Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 184/2018/02129/И |
Дугаар | 210/МА2021/00170 |
Огноо | 2021-01-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2021/00170
О.Зын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02871 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Зын хариуцагч Л.Ат холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө гаргуулах, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үндсэн, орон сууц худалдах, худалдан авах тухай 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: О.З нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ...2 өрөө орон сууцыг 80 000 000 төгрөгөөр Л.Аээс худалдан авч, орон сууц худалдан худалдан авах гэрээ байгуулсан. Орон сууцны төлбөр 80 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь болсон. О.З тухайн үед хүү М.Г зориулж орон сууцыг худалдан авсан бөгөөд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө төлөөд үлдсэн төлбөрийг нь ГБ ХХК-ийн 8 хувийн зээлээр төлж барагдуулсан. Хариуцагч тал нь хуучин нөхөр Мгийн бизнесийн хамтрагч байсан учраас түүний гуйлтаар орон сууцандаа түр байлгахыг зөвшөөрсөн. Байр суллаж өгөхийг шаардахад байрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүргэсэн. н.М“Монгол тур” ХХК гэдэг компанитай бөгөөд компани нь н.Б, н.А гэсэн 2 ажилтантай. О.З өөрөө ажилтай учир энэ компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8в байрны 71 тоот орон сууцыг Л.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбарт: Маргаан бүхий орон сууцыг О.З, түүний салсан нөхөр н.Мнар өмч өмчлөгч нарыг дүр үзүүлэн төөрөгдүүлж гэрээ хийж өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Манай нөхөр өөрийн өмнөх эхнэрийн ах н.Батжаргалаар дамжуулан 2013 онд “Монгол-Турс” ХХК-ийн захирал М, түүний эхнэр О.Зтай анх танилцсан. Тухайн үед н.Мнь Таван толгой нүүрсний уурхайд 13 машин нүүрсний тээвэрт явуулж байсан бөгөөд түлш болон ажилчдын цалингийн мөнгө хэрэгтэй болсон. н.Мманай нөхрийг өөрийнхөө компанид механикаар ажилд оруулж, 2 машины тээврийн ашгийг танайх аваарай гэж хэлээд байраа түр барьцаанд тавиад мөнгө зээлчих гэхээр нь манай нөхөр итгэн миний нэр дээрх орон сууцыг “Энх цэцүүн ББСБ” ХХК-д 23 000 000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг МТ ХХК-ийн дансанд хийсэн. Намайг “Монгол Typс” ХХК-д шатахуун тосны нярваар ажилд авсан. Ингээд “Энх цэцүүн” ББСБ ХХК-ийн зээлийг н.Мтөлж барагдуулсан. Түүнээс хойш итгээд хамтран ажиллаж байгаад 2013 оны намар М, н.Батжаргал нар хоорондоо маргаж компани 2 хуваагдаж н.М13 машинаа БНХАУ-руу хилээр гаргаад буцааж Монгол улсад оруулж ирж чадалгүй бид ажилгүй болсон. н.МБНХАУ руу яваад 6 шинэ машин захиалчихлаа бас чиргүүлийг нь хийлгэсэн гэсэн. Манай нөхөр 2 удаа хамт БНХАУ руу явсан бөгөөд очиход машины толгой захиалаагүй зөвхөн чиргүүл захиалах гэрээний дагуу чиргүүл хийсэн байхыг харсан байдаг. Анх машин авна гэсэн атлаа зөвхөн чиргүүлийн гэрээ хийсэн байсан. н.М машин чиргүүлийг авахад үлдэгдэл 45 000 000 төгрөг хэрэгтэй, өмнө нь 120 000 000 төгрөгийг төлсөн гэж ойлгуулсан. Манай байрыг барьцаанд түр тавиад мөнгө олоод өгчих машинаа оруулж ирээд 2 сарын дотор төлчихнө гэсэн. Тухайн үед Мгийн саналыг манай нөхөр зөвшөөрч, харин би зөвшөөрөөгүй. Дараа нь н.Мэхнэр О.Зын хамт гэрт ирсэн. О.З нь ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай хүүхдийн асрамжийн газар ажиллуулдаг гээд ажил хэрэгч эмэгтэй байсан. н.Мнь манай нөхөрт байрыг чинь ББСБ-д тавихаар 20 гаруй сая төгрөгийн зээл гарахаар байгаа тул банкны 8 хувийн зээлд оруулаад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын ГБ ХХК-ийн салбарын эрхлэгчтэй яриад тохирчихсон гэхээр нь нөхөр надад 8 хувийн зээлэнд хамруулах тухай огт хэлэлгүй зөвшөөрчихсөн байсан. Би өнөөдрийг хүртэл байрны өмчлөгч хэвээр байгаа ба зөвхөн барьцаанд байгаа гэсэн ойлголттой байсан. Манай нөхөр М, О.З хоёрыг найдвартай гарын үсэг зурчих гэж хэлсэн. 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр М, О.З нар Голомт банкин дээр дуудсан бөгөөд тэд миний нэр дээр Голомт банкинд данс нээчихсэн эхнэр нь энэ бичиг дээр гарын үсэг зурчихвал бидний ажил жигдэрнэ гэж хэлсэн. Би нөхөртөө болон тэд нарт итгээд гарын үсэг зурсан. Би данстай холбоотой гэрээ, карт хараагүй, мөнгө оруулж гаргасныг нь ч мэдээгүй. Дансыг тухайн Голомт банкны салбарын эрхлэгчийг таньдаг байсан тул хийлгэсэн байх. Миний бичиг баримт байхгүй байхад яагаад дансыг нээлгэчихсэн байсанд тухайн үед гайхаад үлдсэн. Дараа нь нотариат дээр очоод баахан олон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Би 1 хувийг авах уу гэхэд танд хэрэггүй гэхээр нь аваагүй, цаасуудыг нь уншаагүй. Харин тухайн үед байрны гэрчилгээний нэр солигдохгүй биздээ гэхэд М, О.З нэр солигдохгүй, байрны гэрчилгээ банканд хадгалдаг, мөнгөө төлж дуустал найдвартай гэхээр нь би итгэсэн. Түүнээс хойш Мгээс байрныхаа гэрчилгээний хуулбарыг аваад өгөөч гэхээр банкны нууцад байгаа болохоор гаргаж болохгүй гэдэг. Харин манай хүүхдүүд лавлагаа авахад хаягаараа гараад байсан болохоор хардах сэтгэл төрөөгүй. Мгээс байр банкнаас суллаж өг гэж шаардахад мөнгө хөөцөлдөж байна гэж хэлдэг. Манай байрыг 8 хувийн зээлэнд тавихын тулд мөнгө хүүлэгч нараас 30 хувийн мөнгө авч банканд байршуулсан гэсэн. Банкнаас хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Намайг байхгүйд банкны салбарын эрхлэгч танилаа ашиглан миний нэр дээр данс нээж, урьдчилгаа мөнгийг хийж улмаар 8 хувийн зээлийн санхүүжилтийг миний нэр дээр нээсэн данснаас бүх мөнгийг авч орон сууцны өмчлөх эрхийг О.Зийн өмчлөлд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, О.Гүндалайд ипотекийн зээл маягаар 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр орон сууцны зээлийн гэрээгээр шилжүүлсэн байна. О.Зын Л.Атэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Голомт банкнаас М, О.З нарын зээл авахаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Л.А орон сууцаа О.Зд зарсан бол өнөөдрийг хүртэл О.З гэрээнд заасан 80 000 000 төгрөгийг төлөөгүй. О.З нь орон сууц худалдан авахдаа урьдчилгаа өгсөн талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй. О.Зын салсан нөхөр болох н.Мнь банкнаас авсан мөнгөнөөс 10 гаруй сая төгрөгийг “Заяа мөнгө хэрэгтэй болоод авчихсан” гэж манай нөхөрт хэлсэн байдаг. О.З болон Голомт банкнаас би болон манай хүүхдүүд ямар ч мөнгө аваагүй. Бодит байдал дээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний нөхцөл хангагдаагүй. Харин М, О.З нарын эрхэлж байсан бизнесийг дэмжих зорилгоор БНХАУ-аас хүнд даацын автомашин ачуулж авч ирсэн гэж байгаа. М, О.З нар хүнд даацын ачааны чиргүүлд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болоод санхүүгийн үүсвэр хайж байсан. Ингээд н.МГБ ХХК-д таньдаг хүнээрээ ипотекийн зээл гаргуулж, 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж өөрсдөө урьдчилгааг нь төлөөд үлдсэн мөнгийг нь авахаар тохиролцсон. ГБ ХХК-нд 34 000 000 төгрөг, 46 000 000 төгрөгийг дансаар нь оруулаад хэн авсныг шалгаагүй. Гэрээ хийхэд н.Ахайхрамжгүй байдал болон нөхрийнх нь ятгалга нөлөөлсөн, нөхөртөө итгэсэн. 34 000 000 төгрөгийг О.З шилжүүлсэн гэдэг. Хэрэг бүртгэлийн шатанд 34 000 000 төгрөгийг хэн, хаанаас авч ирснийг би мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг. н.Мэнэ мөнгийг зарын дагуу өдрийн хүүтэй аваад буцаагаад өгсөн гэж ярьдаг. 46 000 000 төгрөгийг Л.А аваагүй, чиргүүлийн төлбөрт өгсөн талаар зөвшөөрдөг. Урт хугацаатай, хүү багатай зээл авах зорилгоор н.Бтай тохирсон. Харин хүүгээ орон сууцтай болгохоор авсан зүйл байхгүй. Зээлийг банк ямар ч судалгаагүйгээр олгосон бөгөөд банканд авсан гэрэл зураг, судалгаа хийсэн хурлын протокол байхгүй бөгөөд дүр үзүүлсэн хэлцэл гэдийг Цагдаагийн байгууллага тогтоосон. Байрыг 80 000 000 төгрөгөөр үнэлсэн зүйл огт байхгүй боловч гэрээний үнийн дүн 80 000 000 төгрөг гэдэгтэй маргахгүй. Нэхэмжлэгч уг байрыг Мгээс авах ёстой мөнгөндөө барьцаалаад байгаа гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ГБ ХХК-ийн хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8в байрны 71 тоот хаягт байршилтай орон сууц нь 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ГБ ХХК болон О.З М.Гнарын хооронд байгуулагдсан ЗГЗ100004869 тоот зээлийн гэрээ, 3100004869 тоот ипотекийн гэрээний барьцаанд байгаа бөгөөд нийт 46 000 000 төгрөгийн зээл авсан. Голомт банк нь ипотекийн зээлийн гэрээ байгуулахдаа үл эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрчилгээнд тусгагдсан мэдээллийг холбогдох хуулиудад заасны дагуу үнэн зөв гэж үзэн зээлийн гэрээг байгуулдаг. Голомт банктай зээлийн гэрээ байгуулахад маргаан бүхий эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдээс Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа, хууль бус гэж эсэргүүцсэн зүйл байгаагүй. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.7-д зааснаар гуравдагч этгээд Голомт банк маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч мөн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар маргаан бүхий эд хөрөнгийг өмчлөгч нь хэн ч болсон Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх нь хүчинтэй. Тухайн эд хөрөнгө эзэмшигчид барьцаагаар хангагдах үүрэг нь шилжинэ. Зээлийг гаргахдаа холбогдох судалгааг хийж гаргасан бөгөөд хариуцагчийг хүчээр дуудан ирүүлж гарын үсэг зуруулсан зүйд байхгүй. О.З, н.А нар хүсэлт өгч байсан. О.З 80 000 000 төгрөгөөр худалдаж авна гээд урьдчилгаа 34 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 46 000 000 төгрөгийг зээлээр авах хүсэлт өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлт байдаг бөгөөд уг хүсэлт, баримтыг үндэслээд зээлийг судалж олгосон. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн учир хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ГБ ХХК дахь 1170004507 тоот, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3100004785 дансыг нээсэн. Энэ данснуудад 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 34 000 000 төгрөгийг О.Зын 3100002874 тоот данснаас шилжүүлсэн баримтыг хэрэгт өгсөн. Үлдэгдэл 46 000 000 төгрөгийг бэлнээр авсан гүйлгээний баримт байгаа. Бэлнээр авсан мөнгийг банк тодруулах, шалгах шаардлагагүй. Хэн аваад цааш нь хэрхэн зарцуулахыг холбогдох хүмүүс нь шалгасан байх. Уг зээл нь хугацаа хэтрэлтэй болсон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж эвлэрүүлэн зуучлалд хандаж талуудын эвлэрлийг баталгаажуулах шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийн биелэлт хангагдаагүй учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байрыг 73 078 900 төгрөгөөр үнэлсэн. Банк өөрсдийн дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Л.А, 2 хүүхдийнхээ хамт өмчилдөг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8В байрны 71 тоотын орон сууцыг О.З, Мөнхтэмүүлэн нарын ятгалга, нөхөр н.Бы үгэнд итгээд зээлийн барьцаанд тавихаар зөвшөөрсөн. Байрыг барьцаанд тавиад зээл авах тухай л ярьж байсан бөгөөд нөхрийнхөө гуйлт, бас хамт ажиллаж байгаа захирал М, эхнэр гэх О.Зын хувийн байдал, эрхэлж байгаа ажил зэрэгт итгээд зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл О.З, н.Мнар банк болон урьдчилгаа мөнгө төлөх хүнтэй ярьж тохирчихоод гэрээгээ байгуулахдаа худалдах худалдан авах гэрээ байгуулсныг Л.А бүрэн ойлгож, уншилгүй гэрээнд гарын үсэг зурсан. Анхнаасаа итгэлийг далимдуулж өмчлөх эрхийг гэрээгээр халхавчлан хууль бусаар авах санаа зорилготой байсан гэж үзэхээр байна. О.З нь Мгийн хамт банканд урьдчилан төлөх 34 000 000 төгрөгийг өдрийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг хүнээс авч, 46 000 000 төгрөгийн зээлийг гаргуулан авахдаа урьдчилан төлсөн 34 000 000 төгрөгийн хамт 80 000 000 төгрөгийг өөрсдөө авсан талаар хэрэг эрүүгийн журмаар шалгагдах үед хүлээн зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3156 тоот “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолд бидний хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн. Хариуцагч Л.А нь орон сууцаа худалдах ямар ч хүсэл зориг байхгүй, тухайн үед ч байгаагүй. Уг орон сууц нь 80 000 000 төгрөгөөр үнэлэгдэх үнэ цэнэтэй биш зэрэг нөхцөл байдал нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна. Иймд О.З, Л.А нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй байна. О.З нь тухайн байрыг ипотекийн зээлийн гэрээгээр худалдаж аваад 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 08 дугаар сар хүртэл 10 800 000 төгрөгийг гэрээний дагуу төлбөрөө төлөөд явж байсан. Хүү н.Гүндалайд зориулж авсан байр тул Мд ямар ч хамаагүй. Зээлийн гэрээн дээр очиж гарын үсэг зурсан хүүдээ байр авч байгаа учраас цаашдаа өөрөө зээлийг төлж явах учраас хамт оролцоод явж байгаа. н.М2015 оны 01 дүгээр сард О.Заас салсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5819 тоот шүүхийн шийдвэр байдаг. Цагдаагийн газарт дандаа эсрэг мэдүүлэг өгдөг. н.Мөнхтулга, М, н.Б нарын хамтын бизнесдээ энэ байрыг зараад мөнгийг нь оруулсан гэж О.Зд хамаатуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. н.Мн.Б, н.А нарт өртэй юм шиг байна. Бизнесийн хамтрагчид болохоор О.Зын эсрэг мэдүүлэг өгсөн. 34 000 000 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад мөнгө хүүлэгчээс авсан гэж мэдүүлэг өгсөн. Хэрэв тийм бол гар бичмэл байх байсан. 34 000 000 төгрөг бол н.Гүндалай 1992 оноос хадгаламжтай бөгөөд 10 гаруй сая төгрөгийг энэ байрандаа оруулах гэж хадгаламжаа цуцалсан. Үлдсэн мөнгийг нь н.Мхүүдээ зориулж өгсөн. Ингээд 34 000 000 төгрөгийг бүрдүүлж энэ дансанд хийсэн. Хэрэв 34 000 000 төгрөгийг бүрдүүлж чадаагүй бол 46 000 000 төгрөгийн банкны барьцаа авах, байрыг авах сонирхол байхгүй байх байсан. Зээлийн зорилго нь О.З хүүдээ байр авч өгөх байсан гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч нар нь эвлэрлийн гэрээний үүргийг зөрчсөн учир 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 101/Ш32017/07846 дугаартай "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх болсон. Уг байрыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17261546/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17261546/02 дугаар тогтоолоор хураан авч, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4/18298 тоот мэдэгдлээр байрыг 73 078 900 төгрөгийн үнэлгээ тогтоож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа 34 000 000 төгрөгийг О.З шилжүүлсэн, үлдэгдэл 46 000 000 төгрөгийг банкны зээлээр авах тухай хэлцэлд 2 тал гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийг улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээс үзэхэд улсын бүртгэлд бүртгүүлсний дагуу банкны барьцаанд тавьсан байна. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болвол дараагийн процесс, гэрээ хүчин төгөлдөр бус болох эрсдэлтэй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Зын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Л.Аийн хууль бус эзэмшлээс ..., 2 өрөө орон сууцыг гаргуулан албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Аийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Зд холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Алтанчимэгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Зд олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Аээс 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “О.З нь урьдчилгаа 34 000 000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр худалдагч талд шилжүүлсэн, үлдэгдэл 46 000 000 төгрөгийг банкны зээлээр төлж барагдуулахаар тохирч нотариатаар баталгаажуулсан” гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч О.Зын нөхөр байсан Л.МЛ.Аийн хамтран амьдрагч Э.Батчулуун нар нь Л.Ат тухайн орон сууцыг О.З, Л.Мнар тодорхой хугацаагаар барьцаалуулж өөрсдийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулаад ашиг хүртээнэ гэж ойлгуулсан. Урьдчилгаа гэх 34 000 000 төгрөгийг О.З гаргаагүй бөгөөд “өдрийн хүүтэй” мөнгө хүүлэгчээс түр хугацаагаар авч банканд байршуулан дүр эсгэж банкнаас зээлийн шийдвэр гармагц 34 000 000 төгрөгийг хүүтэй нь буцааж мөнгө хүүлэгчид төлсөн тул Л.А 34 000 000 төгрөгийг хүлээн аваагүй болохыг эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулан гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнээс Л.Аийг дээрх зээлийн харилцаанд зөвхөн түүний нэр, гарын үсгийг ашиглах байдлаар оролцуулж байснаас түүний хүсэл зоригийг огт харгалзаагүй, зээлийн бодит байдлын талаар үнэн зөв ойлголт өгөөгүй, орон сууцаа барьцаалуулж байна гэсэн итгэл үнэмшил төрүүлэх замаар дүр үзүүлсэн хэлцэл хийсэн нь гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Зээлийн гэрээг хийх үед 34 000 000 төгрөгийг хүлээлцсэн мэтээр шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нотариатч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөвхөн О.Зын тайлбараар “мөнгийг” тухайн үед хүлээлцсэн мэтээр гэрчилсэн нь хууль зөрчсөн. Энэ талаар нотариатч эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн авсан гэрч нарын мэдүүлгийг үнэлэлгүй хэргийг хэт нэхэмжлэгч талын эрх ашигт нийцүүлэх гэсэн оролдлого гэж үзэхэд хүргэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Прокурорын байгууллагаас тогтоосон “О.З, Л.Аг нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ” нь дүр эсгэж хийсэн хэлцлийн талаарх дүгнэлтийг хэрхэн няцаасан нь маш ойлгомжгүй байна. Өдрийн зээлдэгч нараас хүүтэй мөнгө авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж шүүх илт худал тайлбар гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны дагуу хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэн авсан гэрч нарын мэдүүлэг, тайлбарыг шүүх ямар учраас нотлох баримт биш гэж үзсэн, гэрчийн мэдүүлэг нь хууль зөрчиж авагдсан эсэх талаар тайлбарлаагүй хэт өнгөц, хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэхээс зайлхийсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна. 80 000 000 төгрөгийг хариуцагч Л.А авсан эсэх нь маргаанд хамаагүй гэж дүгнэхдээ сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, нэхэмжпэлийн шаардлагын агуулгад зөв дүгнэлт хийж чадаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн эсэхэд шүүх сөрөг нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийх ёстой атал зөвхөн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэсэн хэт ерөнхий дүгнэлтийг хийсэн. Мөн прокурорын тогтоолын үндэслэлийг иш татсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимтай зөрчилдөж байна. О.З нь “34 000 000 төгрөгийг Л.Мнь өөрөө зохицуулсан би мэдэхгүй, 46 000 000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй” гэсэн тайлбарыг мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн байгааг анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр О.З урьдчилгаа 34 000 000 төгрөгийг төлсөн мэтээр дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай илэрхий зөрүүтэй дүгнэлт болсон. Мөн гэрч Л.Мгийн Л.А 80 000 000 төгрөгөөс мөнгө аваагүй бид БНХАУ-руу өөрсдийн бизнестээ ашиглахаар шилжүүлсэн талаар шилжүүлгийг хавсаргасан. Тухайн үед О.З, Л.Мнар нь хууль ёсны гэр бүл байсан бөгөөд нэгдмэл эрх ашиг сонирхолтой байсан нь тогтоогдсоор байхад хариуцагчийн эрх ашгийг зориуд дордуулсанд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээний зүйл болох орон сууц нь тухайн үеийн ханшаар болон одоогийн ханшаар 80 000 000 төгрөгийн үнэлгээнд хүрэхгүй биет байдлын илэрхий доголдолтой, худалдагч бодит байдал дээр худалдсан зүйлийнхээ үнийг төлүүлж аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдож гэрээ хэрэгжээгүй болохыг давхар нотолсон. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч О.Зын бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.А эс зөвшөөрч 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Шүүх хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой байж болох зарим ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгээгүй байна.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий орон сууцыг Л.Аээс хүү М.Гүндалайд худалдан авч өгсөн, урьдчилгаа 34 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 46 000 000 төгрөгийг Голомт банкны 8 хувийн зээлээр бүрэн төлж барагдуулсан” гэж тайлбарласан.
Хэрэгт зохигчид Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8в байр, 71 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 80 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч О.З байрны урьдчилгаанд 34 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 46 000 000 төгрөг М.Гийн хамт ГБ ХХК-аас жилийн 8 хувийн хүүтэй зээлдэн авч, хариуцагч Л.Аийн дансанд шилжүүлсэн тухай баримтууд, мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч О.З нь 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх ба нэхэмжлэгч дээрх баримтуудыг шаардлагын үндэслэлээ болгосон байна. /1хх3-4, 6-8/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй. О.З түүний нөхөр Л.Мнар миний орон сууцыг тодорхой хугацаагаар барьцаанд тавьж өөрсдийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулаад ашиг өгнө гэж ойлгуулан гэрээнд гарын үсэг зуруулсан, уг хэлцэл нь анхнаасаа дүр үзүүлсэн хэлцэл байсан. О.З болон Голомт банкнаас мөнгө аваагүй ..,” гэж тайлбарлажээ.
Уг асуудлаар хариуцагч гомдол гаргаснаар Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ. /1хх88-91/ Шүүх хариуцагчийн хүсэлтээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудыг татан авч хэрэгт хавсаргасан атлаа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дах хэсэгт “Зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно” гэж заасан байхад шүүх Л.М, М.Гнарыг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтийг “... гэрчээр мэдүүлэг өгөхийг өөрсдөө зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй ... ” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт нийцээгүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т “Иргэн данс нээлгэхийн тулд өргөдөл, мөнгөн хөрөнгө захиран зарцуулах тухай мэдүүлэг, төлбөр тооцооны баримтад зурах гарын үсгийн маяг зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ”, 3-т “банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд баримт бичгийг хянан үзээд 10 хоногийн дотор данс нээх буюу баримт бичгүүд эргэлзээтэй бол данс нээхээс татгалзах эрхтэй” гэж заасан.
Хариуцагчийн “Л.М, О.З нар банкин дээр очиход миний нэр дээр аль хэдийн данс нээчихсэн байсан. Миний бичиг баримт байхгүй байхад данс нээсэнд гайхсан” гэх”, ГБ ХХК надад мэдэгдэлгүй миний нэр дээр данс нээж 34 000 000 төгрөг, 46 000 000 төгрөг дансаар оруулж, гаргасан” гэх тайлбар болон хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч өөрийн нэр дээр данс нээлгэхээр зохих журмын дагуу хүсэлт гаргасан эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. /1хх16-17/
Түүнчлэн хэргийн 2 дугаар хавтасны 33-37 дугаар талд Хятад, Англи хэл дээр баримт авагдсан байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02871 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.МӨНХЗУЛ