Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00512

 

“ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”

        ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03310 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаар магадлалтай,

“ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,080,253.26 төгрөг, нотариатын зардалд 7,300 төгрөг, нийт 16,087,553.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмонгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, Г.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,080,253.26 төгрөг, нотариатын зардалд 7,300 төгрөг, нийт 16,087,553.26 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03310 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 16,080,253.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,387 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 106,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.06-ны өдрийн 82 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2017.12.27-ны өдрийн АС-КЗ-17/013 дугаар бүхий картын зээлийн эрхийн гэрээгээр талууд 10,000,000 төгрөгийн картын зээлийн эрх буюу зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй олгохоор гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцсон байдаг. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.2-т заасан “зээлийн эрхийн хүчинтэй хугацаа буюу гэрээний хугацаа” 2018.12.27-ны өдөр дуусгавар болсон байдаг ба ийнхүү гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч нь 9,998,794.62 төгрөгийн зээл, түүнд оногдох хүү (2018.11.20-ны өдрөөс 2018.12.27-ны өдрийг дуусталх 38 хоног (312,322 төгрөг) 1 хоногийн хүү 8,219 төгрөг, (1 хоногийн хүү нь 8,219 төгрөг болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтээр нотлогдоно.), нэмэгдүүлсэн хүү 62,466.4 (321,322 төгрөгийн 20 хувь болно.) төгрөг буюу нийт 10,373,581.02 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дууссан өдөр болох 2018.12.27-ны өдрөөс хойш 2020.09.01-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн хүү 5,350,039.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 731,418.67 төгрөг тус тус тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж, мөн тус шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдүүлэгч болон зээлдэгч нар нь гагцхүү гэрээний хугацаанд л үүссэн зээлийн төлбөрийг шаардах буюу төлөх үүрэгтэй болно.

4.2. Иргэний хуульд зээл болон Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг зохицуулахдаа хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаг ба энэ нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болон гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосонд тооцох үр дагаврыг бий болгохоор хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хугацаа дууссан тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон заалт ганц ч байхгүй, түүнчлэн гэрээний хугацаа дууссаны дараагаар талууд түүний хугацааг сунгасан, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхгүй, түүнийг хариуцагчийн зүгээс төлж барагдуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээний хугацаа дууссан болох нөхцөл байдлыг, мөн Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хариуцагчаас гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 5,706,672.24 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 16,080,253.26 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 5,706,672.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,080,253.26 төгрөг, нотариатын зардалд 7,300 төгрөг, нийт 16,087,553.26 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 16,080,253.26 төгрөг гаргуулж, үлдэх 7,300 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “...манай банкнаас иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2017.12.27-ны өдөр картын зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь 2018.11.20-ны өдрийг хүртэл картын зээлийг ашиглаад буцаан төлж байсан. 2018.11.20-оос хойш зээлийн төлбөр огт төлөгдөөгүй, иймд уг өдрөөс хойш үндсэн зээл 9,998,794.62 төгрөг, үндсэн хүү 5,350,039.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 731,418.67 төгрөг, нийт 16,080,253.26 төгрөг, нотариатын зардал болох 7,300 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... 2017.12.27-ны өдөр 1 жилийн хугацаатай картын зээлийн гэрээ байгуулж, 2018.12.27-ны өдөр хугацаа нь дууссан... 2018.11.20-ны өдрийг хүртэл зээлийг хугацаанд нь төлж байсан. Ажиллуулж байсан лангуу түрээсийг зогсоож, тухайн талбайгаас чөлөөлөх шаардлага гарсан. 2018.12.27-ны өдөр хүртэлх хугацааны зээл болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч, үүнээс хойш төлбөрийг төлөх үндэслэлгүй, гэрээний хугацаа дууссан гэж үзэж байна...” гэж маргажээ. 

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч 2018.11.20-ны өдөр 9,998,794.62 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргасан (2020.09.01-ний) өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагаас 7,300 төгрөгт холбогдох шаардлагыг “хэргийн оролцогч хуульд заасан үүргээ биелүүлж нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардлыг хариуцагчаас шаардах эрхгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

10. Иймд, “… нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дууссан өдөр болох 2018.12.27-ны өдрөөс хойш 2020.09.01-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсаныг шүүх хангасан нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлдүүлэгч болон зээлдэгч нар нь гагцхүү гэрээний хугацаанд л үүссэн зээлийн төлбөрийг шаардах буюу төлөх үүрэгтэй… хуульд зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой… Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хугацаа дууссан тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон заалт ганц ч байхгүй, түүнчлэн гэрээний хугацаа дууссаны дараагаар талууд түүний хугацааг сунгасан, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхгүй...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

11. Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол .... нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээний талуудын эрх, үүрэг нь зөвхөн гэрээнд заасан хугацаагаар хязгаарлагдахгүй, өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03310 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 106,257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Х.ЭРДЭНЭСУВД