Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 131

 

Н.З-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Н.З , түүний өмгөөлөгч Я.Сьезд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар магадлалтай, Н.З-д холбогдох 2209000002296 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Н.З.

Шүүгдэгч Н.З нь 2020 онд “Г” дээд сургуулийг “Багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжлээр суралцаагүй атлаа боловсрол судлалын ухааны бакалаврын D...... дугаартай дипломыг бусдаас худалдан авч 2020 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн С сумын .... дүгээр цэцэрлэгт өгч багшаар ажиллахдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.З г боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн С сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 46,702,239 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, 40,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З ын авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон 41,384,553 төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.З , түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Анхан болон давж заалдах шатны шүүх Н.З д холбогдох хуурамч дипломыг ашигласан гэх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Н.З ын 2020 оны 06 дугаар сарын үед цахим орчинд үл таних иргэнээс худалдаж авсан дипломыг тэрээр хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй. Н.З  нь Баян-Өлгий аймгийн С сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшийн албан тушаалд томилогдох үед 1996-1999 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежид суралцан цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн мэргэжлээр төгссөн хүчинтэй дипломыг ажил олгогчид өгч тухайн албан тушаалд томилогдсон ба тэрээр С сумын хүүхдийн цэцэрлэгт 1999 оноос одоо хүртэл 23 дахь жилдээ цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байна. Н.З ын үл таних хүнээс 300,000 төгрөгөөр худалдаж авсан гэх дипломыг бодит байдалд тэрээр албан ажилдаа ашиглаагүй буюу уг дипломыг авснаар албан тушаал дэвшээгүй, цалин хөлс нь огт нэмэгдээгүй, өөртөө ямар нэгэн байдлаар давуу байдал бий болгоогүй байна. Тус хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заавал дээд боловсролтой буюу бакалавр зэрэгтэй иргэн ажиллах ёстой гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй байна. Шүүгдэгч Н.З  нь хуурамч дипломыг ажил олгогчид үзүүлснээр улсын төсөвт ямар нэгэн хор хохирол учраагүй гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ДШМ/27 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.З г хуурамч диплом ашигласны улмаас улсад 41,384,553 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.З д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Г дээд сургуульд суралцаагүй атлаа тус сургуулийн дипломыг хууль бусаар худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн С сумын ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид гарган өгч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаартай “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтаар цэцэрлэгийн багшийн албан тушаалд томилогдож ажиллахад тавигдах шаардлагад сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байхаар тусгасны дагуу шүүгдэгч тус дипломыг худалдан авч, үргэлжлүүлэн ажилласан, улмаар албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангах болсон. Шүүх шүүгдэгчийн хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдэж төрөөс олгосон цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн 5 жил тогтвор суурьшилтай ажиллаж нэг удаа урамшуулал болгож авсан 5,317,686 төгрөгийг хохирлоос хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн гаргасан гомдлыг үндэслэн Н.З д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч Н.З  нь 2020 онд “Г” дээд сургуулийг Багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжлээр суралцаагүй атлаа боловсрол судлалын ухааны бакалаврын D...... дугаарын дипломыг бусдаас худалдан авч 2020 оны 09 дүгээр сард Баян-Өлгий аймгийн С сумын .... дүгээр цэцэрлэгт өгч багшаар үргэлжлүүлэн ажилласан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Н.З г Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

3оловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг улсын хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш нарын боловсролын баримт бичигт хяналт шалгалт явуулахад хуурамч диплом ашиглан ажилд томилогдсон цөөнгүй тохиолдол илрүүлсний дотор шүүгдэгч Н.З ын D...... дугаартай диплом нь ШУТИС-ийг интерьер дизайн мэргэжлээр төгссөн Ө.П-ийн дипломын дугаарыг ашигласан буюу хуурамч болох нь тогтоогджээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 27 дахь тал/

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасан ба энэхүү шаардлага нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байна. Хуулийн дагуу цэцэрлэгийн багшид сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй хүн ажиллах шаардлага тавигдсан үеэс шүүгдэгч Н.З  нь 1996 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш”-ийн 0174 дугаар тусгай дунд боловсролын гэрчилгээгээр Баян-Өлгий аймгийн С сумын .... дүгээр цэцэрлэгийн багшаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон ба тэрээр хуулийн шаардлагын дагуу боловсролын зэргээ ахиулахын тулд хуурамч диплом ашигласан үйл баримт тогтоогджээ. Энэ үйлдэл нь төрийн албанд хууль дээдлэх, иргэн бүр төрийн алба хашихад адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн “... Цэцэрлэгийн бүлгийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заавал дээд боловсролтой байх шаардлагатайг, диплом хуурамчаар үйлдсэнийг тус тус тогтоогоогүй, Н.З  нь 1996 онд Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш мэргэжлээр төгссөн дипломоор одоог хүртэл цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаа бөгөөд хуурамч дипломыг ашиглаагүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

4.Хоёр шатны шүүх Н.З ын үйлдлийг 2020 оны 09 дүгээр сараас буюу хуурамч дипломоо ажил олгогчид өгсөн үеэс эхэлж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татсан хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд тооцсон нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Шүүгдэгч Н.З ын хууль бус үйлдлийн улмаас цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа, суралцагч хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй ч өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Н.З ын цэцэрлэгийн багшаар бодитой ажиллан, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод хамааруулан дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл авсан цалин хөлс болох нийт 41,384,553 төгрөгийг бүхэлд нь гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх агуулгын хувьд хэвээр үлдээсэн нь буруу байна.

Шүүгдэгч Н.З  нь Баян-Өлгий аймгийн С сумын .... дүгээр цэцэрлэгт багшаар ажилласан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба хүний албан тушаал эрхэлсний төлөө авсан цалинг бүхэлд нь гаргуулж, улсын төсөвт оруулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө болох “... цалин хөлс авах” эрхийг зөрчихөөр байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтасны 27 дахь тал/-оос үзэхэд Н.З  нь 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 41,384,553 төгрөгийн цалин, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5,317,686 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж /хэргийн 1 дүгээр хавтасны 146 дахь тал/ авсан болох нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан байна.  

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагаар цэцэрлэгийн багшийн албан тушаалд сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллах ёстой байтал ажил олгогчийн зүгээс Н.З г тухайн шаардлагыг хангаж буй эсэхийг нягталж шалгаагүй, хайнга хандсан буруутай үйл ажиллагаа гэм хорын хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.З  нь хуурамч диплом ашиглан цэцэрлэгийн багшаар 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал ажилласан хугацаанд авсан 41,384,553 төгрөгийн цалингаас тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр тооцон нийт 11,340,000 төгрөгийг хасаж, зөрүү 30,044,553 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З ас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хуулийн 43.1 дүгээр зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох: 43.1.7.б.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж заасны дагуу шүүгдэгч Н.З  нь 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 5,317,686 төгрөгийн тэтгэмж авсан /хэргийн 1 дүгээр хавтасны 145, 146 дахь тал/ нь гэмт хэрэг үйлдэхээс өмнөх 5 жилийн хугацааг хамаарч байх тул давж заалдах шатны шүүхийн тэтгэмжийг хасаж тооцсон шийдэл нь зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З ас 30,044,553 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

     Б.БАТЦЭРЭН

     М.ПҮРЭВСҮРЭН

      С.СОЁМБО-ЭРДЭНЭ