөр бол төлбөр 3 900 000 төгрөгийг Д.О төлсөн. Байрны түрээсийн хугацаа дуусч зээлээ төлөхийг шаардсан боловч “удахгүй өгнө” гэсээр өдийг хүрч, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Зээлийн гэрээний 2.6 дах хэсэгт “гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хоног тутамд төлнө” гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 238 хоног хэтрүүлсэн алданги болох хоногийн 100 500 төгрөгөөр тооцож 23 919 000 төгрөг төлөх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 10 050 000 төгрөгөөр тооцож үндсэн зээл 15 000 000 төгрөг, 6 сарын хүү 5 100 000 төгрөг, нийт 30 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: хариу тайлбар ирүүлээгүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Огаас 20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгож, нэхэмжлэлээс 10 150 000 /арван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 308 700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Алданги 2 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ковид-19 өвчний улмаас эдийн засгийн хямралтай нөхцөл байдал үүссэн тул алдангийг 50 хувиар бууруулж 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.Од холбогдуулан зээл 15 000 000 төгрөг, хүү 5 100 000 төгрөг, алданги 10 050 000 төгрөг, нийт 30 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээл 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөг шаардсан байна.

Хариуцагч О.О 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Б.Нгаас 15 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай зээлдэн авах, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн хүүг орон сууц хөлслөх сарын хөлстэй дүйцүүлэн тооцож гэрээний хугацаанд хүү тооцохгүй байх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн өгчээ. /хх5/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 9 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг 5-р хороо 10-р хороолол 80б байр 30 тоот хаягт байрлах орон сууцыг 6 сарын хугацаатай түрээсэлж, хариуцагч зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсөн хугацааны төлбөрт 3 600 000 төгрөг төлсөн  болох нь хэргийн 8, 25, 53 дугаар талд авагдсан зохигчдын Хаан банкны дансны хуулга, түрээсийн гэрээ, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд дансаар 5 150 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба талууд хүүгийн тооцооллын талаар маргаагүй, хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно. /хх45-94/

Хариуцагч нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, гэрээний 2.6-д зааснаар алдангид 7 500 000 төгрөг төлөх хуулийн үндэслэлтэй боловч шүүх алдангийн хэмжээг 2 500 000 төгрөгөөр багасгаж хариуцагчаас 20 000 000 төгрөг /үндсэн зээл 15 000 000 төгрөг+алданги 5 000 000 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч зөвхөн алдангид гаргуулсан 5 000 000 төгрөгийг 2 500 000 төгрөгөөр багасгахаар давж заалдах гомдол гаргасан хүрээнд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх нь талуудын зарчимд нийцнэ.

Ковид-19 цар тахал гарч эдийн засгийн хямралд орсон гэх үндэслэлээр алдангийн хэмжээг багасгах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Ковид-19 цар тахал дэгдэж эхлэхээс өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Түүнчлэн уг цар тахлын улмаас хариуцагчийн ямар үйл ажиллагаа, хэрхэн доголдсон талаар нотолсон баримтгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж мэтгэлцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                

                                                                                           А.МӨНХЗУЛ