Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00212

 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00212

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         Б.Гын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Гын хариуцагч ГЕГ ТБАГУТҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 672 846 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Г нь Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0718 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 99 тоот тогтоолоор Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Гыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 2 974 762 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч нь одоог хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Б.Г нь хууль бус тушаалыг эс зөвшөөрч 225 хоногийн хугацаанд ажилгүй байсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын нэг өдрийн дундаж цалин 56 323 төгрөг, үүнээс ажилгүй байсан хугацааны нийт цалин 12 672 846 төгрөг болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 12 672 846 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газраар нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Б.Г нь Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан үүргийг гүйцэтгэж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон байдаг. Б.Г нь Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар тодорхой хугацаанд ажиллаж байгаад албан ажлаа орхиж Улаанбаатар хотод ирсэн.  Энэ хугацаандаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандаж Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хууль бусд тооцуулан, хүчингүй болгуулахаар хандсан. Тэрээр Дорнод аймаг дахь гаалийн газарт ажиллаж байхдаа ажлаа орхин байгууллагын удирдлагаас шаардсан ажлаа хийхгүй байхад нөлөөлсөн хүчин зүйл байхгүй атал өөрөө сайн дураараа албан үүргээ гүйцэтгээгүй орхисон атлаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 тоот тушаал хүчингүй болсон бөгөөд энэ цаг хугацаанаас хойш Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт өмнө эрхэлж байсан албан тушаалынхаа албан үүргийг одоог хүртэл хийж гүйцэтгэхгүй, ажилдаа очихгүй байгаа атлаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан ГЕГ ТБАГУТҮГ-аас 140 446.3 төгрөгийг гаргуулж Б.Гад олгож, Б.Гын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 532 399.7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг ГЕГ ТБАГУТҮГ-ын удирдлагад үүрэг болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 716 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4 863.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 12 532 399  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймаг дахь Гаалийн газарт улсын ахлах байцаагчаар ажилласан бөгөөд хариуцагчийн хууль бус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх уг захиргааны актыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь нэхэмжлэгчийг Дорнод аймаг дахь Гаалийн газарт улсын ахлах байцаагчаар ажиллах шаардлагагүй гэдгийг дүгнэсэн шийдвэр байх ба анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсийг гаргуулахыг нэхэмжилж байгаа нь түүнийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх цалин хөлс гаргуулах хууль зүйн үндэслэлийг өөрчлөн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байх ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймаг дахь Гаалийн газарт Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилсон учраас нэхэмжлэгч нь үргэлжлүүлэн Дорнод аймаг дахь Гаалийн газарт ажиллах шаардлагагүй гэж үзсэн болно. Уг нөхцөл байдлын талаар шүүх хуралдаан завсарлахаас өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмж тодруулан тайлбарлах гэсэн боловч нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдааныг шууд завсарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 532 399.7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч ГЕГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12 672 846 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/264 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Гыг Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх ба тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0718 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийг Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 974 762 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. Уг шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 99 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан журмын дагуу биелэгдээгүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5966 дугаар захирамж гарч, 0341 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн талаар баримтууд хэргийн 38-42 дугаар талд авагджээ.

 Хариуцагч нь “нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын ажлаа одоог хүртэл хийж гүйцэтгэхгүй, ажилдаа очихгүй байгаа” гэж тайлбарлах боловч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар зохих журмын дагуу ажиллагаа хийгээгүй, татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын ажлаас чөлөөлж, Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон хариуцагч Гаалийн Ерөнхий газрын даргын Б/264 дугаар тушаалыг хүчингүй болгосон байхад шүүх “хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, харин өөр ажилд буруу шилжүүлсний улмаас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тул урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор бус харин бага цалинтай ажилд шилжүүлснээс үүссэн цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулна” гэж дүгнэсэн нь буруу.

Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг эрхэлсэн ажилгүй байж цалин хөлсөөрөө хохирсон байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс гарсан үр дагаврыг ажил олгогч байгууллага хариуцах үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан. 

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг хэргийн 50 дугаар тал дахь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын цалингийн картад бичигдсэн түүний тогтмол авч байсан 2019 оны 3-5 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцон нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцон олгох үндэслэлтэй. Нэхэмжлэгч уг олговорт 12 672 846 төгрөг нэхэмжилсэн байх тул энэ дүнгээр тооцоолон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар хариуцагч нь дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж,  дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч ГЕГ ТБАГУТҮГ-аас 12 672 846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, 3 дах заалтын “4 863.4” гэснийг “217 715” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

   

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                        А.МӨНХЗУЛ