Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00130

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00130

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      М.Бгийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02670 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Бгийн хариуцагч Л.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 264 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл, М.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: М.Б нь Л.Бд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40/16 дугаартай зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдөр  барьцааны гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж 89 тоот хаягт байрлах 1164.9 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах ГД-000494729 улсын бүртгэлийн дугаартай 4753 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Уг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Л.Б нь гэрээний үүргээс 190 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлж, үлдэх 10 000 000 төгрөг дээр нэмж 40 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авч 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 44/16 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Л.Б нь дахин зээл авах санал тавьж 100 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авч 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 44/16 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний 2.5-д зааснаар нийт 10 000 000 төгрөгийн зээлийн хүү төлөх ёстойгоос 6 500 000 төгрөг төлж, үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 3 500 000 төгрөг төлөөгүй. Үүнээс хойш зээлдэгч зарим саруудад зээлийн хүү гэсэн утгаар мөнгө шилжүүлдэг байсан. Зээлдэгч нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 67 500 000 төгрөгийг М.Бд буцаан төлснөөс зээлийн хүүнд 10 000 000 төгрөг хассан. Зээлийн гэрээний 2.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд нийт 1 093 хоногийн алдангийг үндсэн зээл болох 50 000 000 төгрөгөөс тооцоход нэг өдрийн 250 000 төгрөг бөгөөд үүнийг 1 093 хоногт үржүүлвэл 273 250 000 төгрөг болно. Үүнээс зээлдэгчийн төлсөн 57 500 000 төгрөгийг хасахад 215 700 000 төгрөг болж байна. Алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцоход 25 000 000 төгрөг төлөх үүрэгтэй. Харин 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаатай сунгаж, сар бүр 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй ба 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээл 100 000 000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2.5 дах хэсэг, гэрээний сунгалтад зааснаар үндсэн зээл 100 000 000 төгрөгийн 34 сарын хүү 170 000 000 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тооцоход хүүнд 117 500 000 төгрөг, алдангид 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Үүнээс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн буюу нийт 78 хоногийн алдангийг үндсэн зээл 100 000 000 төгрөгөөс тооцоход хоногийн 500 000 төгрөг,  78 хоногт үржүүлэхэд 39 000 000 төгрөг болно. 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнээс нийт 75 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээний шаардлагыг нэмж нэгтгэн хариуцагчаас нийт 231 500 000 төгрөг гаргуулахаар байх боловч гаргуулж, хариуцагч талын гаргасан баримтуудаас харахад 32 500 000 төгрөгийг хасч тооцохоор байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 32 500 000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас нийт 231 500 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Л.Б нь өөрийн найз н.Энх-Амгаланд 100 000 000 төгрөг, н.Баясгаланд 50 000 000 төгрөг М.Бгээс зээлдэн авч өгсөн байдаг. Зээлийн хүүг н.Энх-Амгалан, н.Баясгалан нар өөрсдийн харилцах данснаас М.Бгийн Хаан, Голомт банкны харилцах данс руу шилжүүлж төлбөрийг хийж байсан. Эдийн засгийн байдлаас шалтгаалаад Л.Б өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 100 000 000 төгрөгийн үндсэн зээлд тооцон М.Бд шилжүүлсэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Л.Б нь М.Бгээс 200 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авсан. Энэ гэрээний дагуу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд үндсэн зээл 190 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлдэн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусахад зээлийг сунгаж өгөх хүсэлт гаргасны дагуу харилцан тохиролцож гэрээг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 30 сараар сунгасан байдаг. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлбөл зохих зээлийн хүү нийт 170 000 000 төгрөг байхаас 102 300 000 төгрөгийг төлсөн байдаг. 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 9 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны дансаар 7 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 25 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1 800 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 102 300 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл зээлийн хүү нь 67 700 000 төгрөг болно. Нэхэмжлэгч тал 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөгийг өгсөн гэж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 52 500 000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, бусад төлөлтийг тооцоогүй байна. Иймд нэмэлт гэрээний зээлийн хүүнд нэхэмжилж байгаа 150 000 000 төгрөгөөс 67 700 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч байна. Л.Б нь М.Бтэй уулзаж зээлийн хүүг бууруулах хүсэлт бичгээр гаргаж байсныг хавтаст хэрэгт өгсөн. 100 000 000 төгрөг бол их хэмжээний зээлд тооцогдох бөгөөд энэ хэмжээний зээлийн хүү сард 2.5-3.5 хувьтай байх ёстой. Шүүх зээлийн хүүг хариуцагчийн нэхэмжлэгчид гаргаж байсан хүсэлт болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу нэг хувиар ч гэсэн багасгаж өгнө үү. Нэмэлт гэрээгээр зээлдэгч хэтрүүлсэн хоног тутмын 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байдаг. Үндсэн зээл болох 100 000 000 төгрөгт 4 өрөө орон сууцыг өгч дуусгавар болгосон. Гэтэл нэхэмжлэгч тал 100 000 000 төгрөгийн алдангид 39 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Алданги нь 100 000 000 төгрөгийн 50 хувьд хүрэхгүй байгаа ч гэсэн алдангийн хэмжээг бууруулж өгнө үү. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 40/16 тоот зээлийн зээлийн гэрээний үлдэгдэл 10 000 000 төгрөг, 44/16 тоот гэрээгээр 40 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийг хариуцагч Л.Б нь н.Баясгаланд зээлдүүлсэн. Л.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 200 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 10 000 000 төгрөгийг М.Бгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. 44/16 тоот гэрээний үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 8 000 000 төгрөг төлөхөөс зээлдэгч 6 000 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн, зээлийн гэрээний хугацааг дуусахад хугацааг сунгаагүй, ямар ч нэмэлт гэрээ хийгээгүй. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Зээлдэгч зээл олгосон хугацаанаас хойш буюу 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 67 500 000 төгрөгийг М.Бд буцаан төлснөөс зээлийн хүүнд 10 000 000 төгрөгийг хассан. Харин үлдэгдэл 57 500 000 төгрөгийг үндсэн зээл болох 50 000 000 төгрөгийн алданги 273 250 000 төгрөгөөс хассан гэж нэхэмжлэгч бичсэн. Нэхэмжлэгч тал үндсэн зээл, алдангийг нэхэмжилж өнгөрсөн хугацаанд төлсөн мөнгийг алдангийн нийт дүнгээс хасч тооцон, алдангийн үлдэгдлийг 215 750 000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг авч үзвэл 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 10 000 000 төгрөгийг 40/16 тоот 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд тооцон хасуулж, энэ 40 000 000 төгрөгийн зээлтэй холбогдуулаад 60 500 000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 1093 хоногийн алдангийг нэхэмжилсэн. Үндсэн зээлээс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд 60 500 000 төгрөг төлсөн байдаг. Нэхэмжлэгч тал хариуцагчийн зүгээс төлсөн 60 500 000 төгрөгийг үндсэн зээл болох 40 000 000 төгрөг, түүний алдангийг хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзэх юм бол 20 000 000 төгрөг болно. Нийт 60 000 000 төгрөгөөс хасч тооцвол хариуцагч талаас нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг нэхэмжлэх эрхгүй болсон гэж үзэж байна. Иймд 44/16 тоот гэрээний үүрэгт нэхэмжилсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 40/16 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой байгуулсан барьцааны гэрээг үндэслэн хариуцагчаас 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 44/16 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний хүүнд 150 000 000 төгрөг, алдангид 39 000 000 төгрөг нийт 264 000 000 төгрөг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. 40/16 тоот гэрээний тухайд 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд уг барьцааны гэрээ нь зөвхөн 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд хамааралтай гэж үзэж байна. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр нэмэлт барьцааны гэрээ хийгээгүй, 44/16 дугаар зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулаагүй. М.Бгээс авсан бүх зээлийн гэрээ нь энэ барьцааны гэрээнд хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэг, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.1, 11.1, 12.1-д тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэгдсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд барьцааны гэрээгээр хангагдах шаардлага зөвхөн 200 000 000 төгрөгийн гэрээгээр тодорхойлно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Бгаас 151 750 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79 750 000 төгрөгийн нэхэмжлэлийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 548 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 916 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний тухайд хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч М.Бтэй байгуулсан дээрх гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 40\16 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээс 10 000 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байсан талаар хариуцагч тал маргаагүй буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 40\16 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг дээр нэмж 40 000 000 төгрөгийг тооцож нийт 50 000 000 төгрөгийн зээлийн хүүг төлж байсан болно” гэж тодорхой бичсэн байгаа. Мөн хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудаар хариуцагч нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 50 000 000 төгрөгөөс тооцож уг зээлийн гэрээний хүүд сар бүр 2 500 000 төгрөг төлж байсан нь нотлогдож байна.

Шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийг хэрэглэхдээ буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 40\16 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусаагүй буюу үндсэн зээл 200 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байхад зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний 1.3-т “энэхүү гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 40\16 тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 40\16 тоот барьцаат зээлийн гэрээ болон 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэдэг нь илэрхий байна. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эсэргүүцээгүй. Анхны барьцааг үндэслэж нэмэлт зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр барьцаа хөрөнгийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Л.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 231 500 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх “талууд 2017 оны 1 дүгээр сарын 09, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор ...4 753 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, Ү-2206014498 дугаарт бүртгэлтэй 1164.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд дээрх зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч Л.Бямбасүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 40/16 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч М.Бгээс 200 000 000 төгрөг 4 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ... 4 753 м.кв орон сууцны зориулалттай эзэмших эрх бүхий газар, мөн хаягт байрлах 1 1164.9 м.кв үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 100 000 000 төгрөг 4 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авах тухай, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 40 000 000 төгрөг 4 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэн авах тухай зээлийн гэрээг тус тус байгуулсан. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин зээлийн тооцоолол болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлийн талаар маргасан байна.

Нэхэмжлэгч нь “2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж, хариуцагч татгалзлаа “40/16 дугаартай гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн, барьцааны гэрээ нь зөвхөн 40/16 дугаартай зээлийн гэрээнд хамааралтай. Бусад зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар тайлбарласан.

Барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болно. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний 1.3-т “энэхүү гэрээ нь 2016.11.15-ны өдрийн 40/16 тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болно” гэж тусгагдсан байна. Зохигчид 40/16 дугаартай зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, дээрх гэрээний 1.3 дах заалт нь барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг учраас барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй гэж маргасан байхад уг заалтын талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй байна. Тухайлбал, 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээ нь 40/16 тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг бол уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, цаашлаад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэг биелэгдэж барьцааны хөрөнгийг чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

      ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                 А.МӨНХЗУЛ