Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр  

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр

                                 Нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000049 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1981 оны 05 дугаар сарын 06-нд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр баг Баруун хармагтай гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баянжаргал овогт Энхтуяагийн Нүрзэд /РД: ЕЛ81050611/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч ‎Э.Нүрзэд нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутгаас буюу бэлчээрээс нь иргэн З.Мөнхбаатарын 2 тооны үхрийг өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй мотоциклийг ашиглан хулгайлж  3 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Нүрзэд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Арван хэдэн үхэр харагдахаар нь би тэр үхрүүдийг бүгдийг нь тууж ирээд хоёрыг нь янзалсан гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Нүрзэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өглөө 11 цагийн үед би өөрийн эзэмшлийн мотоцикль болох улсын дугааргүй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн SАNҮА маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа хөдөө гэр болох Хатанбулаг сумын төвөөс баруун урагш 70 км зайд байрлах Баруун хармагтай гэх газар руу явж байтал сумын төвөөс 5 км зайд хариулагагүй, эзэнгүй арваад тооны үхэр бэлчиж байсан. ...надад мөнгөний хэрэгцээ байсан учир би хөдөө гэр рүүгээ малд явж байсан. Тэгээд замд таарсан үхэрнээс хулгайлж нядалж мөнгө болгоод хэрэгцээтэй зүйлдээ зарцуулна гэж бодоод сумын төвөөс баруун хойн 4 км зайд байрлах эзэнгүй бууцны малын хашаанд би өөрийн мотоциклоороо ганцаараа туугаад бүгдийг нь оруулж хашаад 2 эр үхрийг ялган авч хоцроод ... Мөнх-Отгоныг биллъяарднаас аваад үхэр хашсан газар руугаа сундлаад явсан. ...  Мөнх-Отгонд би 1 хутга өгөөд, би өөрөө нэг хутга аваад 7 хөл болгоод болно ахын дүү, цус, сэвсээ цэвэрхэн хийгээрээ гэж л хэлсэн. Би Мөнх-Отгонд хулгайлсан гэж ерөөсөө хэлээгүй. ...Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ... Би өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гэсэн мэдүүлэг /хх-51-52, 58-59/,

 

Хохирогч З.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн үхрээсээ 1 эр үхэр нядалж авч Ханги хилийн боомт руу явсан. ... 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ирээд үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 2 эр үхэр дутсан байсан. ... 2016 оны 01 сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад хандах гээд явж байхдаа Тулга гэх айлын бууцан дээр ирэхэд үхэр нядалсан байдалтай цус гарсан байсан. Тэр үед үхрийн баас байсан ба сэвс, толгой, гэдэс нь байгаагүй. Би түүнийг хараад суман дээр очиж хэсгийн төлөөлөгчдөө хэлсэн. ... Надад бэлнээр Нүрзэд 2600000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 400000 төгрөгний оронд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бүрэн ажиллагаатай, цэнхэр өнгийн Запуа маркийн мотоциклийг хүлээн авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг /хх-20-23/,

 

Гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 сарын сүүлээр манай сумын иргэн Нүрзэд ...  махны тодорхойлолт хийлгэх гэсэн юм. Сайншанд руу Нандин гэдэг эгч билүү дүү нь билүү идэшний үхрийг нь явуулах гэж байгаа юм гэж байсан. Тухайн үед засаг дарга нь байхгүй байсан болохоор миний бие Нүрзэд гэдэг хүнд тодорхойлолт хэрэггүй махандаа мал эмнэлгийн ариун цэврийн бичиг авдаг юм гэж хэлэхэд ... удалгүй мал эмнэлгээс Нүрзэд ариун цэврийн бичиг аваад ирэхээр нь би сумын малчинд өөрийнхөө тэмдгийг дарчихсан юм. Миний хувьд сумын малчин Нүрзэдийг малчин хүн болохоор нь хулгайлсан гэж огт бодоогүй. Тухайн үед Нүрзэд хулгайн мах гэж надад хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Миний дүү надад өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар хэлж байсан гэхдээ би сайн мэдэхгүй. Мөнх-Отгон гэж нутгийн дүүг гуйгаад хулгайлсан 2 үхрээ хийлгэсэн хамт хулгай хийгээгүй энэ дүүд гай болчих шиг боллоо гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-28-29/,

 

Сэжигтэн Э.Мөнх-Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хатанбулаг сумын төвд биллъяард тоглож байхад 19 цагийн орчимд манай багийн Нүрзэд ах ирээд ... ахтайгаа хоёр үхэр янзлалцаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө эрт янзлалцаад өгье гэж хэлэхэд Нүрзэд ах өглөө эрт Сайншанд явах гэж байгаа одоо янзлалцаад өгчих гээд намайг гуйсан. Би зөвшөөрөөд Нүрзэд ахаас үхэр чинь хаана байгаа юм гэж хэлэхэд ойрхон 2 км-т байгаа гэж хэлээд бид 2 Нүрзэд ахын гэрт очиж ... хутга аваад ... бид 2 Нүрзэд ахын өөрийн эзэмшлийн мотоциклтой сундлалцаж яваад сумын төвөөс баруун хойшоо 2 км-т эайрлах өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд бид 2 үхрээ янзалсан. ...Миний хувьд огт хулгай хийж байна гэсэн бодол төрөөгүй. ... би Нүрзэд ахыг өөрөө малтай, нэг багийн хүн гэдэг утгаараа таньдаг болохоор хулгай хийчих хүн гэж бодоогүй гэсэн мэдүүлэг /хх-55-56/,

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-18/,

Ашид билгүүн ХХК-ний эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт /хх-35/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Нүрзэд нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс буюу иргэн З.Мөнхбаатарын 2 тооны үхрийг бэлчээрээс нь өөрийн эзэмшлийн, улсын дугааргүй мотоциклийг буюу машин механизм ашиглан хулгайлж  3 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Нүрзэдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ Арван хэдэн үхэр харагдахаар нь би тэр үхрүүдийг бүгдийг нь тууж ирээд хоёрыг нь янзалсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Нүрзэдийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Хатанбулаг сумын төвөөс баруун урагш 70 км зайд байрлах Баруун хармагтай гэх газар руу явж байтал сумын төвөөс 5 км зайд хариулагагүй, эзэнгүй арваад тооны үхэр бэлчиж байсан. …  сумын төвөөс баруун хойн 4 км зайд байрлах эзэнгүй бууцны малын хашаанд би өөрийн мотоциклоороо ганцаараа туугаад бүгдийг нь оруулж хашаад 2 эр үхрийг ялган авч хоцроод ... Мөнх-Отгонд би 1 хутга өгөөд, би өөрөө нэг хутга аваад 7 хөл болгоод болно ахын дүү, цус, сэвсээ цэвэрхэн хийгээрээ гэж л хэлсэн. Би Мөнх-Отгонд хулгайлсан гэж ерөөсөө хэлээгүй. … гэсэн мэдүүлэг, хохирогч З.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ирээд үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 2 эр үхэр дутсан байсан. ... 2016 оны 01 сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад хандах гээд явж байхдаа Тулга гэх айлын бууцан дээр ирэхэд үхэр нядалсан байдалтай цус гарсан байсан. … Би түүнийг хараад суман дээр очиж хэсгийн төлөөлөгчдөө хэлсэн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 сарын сүүлээр манай сумын иргэн Нүрзэд ...  махны тодорхойлолт хийлгэх гэсэн юм. Сайншанд руу Нандин гэдэг эгч билүү дүү нь билүү идэшний үхрийг нь явуулах гэж байгаа юм гэж байсан. … Миний хувьд сумын малчин Нүрзэдийг малчин хүн болохоор нь хулгайлсан гэж огт бодоогүй. Тухайн үед Нүрзэд хулгайн мах гэж надад хэлээгүй гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Миний дүү надад өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар хэлж байсан гэхдээ би сайн мэдэхгүй. Мөнх-Отгон гэж нутгийн дүүг гуйгаад хулгайлсан 2 үхрээ хийлгэсэн хамт хулгай хийгээгүй энэ дүүд гай болчих шиг боллоо гэж байсан гэсэн мэдүүлэг, сэжигтэн Э.Мөнх-Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хатанбулаг сумын төвд биллъяард тоглож байхад 19 цагийн орчимд манай багийн Нүрзэд ах ирээд ... ахтайгаа хоёр үхэр янзлалцаад өгчих гэж хэлсэн. … Би зөвшөөрөөд Нүрзэд ахаас үхэр чинь хаана байгаа юм гэж хэлэхэд ойрхон 2 км-т байгаа гэж хэлээд … бид 2 Нүрзэд ахын өөрийн эзэмшлийн мотоциклтой сундлалцаж яваад сумын төвөөс баруун хойшоо 2 км-т эайрлах өвөлжөөн дээр ирсэн. Тэгээд бид 2 үхрээ янзалсан. ... гэсэн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Нүрзэдийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.   

 

Шүүгдэгч Э.Нүрзэд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний эд хөрөнгө хувийн байдал зэргийг харгалзан нэмэгдэл ял шийтгэл хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн SANYA маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 200 000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна гэж үзлээ.    

 

‎Мөн мөрдөн байцаалтын шатанд нэмэгдэл ялын биелэлтийг хангуулах зорилгоор 700 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны тэмээ битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эд зүйлийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Баянжаргал овогт Энхтуяагийн Нүрзэдийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргийг машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нүрзэдийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нүрзэдэд оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Э.Нүрзэд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нүрзэдийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн SANYA маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, 200 000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 700 000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны тэмээг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.2.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нүрзэдэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.     

 

            8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                    

       ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД