Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 24

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: Ч.Т, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овогтой Ч-гийн Т, Б ургийн овогтой Н-ын Б нарт холбогдох эрүүгийн 1735001990008 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын 3-р багт оршин суудаг, гавьяа шагналгүй, РД: ОП91042714, С- ургийн овогтой Ч-гийн Т.     

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын 3-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОП86072611, Б ургийн овогтой Н-ын Б.            

Шүүгдэгч Н.Б, Ч.Т нар “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд сумын 3-р багийн нутаг “Хойд хэв” гэх газраас хохирогч Н.Б-ын амбаарын цоожийг эвдэн орж төмөр бетон савтай 80 литр нэрмэл архи, 1 хос гутал хулгайлж 320.000 төгрөгийн, хохирогч Б.О-ын шар хуванцар савтай 20 литр нэрмэл архи хулгайлж 36.000 төгрөгийн, хохирогч Б.Б-ийн шар хуванцар савтай 20 литр нэрмэл архи хулгайлж 36.000 төгрөгийн, нийт 392.000 /гурван зуун ерөн хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мотоцикль ашиглан Ховд сумын 3-р багийн нутагт байх хохирогч С.Б-гийн амбаараас 100 кг ааруул хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Б, Ч.Т нарыг машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б, Ч.Т нар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  мотоцикль ашиглан Ховд сумын 3-р багийн нутаг “Хойд хэв” гэх газраас хохирогч Н.Б-ын амбаарын цоожийг эвдэн орж төмөр бетон савтай 80 литр нэрмэл архи, 1 хос гутал, хохирогч Б.О-ын шар хуванцар савтай 20 литр нэрмэл архи, хохирогч Б.Б-ийн шар хуванцар савтай 20 литр нэрмэл архи тус тус хулгайлсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мотоцикль ашиглан Ховд сумын 3-р багийн нутагт байх хохирогч С.Б-гийн амбаараас 100 кг ааруул хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан  болон эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл,

хохирогч Н.Б-ын “2017 оны 09 дүгээр сарын 14-нд манайх Ховд сумын “Ачит” багийн нутаг “Хойд хэв” гэх газарт намаржиж байгаад дээшээ “Ачит” багийн нутаг “Хөөт” гэх газарт очиж намаржаад буцаад “Хойд хэв” гэх газарт 11-р сарын эхээр очиж буусан юм. Тэгэхэд манай амбаарын цоожийг эвдсэн /цүүний төмрийг нь хөрөөгөөр хөрөөдсөн байх магадлалтай/ байхаар нь амбаарт орж эд зүйлээ бүртгэж үзэхэд миний өөрийн 80 литр нэрмэл архи, миний хүү Б-ийн 20 литр архи, охин О-ийн 20 литр архи, өвөл өмсдөг хром гутал, архи хадгалсан байсан 40 литрийн сав зэрэг эд зүйл алга болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Би 1 литр архийг 2000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд нийт 120 литр архи 240.000 төгрөг болж байна. Би хром гутлаа 2014 онд 130.000 төгрөгөөр авч байсан. Миний эд зүйлсийг хэн авсан талаар надад ямар нэгэн хардах, сэрдэх хүн байгаагүй . Тухайн хулгай гардаг үед би цагдаагийн байгууллагад мэдэгдэж амжаагүй ба өвөл цаг болж байсан учир малынхаа хадлан тэжээл энэ тэрийг бэлдээд амжаагүй юм. Тэгтэл дараа нь манай багийн залуучууд болох Б, Т хоёр манай гэрт ирж “Бид хоёр танай амбаарт орж шимийн архи болон бусад эд зүйлийг чинь хулгайлсан нь үнэн. Бид хоёрыг уучлаарай” гэж дахин дахин хэлсэн. Мөн надад хар зүсмийн гунан үхэр өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан юм. Тухайн залуучуудаас манайхаас авсан архийг яасан бэ гэж асуухад “Талыг нь уугаад бусдыг нь асгаад хаячихсан” гэж хэлсэн. Тэгээд архитай байсан сав болох 40 литрийн 1 ширхэг сав, шар өнгийн 20 литрийн баллон зэргийг надад авч ирж өгсөн. Манайх тухайн амбаарт өөрийн хэрэгцээний эд зүйл болох ааруул, тос, шимийн архи зэрэг эд зүйлээ хадгалдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-25 х/,

хохирогч Б.О-ын: “2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манайх аав Б-тай хамт “Хойд хэв” гэх газарт намаржиж байгаад дээшээ “Хөөт” гэх газар луу нүүсэн юм. Нүүхдээ манайх аавын амбаарт 20 литр архи хадгалаад цоожлоод явсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр буцаад “Хойд хэв” гэх газарт нүүж ирэхэд аавын амбаарт хулгай орсон байсан. Манай хадгалуулсан байсан 20 литр шимийн архи, аавын 100 литр шимийн архи байхгүй байсан. Манай 20 литр шимийн архи ус хийдэг 20 литрийн шар өнгийн саванд байсан. Түүний дараа Б гэх залуу ирээд “Би танай гэрүүдийн шимийн архийг хулгайлсан. Хохирлыг бүрэн барагдуулж өгнө” гэж хэлсэн. Манай аав Б-ынх байнга амбаараа цоожилдог. Учир нь нүүхээрээ өөрийн хэрэгтэй эд зүйлсээ хадгалдаг юм. Амбаарын цоожны түлхүүр зөвхөн аав Б-д байдаг. Өөр хэн нэгэнд байхгүй. Би хулгайд алсдан архиа 1 литрийг нь 2000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 20 литр архи алдсан тул 40000 төгрөг болж байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

               хохирогч Б.Б-ийн: “2017 оны 09 дүгээр сард манай ээж Д надад 20 литр шимийн архи нэрж өгөхөөр нь би тухайн архийг “Ачит” багийн нутаг “Хойд хэв” гэх газарт байх аав Б-ын амбаарт хийлгээд хадгалчихсан байсан юм. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр над руу аав Б залгаад “Чиний хадгалуулчихсан байсан 20 литр шимийн архи, миний 80 литр архи зэргийг хулгай авчихсан байна” гэж хэлсэн. Миний 20 литр архи хадгалуулсан байсан амбаар нь аав Буянжаргалын эзэмшлийн амбаар бөгөөд уг амбаарыг байнга цоожилдог юм. Түлхүүр нь зөвхөн аавын гэрт л байдаг. Миний хулгайд алдсан 20 лирт архийг аав, ээж хоёр 20 литрийн саванд хийсэн байсан гэсэн. Би 1 литр архийг 2000 төгрөгөөр, нийт 20 литр архийг 40000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

               гэрч Ц.А-ийн “2017 оны 11 дүгээр сарын дундуур байх би гэртээ эхнэрийн хамт байж байтал манай нутгийн Б гэх залуу халамцуу манайд орж ирсэн, тэр гартаа 2.5 литрийн пивоны савтай шимийн архи барьчихсан орж ирсэн. Тэгээд авч ирсэн архиа надад хийж өгөхөөр нь би тухайн архийг хувааж уучихаад байж байтал Б гараад дахин 2 савтай шимийн архи авчихсан орж ирсэн. Тэр үед манай эхнэр Э Б-од “Чи хаанаас яасан их шимийн архи авч ирээд байгаа юм” гэж асуухад  Б “Нутгийн ах, дүү нар надад өглөө” гэж хэлсэн. Тэр орой Б бид хоёр нийт 10 гаруй литр шимийн архи уучихсан байсан. Б тухайн архийг хаанаас авсан талаар би мэдээгүй бөгөөд сүүлд сонсоход Б-ын амбаараас хулгайлсан архи байж таарсан. Би тухайн үед хулгайн архи гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

              гэрч Н.Э-ийн “2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой би нөхөр А-ийн хамт гэртээ байж байтал гаднаас Б гэх залуу 2.5 литрийн ундааны савтай шимийн архи авчихсан орж ирсэн. Тэгээд манай нөхөр А-тай хамт уг архиа хувааж уучихаад дахин гарч яваад 2 савтай шимийн архи авч орж ирэхээр нь би “Чи хаанаас ийм их шимийн архи авч ирээд байгаа юм бэ” гэж асуухад “Ард түмэн надад өгсөн юм. Одоо ч гэсэн надад зөндөө архи байгаа” гэж хэлсэн. Б тэр өдөр манай нөхөр А-тай хамт 2.5 литрийн 6 ширхэг ундааны савтай архи хувааж уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

             гэрч Б.Д-ын “2017 оны 10 дугаар сард манайх “Хойд хэв” гэх газарт намаржиж байгаад дээшээ “Ачит” багийн “Хөөт” гэх газар луу нүүсэн. Тэгээд тухайн газарт сар болоод буцаад нүүж ирэхэд манай цоожтой байсан амбаараас 120 литр шимийн архи хулгайд алдагдсан байсан. Тэгээд бид нар ойр хавийн айл, энэ тэрээс асууж сураглахад олдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 120 литр архи 2 ширхэг 40 литрийн сав, 2 ширхэг 20 литрийн савтай байсан. Дараа нь Б гэх залуу манай амбаараас архитай алга болсон 40 литрийн савыг авч ирж өгөөд “Т бид хоёр танай амбаараас архи хулгайлсан юм. Т бид хоёр хохирлыг тань барагдуулж өгнө” гэж хэлээд уучлал гуйгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33/, 

               гэрч С.Г-ийн “2017 оны 12 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна, “Ачит” багийн нутаг “Хойд хэв” гэх газарт байх гэртээ байж байтал миний хадам ах Б 40 литрийн төмөр сав, хуучин, хар өнгийн хром гутал зэргийг барьчихсан ирээд хадам аавын гэрийн үүдэнд үлдээгээд явчихсан байсан. Манай хойд талд байдаг Б-ын амбаарт хулгай орж эд зүйл /40 литрийн сав, хром гутал зэрэг/ алдагдсан гэж би сонссон байсан тул уг хулгайд алдагдсан зүйл юм болов уу гэж бодсон. Би Б-ыг хулгай хийж байхыг хараагүй бөгөөд Б-оос тухайн сав, гутлыг ямар учиртай болохыг нь асуухад Б-ын сав, гутал мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,                  

                 хохирогч С.Б-гийн “ Би Ховд сумын “Ачит” багийн нутаг дэвсгэрт мал маллан амьдардаг юм. Би өөрийн малын сүүгээр зуны улиралд цагаан идээ хийж өөрийн хэрэгцээнд нь хэрэглэж, үлдсэнийг нь өвлийн улиралд цагаан идээний үнэ өсөхөөр зарж борлуулдаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би Ховд сумын “Ачит” багийн нутаг “Хатуугийн булаг” гэх газарт нөхөр О-ын хамт хужир авах ажлаар очоод замаараа багийн төвд байх амбаар дээрээ очиход амбаарт ямар нэгэн хулгай ороогүй, амбаарт байсан ааруул болон бусад зүйлс байсан. Түүний дараа 2017 оны 10 дугаар сарын 22-нд сумаас хүн “Ааруул авна” гэж ярихаар нь нөхөртэйгээ хамт амбаартаа очиж ааруул авах гэтэл амбаарт байсан 100 кг ааруулыг хулгай авчихсан байсан тул нөхрийн хамт багийн манаач Д-тэй очиж уулзаж “Манай амбаарт хулгай орчихсон байна” гэж хэлэхэд “Мэдэхгүй” гэж хэлсэн. Манайх ийш, тийшээ нүүж явахаараа гэрийн эд хогшил болон ааруул, тосоо амбаартаа хийгээд цоожлоод явдаг. Манай амбаар багийн төвд байдаг болохоор багийн төвийн манаач бас харж хамгаалж байдаг юм. Миний хулгайд алдсан ааруул нь энэ зун хийсэн миний хөдөлмөр юм. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би хулгайд алдсан ааруулаа 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр бодож, нийт 800.000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн амбаар нь манай гэрээс 20 гаруй км-ийн зайд багийн төв дээр байдаг ба амбаартаа очиход хаалганы цоожийг нь бэхэлдэг байсан /яг юу гэдгийг сайн мэдэхгүй байна/ хөндлөн томрийг нь мулталж хаалгыг онгойлгосон, хаалга нь онгорхой байсан. Ааруулыг тааран шуудай болон хайрцганд хийсэн байсан ба 6 хайрцганд байсан ааруул алга болсон, хайрцаг нь хоосон байсан. Бид нар амбаартаа ойр зуурын зүйлээ хадгалдаг бөгөөд урьд өмнө нь манай амбаарг ямар нэгэн байдлаар хулгай орж байгаагүй. Тэгээд би нөхрийн хамт ойр хавийн хүмүүсээс асууж сурагласан боловч сураг нь гараагүй бөгөөд би тухайн үед энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж амжаагүй юм. Гэтэл  2017 оны 12-р сарын 02-ны өдөр над руу шинээр ирсэн сумын хэсгийн төлөөлөгч утсаар залгаж “Та сумын төв рүү ороод ир” гэхээр нь би яваад очиход “Энэ таны ааруул мөн үү” гэж надаас асуусан. Би уг ааруулуудыг үзэхэд 3 шуудайнд хийчихсэн байсан ба би шуудайны амыг нэг нэгээр нь онгойлгож үзэхэд манай амбаараас алга болсон ааруул мөн байсан. Тэгээд 1 шуудай ааруулыг нь дэлгүүрийн цахилгаан жин дээр тавьж үзэхэд 29 кг болж байсан. Нөгөө 2 шуудай ааруул нь нийт 71 кг байсан, би тухайн үед 1 шуудай ааруулыг сумын төвд зарж борлуулсан, үлдсэнийг нь аймгийн төв рүү явж ченжид зарж борлуулсан. 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр худалдаалж 600.000 төгрөг болсон. Харин суманд зарсан нэг шуудай ааруул 200.000 төгрөг болсон. Манай амбаарт ааруул байсан гэдгийг манай багийнхан бүгд мэдэж байгаа байх. Манайх жил болгон л ааруул, цагаан идээ хийж тэр амбаартаа хадгалдаг юм. Надад одоо гомдол санал байхгүй. Миний ааруулыг хулгайлсан гэх Т, Б нар надаас болон миний нөхөр О бид хоёроос уучлал гуйж миний ааруулыг хамт зарж борлуулан өгч, хохирлыг барагдуулж, гэмээ ухаарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-114/,

                эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, ааруулд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 116-119/,

                 гэрч З.Д-гийн “Би 2011 оны 06-р сарын 01-ний өдөр Ховд сумын “Ачит” багийн манаачаар ажиллаж эхлээд 2017 оны 12-р сарын 01-ний өдөр ажлаа дараагийн манаач болох Г гэх залууд хүлээлгэж өгсөн. Намайг ажиллах хугацаанд манай баг дээр ямар нэг нь амбаарын хулгайн асуудал гарч байгаагүй. Манай баг дээр манай багийн иргэдийн 60 гаруй амбаар байрлаж байдаг. 2017 оны 10-р сарын дундуур он сар өдрийг нь сайн санахгүй байна, би тэтгэвэрт гарах бичиг баримтаа бүрдүүлж өгөхөөр Улаангом сум руу 7 хоног явж ирчихээд гэртээ ирээд 1 хонож байтал Б нөхрийн хамт ирээд “Манай амбаарт хулгай орж ааруул алга болсон байна. Та ямар нэг зүйл харсан уу” гэж хэлэхээр “Би ямар нэгэн зүйл хараагүй. Би аймаг яваад урд шөнө ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёртой хамт амбаар дээр нь очиход амбаараа өөрсдөө онгойлгосон байдалтай байсан ба амбаар дотор ороход “Хайрцагтай байсан гэх ааруулууд алга болсон, өөр ямар нэг эд зүйл алга болоогүй” байна гэж Б надад хэлсэн. Тэгэхээр нь би “Хаалгыг яг хаагуур нь эвдэж орсон байна” гэж асуухад “Цоожны даруулга цүүг нь сугалж хаяад орсон байна” гэж хэлэхээр нь би тухайн цүүг харахад үнэхээр тийм байдалтай байсан. Тэгээд тэр даруй тухайн амбаарын цоожийг түүний нөхөр болох О-ын хамт засварлаж хийсэн. Б гэх эмэгтэй нь намар болохоор амбаартаа байнга цагаан идээ авч ирж хадгалж байгаад өвөл болохоор ааруулаа хүмүүст зарж борлуулдаг юм. Мөн бусад айлууд ч гэсэн амбаартаа хэрэгтэй зүйлээ хадгалаад нүүгээд явдаг. Манай багийн иргэд амбаараа байнгын цоожилж хамгаалдаг хүмүүс юм. Тухайн амбаар монгол цоожтой байсан. Харин цоожийг нь эвдээгүй, цоожны даруулга төмөрний цүүг нь эвдээд орсон байдалтай байсан. Манай багт өөр хулгай гараагүй. Харин тухайн үед манай багаас доош 6 км зайд байдаг Б-ын амбаарт хулгай орж шимийн архи, бусад эд зүйл хулгайлсан байна гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 120/,

                гэрч Б.Г-ийн “Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр О ах, Б эгч хоёртой хамт тэдний малын хужир түүхээр багийн төр рүү орж хужир түүчихээд тэдний багийн төв дээр байдаг амбаарт түүсэн хужраа аваачиж тавьсан. Тухайн үед тэдний амбаар цоожтой байсан ба дотор нь ороход хайрцганд хийсэн ааруул, цагаад идээ байсан. Тэгээд бид гурав амбаарыг цоожлоод гэр гэрлүүгээ явцгаасан. Тухайн амбаарыг Монгол цоожоор цоожилсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124/,

                гэрч Г.О-ын “2017 оны 10 дугаар сарын эхээр би эхнэр Б-гийн хамт “Ачит” багийн төвд байх өөрийн эзэмшлийн амбаараас ааруул авах гэж очиход амбаарын цүүг эвдээд буцаагаад хийчихсэн байсан ба амбаар дотор байсан ааруулыг хулгай авчихсан байсан. Тэгээд эргэн тойрны айлуудаас асууж сурагласан боловч сураг нь гараагүй. Хулгайд алдсан ааруулуудыг бүгдийг нь цаасан хайрцганд хийчихсэн байсан бөгөөд хайрцагнуудыг нь үлдээгээд ааруулыг нь аваад явчихсан байсан. 2017 оны 12 дугаар сарын эхээр эхнэр Б бид хоёрыг гэртээ байхад Б манай гэрт ирээд “Намайг уучлаарай, би танай ааруулыг Т гэх залуугийн хамт хулгайлж авсан юм” гэж хэлээд тамхи нэрсэн. Тэгээд манайх хулгайд алдсан ааруулаа буцааж аваад зарж борлуулсан. Уг ааруулууд нийт 800.000 төгрөг болсон байсан. Манайх багийн төвд байх амбаараа монгол цоожоор байнга цоожилдог байсан. Манай амбаараас ааруулаас өөр зүйл алга болоогүй. Манай амбаарт ааруул байсныг манай хадам эгчийн залуу болох Г мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/,                 

                шүүгдэгч Ч.Т-ийн “Би 2017 оны 10-р сарын 19-ний шөнө Ховд сумын “Ачит” багийн нутагт байрлах “Ендэртийн уурхай”-гаас найз Б-ын хамт мотоциклоор гэртээ ирж гадна амбаараас шимийн архи авч хоёулаа манайд хувааж уучихаад шөнийн 12-01 цагийн хооронд “Ачит” багийн төв дээр байх иргэн Б-ийн амбаарын хажууд очиж хаалганы даруулчихсан байсан төмөрний цүүг гадсаар гөнжиж мултлаад дотор нь орж хайрцагтай байсан ааруулыг 3 шуудайнд хийж аваад Б-ын мотоцикль дээр ганзагалж ачиж өгөөд Б “Нарийн хоол” гэх газар луу, би гэрлүүгээ явсан. Тэгээд бид хоёр дээрх ааруулыг 1 сар өнгөрүү хугацаанд Б-ын нуусан газар хадгалж байгаад хохирогч Б-д хүлээлгэж өгч уучлалт гуйсан. Учир нь цагдаагийн хүмүүс ааруул хулгайлсан этгээдүүдийг хайж байна гэхээр нь бид хоёр айсандаа болоод хүргэж өгсөн юм. Мөн дээрх 3 шуудай ааруулыг Б-гийн хамт цахилгаан жин дээр тавьж үзэхэд 101 кг болсон. Үүнээс алдагдал хорогдлыг хасаад яг 100 кг ааруул болсон ба тухайн ааруулаас 2 шуудай ааруулыг аймгийн төвийн зах дээр зогсдог цагаан идээний ченж нарт 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр өгсөн. Харин үлдсэн нэг шуудай ааруулыг сумын төвд дээр байдаг иргэдэд 1 кг-ыг нь 6000 төгрөгөөр зарсан гэж ярьж байсан. Дээрх ааруулуудыг нийт 800.000 төгрөгөөр зарж борлуулсан юм. Бид хоёр Б-гийн хамт тухайн ааруулыг зарж борлуулж өгсөн. Тухайн үед амбаарын хаалга монгол цоожтой байсан ба бид хоёрын тухайн үед хаалганы цүүг эвдсэн  гадас одоо байхгүй. Ховд гол руу хаячихсан юм. Тухайн ааруулыг Б-ын эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн номер дугааргүй мотоцикль дээр тээвэрлэж авч явсан. Мөн Би 2017 оны 10-р сарын 12-ны шөнө найз Б-ын хамт манай “Ачит” багийн “Хойд хэв” гэх газар байрлах иргэн Б-ын амбаарын  хаалганы цоожны цүүг гадсаар эвдэн орж 40 литрийн 2 ширхэг савтай 80 литр шимийн архи, 20 литрийн 2 ширхэг савтай 40 литр шимийн архи зэргийг хулгайлсан ба үүнээс нэг 40 литрийн савтай архийг 3 литрийн ундааны 10 ширхэг саванд хийж аваад, мөн нэг 40 литрийн савтай архи болон хоёр 20 литрийн шар савтай, нийт 80 литр архинуудыг Б-ын мотоцикиль дээр ачиж өгөөд явуулсан. Тухайн архинуудыг аваад Б “Нарийн хоол” гэх газар луу явсан бөгөөд би гэр ойрхон учир гэрлүүгээ алхаж харьсан. Тэгсэн 2017 оны 10-р сарын 15-16-ны хооронд Б манай гэрт 20 литрийн шар савтай шимийн архи авч ирэхээр нь бид хоёр тухайн архиа аваад Ховд сумын “Ачит” багийн нутагт байрлах “Ендэртийн уурхай”-д нүүрс малтах зуураа хоёулаа хувааж ууссан. Би дээрх савтай архинуудыг Б хаана аваачиж хадгалсныг мэдэхгүй байсан. Бид хоёр Б-ын хохирлыг барагдуулсан. Б-ын амбаараас авсан 120 литрийн шимийн архи, хром гутал зэргийн оронд 3 настай эр үхэр өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Би дээрх хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,   

                шүүгдэгч Н.Б-ын “Би 2017 оны 10-р сарын 19-ний шөнө Ховд сумын “Ачит” багийн нутагт байрлах “Ендэртийн уурхай”-гаас найз Т-ийн хамт мотоциклоор ирж Тийн гэрт очсон. Тэгээд тэдний гэрт байсан шимийн архинаас хоёулаа хувааж уучихаад шөнийн 12-01 цагийн хооронд “Ачит” багийн төв дээр байх иргэн Б-гийн амбаарын хажууд очсон. Тэгээд хаалгыг нь даруулчихсан байсан төмөрний цүүг гадсаар хөшиж мултлаад дотор нь орж хайрцагтай байсан ааруулаас 3 шуудайнд хийж аваад өөрийн мотоцикиль дээр Т-ийн хамт ганзгалж ачаад “Нарийн хоол” гэх газарт аваачиж хадны завсар хийж нуугаад гэрлүүгээ явсан. Тухайн үед Т надад ааруулыг мотоцикиль дээр ачилцаж өгчихөөд гэрлүүгээ алхаад явсан. Бид дээрх ааруулыг 1 сар өнгөрүү тухайн газар хадгалж байгаад хохирогч Б-д хүлээлгэж өгсөн. Дээрх 3 шуудай ааруулыг Б-гийн хамт цахилгаан хил дээр тавьж үзхэд 101 кг болсон. Үүнээс алдагдал хорогдлыг хасаад яг 100 кг ааруул болсон. Уг ааруулаас 2 шуудай ааруулыг аймгийн төвийн зах дээр зогсдог ченж нарт 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр өгсөн. Үлдсэн 1 шуудай ааруулыг сумын төв дээр байдаг иргэдэд 1 кг-ыг нь 6000 мянган төгрөгөөр өгсөн гэж ярьж байсан. Дээрх ааруулууд нийлээд 800.000 төгрөг болсон. Т бид хоёр тухайн ааруулуудыг хувийн хэрэгцээнд хэрэглэх гэж хулгайлж авсан юм.

               Мөн би 2017 оны 10-р сарын 12-ны шөнө найз Тийн хамт манай “Ачит” багийн “Хойд хэв” гэх газар байрлах иргэн Б-ын амбаарын  хаалганы цоожны цүүг гадсаар эвдэн орж 40 литрийн 2 ширхэг савтай 80 литр шимийн архи, 20 литрийн 2 ширхэг савтай 40 литр шимийн архи зэргийг хулгайлсан ба үүнээс нэг 40 литрийн савтай архийг 3 литрийн ундааны 10 ширхэг саванд хийж аваад, мөн нэг 40 литрийн савтай архи болон хоёр 20 литрийн шар савтай, нийт 120 литр архийг хулгайлж авсан. Бид хоёр хулгайлсан архинуудыг зарж борлуулсан зүйл байхгүй бөгөөд 20 литр архийг нь хувааж уусан. Үлдэгдэл 100 литр шимийн архийг газарт асгачихсан. Би хулгайлсан архийг өөрийнхөө эзэмшлийн бүртгэлд ороогүй, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоцикльд ачиж тээвэрлэсэн. Би тухайн мотоциклийг 2014 онд Бөхмөрөн сумын иргэн А гэх хүнээс 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан ба түүнээс хойш номер дугаар авах гээд амжаагүй байсан юм. Би өөрөө бага зэрэг архинд дуртай учир архи хулгайлсан юм. Би дээрх хийсэн үйлдэлдээ маш их  гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.                    

                Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид  нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ч.Т, Н.Б нарын хохирогч Н.Б-ын эзэмшлийн цоожтой амбаараас хохирогч Н.Б,  Б.О, Б.Б нарын нийт 120 литр нэрмэл архи /шимийн архи/, хуучин хос хром гутал, 40 литрийн төмөр сав, 20 литрийн 2 ширхэг баллон сав, хохирогч С.Б-гийн амбаараас 100 кг ааруул тус тус авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

                Хулгайлах гэмт хэргийг “ тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”, “машин механизм ашиглаж” үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Ч.Т, Н.Б нар нь хохирогч Н.Б, С.Б нарын тусгайлан хамгаалсан агуулах буюу амбаарт /монгол цоожоор цоожилсон/ нэвтэрч эд зүйл хулгайлсан, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль ашигласан байх тул шүүгдэгч Ч.Т, Н.Б нарыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

                Иймд шүүгдэгч Ч.Т, Н.Б нарыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                Хохирогч Н.Б-ын амбаараас хулгайлагдсан хуучин, хос хром гутал 50.000 төгрөгийн, 40 литрийн багтаамжтай бетон 150.000 төгрөгийн, 20 литрийн багтаамжтай баллон 2 ширхэг 12.000 төгрөгийн, 120 литр нэрмэл архи 180.000 /1 литр нь 1500 төгрөг/ хохирогч С.Б-гийн 100 кг ааруул 800.000 төгрөгийн /1 кг ааруул 8.000 төгрөг/ тус тус үнэтэй болох нь хэрэгт авагдсан “Гэрэгэ Валюэшн” ХХК-ийн 2017.12.04-ний өдрийн  УВ/01/175 тоот, УВ/01/176 тоот, 2017.12.22-ны өдрийн УВ/01/185 тоот, 2018.01.10-ны өдрийн УВ/01/201 тоот Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолтуудаар тус тус  нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 1.192.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.

                Шүүгдэгч Ч.Т, Н.Б нар хохирогч Н.Б-ын хуучин хром гутал 2 хос, 40 литрийн багтаамжтай бетон 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай баллон 2 ширхэг, С.Б-гийн 100 кг ааруул зэргийг буцаан өгсөн, хохирогч Н.Б, Б.О, Б.Б нарын 120 литр нэрмэл архины үнэд гунан үхэр өгч тэдэнд учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, тэдний мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Т, Н.Б нараас хохирогч нарт төлөх хохиролгүй гэж үзлээ.  

                2. Шүүгдэгч Ч.Т, Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                Шүүгдэгч Ч.Т, Н.Б нар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч Н.Б, Ч.Т нарын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Д.А-ын “Б нь миний зээ дүү юм. Б нь зан аашийн хувьд тогтвортой, аливаа зүйлд хүлээцтэй, эелдэг харьцаатай, даруу төлөв зан ааштай, хүнд тусархаг, цайлган цагаан сэтгэлтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, хүнд итгэмтгий, хүний үгнээс гардаггүй хүн юм. Хааяа архи хэрэглэдэг гэж хүнээс сонсож байснаас би нүдээр харж, үзээгүй. Миний зээ Б өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Одоо Ховд сумын 3-р багт эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг ” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

               гэрч Г.Д-гийн “Т миний төрсөн хүү юм. Т нь зан байдлын хувьд тогтвортой, аливаа зүйлд хүлээцтэй, эелдэг харьцаатай, даруу төлөв зантай, аливаа хүнд тусархаг, цайлган цагаан сэтгэлтэй, хүнтэй маргалдаад байдаггүй, эв зүйгээ олчихдог хүүхэд юм. Ховд сумын 3-р багт эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

                гэрч Д.Б-гийн /Ховд сумын Ачит багийн засаг дарга/ “Ч овогтой Т-ийг эхнэр, 3 хүүхдийн хамт манай багт оршин суудаг гэдгээр нь сайн танина. Т-ийн гэр манай багийн төвийн ар талд байдаг. Т өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан, хүн зодож цагдаад шалгагдаж байсан залуу юм. Н овогтой Б-ыг манай багт эхнэр 4 хүүхдийн хамт оршин суудаг гэдгээр нь сайн танина. Б нь манай багийн “Усан хоол” гэх газраар өвөлжиж, хаварждаг юм. Зан байдлын хувьд их даруухан, хүнтэй харилцах харьцаа сайтай залуу юм. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

                Шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн Ховд сумын 3-р багт эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, амьжиргааны түвшин дундаж түвшингийн өрх буюу өрхийн оноо 491.39-д үнэлэгдсэн, шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Ховд сумын 3-р багт эхнэр, 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, амьжиргааны түвшин харьцангуй бага хэрэглээтэй түвшний өрх буюу өрхийн оноо 403.30-д үнэлэгдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Увс аймгийн Хөдөлмөрийн халамж үйлчилгээний газрын ӨМССудалгааны мэргэжилтэн Ц.Батсүрэн нарын тодорхойлолтоор, шүүгдэгч Н.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.

                Шүүгдэгч Ч.Т нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан болохыг дурдах нь зүйтэй.

                Шүүгдэгч Ч.Т, Н.Б нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хянан үзээд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 5/02 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жил 10 хоног хорих ял оногдуулах саналтай хэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.                 

                 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь  ял хүндрүүлэх нөхцөл боловч шүүгдэгч Ч.Т, Н.Б нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй гэж дүгнэв. 

                 Шүүгдэгч Ч.Т, Н.Б нар эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ  шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикль ашигласан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, 275.000 төгрөгийн үнэ бүхий хуучин мотоциклийг хурааж, улсын төсөвд шилжүүлэх үндэслэлтэй байна.   

                Шүүгдэгч Ч.Т, Н.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.                  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5дахь хэсэг, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ургийн овогтой Ч-гийн Т, Б ургийн овогтой Н-ын Б нарыг машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Т, Н.Б нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

                 4. Шүүгдэгч Ч.Т, Н.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

                 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн, “Мустанг-5” маркийн, улсын дугааргүй,  275.000 төгрөгийн үнэ бүхий хуучин мотоциклийг хурааж, улсын төсөвд шилжүүлсүгэй.

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Т, Н.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                ДАРГАЛАГЧ,

                                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН