Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0324/З |
Дугаар | 221/МА2017/0720 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2017/0720
2017 оны 10 сарын 11 өдөр Дугаар 221/МА2017/0720 Улаанбаатар хот
Т.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Т.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэцгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0544 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т.Л-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0544 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг тус тус үндэслэн Т.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 болон Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Л-ийг урьд эрхэлж байсан Мөнххайрхан Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.Л-ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5.884.816 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Шүүх энэхүү шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д “… Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих ...” гэж заасныг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0101 тоот “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 1-д заасан “... дээд шатны байгууллага, албан тушаалтны удирдамжгүйгээр гадаадад айлчлах, албан хэргээр зорчих, олон улсын арга хэмжээнд оролцох албан ёсны яриа хэлэлцээ явуулах ...” гэж заасныг, мөн зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 2-т “… Дээд шатны байгууллага, албан тушаалтны зохих зөвшөөрөл, чиглэлгүйгээр гадаадын албаны болон аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзах ...” гэж заасныг, мөн зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 3-т “... Гадаад харилцаа хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөхгүйгээр яам, агентлагийн түвшинд байгууллага хоорондын болон аймаг, нийслэлийн түвшинд орон нутгийн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах ...” гэж заасныг нэхэмжлэгч Т.Л нь тус тус зөрчсөн байтал анхан шатны шүүх илтэд буруугаар тайлбарлаж шийдвэр гаргасан байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь дээрх хуулийн болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчиж Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зорчиж, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн Хоёр голын хамгаалалтай захиргаатай гэрээ байгуулсан нь тогтоогдсон байтал анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь дээд шатны албан тушаалтны гадаад улсад томилолтоор ажиллуулахыг зөвшөөрсөн шийдвэргүй, гадаад улсад ямар байгууллагын хөрөнгөөр явсан нь тодорхойгүй, Гадаад харилцааны яам болон салбарын сайдын зүгээс ямар нэгэн чиглэл, удирдамж, зөвшөөрөл авалгүй, гадаад улсад томилолтоор ажиллуулах тушаалгүйгээр гадаад улсад зорчиж, төрийн байгууллагатай нь харилцаж гэрээ, санамж бичиг байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байсан ч шүүх үүнийг үнэлэхгүй байгаа нь хууль тогтоомжийг илтэд зөрчиж буруугаар тайлбарлаж байна гэж үзэх үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0544 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Т.Л-ийг “эрх хэмжээгээ хэтрүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хоёр голын хамгаалалтын захиргаатай яамны зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулсан” гэх үндэслэлээр албан тушаал бууруулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд түүнийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болохоор заасан бөгөөд “... хангалтгүй биелүүлсэн ...” гэдэгт ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.
Гэтэл Ховд аймгийн Мөнххайрхан сум дахь Мөнххайрхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Т.Л нь Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгууллага хооронд гэрээ байгуулах журам”-ын 6 /Энэ журмын 1-ийн "б","в"-д дурдсан байгууллагууд 4-т зааснаас бусад асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй байгууллага хоорондын гэрээ байгуулахдаа гэрээний төслийг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагын аль нэгэнд харъяаллынхаа дагуу урьдчилан хянуулан бүртгүүлж бичгээр зөвшөөрөл авна/-д заасныг зөрчиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрлийг авалгүйгээр БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймаг, Хоёр голын хамгаалалтын захиргаатай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хятад, Монголын алтайн уулсын байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Л нь хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар албан бичгийг хүргүүлсэн боловч энэхүү асуудлыг шийдвэрлэж зөвшөөрсөн хариу ирүүлээгүй байхад тогтоосон журмыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн дээрх санамж бичгийг байгуулсан байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий тушаалаар албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуульд нийцжээ.
Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах хууль зүйн зохицуулалтын зорилго нь зөрчлийн шинж байдлыг тогтоох, холбогдсон этгээд уг зөрчлийг няцаах баримт, үндэслэлээ гаргах боломж олгоход орших юм. Гэтэл нэхэмжлэгч Т.Л-ийн гаргасан зөрчил тодорхой, тэрээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын Хоёр голын хамгаалалтын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаа үгүйсгээгүй төдийгүй энэ нь нэгэнт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй нь нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Л-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0544 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1-д заасныг тус тус баримтлан Т.Л-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/14, Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН