Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

Н.З-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.З-д холбогдох эрүүгийн 2209000002296 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,  шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл *** хүнтэй, **** хамт ***** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Н-ын З- /РД:**********/

 

2. Шүүгдэгч Н.З- нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Газарчин” дээд сургуулийн D********** дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй дипломыг тус сургуульд суралцалгүй бусдаас худалдан авч, улмаар D********** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид гаргаж өгч багшаар үргэлжлүүлэн ажиллахдаа ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.  

 

3. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар яллах дүгнэлтээр Н.З-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн  2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор:   

4.1. Шүүгдэгч Н овогт Н-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-г 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4.5. Шүүгдэгч Н.З-д оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.З- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж,

4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.З-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46.702.239 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын зарим хэсэг болох 40.001 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2020 оны 6 дугаар сард цахим орчинд үл таних иргэнээс худалдаж авсан хуурамч гэх дипломыг яллагдагч Н.З- өөрөө хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй.

5.2. Н.З- нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшийн албан тушаалд томилогдох үед 1996-1999 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежид суралцсан цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн мэргэжлээр төгссөн хүчин төгөлдөр дипломыг өгч тухайн албан тушаалд томилогдсон нь нотлогдсон ба тэрээр уг хүүхдийн цэцэрлэгт 1999 оноос одоо хүртэл 23 дахь жилдээ цэцэрлэгийн багшаар ажиллаж байна.

5.3. Н.З-гийн үл таних иргэнээс 300,000 төгрөгөөр худалдаж авсан гэх дипломыг бодит байдалд тэрээр ашиглаагүй байна. Учир нь: уг хуурамч дипломыг Н.З- бусдаас худалдаж авсан нь үнэн боловч уг дипломоор албан тушаал ахиагүй, цалин хөлс нь нэмэгдээгүй буюу түүнд өөртөө ямар нэгэн байдлаар давуу тал бий болгоогүй байна.

5.4.Тус хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заавал дээд боловсролтой буюу бакалавр зэрэгтэй иргэн ажиллах ёстой гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байна.

5.5. Шүүгдэгч Н.З- нь хуурамч дипломыг ажил олгогчид үзүүлснээр ямар нэгэн үр дагавар учраагүй гэж үзэж байна.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.З-г хуурамч диплом ашигласны улмаас улсад 46,702,239 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Давж заалдах гомдол үндэслэлгүй. Хуурамч диплом гэдгийг мэдсээр байж худалдан авч, цэцэрлэгийн эрхлэгчид гаргаж өгсөн. Дипломыг ашиглах хоёр шаардлага гарч ирж байгаа гэж үзэж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хуучин коллежид сурч байсан багш нарыг хязгаарласан. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А430 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан. Уг тодорхойлолтоор заавал бакалавраас дээш зэрэгтэй байхыг тусгаж өгсөн. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.З-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, бусад заалтын хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Тиймээс “хуурамч гэх дипломыг Н.З- өөрөө хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Шүүгдэгч Н.З- нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Газарчин” дээд сургуулийн D********** дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй дипломыг тус сургуульд суралцалгүй бусдаас худалдан авч, улмаар D********** дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж, 2020 оны 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид гаргаж өгч багшаар үргэлжлүүлэн ажиллахдаа ашигласан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдлыг тогтоох болон хууль ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцжээ.

 

9. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Н.З-гийн гэмт үйлдэл нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа 2020 оны 9 дүгээр сард “Газарчин” дээд сургуулийн D********** дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй хуурамч дипломыг өгснөөс эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн прокурорын тогтоолоор түүнийг яллагдагчаар татах хүртэл хугацаанд үргэлжилсэн гэсэн дүгнэлт бодитой, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна. Анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Н.З-гийн гэмт үйлдлийг 2020 оны 9 дүгээ сараас  эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн, түүнийг яллагдагчаар татсан хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд тооцсон, Н.З-гийн хууль бус үйлдлийн улмаас олсон ашиг орлогыг 2020 оны 9 дүгээ сараас эхлэн 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд хамааруулж, түүнээс гаргуулсан нь үндэслэлтэй боловч түүний 5 жил ажилласан ажилтанд олгох 5.317.686 төгрөгийн тэтгэмжийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаатуулж түүнээс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

10. Шүүгдэгч Н.З- нь хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдэж, үргэлжлүүлэн төрийн албанд ажилласан хугацаанд, тухайлбал 2020 оны 09-12 дугаар сард 5.627.882 төгрөг, 2021 оны 01-12 дугаар сард 16.437.008 төгрөг, 2022 оны 01-11 дүгээр сард 19.319.663 төгрөг, нийт 41.384.553 төгрөгийн цалин хөлс авсныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамааруулж, түүнээс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцэх боловч тэрээр 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тогтвор суурьшилтай 5 жил ажилласан ажилтанд олгох 5.317.686 төгрөгийн тэтгэмжээр авсан мөнгөн хөрөнгийг түүнд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэж зааснаар олгосон байх тул, түүний авсан тэтгэмжийн мөнгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар олсон орлогод тооцож хураах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

11. Тухайн тэтгэмжийн мөнгийг шүүгдэгч Н.З- нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  авсан бөгөөд тэтгэмжид хамаарах хугацааг тооцож үзэхэд шүүгдэгч Н.З-гийн хуурамч диплом ашигласан гэх 2020 оны 9 дүгээр сараас өмнөх 2017, 2018, 2019, 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаан ажиллаж байсан хөдөлмөрийн үр дүн хамаарч байх тул сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тогтвор суурьшилтай 5 жил ажилласан ажилтанд олгох 5.317.686 төгрөгийн тэтгэмжийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож хураасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

12. Иймд  шүүгдэгч Н.З-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тодорхойлохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон 46.702.239 төгрөгөөс 5.317.686 төгрөгийн тэтгэмжийг хасаж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

13. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “...хуурамч гэх дипломыг Н.З- өөрөө хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй, үүнээс болж албан тушаал ахиагүй, цалин хөлс нь нэмэгдээгүй буюу өөртөө ямар нэгэн байдлаар давуу тал бий болоогүй, хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заавал дээд боловсролтой буюу бакалавр зэрэгтэй хүн ажиллах ёстой гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй, хуурамч дипломыг ажил олгогчид үзүүлснээр ямар нэгэн үр дагавар учраагүй...” гэх давж заалдах гомдол заасан үндэслэлүүд нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Учир нь шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч Н.З- нь 24 жил тасралтгүй Баян-Өлгий аймаг дахь багшийн коллежоос төгссөн дипломыг ашиглан ажиллаж, түүний дагуу цалин хөлсөө авч ирсэн. Уг диплом нь бакалаврын зэрэгтэй  биш учраас Н.З- нь хуурамч гэх дипломыг авснаар ямар нэгэн байдлаар өөртөө давуу байдал үүсгээгүйгэх боловч Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж, Боловсролын сайдын 2019 оны А/430 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар Хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод “бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх” гэж, ажил олгогчоос баталсан 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоор мөн дээрх шаардлагыг хангасан байхыг шаардсанаас үзвэл, шүүгдэгч нь хууль болон бусад эрх бүхий албан тушаалтнаас гаргасан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангуулахаар, хэрвээ уг шаардлагыг хангуулаагүй бол ажиллах боломжгүй болно гэх нөхцөл байдлыг өөрөө үнэлж ажил олгогчид 2020 оны 9 дүгээр сараас эхлэн “Газарчин” дээд сургуулийн D********** дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй хуурамч дипломыг гаргаж өгч ашигласан нь тогтоогдсон бөгөөд түүний энэхүү Эрүүгийн хуулиар хориглосон хууль бус үйлдэл “өмнөх дипломоор үргэлжлүүлэн ажиллах байсан”, эсхүл “ажил олгогчтой хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болох байсан” гэх тодорхой үр дүнд хүрэх эсэхээс үл шалтгаалан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Иймээс шүүгдэгч Н.З- нь D********** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж  ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З-гийн авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 41.384.553 төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтын хэвээр үлдээж, шүүгдэгч Н.З-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ