Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00255

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00255

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Н.Дгийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02602 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Дгийн хариуцагч ММТТХХ ТББ, УХ ХХК, Ц.Б, Б.Снарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ц.Б, Б.Снарт даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч ММТТХХ ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, өмгөөлөгч Ч.Удаанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ..6004 тоот 40 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай захиалах гэрээг Б.СММТТХХ ТББ-тай байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 200 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 51 200 000 төгрөгийг гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан боловч өнөөдрийг хүртэл үйлчилгээний талбайг өмчлөлдөө шилжүүлж аваагүй байна. Иймд ..6004 тоот 40.09 м.кв үйлчилгээний талбайн хууль ёсны өмчлөгчөөр Н.Дг тогтоож өгнө үү.

Н.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай захиалгын гэрээгээр 6004 тоот 40 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалан, Б.СММТТХХ ТББ, УХ ХХК-тай 01/05 дугаартай гэрээг тус тус байгуулсан. Ингээд уг талбай дээр кофе шоп ажиллуулж байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан чөлөөлүүлсэн. УХ ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан шалтгаан нь барьцаанд тавьсан байсан юм. Шүүхэд маргаан хянагдаж байх хугацаанд маргаан бүхий 6004 тоот үл хөдлөх эд хөрөнгийг ЖЭБ ББСБсанаатайгаар өөрийн танил Ц.Бархасбадьхүүгийн төрсөн эгч Ц.Бгийн нэр дээр шилжүүлсэн. Ц.Б арилжааны гэрээнд ямар ч хамааралгүй, цаана нь Ц.Бархасбадьхүү байгаа. Ц.Бархасбадьхүү нь “Жи Эс Би ББСБ” ХХК-тай хамтын харилцаатай байдаг. Уг маргаан шүүх дээр явж байсан, 6004 тоотын ашиглалтын зардлыг Н.Д төлдөг, Н.Дгийн өмч гэдгийг маш сайн мэддэг атлаа Ц.Б рүү шилжүүлсэн нь хуулийн байгууллагыг үгүйсгэсэн, санаатай үйлдэл гэж ойлгож байна. Иймд 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Бд даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч ММТТХХ ТББ-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Н.Д нь манай байгууллагатай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 дугаартай талбай урьдчилан захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний 3.1.5 дахь хэсэгт заасны дагуу өмчлөгч УХ ХХК-тай гэрээгээ баталгаажуулан, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01/05 дугаартай гэрээг шинэчлэн дахин байгуулсан. Н.Дтай манай байгууллага урьдчилсан талбай захиалгын гэрээг өмчлөгчийн өмнөөс, зөвшөөрлийнх нь дагуу байгуулж, улмаар өрөөний зохион байгуулалт, хуваалт зэрэг бүх зүйл тодорхой болсны дараа өмчлөгч УХ ХХК-тай шинэчлэн гэрээ байгуулсан байдаг тул УХ ХХК-аас шаардах ёстой гэжээ. 

Хариуцагч УХ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их тойруу гудамж, Алтайн 1-19, 21, 21Б тоот газарт иргэн Р.Сарантуяа, УХ ХХК, ММТТХХ ТББ-ын хамтран байгуулсан гурван талт хамтран ажиллах гэрээний дагуу талууд өөрт ногдох талбай болон бусад зохих эрх, үүргүүдийг хуваарилсан. Манай компани 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас албан ёсоор авч ажлаа эхлүүлж,  2017 оны 01 дүгээр сард барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулсан. Уг гэрээний дагуу манай компани тус барилгын 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 давхруудыг захиран зарцуулж бусдад худалдсан. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ММТТХХ ТББ-ыг төлөөлж Ж.Болор-Эрдэнэ, иргэн Н.Дтай “Талбайн урьдчилсан захиалгын” 15 тоот гэрээг байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Гурван талт ерөнхий гэрээ байгуулагдаагүй, барилга барих эсэх, уг гэрээгээр талууд аль талбайг өмчлөх эсэх нь тодорхойгүй байсан.  Ж.Болор-Эрдэнэ нь ММТТХХ ТББ-ын гүйцэтгэх захирал бөгөөд гүйцэтгэх захирлаар маш олон гарын үсэг зурсан бөгөөд зурсан гарын үсгүүд нь өөрийнх нь биш болохоо өөрөө ч шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ММТТХХ ТББ-ын тэргүүн Н.Батцэрэн нь өөрийн эх нэгтэй төрсөн дүү болох Н.Дд банкны зээлээр талбай авч өгнө, талбай захиалгын гэрээ хийгээд өгөөч, зөвхөн арилжааны банкинд үзүүлнэ гээд гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу манай компанид ямар ч төлбөр төлөөгүй. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний арын хуудсанд байгаа худалдан авагчийг төлөөлж зурсан гарын үсэг нь Н.Дгийн гарын үсэг биш болох нь өмнөх гэрээ болон бусад шинээр нөхөн бүрдүүлж хавсаргасан бүх материалаас харагддаг.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Хариуцагч Ц.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Ц.Б энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш. Маргаан бүхий 6004 тоот өрөөг зарын дагуу өмчлөгч “Жи Эс Би ББСБ” ХХК-аас арилжааны гэрээгээр худалдан авсан. Уг талбай нь тухайн үед “Жи Эс Би ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, хууль ёсны өмчлөгч нь байсан. 6004 тоот өрөөний дотор ямарваа нэгэн эд хогшил, өмч хөрөнгө байгаагүй, үйл ажиллагаа явуулаагүй хоосон өрөөг худалдан авсан. Ц.Б нэхэмжлэгч Н.Дгийн өмчлөх эрхийг зөрчөөгүй, хууль ёсны өмчлөгч байгууллагаас нь худалдаж авсан. Уг өрөөг хоолны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулах зорилгоор худалдан авсан боловч 6 дугаар давхарт 6001, 6002, 6005 тоотод ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэд хоолны газар ажиллуулж байсан, өрсөлдөөн ихтэй мөн онц байдал зарласан нийгмийн нөхцөл байдал зэргээс хамаарч ашиг олох боломжгүй байсан учраас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бусдад худалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Сэмжидтуяагийн хариу тайлбарт: Ц.Б, Б.Снар 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14182/, Их тойруу гудамж дахь 54 дугаартай барилгын 6 давхрын улсын бүртгэлийн Ү:2203041773 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий 6004 тоотын зоогийн газар ажиллуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 88 000 000 төгрөг төлөх, урьдчилгаа төлбөргүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх, зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж, гэрчилгээг Б.Сэмжидтуяагийн нэр дээр гаргуулж өгсөн. Б.Снь нэхэмжлэгч Н.Дтай ямар ч хамааралгүй бөгөөд хууль ёсны өмчлөгч байсан Ц.Бтэй хуулийн дагуу гэрээ байгуулан 6004 тоотын үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч болсон тул Н.Дгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЖЭБКХХК- ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЖЭБКХХК нь УХ ХХК-ийн захирал Д.Шинэсартай ЗГ0301160140 дугаартай зээлийн гэрээг, мөн өдөр ЗБ0301160140 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дугаартай барилгын 5 давхарт байрлах 5001, 5005, 5006, 6 давхарт байрлах 6001, 6003, 6004 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч УХ ХХК-ийн захирал Д.Шинэсар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ЖЭБКХХК гэрээний үүрэгт 606 907 979 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01184 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг ЖЭБКХХК-ийн нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000645305 дугаар гэрчилгээг авсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Шинэсарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/00966 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах үед өмчлөгч нь Д.Шинэсар байсан бөгөөд бид хууль ёсны өмчлөгчөөс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх байдлаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх:   Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Монголын мэдээлэл технологи, техник хөгжүүлэлтийн холбоо ТББ, хариуцагч Угалз холдинг ХХК, хариуцагч Ц.Б, хариуцагч Б.Снарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Компьютер молл худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай 6-р давхрын 40.09 м.кв, 6004 тоот талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б, Б.Снарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Угалз холдинг ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 554 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэн Н.Д нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай захиалгын гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, “Компьютер Молл” худалдааны төвийн 6 давхрын 6004 тоот 40.09 мкв талбай бүхий үйлчилгээний талбайг захиалан “Монголын Мэдээлэл Техниологи Техник Хөгжүүлэлтийн Холбоо” ТББ- тай гэрээ байгуулж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01/05 дугаартай “талбай захиалгын гэрээ”-ийг өмчлөгч болох УХ ХХК-тай байгуулсан байдаг. Тухайн үед өмчлөгч болох УХ ХХК-тай захиалгын гэрээг шууд байгуулалгүй эхлээд Б.СММТТХХ ТББ- тай гэрээг байгуулж, дараа нь УХ ХХК-тай гэрээ байгуулсан гэдэг нь шалтгаантай байсан. Тухайн үед барилгын ажил дөнгөж эхлэж барилгын давхрын угсралтын ажил явагдаж байсан тул гурван талт гэрээний дагуу захиалагч болох Б.СММТТХХ ТББ-тай бүх иргэн, аж ахуй нэгжүүд гэрээгээ байгуулж, төлбөрөө тушааж байсан. Барилга тодорхой хэмжээнд баригдаж өрөөний хуваалт хийгдэх боломжтой болох үед захиалагч болох Б.СММТТХХ ТББ нь өмчлөгч нарт талбайнуудыг хуваан өгөх ёстой байсан бөгөөд хэдэн м.кв талбайг, хэддүгээр давхараас авах нь тодорхой болсны дараагаар өмчлөгч нар нь захиалагч Н.Д зэрэг хүмүүстэйгээ гэрээгээ өөрсдийнхөө нэр дээр дахин гэрээ байгуулах ёстой байсан.  Энэ нь Б.СММТТХХ ТББ-тай иргэн Н.Дгийн байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Захиалгын гэрээ”-ний нь 3.1.2, 3.1.4, 3.1.5-т зааснаар нотлогдоно. Н.Д төлбөрөө бүрэн тушаасан байдаг. Барилга ашиглалтанд орсноос хойш 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд ашиглаж “кофе шоп” ажиллуулж байсан ба энэ хугацаанд хэн ч миний өмч гэж маргаж байгаагүй, талбайг суллаж өгөх шаардлага тавьж байгаагүй. Хэрэгт УХ ХХК-ийн захирал Д.Шинэсарын өөрийн гараар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж өгнө гэсэн амлалт бүхий бичиг эх хувиараа авагдсан байгааг анхаарч үзнэ үү. Уг гарын үсэгт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч Д.Шинэсар нь улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан тул гарын үсгийг судлуулж чадаагүй. УХ ХХК-ийн захирал Д.Шинэсар уг бичгийг өөрийн гараар бичиж өгч байсан талаарх видео бичлэгийг сиди дээр буулган шүүхэд 3 удаа гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй, шүүх хэт нэг талыг барьсан. Уг баримтуудаар тухайн талбайн хууль ёсны өмчлөгч иргэн Н.Д болох нь тогтоогдоно гэж үзэж байна. Уг үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд тавигдсан байсан нь нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэхэд саад болохгүй. Банк бус санхүүгийн байгууллага өөрсдөө барьцааны зүйлийг биеэр очиж үзэн шалгах үүргээ биелүүлээгүй. Монгол Банкны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, бичгийн баримтуудад бодитой дүгнэлтийг өгөөгүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй тул нэхэмжлэгч Н.Дг 6004 тоот 40.09 мкв талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч ММТТХХ ТББ, УХ ХХК, Ц.Б, Б.Снарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ц.Б, Б.Снарт даалгах нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч УХ ХХК-аас татгалзсан байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжтэй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгчид нэг бүрийн шинжээр тодорхойлогдох 6004 тоот талбайг өмчлөх эрх үүссэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч ММТТХХ ТББ, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр УХ ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэсэн байна. Хариуцагч ММТТХХ ТББ-тай байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь ...6 давхрын 40 м.кв талбай бүхий объектод 51 200 000 төгрөгийн хөрөнгө оруулж, төлбөрийг 100 хувь хариуцагч ММТТХХ ТББ-д төлж барагдуулах, хариуцагч Монголын мэдээлэл, технологи, техник хөгжүүлэлтийн холбоо” ТББ нь гэрээний зүйлийг 16 сарын хугацаанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна. /1хх4-5, 14-15/

2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч ММТТХХ ТББ нь УХ ХХК, иргэн Р.Сарантуяа нартай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах 14 давхар оффис, үйлчилгээний барилга барих төслийн ажлыг хамтран хэрэгжүүлэх тухай гурван талт хамтран ажиллах гэрээг байгуулж, УХ ХХК нь барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл авсан өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төслийн ажлыг удирдан зохион байгуулж, эрсдэл эцсийн үр дүнг хариуцах, улмаар барилга байгууламжийн үйлчилгээний 6, оффисын 8, 9, 10, 13 дугаар давхаруудыг эзэмших, иргэн Р.Сарантуяа нь төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлөн төслийн хэрэгцээнд зориулан ашиглуулан барилга байгууламжийн үйлчилгээний 3 дугаар давхар, шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн үйлчилгээний 5 дугаар давхар болон оффисын 11, 12 дугаар давхруудыг тус тус эзэмших, хариуцагч ММТТХХ ТББ нь захиалагчдаас захиалга авсны үндсэн дээр шаардлагатай санхүүжилтийг хийж барилга байгууламжийн зоорь болон үйлчилгээний 1, 2, 4 оффисийн 7 дугаар давхруудыг эзэмшихээр харилцан тохиролцсон байна. /1хх206-221/

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хариуцагч ММТТХХ ТББ-д бүрэн төлж барагдуулсан гэж 51 200 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх төлбөрийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Уг төлбөрийг хариуцагч ММТТХХ ТББ-аас нь объектийн өмчлөгч УХ ХХК-д шилжүүлсэн талаар баримт хэрэгт байхгүй.

УХ ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЖЭБКХХК-аас 370 000 000 төгрөг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий объектийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /1хх85-91/

Дээрхээс үзэхэд УХ ХХК нь маргаан бүхий объектийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд хариуцагч ММТТХХ ТББ нь бусдын өмчлөлийн хөрөнгийг бусдад шилжүүлж өгөхөөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөвхөн гэрээний талуудад үүснэ. 

Талбай урьдчилсан захиалгын гэрээний 3.1.5-д “барилгын дотоод зураг бэлэн болж, тус талбайн өмчлөгч тодорхой болсон үед гэрээг өмчлөгчтэй шинэчлэн байгуулна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь УХ ХХК-ийг хариуцагчаар татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан. Нэхэмжлэгчийн УХ ХХК-тай байгуулсан талбай захиалгын гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн гүйцэтгэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй. Тэрээр нэхэмжлэгч УХ ХХК-ийн захирал Д.Шинэсар маргаан бүхий объектийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөх тухай амлалт бичигт шинжээч томилуулах, Д.Шинэсарын уг бичгийг бичиж өгөх үеийн бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хангахгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр УХ ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас татгалзсан байна. 

Харин нэхэмжлэгч болон хариуцагч ММТТХХ ТББ-ын хооронд байгуулагдсан талбай урьдчилсан захиалгын гэрээнд барилгын 6 давхарт байрлах 40 м.кв талбайг нэхэмжлэгчид тодорхой мөнгөн дүнгээр шилжүүлэх талаар заасан болохоос нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцоогүй. Иймд нэхэмжлэгч нь дээрх гэрээг үндэслэн бусад этгээдийн өмчлөлд байгаа  нэг бүрийн шинжээр тодорхойлогдох хөрөнгийг шаардах эрхгүй.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой зохих этгээдэд нь холбогдуулан нэхэмжлэл гаргах, хохирлоо шаардахад энэ магадлал саад болохгүй.

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Дгийн ...6 дугаар давхрын 40.09 м.кв 6004 тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох, 6004 тоот талбайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.Дгийн нэр дээр шилжүүлэхийг Ц.Б, Б.Снарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                 А.МӨНХЗУЛ