Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0191

 

 

 

 

 

 

 

 

    “С... х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч: “С... х...” ХХК

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Гуравдагч этгээд: “Б... т...” ХХК

Маргааны төрөл: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн “Б... т...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Г.Н,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 114/2018/0021/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С... х...” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн “Б... т...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080100776 нэгж талбарын дугаартай нийтийн орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С... х...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 захирамжийн “Б... т...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “С... х...” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулахыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж, гуравдагч этгээд “Б... т...” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн “С... х...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тухайд: ... “С... х...” ХХК тус байршилд 2014 оны Дархан-Уул аймгийн Засаг даргын 173 тоот захирамжаар 500 м.кв газрыг 2 жил эзэмших эрхтэй байсан нь үнэн боловч тус газар эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 тоот захирамжаар дуусгавар болгосон. Тус захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа тул “С... х...” ХХК-ийн урьд эзэмшиж байгаад дуусгавар болсон газар эзэмших эрхийн талаар газар эзэмших эрхтэй гэж дүгнэж бичиж улмаар тус газар эзэмших эрх нь “Б... т...” ХХК-ийн газар эзэмших эрхтэй давхцалтай гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

 

3.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-д “..захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нэхэмжлэгчид илэрхий чиглээгүй, түүнд ямар нэгэн хамааралгүй болох нь илэрхий, тодорхой мөн тухайн асуудлаар маргах эрхийг тусгайлан зааж хуульчлаагүй тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ гэжээ”. Гэтэл шүүхийн бичиж буй уг тодорхойлолт тухайн маргааны нөхцөлтэй бүрэн нийцэж байхад шүүх энэ талаар эсрэг дүгнэлт хийжээ. Учир нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 тоот захирамжаар “С... х...” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгон үүний дараа хэн нэгний эзэмших эрхтэй бус төрийн өмчлөлийн газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 захирамжаар “Б... т...” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж гарсан. Тус тохиолдолд “С... х...” ХХК-ийн газар эзэмшүүлэх эрхийг дуусгавар болгосон захирамж л тус компани рүү чиглэж байх бөгөөд харин “Б... т...” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж “Сонголон хайрхан" ХХК руу чиглэгдээгүй нь илэрхий байна. Газар эзэмшигчийн хувьд маргах эрхийг тухайлан зааж эрх олгосон зохицуулалт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Эрхийн гэрчипгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасан.

 

3.3. Нэхэмжлэгч өөрийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрийн тухайд маргах хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй атлаа өөр компанийн газар эзэмших эрхийн талаар маргаж буй нь үндэслэлгүй юм. “Б... т...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргээгдэх газар эзэмших эрх байхгүй юм. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 болон 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3.4. “С... х...” ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-р дугаарласан хэсэгт Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 тоот захирамжаар “Б... т...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тус захирамжтай холбоотой үйл баримтыг дурдаж тус захирамжид дурдагдсан хууль зүйн үндэслэлүүд болох Газрын тухай хуулийн 21.3.2, 31.2, 31.3, 33.12-д заасныг болон Газрын тухай хуулийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-т зааснаар шийдвэрээ өөрчлөх хүчингүй болгох эрх Засаг даргад байна гэж дүгнэжээ. Гэтэл “Б... т...” ХХК-ийн газар эзэмших эрхийг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 тоот захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус маргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/441 тоот захирамжийг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрснөөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” 22 тоот захирамж гарч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 тоот захирамжийн “Б... т...” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бусад тооцогдсон.

 

3.5. Гэтэл дээрх дуусгавар болж шийдвэрлэгдсэн үйл баримтын талаар шүүх дахин дүгнэж шийдвэрлэж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 69.2-д “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ”, мөн хуулийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг мөн хуулийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

 

3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-р дугаарласан хэсэгт “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Б... т...” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийн хууль зүйн алдааг нэрлэж нэхэмжлэлийг хангаж байгаагаа дурджээ. Гэтэл шүүх ийнхүү шийдвэрлэхдээ тус захирамж хэрхэн нэхэмжлэгч “С... х...” ХХК-ийн эрхийг зөрчиж буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож байгаагаа огт дурдсангүй.

 

3.7. Тухайн тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 173 дугаар захирамжаар “С... х...” ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 тоот захирамжаар дуусгавар болгосон. Харин гуравдагч этгээд “Б... т...” ХХК-д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/227 захирамжаар газар эзэмших эрх үүсэж гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 221 тоот захирамж нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй бөгөөд тус захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй. Ийнхүү зорилгын хүрээнд шүүх ажиллах тул аливаа захиргааны үйл ажиллагааны хууль ёсны эсэхийг шалгахаас өмнө тус үйл ажиллагаа нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн эсэхийг заавал шалгахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна”: 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, мөн хуулийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

 

3.8. Захиргааны хэргийн шүүх нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах нэхэмжлэл болон төрийн байгууллагын нэхэмжлэлээс бусад тохиолдолд субьектив эрхийн маргааныг шийдвэрлэдэг тул захиргааны үйл ажиллагааны хууль зүйн алдаанд бус харин тус хууль зүйн алдаа хэрхэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна вэ гэдэгт ач холбогдол өгдөг. Хэрэв захиргааны байгууллагын хууль зүйн алдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож чадаагүй бол тус асуудал объектив хууль зүйн зөрчил болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилготой нийцэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсвэл нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах ёстой.

 

3.9. “Б... т...” ХХК-ийн гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасныг Дархан-Уул аймгийн Засаг дарга зөрчиж Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаас 3 хоногийн дараа буюу 2016 оны 12 сарын 21-ний өдөр А/491 тоот захирамжаар “С... х...” ХХК-д маргаж буй газрыг олгож тус заалтыг зөрчжээ. Улмаар “Б... т...” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 тоот захирамжийг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Дархан-Уул аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 22 тоот захирамж гарсан. Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 тоот захирамжаар өмнөх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 тоот захирамжийн “Б... т...” ХХК-д холбогдох хэсгийн мөн хүчингүй болгосон.

 

3.10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т нэхэмжлэгч “С... х...” ХХК-ийн газар эзэмших эрх үүсэж улмаар хожим 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрх дуусгавар болсон талаар, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 221 тоот захирамжаар “Б... т...” ХХК-д тус газрыг эзэмшүүлсэн мөн “Б... т...” ХХК-д газар эзэмших эрхийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 захирамжаар хүчингүй болгож тус компани тухайн шийдвэртэй маргаж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн атлаа тус компанийн газар эзэмших эрх сэргэсэн байх үед буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжаар “С... х...” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан талаар үйл баримтыг үнэн зөв дүгнэжээ. Гэсэн атлаа 5.7-д “Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжаар “С... х...” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21.3.2, 61.1-д заасныг зөрчөөгүй зөв байна гэжээ. Үүнээс үзвэл шүүхийн шийдвэрийн дурдаж буй үйл баримт үндэслэл, шийдвэр хоорондоо зөрүүтэй байна. Мөн бие даасан шаардлагын дээрх хууль зүйн үндэслэлүүдийг няцааж үгүйсгэх хууль зүйн дүгнэлт нэг ч удаа өгөөгүй атлаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг огт хангаагүй байна.

 

3.11. Харин шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсгийн 5.5-т “С... х...” ХХК нь хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ өгсөн байхад түүнийг шийдвэрлээгүй тухайд 5.6-т 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин хүсэлт гаргахад нь мөн хариу өгөөгүй нь Газрын тухай хуулийн 37.2-т заасныг зөрчсөн хууль бус байна гэх дүгнэлт хийсэн. Цаашлаад 5.12-д “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 тоот захирамж гаргахдаа процессын ажиллагаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн гэх утгатай дүгнэлт хийж, энэ нь “С... х...” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэжээ. Дээрх үйлдэл, эс үйлдэхүй болон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 тоот захирамж тухайд нэхэмжлэгч хууль бус гэж тооцуулж тогтоолгохоор нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх ийнхүү дүгнэлт хийж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” мөн хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг ноцтой зөрчсөн байна. 

 

3.12. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж улмаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 229 тоот Прокурорын тогтоол, түүнд нэмэлт өөрчгөлт оруулсан Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 194 тоот хариу мэдэгдэх хуудаст “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архив, бичиг хэрэг, няраваар ажиллаж байсан Ө.М.. нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “Ирсэн бичгийн бүртгэл”-ийн 190 дугаарт “С... х...” ХХК-ийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/12 тоот “захирамжийн хугацаа сунгуулах тухай" гэсэн бичиглэлийг хийхдээ засварлаж тухайн бичгийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирсэн мэт үйл баримтыг зохиомлоор бий болгосон нь “Захирамж хүчингүй болгох тухай” гэх бичиглэлийг “захирамжийн хугацаа сунгуулах тухай” гэж давхарлан бичсэн болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ш.Б-ийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лаборторийн эрхлэгч цагдаагийн дэд хурандаа Х.Баярмаа ахлах шинжээч, цагдаагийн ахмад М.Э, шинжээч цагдаагийн ахмад М.Т нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2608 дугаартай дүгнэлтээр Ө.М-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.О, ахлах шинжээч, цагдаагийн хошууч С.С, ахлах шинжээч цагдаагийн ахмад Ж.П нарын 2022 оны 02 дугаар сарын 14-ний дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх тул хэмээн дурдаж тус Ө.М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын ирсэн бичгийн бүртгэл”-ийн 190 дугаар бүртгэгдсэн “С... х...” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний 16/12 дугаартай “Захирамжийн хугацаа сунгуулах тухай” гэсэн бичиглэлийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгсөн мэтээр үйл баримтыг зохиомлоор бий болгосон нь ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож байх боловч энэ гэмт хэрэг нь тус гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр болох 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 3 жил өнгөрсөн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ... хаасугай” гэж шийдвэрлэсэн.

 

3.13. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Дархан-Уул аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэсэн 03 тоот шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангах эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч, хариуцагч нараас гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үүнд:

 

2.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийсэн боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

2.2. Анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг төсөл сонгон шалгаруулалтаар олгох тухай” 173 дугаар захирамжаар нэхэмжлэгч “С... х...” ХХК-д Дархан-Уул аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Дархан сумын 9 дүгээр баг, 4/3 байрны баруун урд талд байрлах 500 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/181 дугаартай захирамжаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

 

2.3. Үүний дараа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжаар “С... х...” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад нь газрын гэрчилгээг цуцалсан байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн байна.

 

2.4. Мөн тухайн цаг үед Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/227 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б... т...” ХХК-д маргаан бүхий Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байрны баруун урд байрлах 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/441 дугаартай захирамжаар “... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй нь ... ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн” гэх үндэслэлээр уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

 

2.5. Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг энэ хэргийн гуравдагч этгээд болох “Б... т...” ХХК эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийгээгүй, процессын алдаа гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар “тус Засаг даргын 2016 оны А/441 дүгээр захирамжийн “Б... т...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй” болгож шийдвэрлэснээр гуравдагч этгээд “Б... т...” ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болсон.

 

2.6. Дээрх нөхцөл байдлын улмаас маргаан бүхий газарт Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дугаар захирамжтай “С... х...” ХХК, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227 дугаар захирамжтай “Б... т...” ХХК-иудын газар эзэмших эрх сэргэсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

2.7. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолд “...анхан шатны шүүхээс хариуцагчийн ““Сонголон хайрхан” компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ... 2016 оны А/181 дүгээр захирамж хууль бус, иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ... 2016 оны А/491 дүгээр захирамжаар сэргээж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг нотлох баримтын хувьд авч үзэн үнэлээгүй, уг А/491 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, бодит байдалд үр дагавар үүсгээгүй гэж үзэхээр А/181 дүгээр захирамжийн талаар дүгнэж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Үүнээс үзвэл, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т заасныг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзнэ” гэж,

Мөн “давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-ийг хэрэглэлгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж буруу дүгнэж, улмаар нотлох баримт цуглуулах, үнэлэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох талаар анхан шатны шүүхийн хуулиар хүлээсэн үүргийг захиргааны байгууллагаар нөхөн гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна” гэж дүгнэсэн байна.

 

2.8. Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол гарснаас хойш хэрэгт цугларсан баримтуудаас нэхэмжлэгч “С... х...” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасантай холбоотой баримтуудыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна. Учир нь Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын ажилтан ...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж тус газрын ирсэн бичгийн бүртгэлийн 190 дугаарт бүртгэлийн агуулгыг өөрчилсөн гэх гомдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн 191800580 дугаартай хэрэг нээн шалгаж, тус аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 229 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан гэх баримт үнэн зөв гэж үзэх боломжгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

2.9. Мөн хариуцагчаас “... “С... х...” ХХК болон “Б... т...” ХХК-иудад эзэмшүүлсэн газар нь 211 м.кв-аар давхцалтай байгаа бөгөөд “С... х...” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамж, “Б... т...” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжууд нь хоёулаа хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь А/491 дүгээр захирамжаар “С... х...” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн атлаа А/81 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Б... т...” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн нь хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзнэ.

 

2.10. Нэгэнт захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт давхцуулан газар эзэмших эрх олгосон байгаа энэ тохиолдолд хэргийн оролцогч нарыг шууд буруутгах, хэн алинд олгосон буюу газар эзэмших эрх сэргээсэн хариуцагчийн захирамжийг шууд хүчингүй болгох боломжгүй.

 

2.11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчим гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус зааснаар нэгэнт эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг бусад этгээдэд олгох хууль зүйн үндэслэлгүй.

 

2.12. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу ... газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж тус тус хуульчилсан тул хариуцагчаас нэхэмжлэгч “С... х...” ХХК, гуравдагч этгээд “Б... т...” ХХК-д хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмшүүлэх бүрэн эрхээ захиргааны байгууллага өөрөө хэрэгжүүлэх үүргийг хүлээхээр байна.

 

2.13. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт давхцуулж олгосон байгаа нь хууль бус бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн шийдвэрээ эргэн харж засч залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар хариуцагчаас “Б... т...” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 22-ны  өдрийн А/227 дугаар захирамж, “С... х...” ХХК-ийн тус газрыг эзэмших эрхийг сэргээсэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудыг дахин хянаж, шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.15. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудын хэргийн оролцогч нарт холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/227, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжуудын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           г.мөнхтулга

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА