Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00012

 

Ц.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02729 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Г, Ө.Э нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.Г, Ө.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжаар Ө.Э, Ц.Г нараас 337 046 338 төгрөгийг гаргуулж “Н.Ф.И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. “С.Э” ХХК нь Ө.Эын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 1 байр, 212 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010012 дугаартай 103.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг дулаан зогсоолын хамт зах зээлийн үнээс хэт багаар буюу 410 237 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу НШШГГ нь ажиллагаа хийж үнэлгээчний үнийн 70 хувь болох 287 166 250 төгрөгөөр анхны албан дуудлага худалдаагаар оруулан худалдан борлуулахаар болсон. Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдлийн хамт НШШГГ-аас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр танилцуулсан. Иймд НШШГГ-аас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу Ө.Эын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлж, зах зээлийн бодит ханшийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжаар Ө.Э, Ц.Г нараас 337 046 338 төгрөгийг гаргуулж “Н.Ф.И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 1 хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 1 байр, 212 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010012 дугаартай 103.75м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад дээрх орон сууцыг 2 000 000 000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч нь шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Шинжээч “С.Э” ХХК-ийг томилж зах зээлийн үнийг тогтоолгоход Ө.Эын орон сууцыг 410 237 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ө.Э, Ц.Г нарт 2020 оны 6 дугаар сарын 12- ны өдөр уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан 4-222/23128 мэдэгдлийн хамт хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, төлбөр төлөгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бага үнэлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Э, Ц.Г нарын НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон 212 тоот, 103.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 410 237 500 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “С.Э” ХХК нь үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон олон улсын стандартын дагуу үндсэн 3 аргыг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан зах зээлийн хандлагын аргаар хийсэн нь 100 хувь ач холбогдолтой” гэж дүгнэсэн. Гэвч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан ...үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах ёстой. Өөрөөр хэлбэл зах зээлийн жиших үнийн хандлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй, тухайлбал байршил, хийц, үйл ажиллагааны хэлбэр, ашигласан хугацаа зэрэг хүчин зүйл ойролцоо үл хөдлөх хөрөнгөнүүдийн арилжааны мэдээллээр хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлдог. Шинжээчийн харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн хийц, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ямар байдлаар ижил төстэй болоод харьцуулагдаж байгаа шинж байдал нь тодорхойгүй байгаа тул шинжээчийн хөрөнгийн үнэлгээний аргачлал бодитой үнэн зөв хийгдэж чадаагүй гэж дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ц.Г, Ө.Э нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4  дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Н.Ф.И ББСБ” ХХК-ийн 336 092 033.33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-6/

            Төлбөр төлөгч Ц.Г, Ө.Э нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас НШШГГ-аас тус шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9388 дугаар захирамж, 843 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ. /хх-51, 52/

            НШШГГ нь төлбөр төлөгч Ө.Эын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 хороо, Стадион оргил, Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 байр, 212 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19291018/01 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 19291018/04 дугаартай тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд доод үнийн санал авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-35-36, 67-68/ Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүйн улмаас НШШГГ-аас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ. Энэ ажиллагаанд талууд маргаагүй, харин шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

            Хэргийн баримтаас үзвэл, шинжээч “С.Э” ХХК нь Хан-Уул дүүрэг, 1 хороо, Стадион оргил, Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 байр, 212 тоот, 41.25 м.кв талбай бүхий орон сууцыг тус байрны 90 тоот 13.7 м.кв талбай бүхий автомашины зогсоолын хамт үнэлэхдээ өртгийн болон жишиг үнийн хандлагын аргыг ашигласан байх ба жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээг үндэслэн хөрөнгийн эцсийн үнэлгээг 410 237 500 төгрөгөөр тогтоосон байна. /хх-83-105/ Шинжээч нь уг ажиллагааг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан Олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг үндэслэл болгох журмыг баримталж, үнэлгээний тайланг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3.8-д заасан шаардлагад нийцүүлэн гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй гэх гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч тал орон сууц, автомашины зогсоол нь өөрийн онцлог шинж чанараас хамаарч зах зээлийн ханш нь 2 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хх124/ Хариуцагч байгууллага нь дуудлага худалдаа явуулах үнийг шинжээчийн үнэлгээг үндэслэн 70 хувиар тооцон тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заасанд нийцэх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол хуулийн үндэслэлгүй учир нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг буруу бичсэн байгааг зөвтгөн өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02729 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон 212 тоот, 103.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 410 237 500 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

                                      ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                       Ч.ЦЭНД