Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 47

 

 

 Э.Нэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Дундговь аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор Д.Д

шүүгдэгч Э.Н

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Нэд холбогдох 1 хавтас 141 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Н -д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч ‎Э.Н нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутгаас буюу бэлчээрээс нь иргэн З.Мын 2 тооны үхрийг өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй мотоциклийг ашиглан хулгайлж  3 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Нийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нэд оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлэхээр, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн SANYA маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 200 000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 700 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны тэмээг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Н давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. Миний бие Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1-р багт хөдөө эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт 100 гаруй бог мал маллаж амьдардаг. Малтай байж хулгай хийсэн нь миний буруу, ар гэрийн байдлыг минь харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргийн талаар байнга үнэн зөвөөр мэдүүлж байгаа байдал, ар гэрийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Э.Нийг  иргэн З.Мын 2 тооны үхрийг бэлчээрээс нь машин механизм  хэрэглэн хулгайлж бусдад 3000.000 төгрөгийн буюу бага  бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ял шийтгэжээ.

            Шүүгдэгч Э.Нийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад 3000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ниас гаргаж өгсөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр байгаа  ба  хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн мотоциклийг хэрэглэсэн болох нь гэрч Э.Мөнх-отгон болон шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл,  журмын дагуу  олж авсан баримт сэлт, мэдээллүүд байна.

Шүүгдэгчийн гаргасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул  анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Шүүгдэгч Э.Нэд анхан шатны шүүхээс 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэсэн боловч түүний анх удаа, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлоо бүрэн төлж арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул түүнд  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан баривчлах ялын хамгийн доод хэмжээгээр буюу 3 сар 1 хоногийн хугацаагаар ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирохоор байна.

            Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан баривчлах ялын хугацааг багасгаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.4, 324-р зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Э.Нийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

а/ шийтгэх тогтоолын 2-р заалтад “ ... 4 сарын баривчлах ялаар гэснийг  3 сар 1 хоногийн баривчлах ялаар” гэж өөрчилсүгэй.

               2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                      Т.БЯМБАЖАВ

                                                      А.САЙНТӨГС