| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2211016052039 |
| Дугаар | 2023/ДШМ/788 |
| Огноо | 2023-08-08 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/788
Д.Б, Л.С, Д.Д, Д.О
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/359 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б, Л.С, Д.Д, Д.О холбогдох эрүүгийн 2211016052039 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Дын Б, 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, /РД:-/;
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШТ/1004 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн.
2. Б овгийн Лын С, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
3. Б овгийн Дын Д, 1963 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
4. Б овгийн Дийн О, 1980 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 126.2 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн -УНС улсын дугаартай “Mitsubishi L200” загварын тээврийн хэрэгслээр 2022 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн хяналт шалгалтын пост хүртэл тээвэрлэн, Байгаль экологи, ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 62.405.900 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Дын Бийг, Б овогт Лын С, Б овогт Дын Д, Б овогт Дийн О нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарыг 2 жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нараас тус бүр 15.601.476 төгрөгийг гаргуулж Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, хохирлоо 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн -УНС улсын дугаартай автомашины битүүмжлэлийг чөлөөлж, уг автомашины үнэ болох 3.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 950.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан 126.2 кг, нийт 4 ширхэг шуудайтай хуш модны самрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдсан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоож чадаагүй. Учир нь, миний бие анхан шатны шүүхэд хэрэг шилжин ирсний дараа өмгөөлөгчөөр оролцож хэргийн материалтай танилцаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, хэргийг прокурорт буцаалган маргаантай олон асуудлыг дахин шалгуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Ингэснээр гэм буруугийн шүүх хуралдаан дээрээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болох нь тогтоогдож, 60 хоногийн хугацаа тогтоосон боловч эхний 43 хоногт нь ямар нэгэн ажиллагаа хийгдэлгүйгээр дарагдаж, үлдсэн 17 хоногт самрыг цэвэрлэх, бодит жинг тогтоох, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн хоёр ажиллагаа хийгдэж дахин гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцсэн болно. Гэвч шинжээчийн дүгнэлт нь мөн л өмнөх дүгнэлт давтагдсан бөгөөд ингэхдээ хүчингүй болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 тоот тушаалыг баримталсан төдийгүй Ойн тухай хуулийн 42.2-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг тогтоож чадаагүй. Иймээс гэм буруугийн шүүх хуралдаан дээр шууд хохирол болон нөхөн төлбөрийн хэмжээг бодитой тогтоолгох дүгнэлтийг гаргасан боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дугаар зүйлд оролцогчоос зөвхөн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй, харин дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхгүй гэж үзэн шууд хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг хууль зөрчин хэт өндөр тогтоосон хэмжээгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. Уг хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд Байгаль орчны салбарын энэ талаарх харилцааг зохицуулсан бүхий л хууль тогтоомжийн актуудыг олж судлан мэтгэлцсэн болно. Тухайлбал, 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 2012 оны Ойн тухай хууль, 2012 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 165 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 тоот тушаал /хүчингүй болсон/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 тоот тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” гэх мэт.
Самар бол ургамлын үр төл хэдий ч “ойн дагалт баялаг” юм гэдгийг УИХурлын 2012 онд Ойн тухай хуулиар хүлээн зөвшөөрч тус хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т хуульчилж өгсөн болохыг, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр “ойн дагалт баялаг” түүсэн, бэлтгэсэн нь ойн санд учирсан хохиролд тооцогддог болохыг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт ойн санд учирсан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг тус тусад нь тогтоох ёстой болохыг, уг шууд хохирол болон нөхөн төлбөрийг Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн 18.3.4-д зааснаар Сум дундын болон сум, дүүргийн Ойн анги нь дээрх шууд хохирол болон нөхөн төлбөрийг тогтоох ёстой болохыг, Ойн ангийн тогтоосон шууд хохирол болон нөхөн төлбөрийг Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж төлөлтөд хяналт тавих ёстой болохыг, Засгийн газар нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор УИХ-ын баталсан “Ойн тухай” хуулийг зөрчин “ойн дагалт баялаг” болох самрыг ховор ургамлын жагсаалтад оруулсан болохыг, үүнээс үндэслэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж үзэх болсон болохыг, тухайн харилцааг илүү нарийвчилсан зохицуулалт бүхий 2012 оны Ойн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсээр байхад ерөнхий зохицуулалттай 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг илүү баримтлан шийдвэрлээд байгаа болохыг, түлхүү баримтлаад байгаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ойн санд учирсан хохирол, ургамалд учирсан хохирол нь тус тусдаа ойлголт гэдгийг хуульчилсан болохыг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ойн санд учирсан хохирлыг 3 дахин, ургамлын аймагт учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцохоор ялгамжтай хуульчилсан болохыг, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт ойн дагалт баялгийн нөхөн төлбөрийн хэмжээг зах зээлийн үнэлгээгээр тооцох болохыг, ойн дагалт баялгийн хувьд экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоохгүй болохыг, Ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэснээс бусдаар ойн санд хохирол учруулсан тохиолдолд Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэх мэт тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээ тооцогдох болохыг, шууд хохирол болон нөхөн төлбөрийг Батсүмбэр сумын Сум дундын Ойн анги үнэлэн тогтоох, ингэхдээ аль алинд нь зах зээлийн үнэлгээгээр тогтоох, үүнийг нь байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавих, ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” бодитой, хуульд заасан арга хэлбэрээр тогтоогдох ёстой байсан болохыг тус тус ойлгож авсан болно.
Гэтэл миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийн хувьд Экологийн цагдаагийн алба нь дээрх хуульд заагдсан арга хэлбэрийг зөрчин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэх газрыг шинжээчээр томилж, тэдгээр нь “ойн дагалт баялаг”-ийг зах зээлийн үнээр бус экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцон шууд хохирлыг хэт өндөр тогтоох, улмаар ургамлын аймагт учирсан хохирол гэж үзэн түүнийгээ 5 дахин нэмэгдүүлж давхар давхар хохироож байна. Экологийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг төрийн байгууллага нь Ойн тухай хуульд заасан дээрх нарийвчилсан заалтуудыг мэддэггүй, ганцхан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийг бариад дүгнэлт гаргадаг, нөгөөх нь түүнийг нь баримтлан холбогдох саналаа гаргадаг буруу практик энэ төрлийн хэрэг дээр тогтсон болох нь өмнөх гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн өгсөн мэдүүлгээс харагдаж байгаа. Тэдгээр нь 1995 оны ерөнхий зохицуулалттай Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг мэддэг атлаа илүү нарийвчилсан зохицуулалттай 2012 оны Ойн тухай хуулийг огт уншдаггүй, мэддэггүй, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэггүй байдал энэ хэргийн хувьд анзаарагдаж байлаа. Ойн тухай хуулийг яагаад баримталдаггүй талаараа шинжээч тайлбарлаж чадахгүй байсан болно. Өмгөөлөгчийн хувьд гэмт хэрэг гэж үзээд байгаа бол шууд хохирол, нөхөн төлбөр хоёроо хуульд заасан арга, хэлбэрээр нь үнэн зөв тогтоолгож өгөхийг хүсэж мэтгэлцсэн боловч шүүх эцэслэн шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад тодорхойлох хэсэгтээ “Самрыг ургамал уу, ойн дагалт баялаг уу гэдгийг тодорхойлоход тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлт чухал юм” гэжээ. Самар бол ургамлын үр төл мөн боловч олон ургамлын үр төл дотроос түүнийг ойн дагалт баялаг гэж Монгол Улсын Их Хурал Ойн тухай хуулийн 3.1.12-т онцлон хуульчилсан байхад шүүх тусгай мэдлэг хэрэгтэй гэж үзээд шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг. заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэснийг зөрчиж байна. Самарыг ургамал уу, ойн дагалт баялаг уу гэдгийг шинжээчээр тогтоолгох шаардлагагүй бөгөөд харин шууд хохирлыг 2012 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “...ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно” гэж заасны дагуу 1 кг-ийг нь 98.900 төгрөгөөр тогтоох уу, зах зээлийн үнэлгээгээр тогтоох уу, нөхөн төлбөрийг нь 3 дахин эсхүл 5 дахин нэмэгдүүлэх үү, зах зээлийн үнэлгээгээр нэмэгдүүлэх үү, энэ нь хэд болох вэ гэдгийг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоолгож болно. Гэхдээ хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шинжээч томилон тогтоолгохоор хуульчилсан байдаг боловч энэ төрлийн хэргийн хувьд шууд хохирол, нөхөн төлбөрийг хэн тооцон үнэлэх, хэн ногдуулж төлөлтөд хяналт тавих зэрэг нь тусдаа хуульчлагдсан учраас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар огт хамааралгүй байна. Тэдгээр шинжээч нарынх нь тусгай мэдлэг хүрэхгүй, бусдыг улам бүр хохироох дүгнэлт гаргаж, бусдын эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг будилаантуулж байгаа нь тодорхой харагдаж байна.
Гэмт хэрэг, зөрчил хоёрыг ялгах зайлшгүй шаардлагатай байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 7.7, 7.9 дугаар зүйлүүдэд хохирлын хэр хэмжээгээр нь ялган зааглаж хуульчлаагүй боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 тоот тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.22 дахь хэсэгт заасан 1 хүн 50 кг самар түүж бэлтгэхийг зөвшөөрдөг бөгөөд уг хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлээр зүйлчлэн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэх нь зохистой байна. Тэгвэл Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын хувьд нийлээд 126.2 кг самар бэлтгэсэн нь дээрх тогтоосон хэмжээний дотор байх тул Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой байсан. Түүнчлэн 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирол, ойн санд учирсан хохирлыг тус тус ялгамжтай хуульчилсан, Зөрчлийн тухай хуульд мөн л ялгамжтай зохицуулсан атал хохирол, нөхөн төлбөрийг ургамлын аймагт учирсан хохирол гэж үзсэн. Улмаар 5 дахин нэмэгдүүлж хууль буруу хэрэглэсэн. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-аас баталсан Ойн тухай хуулиар ойн дагалт баялаг болохыг тодорхойлсон байхад Засгийн Газрын хууль зөрчин баталсан тогтоолын дагуу ховор ургамал гэж үзэн гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага тооцсон нь бүхэлдээ хууль бус үйл ажиллагаа байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн тухай ойлголт, шинжийг хуульчилсан бөгөөд 4 дэх хэсэгт нь “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна. Үүнээс үзвэл Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын баталсан хуультай харшилсан тогтоол гарган ойн дагалт баялгийг ховор ургамлын жагсаалтад бие даасан ховор ургамал мэтээр оруулсан засгийн газрын тогтоолыг үндэслэн ургамал гэж үзэн улмаар ургамлын аймагт хохирол учруулсан гэж өндөр үнэлгээ тогтоох, улмаар гэмт хэрэг гэж ял халдааж байгаа нь бүхэлдээ хуулийг буруу хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хохироосон, буруу жишиг тогтоосон хууль бус шийдвэр, үйл ажиллагаа болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул хууль бус шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэсэн зүйл ангиар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ нь өөрөө нэн ховор буюу ховор ургамал, тэдгээрийн үр, жимсийг түүж бэлтгэсэн, худалдсан гэж заасан байгаа. Өмгөөлөгчөөс маргаж байгаа зүйл нь ойн дагалдах баялаг гэж үзэн ховор ургамлын үр, жимс гэж үзэхгүй гэх байр суурьтай анхан шатны шүүх хуралд оролцсон. Мөн давж заалдах гомдлоо ингэж гаргасан байна. Сибирь хушны үр, идээ, самар нь ховор ургамал болохыг шинжээч дүгнэлтдээ тодорхойлсон. Үүнийг хэн нэгэн зохиож ярьсан зүйл байхгүй. Хуш модны үр гэдгийг тодорхойлсон. Экологи эдийн засгийн үнэлгээ гэдэг нь тухайн ургамлын аймаг, нийт Монгол Улсын нутаг дэвсгэрт тархсан тархац ховордсон байдал, дахин сэргээгдэх боломжтой нөхцөл байдал, цаашдаа ховордоод байгаа нь экологи эдийн засгийн тэнцвэрт байдлыг ямар хувь хэмжээгээр алдагдуулаад байгаа гэдгийг тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй тооцсоны үндсэн дээр экологийн үнэлгээ гэдэг зүйлийг тогтоодог. Уг Засгийн газраас самрын үр гэдэг нь ховор ургамлын жагсаалтад орсон. Учир нь, тархац ховордсон байдлыг судалж үзээд ховор ургамалд орсон байна. Экологи эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад байгаа нөхцөл байдалд 1 кг-ийг 98.900 төгрөгөөр тогтоохоор байна гэж Засгийн газраас тогтоосон. Шүүхийн шинжилгээний байгууллага энэ дүгнэлтээ барих нь зөв юм. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлтийг өмгөөлөгч зөвшөөрөхгүй гэж үзээд байдаг. Монгол Улсын хэмжээнд Шүүхийн шинжилгээний байгууллага нь дагнасан шинжилгээний байгууллага байдаг. Шүүхийн шинжилгээний байгууллага нь экологи эдийн засгийн үнэлгээг гаргах эрх хэмжээтэй, тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжлийн шинжээч нар байгаа учраас дүгнэлт үндэслэлтэй гарсан. Шүүх хуралдаан 60 хоног завсарлаж дахин шинжээчийн дүгнэлт гаргасан. Байгаль орчны улсын байцаагчийг бүрэлдэхүүнд нь оруулъя гээд бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан. Нийт самрын хэмжээ нь өөрчлөгдсөн болохоос биш экологи эдийн засгийн үнэлгээ өөрчлөгдөөгүй. Тухайн ургамлын тархац, ховордсон байдлыг үндэслэж тогтоосон байдаг. Ойн дагалдах баялагт учирсан хохирлыг тооцохдоо тухайн ойн газрыг ашигласан эсэх, эсхүл ойн модыг устгасан, сүйтгэсэн, ойн санд хохирол учруулсан нөхцөл байдалд тухайн ойд учирсан хохирол болон тухайн ойн санд ургах байсан ургамал болон ойн дагалдах баялгийн хохирлыг нөхөн төлөх тооцох асуудал яригддаг. Жишээлбэл, мод бэлтгэх гэмт хэрэг дээр тухайн модыг бэлтгээд ургах боломжтой байсан дагалдах баялгийн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлоод явдаг. Дагалдах баялгийн тухай хуулийг барьж хохирлын хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ойн тухай хуулийн зорилго зорилт нь ойг хамгаалах нөхөн сэргээхтэй холбоотой хууль юм. Гэтэл Сибирь хушны үр гэдэг нь ховордсон ургамлын үр эрхтэн байна гэдгийг тогтоосон. Энэ хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, зүйл, анги, тодорхой хохирлын хэмжээ байхгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар зүйлчилж оруулж ирсэн. Хуш модны самрыг бэлтгэхдээ заавал зөвшөөрөл авч бэлтгэх ёстой. Ямар нэгэн зөвшөөрөл авсан зүйл байдаггүй. Иймд хууль бусаар бэлтгэж түүсэн гэсэн зүйл ангиар зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 126.2 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн -УНС улсын дугаартай “Mitsubishi L200” загварын тээврийн хэрэгслээр 2022 оны 8 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн хяналт шалгалтын пост хүртэл тээвэрлэн, Байгаль экологи, ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 62.405.900 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.-ийн “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай тушаалаар баталсан журам байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. ...” /1хх 27-28/,
гэрч О.Оийн “...Би тухайн хүмүүсээс Бийг танина бусад хүмүүсийг нь бол танихгүй. Б нь надтай хамтран машин засдаг юм. - УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг би мэднэ. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оноос хойш эзэмшиж байна. Б нь надад хэлэхдээ “хөдөө Хэнтий аймаг орж аав, ээжийнхээсээ хэдэн мал гаргаад ачаад аваад ирье” гээд гуйгаад аваад явсан. Одоогоос 5-6 хоногийн өмнө Б нь над руу залгаад “ахаа самар ачиж яваад Гүнтийн постон дээр баригдчихлаа уучлаарай” гэж байсан. ...” /1хх 50/,
Д.Бийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр машин засуулж байгаад танилцаж байсан танил ах болох Оэд “Хэд хоног хөдөө яваад ирье машинаа түр өгч байгаач гэж гуйж байгаад түүний - УНС дугаартай машиныг нь авч өөрийн эхнэр С, авга ах Д, хамаатан болох О нарын хамт дөрвүүлээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн амаар хойшоо уул руу явж самар түүхээр явсан. 9 дүгээр сарын 1-ний өдөр болох гээд хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийн мөнгө хэрэгтэй байсан. Гадуур самар гайгүй үнээр авч байна гэж дуулаад бид 4 самарт явсан юм. Замаараа самар ургасан газар хайж 7 хоног орчим явсаар байгаад Төв аймгийн Батсүмбэр сумын Шургуут гэх газар очиход самар гайгүй ургасан байхаар нь тэндээ буудаллаж, 2 хоног самар түүсэн. Би эхнэрийн хамт, О, Д нар нийлж яваад самраа түүж байсан бөгөөд түүсэн самраа 1 хоногийн хугацаанд тэнд самар түүж байсан танихгүй хүний төхөөрөмжийг ашиглан цайруулсан. Ингэж цайруулахад манай эхнэр бид 2-ын түүж цайруулсан самар нийтдээ 50 кг-ийн 1 шуудай дүүрэн, нэг шуудайны тал орчим болсон. О ахын түүж цайруулсан самар нь мөн 1 шуудай бүтэн, нэг шуудайны тал орчим болж байсан ч Д ахын үлдэгдэл нь байсан. Цайруулсан самраа машиндаа ачиж аваад 2022 оны 8 дугаар сарын 20-ны орой уулнаасаа яваад Батсүмбэр сум руу очиж, засмал замд орох гэж яваад төөрч будилж явсаар 2022 оны 8 сарын 21-ний өглөө үүрээр Гүнтийн даваагаар давж Улаанбаатар руу орж яваад постын цагдаад саатуулагдсан. ...” /1хх 153-155/,
Д.Оы яллагдагчаар өгсөн “...Бид 4 хамгийн анх салхинд гарангаа жимс, самар олдвол түүж ирье гэж бодоод 2022 оны 8 дугаар сарын 10-наас 12-ны хооронд Бийн хүнээс гуйж унасан машинаар Баянзүрх дүүргийн Улиастай ам руугаа өгсөж явсан бөгөөд таарвал жимс, самраа хийхээр 10 гаран шуудай бэлдэж, хүнээс түр зуур авсан, гар аргаар бэлдэж хийсэн самар цайруулах төхөөрөмж авч явсан бөгөөд уул руугаа явах замдаа шавар усанд сууж, замын бартаанд 7 хоног орчим явсан. Тэгж явсаар Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Ар шугуйт” гэх газар иртэл хэсэг газар самар гайгүй ургасан байхаар нь тэндээ буудаллаж, 2 хоног модноос самар унагааж, түүнийг түүж бөөгнүүлээд авч очсон цайруулах төхөөрөмжөөрөө цайруулан 8 шуудайд хувааж хийгээд буцсан. Самар түүхдээ 4-үүлээ л ээлжлэн самраа унагааж, тууж, цайруулж байсан юм. 2022 оны 8 дугаар сарын 20-ны орой 16 цагийн орчим хот руу буцахаар хөдлөхдөө Улиастайгаар буцвал шавар ус ихтэй гэж бодоод арай өөр замаар буцахаар болж замдаа төөрч будилж явсаар 2022 оны 8 дугаар сарын 21-ний өглөө үүрээр 03-04 цагийн орчим Гүнтийн даваагаар Улаанбаатар хот руу давж таарсан. Энэ үед уг даваан дээр байсан хяналт шалгалтын цэг дээр шалгаад бид нарыг зөвшөөрөлгүйгээр самар түүсэн байна гэж саатуулсан. Гүнтийн даваа очихоос өмнө засмал зам дээр гараад машиныг С жолоодож явсан юм. Уг машиныг Б хуурай ахаасаа гуйж авсан гэж байсан. ...Бийн хэлснээр өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэн авсан гэж байсан. Бид 4 хичээл сургууль эхлэх гэж байсан болохоор хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэх мөнгө олох зорилгоор уул руу самарт явсан бөгөөд энэ зорилгынхоо дагуу самар түүж бэлтгэсэн. Бид нар өмнө нь самарт явж түүж бэлтгэж байгаагүй. Тухайн үед хүмүүс олноороо самарт яваад мөнгө олоод байна гэж дуулсан болохоор бид 4 нийлж уул руу явсан. ...” /1хх 129-130/,
Д.Дийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өөрийн цусан төрлийн дүү нартай салхинд гарангаа самар түүхээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт очсон юм тэгээд тухайн “Шургуут” гэх газраа ууланд 10 хоног амарч ахуйн хэрэглээндээ хэрэглэх самар түүж цайруулж авч явж байгаад 2022 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Гүнтийн пост гэх газар хяналт шалгалтын цэг дээр түр саатуулагдсан. ...” Яг хэд байгааг нь би сайн мэдэхгүй байна ямар ч байсан 250-300 кг самар байгаа байх гэж бодож байна. ...Нийт 7-8 шуутай, зарим нэг нь тал байгаа. ...” /1хх 168-169/,
Л.Сын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 22-нд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс хуш модны самар түүж аваад Улаанбаатар хот руу орж ирж яваад Гүнтийн пост гэх газар “зөвшөөрөлгүй самар түүсэн” гэж түүр саатуулагдсан юм. Ер нь бол хүүхдийн хичээл сургууль эхлэхээс өмнө зугаалж газар үзэнгээ самар түүгээд ирье гээд хүргэн ах Д.О, Д, нөхөр Бийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр, “Шургуут” гэх газраас 200-250 кг орчим самар түүж авсан. ...” /1хх 141-142/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Сибирь нарс (xym)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (xyui)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 27.2 % буюу нойтон байна. - Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаарын тушаалын хавсралтад тусгаснаар 1 заг нойтон хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900 төгрөг байна. Экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900 х 126.2 кг = 12.520.740 төгрөг байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 12.520.740 төгрөг х 5= 62.603,700 төгрөг байна. ...” гэсэн Экологийн шинжилгээний газрын шинжээч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн 1632 дугаартай дүгнэлт /2хх 40-43/,
самарт дахин хийсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 46-54/, зөрчлийн тэмдэглэл /1хх 5/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нараас хураасан самар нь Сибирь Хуш /Pinus sibirica Du Tour/ үр болон самар болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох самрыг түүж бэлтгэх, хадгалах нь Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулах талаар Эрүүгийн хуульд тусгасан төдийгүй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, түүний нийгмийн хор аюул их байдгийг харгалзан байгаль орчинд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ гаргаж, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь энэхүү харилцааг зохицуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д “Сибирь хуш” багтсан бөгөөд Монгол Засгийн газрын 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 165 дугаар тогтоолоор нэмэлт оруулж, “Ховор ургамлын жагсаалт”-д “Нарсны төрлийн модны үр” гэж нэмэлт оруулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаартай тогтоолоор Нарсны төрлийн модны модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ буюу pinus sibirica/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулахаар тодорхойлжээ.
Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн тээвэрлэсэн 126.2кг үр, идээ /самар/ нь “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Сибирь нарс /хуш/-Pinus sibirica Du Tour болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2961, 1632 дугаартай шинжээчдийн дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдсон ба дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 4-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаартай тогтоолоор Нарсны төрлийн модны модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ буюу pinus sibirica/-ийг ховор ургамлын жагсаалтад хамруулсан бөгөөд энэхүү ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь Сибирь хуш /самар/-н нойтон 1 кг-ийг нь 98.900 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэх талаар Байгаль орчныг хамгаалах хуулийн 49 дүгээр зүйлд заасныг үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд гарсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б, Л.С. Д.Д, Д.О нарыг ургамлын аймагт нийт 62.405.900 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн тэдгээрээс гэмт хэрэгт үйлдсэн үйлдэл оролцоогоор хувь тэнцүүлэн тус бүр 15.601.476 төгрөгийг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулж, шүүгдэгч тус бүрийг хохирлыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн тушаалаар баталсан “'Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”'-ын хавсралтын хүснэгтэд зааснаар тухайн газраас нөөцийг ашиглах дээд хэмжээг “Ахуйн зориулалтаар /1 удаа/, Хуш модны самар 50 кг” гэж, мөн журмын хавсралтын 3.13-т “Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.”, 3.22-д “Байгаль хамгаалагч нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгохдоо иргэний үнэмлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлд зөвшөөрөл олгохдоо Засаг даргатай байгуулсан гэрээ, Ойн ангиас хүлээлгэн өгсөн нөөц ашиглах ойн тархалтын зураг, нөөц тогтоосон баримт бичиг зэргийг шалгаж, ойд нэвтрэх зөвшөөрөл олгоно.” гэж тус тус заасан.
Хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Сибирь Хуш үр болон самрыг их хэмжээгээр түүж бэлтгэхдээ байгаль хамгаалагчаас тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичиг, зөвшөөрлийг аваагүй бөгөөд тэдэнд ойд нэвтрэх зөвшөөрөл олгогдоогүй байх тул анхан шатны шүүхээс хэргийн газраас хураан авсан 126.2 кг самарт бүхэлд нь нөхөн төлбөр тогтоож, шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нараас тус бүр 15.601.476 төгрөгийг гаргуулан Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл “...Шинжээч Ойн тухай хуульд заасан хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг тогтоох ёстой атал Байгалийн ургамлын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлан дүгнэлт гаргасан нь үндэслэн хэт өндөр үнэлгээ гаргасан” гэжээ.
Ойн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж ойг хамгаалахтай холбоотой харилцааны талаар хуульчилсан тул шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Байгалийн ургамлын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлан дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн “шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Нөгөөтэйгүүр, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахыг хэлнэ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн Mitsubishi L200 маркийн 7335 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь хавтаст хэргийн бичгийн баримтаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж, тухайн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тэдэнд хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/359 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.О нарын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ