Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00767

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 18 001/ХТ2021/00767

 

 

 

Б.Ганбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалтай,

 

Б.Ганбатын нэхэмжлэлтэй,

Гаалийн Ерөнхий газар ТБАГУТҮГ-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны олговор 12,672,846 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганбат миний бие Гаалийн ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан ба Гаалийн ерөнхий газрын даргын 2019.05.24-ний өдрийн Б/264 дүгээр тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон болно. Би дээрх тушаалыг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан ба ... Гаалийн ерөнхий газрын даргын 2019.05.24-ний өдрийн Б/264 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ганбатыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019.08.05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин 2,974,762 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж, ...улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь одоог хүртэл дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлээгүй бөгөөд хууль бус тушаалаа хүчингүй болгож, намайг зохих ёсоор ажилд томилохгүй, мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохгүй байгаа нь миний эрхийг ноцтой зөрчихөд хүргээд байна. Б.Ганбат миний бие 225 хоногийн хугацаанд хууль бус тушаалыг эс зөвшөөрсний улмаас ажилгүй байсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын нэг өдрийн дундаж цалин 56,323 төгрөг ба үүнээс ажилгүй байсан хугацааны нийт цалин 12,672,846 төгрөг болсон болно. Иймд холбогдох хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин 2019.10.23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 12,672,846 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газраар нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ганбат нь Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан үүргийг гүйцэтгэж байгаад Гаалийн ерөнхий газрын даргын 2019.05.24-ний өдрийн Б/264 тоот тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон байдаг. Уг тушаалыг гаалийн улсын байцаагч буюу төрийн тусгай албан хаагч биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу Б.Ганбат нь Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар тодорхой хугацаанд ажиллаж байгаад албан ажлаа орхин Улаанбаатар хотод ирсэн байдаг. Энэ хугацаандаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандаж Гаалийн ерөнхий газрын даргын 2019.05.04-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хууль бусад тооцуулан, хүчингүй болгуулахаар хандсан болно. Дээрх үйл баримт захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдсэн боловч Б.Ганбат нь Дорнод аймаг дахь гаалийн газарт ажиллаж байхдаа ажлаа орхин байгууллагын удирдлагаас шаардсан, ажлаа хийхгүй байхад нөлөөлсөн хүчин зүйл байхгүй атал өөрөө сайн дураараа албан үүргээ гүйцэтгээгүй орхисон хирнээ ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмж нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019.05.24-ний өдрийн Б/264 тоот тушаал хүчингүй болсон бөгөөд энэ цаг хугацаанаас хойш Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт өмнө эрхэлж байсан албан тушаалынхаа албан үүргийг одоог хүртэл хийж гүйцэтгэхгүй, ажилдаа очихгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Гаалийн Ерөнхий газар ТБАГУТҮГ-аас 140,446.3 төгрөгийг гаргуулж Б.Ганбатад олгож, Б.Ганбатын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,532,399.7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Ганбатын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Гаалийн Ерөнхий газар ТБАГУТҮГ-ын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,863.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Гаалийн Ерөнхий газар ТБАГУТҮГ-аас 12,672,846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ганбатад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж, 3 дахь заалтын 4,863.4 гэснийг 217,715 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тамираа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дээрх шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд иинхүү шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж, түүндээ дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Б.Ганбат нь Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын албан үүргийг гүйцэтгэж байгаад ГЕГ-ын даргын 2019.05.24-ний өдрийн Б/264 тоот тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдсон байдаг. Уг тушаалыг гаалийн улсын байцаагч буюу төрийн тусгай албан хаагч биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу Б.Ганбат нь Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар тодорхой хугацаанд ажиллаж байгаад албан ажлаа орхин Улаанбаатар хотод ирсэн байдаг.

Энэ хугацаандаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандаж ГЕГ-ын даргын 2019.05.24-ний өдрийн Б/264 тоот тушаалыг хууль бусад тооцуулан, хүчингүй болгуулахаар хандсан болно.

Дээрх үйл баримт захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдсэн боловч Б.Ганбат нь Дорнод аймаг дахь гаалийн газарт ажиллаж байхдаа ажлаа орхин Улаанбаатар хотод ирсэн бөгөөд түүнийг албан үүрэгт ажлаа орхихыг Гаалийн байгууллагын удирдлагаас шаардсан, ажлаа хийхгүй байхад нөлөөлсөн хүчин зүйл байхгүй атал өөрөө сайн дураараа албан үүргээ гүйцэтгээгүй орхисон хирнээ ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмж нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болж, ГЕГ-ын даргын 2019.05.24-ний өдрийн Б/264 тоот тушаал хүчингүй болсон бөгөөд энэ цаг хугацаанаас хойш Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт өмнө эрхэлж байсан албан тушаалынхаа албан үүргийг одоог хүртэл хийж гүйцэтгэхгүй, ажилдаа очихгүй байгаа болно.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх хэсэгт ...батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох... гэж заасан байдаг.

Гаалийн байгууллага нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тул Гаалийн ерөнхий газрын дарга тухайн жилд батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан ажилчдын цалин хөлсийг тогтоон томилдог.

Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн ажил, хөдөлмөр эрхэлснийхээ төлөө улсаас цалин хөлс авдаг билээ.

Харин Б.Ганбат нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд Монгол Улсад аливаа ажил хөдөлмөр эрхлэлгүй, эрх нь зөрчигдсөн нэрээр Гаалийн ерөнхий газрыг буруутган Төрийг хохироож ямар нэгэн ажил эрхлээгүй, хөдөлмөрлөөгүй байж ажилгүй байсан хугацааны цалин буюу дээрх нийт хугацааны цалинг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.22-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 212 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.14-ний өдрийн 181/ШШ2020/02918 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Гаалийн ерөнхий газрын даргын 2019.5.24-ний өдрийн Б/264 тоот тушаалаар Б.Ганбатыг Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Дорнод аймаг дахь гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон, уг тушаалыг Б.Ганбат эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.23-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,974,762 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.26-ны өдрийн 17 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020.3.27-ны өдрийн 99 дугаар тогтоолоор хянаж хэвээр үлдээсэн байх боловч хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ганбат нь Гаалийн ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан, 2019.10.23-ны өдрөөс 2020.9.14-ний өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,672,846 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 140,446.3 төгрөгийг гаргуулж Б.Ганбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,532,399.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2019.10.23-ны өдрөөс 2020.9.14-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 12,672,846 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэж, ...нэхэмжлэгч бага цалинтай ажлыг хийгээгүй буюу шилжүүлэн томилсон ажлыг гүйцэтгээгүй явдал нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг бүхэлд нь түүнд олгох үндэс болохгүй, цалин хөлсийг хийсэн хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгох Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан зохицуулалт энд үйлчлэх тул ...2 ажлын байрны цалингийн зөрүүгээс тооцож асуудлыг шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцнэ гэж дүгнэн, хариуцагчаас 140,446.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганбатад олгосон нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зааснаар 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ