Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00008

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00008

 

 

 

 

                                      Н.Тнэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02394 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Тхариуцагч М-Э ХХК-д холбогдуулан гаргасан 13 015 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2010 онд Улаанбаатар хот Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж элс олборлон борлуулдаг М-Э ХХК-д уул уурхайн инженер-геологич мэргэжлээр томилогдож, 2010-2018 он хүртэл тасралтгүй 8 жил ажилласан. Энэ хугацаанд /2010-2015 он/ М-Э ХХК нь ашигтай ажиллаж, ажилчдын цалин хөлсийг цаг хугацаандаа тогтмол өгч, үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн. 2010-2013 он хүртэл тус М-Э ХХК-ийг ерөнхий захирал Б.Э удирдаж ажиллуулж байсан бөгөөд тэрээр 2013 онд нас барж, М-Э ХХК-ийг түүний охин н.Н удирдан ажиллуулсан. 2015 онд н.Н М-Э ХХК-ийн захирлаар, Б.Батбаярыг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан. 2015 оноос эхлээд ажилчдын цалинг өгч чадахаа больж, сар бүр 100 000-200 000 төгрөг олгох маягаар ажилчдыг тогтоон ажиллуулж байсан. 2016 оноос эхлэн ихэнх ажилчид ажлын байраа орхиж, 2018 он гэхэд бараг бүгд гарсан. Цалин өгөхгүй байсан шалтгаанаа орлого байхгүй, орсон хэдийг ерөнхий захирал н.Н авдаг гэж хэлдэг байсан. 2015 онд 118 170 м.куб элс олборлож 945 364 000 төгрөг, 2016 онд 65 800 м.куб элс олборлож 520 000 000 төгрөг, 2017 онд 55 517 м.куб элс олборлож 444 136 000 төгрөгийн борлуулалт хийж өмнөхөөсөө 2-3 дахин их борлуулалт хийж, ашиг олж байсан нь хэмжилтээр тогтоогдож байсан. Уг тооцоо нь мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж Ашигт малтмалын газраар баталгаажуулсан тоо бөгөөд үүнийг хэн ч хөдөлгөж болохгүй уурхайн анхны батлагдсан нөөцөөс хасагдаж архивд хадгалагдах тоо юм. Би М-Э ХХК-ийн элсний ордын жилийн уулын ажлын төлөвлөгөө, тайлан болон менежментийн төлөвлөгөөг боловсруулан холбогдох дэд байгууллагаар хянуулан батлуулж дараа жилийн олборлолт явуулах эрхийг авч өгдөг үүрэгтэй байсан. М-Э ХХК 2015, 2016, 2017 онуудад асар их хэмжээний борлуулалт хийж орлого олсон боловч ажилчдын цалин хөлсийг өгөхгүй байсан шалтгааныг гүйцэтгэх захирал Б.Батбаяр одоог хүртэл тайлбарлаж чадахгүй нууцалсан хэвээр байна. Сүүлийн 3 жилийн цалингийн үлдэгдэл авлага нь М-Э ХХК-ийн нягтлан бодогч н.Алтанхуягийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн өглөгийн тайлангаар 11 125 083 төгрөг, 3 жилд нэг ч удаа ээлжийн амралт аваагүй тул 600 000/20х=30 000 төгрөг, 30 000*21х=630 000 төгрөг, 630 000*3 жил=1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөг болно. Иймд 13 015 000 төгрөгийг М-Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байсан гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Хөдөлмөрийн гэрээний дагуу байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй, албан тушаал нь байнгын ажлын байрны тодорхойлолтод заасан жагсаалтад ороогүй. Уул уурхайн инженер, геологич гэсэн албан тушаал манай байгууллагад байхгүй. Нэхэмжлэгч М-Э ХХК, “Хөнгөн бетон” ХХК, “Назу” ХХК-ийг хоорондоо хамааралтай гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох бөгөөд уг байгууллагууд нь тусдаа хуулийн этгээд юм. “Хөнгөн бетон” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэснийг шүүх хэрэгсэхгүй болгож байсан. Нэхэмжлэгч н.Эрдэнэчимэг захирлын үед ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар баримтгүй, мөн нийгмийн даатгал төлдөг талаарх баримтгүй. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч яг хэдэн сарын цалин хөлс шаардаж байгаа нь тодорхой бус, нэхэмжлэгч байнгын ажлын байранд ажилласан гэж тайлбарлаж байна. Хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан эсэх, дансны хуулга зэргээ нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Хуулийн этгээдээс цалин авч байгаа бол байгууллагын дансаар цалингаа авах байсан. Гэтэл хувь хүнээс ажлын хөлс авч байсан баримт хэрэгт байна. Нягтлан бодогч н.Алтантуяа гэх хүнтэй тооцоо нийлсэн актыг баримтаар гаргаж өгсөн боловч тухайн үед н.Алтантуяа ажиллаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М-Э ХХК-айс 11 125 083 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 890 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 025 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М-Э ХХК-аас 192 951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Уак овогт Нурсанхааны Төлеубай /ЧИ40082313/-д олгож шийдвэрлэжээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой ойлгомжтой тодорхойлох нь маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоох, улмаар хууль зүйн бодит үндэслэлтэй нотлох баримт бүрдэх нөхцөл болдог. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн зөрчигдсөн эрхэд хамааралтай бөгөөд нэхэмжлэгч шүүхээр юу шийдвэрлүүлэхийг хүсч буйг тодорхойлдог ба нэхэмжлэлийн үндэслэл нь тухайн шаардлагын боломж нөхцөлийг тодорхойлдог. Нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээдийн ямар эрх, юуны улмаас, яаж зөрчигдөж байгаа, мөн шаардлагаа зөвтгөж буй үндэслэлийг тусгасан байх ёстой. Шүүх нэхэмжлэлий шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч тал байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үүрэгт 2015-2017 онуудын цалин 11 125 083 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн 51-52 дугаар талд авагдсан Н.Тн Хаан банкны 5026589624 дугаартай дансны хуулгад хариуцагчаас ямар нэгэн цалин, ажлын хөлс ороогүй, мөн хэргийн 7 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй буюу албан ёсны нягтлангийн гарын үсэг зурагдаж, гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажаагүй байхад шүүх дээрх баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль ёсны шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж М-Э ХХК-ийн элсний ордны 883А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тус хуулийн этгээдийг төлөөлж уулын инженер Н.Төлеубуай гэж гарын үсэг зурагдсан, хэргийн 47-50 дугаар талд авагдсан Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын ахлах байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр М-Э ХХК-ийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар хийсэн ажлын тайланг Ө.Төлеубай гаргасан, 2011 оны “Мон Элс” ХХК-ийн уулын ажлын тайланд боловсруулсан уулын инженер Н.Т гэж бичигдсэн, 2017 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөв гэх баримтуудад төлөвлөгөө гаргасан ерөнхий инженер, баяжуулагч инженер Төлеубай гэж гарын үсэг зурагдсан баримтуудыг үндэслэжээ. Хөлсөөр ажиллах гэрээгээр ямар ажил үйлчилгээ гүйцэтгэх, хэдий хугацаатай ажиллах, хөлсийг хэрхэн тохирсон зэрэг нөхцөл байдал маш тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ хөлсөөр ажиллах гэрээ гэж тайлбарлаагүй, хэргийн материалд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд он, цаг хугацаа таарахгүй, дээрх хийсэн ажлуудыг хөлсөөр ажлуулж төлбөр мөнгийг өгсөн эсэхийг тодруулаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Т хариуцагч М-Э ХХК-д холбогдуулан 2015-2017 онуудын цалингийн үлдэгдэл 11 125 083 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 890 000 төгрөг, нийт 13 015 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч байгууллагад 2015-2017 онд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр уулын инженерээр ажиллаж байсан гэх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна. Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгч нь 2016 онд Улаанбаатар хот, Налайх дүүргийн М-Э ХХК-ийн элсний ордны 883 А тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, уг төлөвлөгөөнд тус компанийн захирал Б.Батбаяр болон Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөц удирдлагын газрын дарга гарын үсгээ зурж, байгууллагын тамгаар баталгаажуулж байсан баримт байна. Мөн нэхэмжлэгчийн тухайн онд бичсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчдын М-Э ХХК-ийн үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах ажлын тайланг М-Э ХХК-ийн захирал Б.Батбаяр хянаж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь “Ширээгийн шугуй недра” ХХК-ийн боловсруулсан М-Э ордын 2015, 2017 оны ашиглалтын план зураг болон биологийн нөхөн сэргээлт хийх талбайн зургийг хянасан зэрэг баримтууд авагджээ. /хх32, 47-50, 59-61/ Эдгээр нотлох баримтуудыг хариуцагч тал нотлох баримтаар үгүйсгээгүй болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь тус компанид хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэж үзэхээр байх ба хөлсөөр ажиллах гэрээг талууд харилцан тохиролцож амаар байгуулж болох тул энэ талаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хэрэгт М-Э ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн бөгөөд уг тайланд хариуцагч компани нь нэхэмжлэгчид 2016.01.20-2017.09.20-ны өдрийг хүртэл нийт 11 125 083 төгрөгийн өглөгтэй болохыг тэмдэглэж, нягтлан Г.А гарын үсгээ зурж, компанийн тамгаар баталгаажуулсан байна. /хх7/ Хариуцагч нь уг баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан нягтлан бодогч Г.Аг тус байгууллагад ажилладаггүй гэж үгүйсгэх боловч баримтаар няцааж чадаагүй. Г.А нь тухайн өглөг, авлагын тайлан гаргах үед хариуцагч байгууллагад ажилладаг байсан нь хэргийн 1 дүгээр хавтасны 176-240 дүгээр талд авагдсан М-Э ХХК-ийн 2015-2017 оны нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлөлтийн тайлангаар тогтоогдож байхын зэрэгцээ М-Э ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “.., нябо, санхүү Г.Ад үүрэг болгосугай” гэсэн тушаалуудыг гаргаж байжээ. /1хх176-240/

Хариуцагч нь “нэхэмжлэгч хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан нь тодорхой бус, хуулийн этгээдээс цалин хөлс авч байгаа бол байгууллагын дансаар цалингаа авах байсан, гэтэл хувь хүнээс ажлын хөлс авч байсан” гэж тайлбарладаг. Хэргийн 51-52 дугаар тал дах нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны хуулгаас үзэхэд 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “цалин, амралтын мөнгө Наранцэцэгээс” гэх утгаар нэхэмжлэгчид ажлын хөлсийг шилжүүлж байсан байна. н.Наранцэцэг нь хариуцагч байгууллагад менежерээр ажилладаг болох нь тогтоогдсон, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчид хийсэн ажлынх нь хөлсийг тухай бүрт нь өгч байсан гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй. Иймд нэхэмжлэлийн 2015-2017 оны цалингийн үлдэгдэлд 11 125 083 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 360.2 дах хэсэгт нийцсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчихгүй.

Шүүх нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт 1 890 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Харин шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй зарим нэг өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

     Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын М-Э ХХК-айс гэснийг М-Э ХХК-аас гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 890 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 890 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж тус тус өөрчлөв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлтийг оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02394 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М-Э ХХК-аас 11 125 083 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 890 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж , 2 дах заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 951 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

        

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

                                          ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                           А.МӨНХЗУЛ