Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2020/03088

 

 

 

 

 

 

        2020 оны өдөр

10 сар      12  р                                               184/ШШ2020/03088

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Б.Н /РД: /. Хаяг: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, сурагчийн гудамж, тоот

Хариуцагч: О овогт Д.О /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо,  дүгээр хороолол, үэ гудамж,  байр,  тоот

Зээлийн гэрээний 30,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Д.О-той харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг зээлүүлж мөнгийг бэлнээр өгсөн. Д.О нь зээлийн хүүгийн төлбөрт өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, төмөр зам ус- гудамж, 3 дугаар байр, тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг намайг хөлсөлж амьдраач гэсний үндсэн дээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 1 сарын хүү 750,000 төгрөг, 1 жилийн хүү 9,000,000 төгрөг болох ба энэхүү мөнгөндөө бодож байрыг нь 1 жилийн хугацаатайгаар түрээслэхээр болсон. Гэвч тухайн орон сууцны байршил нь хол байсан учир Д.О-той харилцан тохиролцож өөр байр хайж иргэн Э.М-ийн эзэмшлийн байрыг сарын 650,000 төгрөгөөр тооцон 6 сарын хугацаагаар хөлсөлж амьдрахаар болж төлбөр болох 3,900,000 төгрөгийг Д.О төлсөн. Байрны түрээсийн хугацаа дуусч зээлээ төлөхийг шаардсан боловч өгнө, удахгүй өгнө гэсээр өдийг хүрч, сүүлдээ утсаа авахгүй таг алга болсон учир миний бие энэхүү нэхэмжлэлийг гаргаж болсон. Дээрхээс гадна зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт “гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хоног тутамд төлнө” гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 238 хоног хэтрүүлсэн алданги болох хоногийн 100,500 төгрөгөөр тооцож 23,919,000 төгрөг төлөх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 10,050,000 төгрөгөөр тооцож үндсэн зээл 15,000,000 төгрөг, 6 сарын хүү 5,100,000 төгрөг нийт 30,150,000 төгрөгийг хариуцагч Д.Огаас гаргуулан авахуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,150,000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Б.Н 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Д.О нь зээлийн хүүнд 2 өрөө орон сууцыг хөлслүүлэх, хөлслөх хугацаанд хүү төлөхгүй байхаар тохиролцсон бөгөөд гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, агуулгын тухайд  маргахгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ үндсэн зээл, гэрээгээр тохиролцсон хүүг хариуцагч төлөөгүй тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан боловч хариуцагчаас гаргаж өгсөн Хаан банкны 5031698773, Голомт банкны 1605111402 тоот дансны хуулга зэрэг баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд гэрээний хугацаанд хариуцагч нь хүүг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 31, 61/

Учир нь хариуцагч Д.О нь нэхэмжлэгчиийн амьдарч байсан орон сууцны төлбөрийг 1 жилийн хугацаанд төлж байсан ба гэрээгээр энэ хугацаанд хүү төлөхгүй байхаар талууд тохиролцжээ.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш нийт 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн нь дээр дурдсан банкны дансны хуулга гэх баримтаар тогтоогдох бөгөөд энэ тухайд нэхэмжлэгч маргахгүй, харин зээлийн төлбөрт бус өөр зориулалтаар өгсөн гэж тайлбарласан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч нь мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ билүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Зээлийн гэрээний 2.6 дахь заалтаар талууд алдангийн талаар тохиролцсон, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч тал алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Гэрээгээр хариуцагч талын хүлээх үүргийг үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2,500,000 төгрөгийг хасч, 20,000,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Д.О-оос 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлээс 10,150,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хурлдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-оос 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, нэхэмжлэлээс 10,150,000 /арван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 308,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ