| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0037/э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Б.Байгалмаа,
хохирогч Э.Тэргэл
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Л.Данзанноров нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ганхуягийн Сэргэлэн, Боржигон цэцэн ван овгийн Амарсанаагийн Амартүвшин нарт холбогдох эрүүгийн 1711001160274 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1., 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 16 гудамж 816 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ногооны 32-12 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
2., 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б а хэсэг Улиастай гудамж-82 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.С, А.А нар нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өглөө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн урд талын зам дээр хохирогч Э.Тэргэлийг зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 06-07 цагийн үед би найзуудтайгаа Ви гэдэг бааранд сууж байгаад гарах гэхэд баарны гадна зодоон болж байгаад зодуулж байсан залуу нь 3 залуугийн араас хөөж байгаад машины цонх хагалчхаад зугтаагаад явсан. Тэгээд зугтсан залууг олж ирэхэд хүн андуурчихлаа гээд байсан. Би хохирогчийг цохьсноо хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэв.
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би Минт бааранд хамгаалагчаар ажиллаж байгаад ажлаа тараад Ви гэх бааранд хүнтэй уулзахаар очсон. Тэгэхэд нэг залууг 3, 4-н залуу зодож байсан. Би хамгаалагчийг нь дуудах гэтэл Ви баарнаас хоёр хамгаалагч гарч ирсэн. Энэ үед зодож байсан залуучууд тал тал руу зугтсан. Замын цаад талаас 3 залуу такси аваад явж байсан. Таксинд суусан залуучуудын араас зодуулж байсан залуу хөөж байгаад машины шил хагалаад зугтчихсан. Жолооч нь тэр залуугийн араас явж СУИС-н хажууд хашиж зогссон. Би жолоочийн арын суудалд сууж явсан. Намайг жолоочийн хойд талын хаалгаар буухад Сэргэлэн буусан байсан. Тэгээд очоод учраа олчих гэхэд тэдгээр 3 залуу бид нар шоронд ороод гарч ирсэн. Та нартай харьцах зүйл байхгүй гэсэн. Тэгээд Тэргэлийн сууж явсан машины хаалгыг онгойлгоод өшиглөсөн чинь суудлын арын түшлэгийг нь өшиглөсөн. Би цохиогүй. Тэргэлийн зүүн гар талд сууж явсан найз нь бид нар найзыгаа аваад явъя гэсэн. Гэтэл удалгүй Тэргэл миний хамрыг хугалчихлаа, найзуудаа хэдүүлээ баяжлаа гээд хашгираад байсан. Би Тэргэлийг цохиж гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна…” гэв.
Хохирогч Э.Тэргэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг болдог орой би хоёр найзтайгаа утсаар ярихад Ви гэдэг бааранд байна гэхээр нь тэнд очоод 2 цаг гаруй сууж байгаад СУИС-н дэргэд хоол идэхээр такси барих гээд зогсож байхад манай нэг найз “нэг залууг хэдэн залуучууд зодож байна” гэсэн. Бид нар явъя гэж байтал цонхоор хэдэн залуучууд орилоод хоёр залуу нь байж бай гэсэн. Бид тэдгээр залуучуудыг хүн андуурчихлаа гэж ойлгоод таксины жолоочийг явъя гээд СУИС-н урд хөдлөхөд урдуур хашиж орж ирээд Амартүвшин хаалга нээж намайг буулгаад та нар цонх хагалчихлаа гэсэн. Тэгэхэд би та нар хүн андуураад байна гэхэд Сэргэлэн миний хамар руу цохисон. Гэтэл хажуугаар нь Амартүвшин намайг машинаас татаад буулгах үед өшиглөсөн. Бид нар хариу үйлдэл хийгээгүй. Манай нэг найз цагдаа дуудсан байсан. Сэргэлэн миний хамар руу цохих үед миний хамраас цус гарч хавдсан байсан. Хохиролд 400.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй …” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэрч М.Даансүрэн мэдүүлэхдээ: “...Би Амартүвшин, Сэргэлэн нартай хувиараа таксинд явж байгаад танилцаж байсан юм. Сэргэлэн, Амартүвшин бид гурав таксинд явахдаа ихэвчлэн баарны гадаа зогсож үйлчлүүлэгчээ олдог учраас нэг нэгнээ таньдаг юм. 2017 оны 6 дугаар сарын 16-ны орой Сэргэлэн, Амартүвшин бид гурав Залуучууд зочид буудлын хойд талд байх Вий нэртэй баарны гадаа халтуур хийх гээд тус тусдаа машинтай үйлчилүүлэгч хүлээгээд машиныхаа гадаа ярилцаад зогсож байсан чинь гурван залуу хоёр залуутай зодолдоод гурван залуу нь таксинд суугаад зугтаад яваад өгсөн ба үлдсэн хоёр залуу нь араас нь хөөж байгаад миний унаж явсан 70-66 УНД улсын дугаартай Хюндэй аксент маркийн автомашины урд салхины шилийг уурандаа гараараа цохиод хагалаад хаячихсан юм. Тэгээд би зугтсан гурван залууг араас нь хөөж авчирч нөгөө хүмүүстэй учрыг нь олуулж өөрийнхөө машины шилийг төлүүлэх санаатай Амартүвшин, Сэргэлэн нарыг машиндаа суулгаад араас нь хөөгөөд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт СУИС-ын урд талд зам дээр зогсоогоод бид гурав машинаасаа буугаад тэр гуравт хандан та нарын зодсон хүмүүс машины шил хагалчихлаа, та нараас болоод зүгээр байж байгаад шилээ хагалуулчихлаа очиж учраа олоод машины шил төлж өг гэж хэлсэн чинь тэр гурав бид нар ямар хамаатай юм бэ? бид нар хүн зодоогүй гээд жаахан маргалдаад нөгөө гурав машинаасаа бууж ирээд зодолдъё гэсэн ба Амартүвшин хойд талын хаалганаас нэгийг нь бууж ирж байхад нь /хаашаа гэдгийг нь хараагүй/ нэг цохисон. Тэгээд нөгөө гурван залуу Сэргэлэн, Амартүвшин хоёр руу дайраад хоорондоо ноцолдсон ба би нэгийг нь татаад салгасан. Нэг мэдсэн чинь тэнд байсан нэг залуу хамар руу цохичихлоо цагдаа дууд гээд унасан…” гэжээ /хх-18-19/.
Гэрч Б.Бат-Оргил мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны өглөө үүрээр найз Алтандөш, Тэргэл нарын хамтаар "Вий" нэртэй бааранд орж үйлчилүүлж байгаад гадаа гараад таксинд сууж байхад үүдэнд зодоон болж байсан ба нэг залууг олон залуучууд нийлээд зодоод байсан ба би буугаад болиоч ээ та нар гэсэн чинь надруу дайраад ирэхээр нь би буцаад таксиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд Тэргэл, Алтандөш бид гурав такситайгаа СУИС-ын урд талд явж байсан чинь нэг аксент маркийн автомашин шахаж орж ирээд дотроос нь 3 залуу бууж ирээд учир зүггүй ална тална буугаад ир гэх мэтээр орилоод байсан. Би таксины зүүн хойд талд сууж явсан ба Тэргэл баруун хойд талд Алтандөш дунд нь сууж явсан. Тэгээд нэг нь миний хаалгыг онгойлгоод нэг нь отвёрток барьчихсан гар хөлрүү хатгаад байсан. ...Тэгээд нэг харахад Тэргэл дээр хоёр хүн оччихсон зодоод байсан. Яг хэн, хэн хэнийг хэдэн удаа юугаар цохисон талаар тухайн үед анзаараагүй…” гэжээ /хх-22-23/.
Гэрч Э.Алтандөш мэдүүлэхдээ: “…Би найз Бат-Оргил, Тэргэл нарын хамтаар 2017 оны 06 сарын 17-ны өглөө 6-7 цагийн үед баарнаас гараад гадаа нь тамхи татаж байгаад такси бариад таксиндаа суучихаад хаачих вэ? гээд хоорондоо яриад сууж байтал Вий баарны гадна баахан хүмүүс хоорондоо муудалцаад зодолдоод байсан ба Бат-Оргил жаахан согтуу байсан болохоор та нар болиоч ганц хүнийг зодоод гэх мэтээр жаахан орилчихсон юм. Тэгэхэд зодуулж байсан эрэгтэй нь баарны гадаа байсан хюндэй аксент маркийн машины салхины шилийг цохиод хагалчхаад яваад өгсөн тэгсэн чинь 2 эрэгтэй хүн бид нар руу алхаад та нар юу гээд байнаа гээд алхаад ирж байхаар нь бид нар таксины жолоочийг хөдөл гээд яваад өгсөн юм. Тэгээд СУИС-ын урд очиж зогсоод хаачих тухай яриад байж байтал нөгөө шилээ хагалуулсан аксент машин манай таксиг хашиж орж ирээд зогсож уг аксентаас шар өнгийн савхитай дунд зэргийн биетэй жаахан мяраалаг залуу гарч ирээд Э.Тэргэлийн сууж байсан баруун талын хаалгыг онгойлгоод Э.Тэргэлийг нэг удаа цохиод татаад гаргасан. ...Харин хамгийн өндөр хар фудболктой залуу нь гартаа отвёрк барьчихсан дүрнэ ална тална гээд орилоод байсан би түүнд хандан чи аймаар юм байнаа хөгшөөн цагдаа дуудчихъя гэсэн. Тэгээд нэг мэдсэн Шар савхитай залуу Э.Тэргэл хоёр зууралдаад машины хажууханд наана ирчихсэн байхад хар фудволктой залуу Э.Тэргэлийн нүүр рүү нь нэг удаа цохиод зодоод явчихсан юм. Тэгээд Тэргэлийн хамраас цус гараад хавдчихсан байсан...” гэжээ /хх-24-25/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 8015 дугаар дүгнэлтэд:
“1. Э.Тэргэлийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар, алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-27/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54-55/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн болон хорооны тодорхойлолт /хх-56-58/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.С, А.А нар нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өглөө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн урд талын зам дээр хохирогч Э.Тэргэлийг зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.С, А.А нар нь бүлэглэн үйлдсэн танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тэд хохирогч нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж улмаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, ингэхдээ хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй зам талбай, олон нийтийн газар, бусдыг үл хүндэтгэн, ичгүүргүй, догшин авирлаж, бусдад өөрсдийн хүч, зоригийг үзүүлэхээр танхайрч, нийтийн хэв журмыг зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.С, А.А нарыг хохирогч Э.Тэргэлийг зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Тэргэл нь шүүгдэгч нараас 400.000 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүх шүүгдэгч Г.Сгийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.Агийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хөнгөн хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч А.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН