Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00350

 

М.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02670 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар магадлалтай,

М.Бгийн нэхэмжлэлтэй

Л.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 264,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл, М.Энхсайхан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Л.Бд холбогдуулан 3 удаагийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 264,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 231,500,000 төгрөг гаргуулахаар өөрчилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэмэгдүүлсэн байна. Хариуцагч зээлийн төлбөрийн зарим хэсгийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Бгаас 151,750,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,750,000 төгрөгийн нэхэмжлэлийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,548,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 916,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02670 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 болон 172.2-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гарсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас тус шийдвэр нь үндэслэл бүхий зарчимд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг зөв үнэлээгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ үйл явдалтай холбогдуулан нэхэмжлэгч талаас хариуцагч Л.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 5-р хороо Яармаг, Наадамчдын зам гудамж, 89 тоот хаягт байрлах ГД- 000494729 дугаарт бүртгэлтэй, 4753 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-2206014498 дугаарт бүртгэлтэй, 1164.9 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Барьцаа хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл 40/16 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 10,000,000 төгрөгөөр дутуу буюу үүрэг дуусгавар болоогүй, мөн Нэмэлт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх барьцааны гэрээ мөн хамаарна гэжээ. Гэтэл 2017.01.17-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл болох 10 сая төгрөгийг төлснөөр дугаар 40/16 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болсон. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87.1-д заасан салгаж үл болох эрх учраас Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар үндсэн шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх мөн дуусгавар болсон. Барьцааны гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга учраас нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дугаар 40/16 тоот гэрээ дуусгавар болсон учир 2016.11.15-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ мөн дуусгавар болсон гэж үзэж байна.

4.2. “Нэмэлт зээлийн гэрээ”-гээр 100,000,000 төгрөг зээлсэн бөгөөд энэхүү гэрээтэй холбоотойгоор Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй. Хэдийгээр энэхүү гэрээнд “...2016.11.15-ны өдрийн 40/16 тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан ч дугаар 40/16 тоот гэрээний үүрэг 2017.01.17-ны өдөр дуусгавар болсон учраас хууль эрх зүйн хувьд 2017.02.21-ний өдөр байгуулсан “Нэмэлт зээлийн гэрээ” нь дугаар 40/16 тоот зээлийн гэрээний “үргэлжлэл” гэрээ байх боломжгүй юм.

4.3. Дугаар 40/16 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, Нэмэлт зээлийн гэрээ, дугаар 44/16 тоот зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулагдаагүй болохыг анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбарыг үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан байдаг.

4.4. Давж заалдах шатны шүүхээс зохигчид 40/16 дугаартай зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, дээрх гэрээний 1.3 дахь заалт нь барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг учраас барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй гэж маргасан байхад уг заалтын талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй байна. Тухайлбал 2017.02.21-ний өдрийн Нэмэлт зээлийн гэрээ нь 40/16 тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг бол уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, цаашлаад 2016.11.15-ны өдрийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж барьцааны хөрөнгийг чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна... гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.

4.5. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгч тодруулж нэхэмжлэгч талаас Нэмэлт зээлийн гэрээтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Барьцааны гэрээг гаргаж өгөхийг асуухад нэхэмжлэгч тал шинээр барьцааны гэрээ байгуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэдгээ илэрхийлж, анхны буюу 2016.11.15-ны өдрийн Барьцааны гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг л гаргаж өгсөн байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хариуцагч талаас гаргасан хүсэлтэд энэ талаар дурдсан байгаа. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн объектод 2016 оны 2 сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал өрөө түрээсэлж байсан ба түрээсийн төлбөр огт төлөөгүй харилцан тооцно гэсэн тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талтай уулзаж тооцоо нийлэх санал гаргасан ч нэхэмжлэгч тал илт зайлсхийж, харилцан тооцоо нийлэх идэвх санаачлага гаргахгүй байгааг энд бас дурдмаар байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. М.Б, Л.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 231,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “2016.11.15, 2017.01.09, 2017.02.21-ний өдрүүдэд 3 удаагийн зээлийн гэрээгээр 340,000.000 төгрөг зээлсэн, эдгээр гэрээний үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл болон алдангийн тооцооллоор 231,000,000 төгрөг шаардах эрхтэй” гэсэн, хариуцагч “зээлийн тооцоо маргаантай байна, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, барьцааны гэрээ нь зөвхөн 2016.11.15-ны өдрийн гэрээний үүрэгт хамааралтай, уг гэрээний үүрэг биелэгдсэн учир барьцааны эрх дуусгавар болсон” гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх, хариуцагчаас 2017.01.09, 2017.02.21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 151,750,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

7. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ, 2017.02.21-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний 1.3-т “энэхүү гэрээ нь 2016.11.15-ны өдрийн 40/16 тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болно” гэж тусгагдсан, зохигчид 40/16 тоот дугаартай зээлийн үүрэг бүрэн биелэгдээгүй, дээрх гэрээний 1.3 дахь заалт нь барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг учраас барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй гэж маргасан байхад уг заалтын талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй байна., 2017.02.21-ний нэмэлт гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, 2016.11.15-ны өдрийн гэрээний үүрэг биелэгдэж барьцааны хөрөнгийг чөлөөлсөн эсэх нь тодорхой бус, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийжээ.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

9. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, мөн зүйлийн 156.2-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газрыг заана” гэжээ. Энэ шаардлагыг хангаагүй бол барьцааны гэрээ хуулийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

10. Хэргийн баримтаас үзвэл зохигч 2016.11.15-ны өдрийн 200,000,000 төгрөг зээлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж Л.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармаг, Наадамчдын зам гудамж 89 тоот хаягт байрлах 1164.9 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 4753 м.кв газар эзэмших эрхийг барьцаалсан бөгөөд энэ гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхдаа 2017.01.09-ний өдөр 40,000,000 төгрөг, 2017.02.21-ний өдөр 100,000,000 төгрөг нэмж зээлсэн үйл баримт тогтоогдож байна.

11. 2016.11.15-ны өдрийн гэрээний үүрэг биелэгдээгүй, 2017.02.21-ний өдрийн зээлийн гэрээний 1.3-т “энэ гэрээ нь 2016.11.15-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг” гэж тусгагдсан гэж эдгээрийг үндэслэн нэхэмжлэгч зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан, харин хариуцагч эхний гэрээний үүрэг биелэгдэж, барьцааны эрх дуусгавар болсон, дараагийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир барьцааны эрх үүсэхгүй гэж маргаж талууд энэ үндэслэлээр мэтгэлцжээ.

12. Давж заалдах шатны шүүх, ...талуудыг барьцааны зүйлийн маргааны талаар зохигчийг мэтгэлцүүлээгүй, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй гэсэн нь учир дутагдалтай байна. Тухайлбал, талууд дээрх байдлаар өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн байх тул зохигч мэтгэлцсэн гэж үзэх ба шүүх хуралдааны явцад 2017.02.21-ний өдрийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар хэн аль нь маргаагүй, иймээс энэ байдлыг тодруулах шаардлагагүй байжээ.

12.1. Нэгэнт дээрх нөхцөл тогтоогдож байгаа тохиолдолд шүүх 2016.11.15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэхийг дүгнэх ба энэ гэрээний үүрэг биелэгдсэн гэж анхан шатны шүүх үзсэн, үүнийг хэн аль нь эсэргүүцээгүй байна.

12.2. Нөгөө талаар, 2017.02.21-ний өдрийн гэрээнд “...өмнөх гэрээний салшгүй хэсэг” гэж тусгагдсан энэ зохицуулалт тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрхийг үүсгэх эсэхийг нягтлах нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл, “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх” шаардлагад юуг ойлгох, хуульд хэрхэн журамласан болох хууль зүйн дүгнэлтийг шүүх зайлшгүй хийх үүрэгтэй.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэх мэдээллийн маягтад гэрээний төрөл, гэрээний талуудын мэдээлэл, гэрээний хугацаа, гэрээний үнэ, бүртгэсэн он, сар, өдрийг тусгахыг, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарахыг, улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэн, хувийн хэрэгт хавсаргах, талуудын эрх, үүрэг өөрчлөгдсөн бол ...энэ тухай эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг тус тус шаардсан байна.

13. Давж заалдах шатны шүүх дээрх байдлыг анхаараагүй байх тул магадлалыг хүчингүй болгов.

14. Анхан шатны шүүх 2017.01.09-ний өдрийн гэрээний үүрэгт үндсэн үүрэг 39,500,000 төгрөг, алдангид 19,750,000 төгрөг, нийт 59,250,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс гэрээний хугацаа дууссанаас хойш 57,000,000 төгрөг төлсөн тул 2,250,000 төгрөг, 2017.02.21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд зээлийн хүүгийн үлдэгдэл 110,500,000 төгрөг, алдангид 39,000,000 төгрөг нийт 149,500,000 төгрөг, бүгд 151,750,000 төгрөгийг хариуцагч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар төлөх үүрэгтэй гэж үзсэн, энэ дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

15. Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн тайлбар, хэргийн баримтыг үндэслэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөв тайлбарласан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02670 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Б /итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл/-ийн 2021.02.08-ны өдөр 70,200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД