Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/00082

 

“ҮХОБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03310 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК-ийн хариуцагч Б.Хд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16 080 253.26 төгрөг, нотариатын зардалд 7300 төгрөг нийт 16 087 553.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр картын зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл картын зээлийг ашиглаад, буцаан төлсөн боловч үүнээс хойш төлбөр төлөөгүй. Зээлийн тооцооллыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн бодож шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 9 998 794.62 төгрөг, хүү 5 350 039.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 731 418.67 төгрөг нийт 16 080 253.26 төгрөг, нотариатын зардалд 7 300 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Х 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай картын зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зээлийг хугацаанд нь төлж, үүнээс хойш зээл төлөгдөөгүй байгаа нь үнэн. Б.Х нөхрийн хамт Сэлэнгэ захад лангуу түрээсэлж ажиллуулж байхдаа тогтмол орлоготой байсан боловч одоо лангууны түрээсийг зогсоосон. Хариуцагч талаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс хойшхи төлбөрийг төлөх үндэслэлгүй, гэрээний хугацаа дууссан гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Хгаас 16 080 253 төгрөг 26 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч ҮХОБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 387 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238 351 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Зээлийн гэрээний 1.2.2-т зааснаар гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болоход үндсэн зээл 9 998 794.62 төгрөг, хүү 312 322 төгрөг /2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх 38 хоног/, нэмэгдүүлсэн хүү 62 466.4 төгрөг /321 322 төгрөгийн 20% болно/ нийт 10 373 581.02 төгрөг төлөх үүрэгтэй байсан.

Гэтэл нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дууссан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн хүү 5 350 039.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 731 418.67 төгрөгийг тус тус тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч болон зээлдэгч нар нь гагцхүү гэрээний хугацаанд л үүссэн зээлийн төлбөрийг шаардах буюу төлөх үүрэгтэй болно.

Иргэний хуульд зээл болон банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг зохицуулахдаа хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаг ба энэ нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болон гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосонд тооцох үр дагаврыг бий болгохоор хуульчилсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хугацаа дууссан тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон заалт ганц ч байхгүй, түүнчлэн гэрээний хугацаа дууссаны дараагаар талууд түүний хугацааг сунгасан, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхгүй юм. Гэтэл анхан шатны шуүхээс гэрээний хугацаа дууссан болох нөхцөл байдлыг болон иргэний хуулийг буруу тайлбарлаж, хариуцагчаас гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 5 706 672.24 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу хариуцагчаас 16 080 253.26 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 5 706 672.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 080 253.26 төгрөг, нотариатын зардалд 7300 төгрөг нийт 16 087 553.26 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Талуудын байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн АС-КЗ-17/013 дугаартай гэрээний дагуу зээлдүүлэгч “ҮХОБ” ХХК нь 10 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлдэгчийн данс руу шилжүүлсэн, зээлдэгч Б.Х гэрээгээр баталсан хуваарьт зааснаар зээл, түүний хүүг хамт буцаан төлөх үүрэг хүлээж, улмаар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтыг хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. /хх-6-7,9-11,38/ Энэ талаар хэн аль нь маргаангүй, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир нэг тал нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Хэргийн 6 дах талд авагдсан зээлийн гэрээний 1.5 дах заалтаас үзвэл гэрээний 1.2.3-т заасан хугацаанд ашигласан зээлийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр нэхэмжлэгч “ҮХОБ” ХХК, хариуцагч Б.Х нар харилцан тохиролцон гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч Б.Х нь зээлийн гэрээний үүргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээл, түүний хүү төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нь тогтоогджээ. /хх-41 ар тал/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар талуудын зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймээс нэхэмжлэгч тал хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл, түүнд ногдох хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулахаар нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн заасанд нийцэж байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд хариуцагч Б.Хгаас зээлийн гэрээний үүрэгт 16 080 253 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хуулийн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн” нэрийг давхардуулан бичиж техник алдаа гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн         106 257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

 

                                 ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

 

                                                                                   Ч.ЦЭНД