Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 54

 

  “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын

  харилцаа, барилга хот байгуулалтын газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Л.Атарцэцэг

                                                     Х.Батсүрэн

                                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Долгордож,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар “Сонголонхайрхан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2018/0615 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Ц.Ч

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э-Онар.

Гуравдагч этгээд “Б т” ХХК-ийн төлөөлөгч И.Ж-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-ээс гаргасан нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Засаг даргыг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Б т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-гээс гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжаар “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0615 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн, хүчингүй болсон шалтгаан нөхцөлийг бодитоор судлан тогтоон улмаар тухайн газарт тэдгээрийн хэн аль нь хууль ёсоор газар эзэмших эрхтэй эсэх талаар нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэр /магадлал/-ыг биелүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн “Сонголонхайрхан” ХХК-д холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2, 3 заалтын дугаарыг 3, 4 гэж өөрчлөн, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд “Б т” ХХК-ийн төлөөлөгч И.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж заасан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж шийдвэрлэхдээ шүүх ямар хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн, ямар нотлох баримтыг буруу үнэлсэн талаар огт үндэслэл дурдаагүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааж тодорхойлсон. Гэтэл зөвхөн Газрын тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бүрэн шийдвэрлэгдэх маргааныг дээр дурдсан хууль зүйн болон үйл баримтын тодорхой үндэслэлгүйгээр захиргааны байгууллагад өөрөөр нь шийдвэрлүүлэхээр түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” 2-т “ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан зарчмыг зөрчсөн.

4. Хэрэгт маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтууд цугларсан бөгөөд тус маргаан үйл баримтын хувьд тодорхой бөгөөд маргаан бүхий захиргааны актуудын тухайд ч хууль хэрэглээний асуудлаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэгдэх маргаан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д зааснаар тус хуулийн зорилт нь “хүн, хуулийн этгээдийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” юм. Мөн хуулийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 25-ны А/181 тоот захирамжаар дуусгавар болсон бөгөөд хожим Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 21-ны А/491 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 40.5-д заасныг зөрчсөн тул “эрх, хууль ёсны ашиг сонирхол” биш гэж дүгнэсэн шийдэл хуульд нийцсэн.

5. Тус магадлал нь нэхэмжлэгчийн маргаагүй захиргааны акт болох 2016 оны 05 сарын 25- ны өдрийн А/181 дүгээр захирамжийн талаар дүгнэлт хийж, тус актын хүчин төгөлдөр байдлыг дахин авч хэлэлцэх үүргийг хариуцагчид даалгасан шинжтэй болсноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг зөрчсөн. Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар эзэмших эрх үүссэн, өөрчлөгдсөн талаар авч үзвэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар "... Дархан сумын 8, 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, комиссын шийдвэрээр шалгарсан...” гэх үндэслэлээр “С” ХХК-д “9 дүгээр баг 4/3 байрны баруун урд талд “Од” буудлын зүүн урд тал” гэх байршилд 500 м.кв газрыг, мөн “9 дүгээр багийн 4/3-ийн урд талд Саран эмнэлгийн баруун урд тал” гэх байршилд 500 м.кв газрыг тус тус 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус компанид 500 м.кв газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 000301189 дугаар гэрчилгээ олгосон, улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар "... хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байсан” гэх үндэслэлээр “С” ХХК-ийн урьд эзэмшиж байсан 500 м.кв газар эзэмших эрхийг сэргээжээ”.

6. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар “Сонголонхайрхан” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцуулан “Б т” ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар 500 м.кв газрыг эзэмшүүлсэн, улмаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийг тус компани эс зөвшөөрч маргах үед нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн атлаа тус компанийн газар эзэмших эрх сэргэсэн байх үед буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар “Сонголонхайрхан” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжаа хүчингүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг дахин гаргасан байна” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

7. Дээрхээс үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлал тус тусын компаниудтай холбоотой газрын харилцаа хэзээ ямар үйл баримтаар үүсэж, хэзээ ямар үйл баримтаар дуусгавар болж байгаа зэрэгт бодит болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д "Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна" гэж заасан болон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-т ”газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” гэж тус тус зохицуулсан.

8. Нэхэмжлэгч байгууллага өөрийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэртэй холбогдуулан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасан, энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байдлаар хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус асуудлаар маргах эрхээ алдсан.

9. Магадлалын хянавал хэсгийн 5 дугаар хуудаст “агаарын зургаар нэхэмжлэгч “С” ХХК-д 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 500 м.кв газар нь гуравдагч этгээд “Б т” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 500 м.кв газартай 211.5 м.кв хэмжээгээр давхцалтай болох нь” тус тус тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна” гэж дүгнэснээр нэхэмжлэгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмших эрх хэвээр байгаа гэсэн дүгнэлт хийгдсэн. Гуравдагч этгээд “Баясах түшээ” ХХК-ийн хувьд бусдын эзэмшил ашиглалтад өгөөгүй төрийн өмчийн газрыг эрх бүхий этгээд болох Аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 22-ны А/227 тоот захирамж, түүнд үндэслэн 000317716 дугаар гэрчилгээ олгогдож, газар эзэмших гэрээ байгуулагдсан.

10. Магадлалын тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 12 дугаар сарын А/491 дүгээр захирамжийн “Сонголонхайрхан” ХХК-д холбогдох хэсгийг тус тус 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж шийдвэрлэжээ.

11. Газрын тухай хуулийн 61.1-д “төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан нийтлэг зохицуулалттай. Үүний өмнө Газрын тухай хуулийн холбогдох хэсэг хэрхэн зөрчигдсөн түүний улмаас газар эзэмшигч, ашиглагчийн эрх хэрхэн хөндөгдсөн талаар дүгнэх ёстой. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжийн “Баясах түшээ” ХХК-д холбогдох хэсэг нэхэмжлэгчийн ямар эрхийг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй атлаа эрх зүйн үйлчлэлийг түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

12. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 615 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

14. Дархан-уул аймгийн 9 дүгээр баг, 4 дүгээр хорооллын 3 дугаар байрын баруун урд талд байрших 500 м.кв газрыг “нийтийн орон сууцны барилга”-ын зориулалтаар нэхэмжлэгч “С” ХХК-д мөн аймгийн Засаг дарга /С.Н/-ын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар, гуравдагч этгээд “Б т” ХХК-д Дархан-уул аймгийн Засаг дарга /А.Э/-ын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжаар тус тус эзэмшүүлсэн, нэхэмжлэгч нь “...төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшсэн газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь хууль бус” гэж, гуравдагч этгээд нь “... Газрын тухай хуулийн 40.5-д заасныг зөрчиж шүүхэд маргаантай байх үед бусдад эзэмшүүлсэн” гэж маргажээ.

15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, маргаан бүхий уг газар нь “газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт”-д шалгарсныг үндэслэн Дархан-уул аймгийн Засаг дарга /С.Н/-ын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжаар “С” ХХК-д эзэмшүүлсэн хоёр газрын нэг болох нь тогтоогдсон, уг газартай холбоотой дараах шийдвэрүүд, үүнд: Дархан-уул аймгийн Засаг дарга /А.Э/-ын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 173 дугаар захирамжийн 2 дахь хэсгийг хүчингүй болгосон, Засаг дарга /С.Н/-ын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар “Б т” ХХК-д олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны А/227 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосон, мөн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар 2016 оны А/441 дүгээр захирамжийн “Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

16. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг тогтоолгүйгээр маргааныг шийдвэрлэсэн, тухайлбал, маргаан бүхий газрыг “төсөл сонгон шалгаруулалт”-ын зарчмаар эзэмшүүлэх шийдвэр 2014 онд гарч, энэ дагуу төсөл сонгон шалгаруулалтын үр дүнгээр эзэмшүүлсэн газрыг 2016 онд дахин хуваарилалтад оруулж, ердийн журмаар буюу газар эзэмших хүсэлтээр эзэмшүүлсэн үндэслэлийг шалгаагүй, маргаан бүхий акт болох “Б т” ХХК-д газар эзэмшүүлсэн Дархан-уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянаж дүгнэх байтал, үүнийг хүчингүй болгосон Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамж, Дархан-уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 22 дугаар захирамж, Засаг даргын 2017 оны А/81 дүгээр захирамж зэргийг дүгнэж, нэхэмжлэгчийн шаардлагыг шийдвэрлэсэн байна.

17. Түүнчлэн, хариуцагчийн “...“С” компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ... 2016 оны А/181 дүгээр захирамж хууль бус, иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ... 2016 оны А/491 дүгээр захирамжаар сэргээж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг нотлох баримтын хувьд авч үзэн үнэлээгүй, уг А/491 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, бодит байдалд үр дагавар үүсгээгүй гэж үзэхээр А/181 дүгээр захирамжийн талаар дүгнэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн байна.

18. Үүнээс үзвэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т заасныг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзнэ.

19. Гэтэл, давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-ийг хэрэглэлгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж буруу дүгнэж, улмаар нотлох баримт цуглуулах, үнэлэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох талаар анхан шатны шүүхийн хуулиар хүлээсэн үүргийг захиргааны байгууллагаар нөхөн гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

20. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гуравдагч этгээд “Б т” ХХК-ийн захирал И.Ж-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2018/0615 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ