Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00211

 

        Ж.Бы нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03045 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Бы хариуцагч АИХХК-д холбогдуулан гаргасан хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасны дагуу гомдол гаргасан. Ж.Б нь АИХХК-д сайн ажиллаж байсан. Гэтэл гэнэт ажлаас нь хууль бусаар халсан. Хариуцагч компани Ж.Бд 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр цалинтай чөлөө өгчихөөд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халсан. Ингэхдээ ажлаас халсан тэтгэмж олгоогүй. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн шүүхэд хандсан боловч харъяаллын дагуу өөр шүүх рүү шилжүүлсэн. Хэрэг шилжиж ирснээс хойш шүүх хуралдаан 10 удаа хойшилсон. Шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Иймд хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хэлэлцэж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ингэхдээ харилцан тохиролцож гэрээ байгуулж тодорхой хэмжээний тэтгэмж олгосон. Шүүх хэргийн харъяалал зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Мөн Хөдөлмөрийн маргаан таслах комисс гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Ажил олгогч хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч түүнийг хүлээн зөвшөөрсөн нь тушаалд тусгагдсан. Нэхэмжлэгч харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон атлаа 23 сарын тэтгэмж авах ёстой гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалыг эс зөвшөөрсөн бол 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд тушаал гаргаснаас хойш 6 сарын дараа маргаан таслах комисст хандаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 10 дугаар зүйлд заасан хугацаанд гомдол гаргаагүй. Хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар АИХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэгч Ж.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироож үндэслэлгүйгээр ажлаас халж, зохих тэтгэмжийг олгоогүй. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 1 сарын цалинтай чөлөө олгосон атлаа 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халж хуулийг ноцтойгоор зөрчсөн байна. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШТ2020/00282 дугаар тогтоолоор маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хэлэлцүүлж дараа нь шүүхэд хандахыг зааснаар АИХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргасан. Тус комиссийн шийдвэр хууль зөрчиж гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасны дагуу АИХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч АИХХК-д холбогдуулан хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх “нэхэмжлэгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 6 сарын дараа Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч АИХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Быг байгууллагын шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны өөрчлөлтөөр эрсдэлийн шинжээчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр үүрэг ажлаас нь чөлөөлжээ. /хх7/

Анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “ажилд эгүүлэн тогтоолгох”, “тэтгэмж 115 000 000 төгрөг гаргуулна” гэж 2 өөрөөр тайлбарлаж байх тул уг шаардлагыг тодруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн анх Орхон аймаг дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ажилд эгүүлэн тогтоолгох эсхүл тэтгэмж гаргуулах шаардлагын алин байсан, уг шаардлагыг хэзээ гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн эсэх нь хэрэгт ач холбогдолтой байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05845 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Бы хариуцагч АИХХК-аас тэтгэмжийн зөрүү 115 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх42-43/

Хэрэв нэхэмжлэгч нь тэтгэмж гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.2 дах хэсэгт заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгөх журамтай. Энэ талаарх баримт хэрэгт бүрэн авагдаагүй байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан үндэслэлээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

                                     

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

      ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                 А.МӨНХЗУЛ