Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/03045

 

 

 

 

 

 

 

 

 

                         2020         11             09                                                   

              183/ШШ2020/03045

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн 000 сум, 000 баг, 000 тоотод оршин суух Ж.Б/РД:0000/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Стадион оргил-0, Кэй би тауэр, 00 дүгээр давхарт байрлах А ХХК /РД:0000/-д холбогдох,

 

хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг давж заалдаж хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О, хариуцагчийн төлөөлөгч Г.З, түүний өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1, 128.1.1-д Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргаж болно гэж тодорхой заасан байдаг, түүний дагуу гомдол гаргасан. А ХХК-д миний үйлчлүүлэгч Ж.Б сайн ажиллаж байсан, гэтэл нэг өдөр гэнэт ажлаас хууль бусаар халсан. Энэ үйл явдал 2020.01.30-ны өдөр болсон явдал, тухайн үед миний үйлчлүүлэгч цалинтай чөлөө авсан байхад эзгүйд нь тушаал гаргаж ажлаас халсан. Хариуцагч компани хууль бусаар ажлаас халаад зогсохгүй ажлаас халсан тэтгэмж олгоогүй байдаг. Ингээд шүүхэд 2020.01.31-ний өдөр Орхон аймгийн шүүхэд хандсан боловч харьяаллын дагуу тус дүүргийн шүүхэд шилжин ирсэн. Хэрэг шилжин ирснээс хойш 10 гаруй удаа шүүх хурал хойшилсон. Мөн хариуцагч компани 2020.01.09-нд цалинтай чөлөө өгчихөөд 2020.01.20-ний өдөр ажлаас халсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх явцад хариуцагч арга саам хайж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулан 10 сар болж байна. Энэ шүүхээс 2020.06.11-ний өдөр гарсан тогтоолоор хөдөлмөрийн маргаан таслан шийдвэрлэх комиссоор хэлэлцүүл гэсэн. Би нэхэмжлэгчийг төлөөлж давж заалдах гомдол гаргаж 3 сар явж байна. Давж заалдах гомдлын шаардлага нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хэлэлцэх боломж олгохыг хүссэн гэв.  

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа:  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар тодорхойгүй байж байгаад өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой илэрхийлж өглөө. Нэхэмжлэгчийн хувьд 2020.01.20-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж харилцан тохиролцож гэрээ байгуулж ажлаас тодорхой хэмжээний тэтгэмж олгож 2020.01.20-ний өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Ингээд 2020.01.30-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг хэргийн харьяалал зөрчсөн байна гэж хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн нэхэмжлэгч тал хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж түүнийг хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч талаас хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр нь хуулийн дагуу хүчинтэй гэж байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2020.07.17-ны өдрийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий гомдол байдаг. Уг комисст нэхэмжлэгч гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь А ХХК-д ажиллаж байсан, 2020.01.20-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлд зааснаар нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Ажил олгогчоос хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч түүнийг хүлээн зөвшөөрсөн нь тушаалд дурдагдсан. Харин харилцан тохиролцож дуусгавар болгох гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон атлаа түүнийг эс зөвшөөрч 23 сарын тэтгэмж авах ёстой гэсэн агуулгатай нэхэмжлэлийг Орхон аймгийн шүүхэд гаргасан. Маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлд хөдөлмөрийн маргаанд гомдол гаргах хугацааг тодорхой заасан байдаг. Үүнд эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор маргаан таслах комисст эсхүл шүүхэд хандана гэж заасан. Аливаа хөдөлмөрийн маргаанд нэг сар эсхүл гурван сарын хугацаанд холбогдох байгууллагад хандана гэсэн хуулийн заалт байдаг. Нэхэмжлэгч үнэхээр 2020.01.20-ний өдрийн тушаалыг эс зөвшөөрсөн бол 2020.04.20-ний өдрийн дотор маргаан таслах комисст гомдол гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд ташаал гаргаснаас хойш 6 сарын дараа маргаан таслах комисст хандаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн Засгийн газрын 1999 оны 0000 тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэмд эрх зөрчигдсөн ажилтан ямар хугацаанд гомдол гаргах, ямар байдлаар шийдвэр гаргах гэх мэт бүх процесс ажиллагааг хуульчилж өгсөн. Уг дүрмийн 10-р зүйлд заасан хугацаанд гомдол гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд дээр дурдсан хугацаанд гомдол гаргаагүй учир маргаан таслах комисс хугацаа хэтрүүлсэн учир хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн. Мөн Дээд шүүхийн тайлбараар хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэсэн байдаг. Тийм учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх нэхэмжлэгч Ж.Б-ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

  Нэхэмжлэгч нь ажил олгогч А ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж, уг шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргажээ.

 

  Тэрээр нэхэмжлэлдээ “...үндсэн шаардлагыг өөрчилнө” гэж дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэхэмжлэлд дурдсанчлан ямар хэргийг ердийн журмаар хэлэлцэхийг болон холбогдох баримтуудыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч баримтууд нэмж өгөөгүй, харин А ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг хүчингүй болгохыг шаардсан болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.1-д хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдол бүхий маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байна.

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б нь А ХХК-ийн үйлдвэрийн эрсдэлийн шинжээчээр ажиллаж байсан байх бөгөөд  А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.20-ний өдрийн 0000 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар А ХХК-ийн шинэчлэн батлагдсан бүтэц, орон тооны өөрчлөлтөөр Эрсдэлийн шинжээчийн ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр Ж.Баярсайханыг 2020.01.31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  байна.

 

Дээрх тушаалын 2 дахь заалтад Ж.Б-д нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болон ажилласан хугацааны ээлжийн амралтыг тооцож олгохыг Санхүүгийн албаны даргад зөвшөөрсөн байх бөгөөд нэхэмжлэгч Ж.Б нь тушаалын 2 дахь заалтыг эс зөвшөөрч тэтгэмжийн зөрүү 115,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг А ХХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж дүгнэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон 2020.04.24-ний өдрийн 0000 дугаар шүүгчийн захирамж, уг захирамжийг нэхэмжлэгчийн гомдлын дагуу хянаж хэвээр үлдээсэн  тус шүүхийн 2020.06.11-ний өдрийн 00283 дугаар шүүхийн тогтоол тус тус гарсан, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1-д шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

Ж.Б А ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдолдоо “...дээрх тушаалын 2 дахь заалтад 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон нь Монгол Улсын Геологи, Уул уурхайн хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2019-2020 оны хамтын /тариф/-ын хэлэлцээрийн 5.17-д заасан заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 23 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нөхөн олгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэх”-ийг хүссэн байна.

 

 А ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2020.07.17-ны өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 10 дугаар зүйлд “ажилтан нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааны талаар зохих үндэслэл бүхий өргөдлөө хууль тогтоомжид заасан хугацаанд комисст гаргана” гэж заасан, өргөдөл гаргасан Ж.Баярсайханы хувьд А ХХК-д ажиллаж байгаад  тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.01.20-ний өдрийн 00 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 6 сарын дараа  Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан нь комиссын дүрэмд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзээд гомдлыг хүлээн авч хэлэлцэх үндэслэлгүй” гэж шийдвэрлэжээ.

 

А ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 000 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг үндэслэсэн, энэ шийдвэрийг  хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэлийн үндэслэл болон  шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзлээ.

 

 А ХХК, Ж.Б нар хоорондоо харилцан тохиролцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.01.31-ний өдрөөр дуусгавар болгож,  ажлаас халагдсаны тэтгэмжийг 1 сарын дундаж цалин хөлсөөр тооцож олгохоор, ажилтны хувийн амьдралаа зохицуулах шаардлагыг харгалзан 2020.01.09-ний өдрөөс 2020.01.31-нийг дуустал цалинтай чөлөөг  ажил олгогчоос олгож, энэ хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөөр тохирч Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээг 2020.01.08-ны өдөр байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан заалтад нийцсэн байна.

 

Дээрх гэрээний дагуу А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.09-ний өдрийн 000 тоот Чөлөө олгох тухай тушаалаар үйлдвэрийн эрсдэлийн шинжээч Ж.Баярсайханы хүсэлтийг үндэслэн 2020.01.09-ний өдрөөс 2020.01.31-ний өдрийг дуустал цалинтай чөлөө олгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “чөлөө олгочихоод ажлаас чөлөөлсөн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн ирүүлсэн А ХХК-ийн захирлын 2019.01.11-ний өдрийн 000 тушаал, Монгол-Америкийн хамтарсан Э ХХК-ийн тодорхойлолт гэх 2 хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх хэсэгт зааснаар А ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2020.07.17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч Ж.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

 

         3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ