Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00011

 

“Т.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т.Б” ХХК-ийн хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10 926 194.61 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Т.Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н нь эгч Б.Бийн хамт “Т.Б” ХХК-аас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан ба 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөөгүй ба өнөөдрийн байдлаар үндсэн зээл болон хүүгийн үлдэгдэл 10 917 694.61 төгрөг болсон тул гэрээг цуцалсан. Иймд хариуцагч нараас 10 917 694.61 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 онд цалингийн зээл аваад төлж байсан. Би 2019 оны 01 дүгээр сард төрж хүүхэд маань зүрхний цоорхойтой гэсэн учраас ажилд орох хугацаа хойшилсон. Хүүхдэд эмчилгээ шаардлагатай, мөн корана гээд нөхрийн ажил зогссон учраас төлөлт тасарсан. Уг мөнгийг авсан нь үнэн учраас төлнө. Ажилд орох хугацаа хүүхдээс болоод хойшилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Тооцоолол дээр маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Нийн хүүхэд зүрхний цоорхойтой учир тэр тал дээр илүү анхаарлаа хандуулаад уг зээлийн төлөлтийг хийж чадаагүй хувиар зөрчсөн асуудал гарсан, нэмж тайлбар байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Н, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэг нийт 10 917 694 төгрөг 61 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч “Т.Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 769 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 189 633 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Н, Б.Б нар давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Н нь “Т.Б” ХХК-аас цалингийн зээл 20 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй зээлж аваад хуваарийн дагуу хүүгийн хамт саадгүй төлж байсан боловч хүүхдийн биеийн байдлаас шалтгаалан төлбөр төлөгдөөгүй. Нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч корона болон улс орны нөхцөл байдлаас шалтгаалан цалин мөнгө нь олгогдохгүй маш хүнд байдалд байна.

Иймд зээлийн хүү 800 733.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 909.63 мөнгө нийт 810 683.24 мөнгийг төлөхөөс чөлөөлүүлж, үндсэн зээл 10 107 011.37 төгрөгийг төлөх шийдвэрийг гаргаж өгнө үү. Банкны хүү жилийн 20.40 хувь гэдэг маш өндөр байна. Иймд хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Т.Б” ХХК нь хариуцагч Б.Н, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 926 194.61 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Талууд, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 99 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” нэртэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу зээлдүүлэгч “Т.Б” ХХК нь 20 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэхээр шилжүүлсэн, зээлдэгч Б.Н, Б.Б нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээж мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаангүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс биелүүлээгүй зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 13-15 дах талд авагдсан Т.Б ХХК-ийн мэдэгдэл зэрэг баримтуудаар нотлогдсон байна. Энэ асуудлаар хэн аль нь маргаагүй, харин хариуцагч нар “хүүхэд зүрхний цоорхойтой төрсний улмаас ажил эрхлэх боломжгүй болсон...”, “Ковид-19 цар тахлын улмаас нөхрийн ажил зогссон...” гэх үндэслэлээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзан, маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж, зээлийн үүргийг хойшлуулах хүсэлт гаргасан гэх үйл баримтыг нотолсон баримтгүй байна. Зохигчид гэрээгээр зээл, зээлийн хүү эргэн төлөх хуваарийг баталж, уг үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцжээ. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлээд хариуцагч Б.Н, Б.Б нараас 10 917 694.61 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т.Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасантай нийцсэн байна.

Хариуцагч тал “банкны жилийн хүү 20.40 хувь гэдэг нь маш өндөр байна” гэж давж заалдах гомдолдоо дурджээ. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр хариуцагч нар зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүйн гадна зээлийн хүүгийн хэмжээний талаар мэтгэлцээгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхээс уг гомдолд дурдсан асуудлаар дүгнэлт хийх хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

 Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн нэрийг давхардуулан бичиж техникийн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна. 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/03205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 24 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                 ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

 

                                                                                   Ч.ЦЭНД