Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 15

 

Г.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н, өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Е, Н.Т, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1735001450110 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 19-17 тоотод оршин суух,ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОЗ94052313, Монголмууд овогт Гантөмөрийн Еүмбумчин.

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 4-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгын газарт ажилладаг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн 1-05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОЕ91050417, Боржигон овогт Нямжавын Төмөрбаатар.

Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуй, машин механизмын засвар үйлчилгээний мэргэжилтэй, ХХК-д ковшийн жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн 5-25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОМ92042235, Хольдог овогт Баяндалайн Нямдэлэг.

Шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.Алтанхуягийн  агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж аккумлятор 70 амперийн 1 ширхэг, аккумлятор 90 амперийн 2 ширхэг, Мотор 5.5 квт 2900 эргэлттэй 2 ширхэг, моторын кабель утас 15 метр, Гранд марк 2 машины дээд анги 1 ширхэг, олгой /хово машины/ 8 ширхэг, дугуй /тракторын/1 ширхэг, дуу өсгөгч шинэ 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.995.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 10 дугаар сарын эхээр тус аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.Алтанхуягийн хашаа болон агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж мотор 2.2 квт 940 эргэлттэй 2 ширхэг, дээврийн 6 метр урттай төмөр 9 ширхэг, хонда мотор 1 ширхэг, компрессор шинэ 1 ширхэг, Сувару загварын гар нягтруулагч 1 ширхэг, дугуй /маяти автомашины/ 1 ширхэг, Мулдак багаж 1 ширхэг, хар панер 8 ширхэг, гэрийн давуун туурга 21.6 метр, унадаг дугуйны олгой 14 ширхэг, резин хаймер 3 ширхэгийг хулгайлж нийт 6.427.700 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Хольдог овогт Баяндалайн Нямдэлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж,

Шүүгдэгч Монголмууд овогт Гантөмөрийн Еүмбумчин, Боржигон овогт Нямжавын Төмөрбаатар нарыг машин механизм ашиглаж, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч     Г.Е, Н.Т нарт тус бүрт нь  1/нэг/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Е, Н.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Е, Н.Т нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Егийн өмчлөлийн Хьюндэй Портер загварын 68-51 УНМ  улсын дугаартай 1.4 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 95.000 /ерэн таван мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.Е, Н.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгож,

Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е, Н.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”-аар тус тус шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаар шүүгдэч Г.Е, Н.Т, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1735001450110 дугаартай хэргийн шийтгэх тогтоолыг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тоггоолыг хүчингүй болгож цагаатгаж, шүүгдэгч Г.Еүбумчин, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Хавтаст хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасан нь прокурорын зөвшөөрлөөр нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г.Еүбумчингаас “...Хово маркийн автомашины дугуйны олгой хаймер 1 ширхэг, хонда мотор 1 ширхэг, гэрийн даавуун туурга 1 ширхэг, унадаг дугуйны олгой хаймер 14 ширхэг, бутлагч төхөөрөмжийн дамжуулах резин хаймер 3 ширхэг”, иргэн Н.Таас “...Сувару загварын гар нягтруулагч1 ширхэг”,   Б.Нээс “...220 вольтын ЗбООэргэлттэй газар ухах зориулалттай мулдак багаж 1 ширхэг”- ийг тус тус хураан авсан.

Энэ хураан авах ажиллагаа нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ хадгалж байсныг нотолсон нотлох баримт байхад энэ талаар шүүх  дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан байна.

Мөн хохирогч Х.Алтанхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар хамтдаа ирж уулздаг боловч Г.Е, Н.Т хоёр хохирол төлж өгөх талаар ярьдаг, Нямдэлэг нь надтай юм ярьдаггүй юм” гэх мэдүүлэг, шүүгдэгч шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нямдэлэг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, Г.Е, Н.Т нар нь үйлдсэн" гэх мэдүүлэгт хөтлөгдөж хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад бүрэн дүгнэлт хийж хуулийн хүрээнд өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Алтанхуягийн дээрх өгсөн мэдүүлэг нь шүүгдэгч Б.Нийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолж буй нотлох баримт биш юм. Гэтэл энэхүү мэдүүлгийг үнэлж, шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл шүүгч эрүүгийн 1735001450110 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөө хэрхэн хувааж авч, зарж борлуулж, ашиг олсон байдал болон шүүгдэгч нарын гэрээс буюу ялангуяа мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхнасан шүүгдэгч Б.Нийн гэрээс 220 вольтын 3500 эргэлттэй газар ухах зориулалттай мулдак багаж 1 ширхэгийг хурааж авсан нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч нарын мэдүүлэг болон өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн шүүхийн шатанд гаргасан тайлбар зэрэгт хөтлөгдөж, хэргийн нөхцөл байдал үйл баримтанд тулгуураагүй дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Н.Тт таксигаар үйлчилж өгсөн хөлсөндөө 2.2квт 940 эргэлтэй мотор авсан” талаараа мэдүүлэг нь боловч өөрийнхээ гэртээ220 вольтын 3500эргэлттэй газар ухах зориулалттай мулдак багаж 1 ширхэгийг хадгалж байсан талаараа ямар нэг тайлбар хийж чадахгүй нөхцөл байдал илэрхий байна.

Тухайлбал: Н.Т, Б.Н, Г.Е нар нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдэж, олсон эд хөрөнгөө Г.Еий 68-51 УНМ улсын дугаартай, хөх өнгөтэй Портер маркийн автомашинд ачиж, амбаарт нь нууж байгаад зарж борлуулсан.

2017 оны 10 дугаар сарын эхээр хулгайлсан эд хөрөнгөө урдын адил Г.Егийн хашаанд буулгаж, амбаарт нь нуусан байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь 2 удаагийн үйлдлээр хулгайлсан эд хөрөнгөө Г.Егийн амбаарт нууж, тэндээсээ хувааж авдаг, зарж борлуулдаг нөхцөл байдал илэрхий байна.

Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгөөс Н.Т нь Сувару маркийн гар нягтруулагч багаж, Б.Н нь газар ухах зориулалттай мулдак багаж 1 ширхэгийг тус тус авч хадгалж байхад нь мөрдөн байцаалтын шатанд хураан авчээ. Гэтэл шүүгч энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, ял завшуулсан байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгахдаа прокурорын яллах нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй, яллах болон цагаатгах нотлох баримтыг бүрэн судалж, дүгнэлт хийгээгүй, “ТОГТООХ нь” хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа дурдаагүй байна.

Иймд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгч Б.Нийн хамтран оролцсон гэмт хэргүүдийг шүүгдэгч Н.Т, Г.Е нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлага халдааж, Б.Нт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснээрээ тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Прокурор эсэргүүцэлдээ миний үйлчлүүлэгч Б.Н нь яаж хэрхэн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж чадаагүй ба хохирогчид мөнгө шилжүүлсэн баримт, гэрт нь хулгайн эд зүйл байсан зэргээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох боломжгүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.Е, Н.Т нар нь хулгайлсан эд зүйлсээ Б.Нийн гэрт буюу амбаарт хадгалдаг байсан нь тодорхой байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Е: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон ба өмгөөлөгч авах нөхцөл боломжгүй байсан. Иймд уг хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Т: “Уг гэмт хэргийг Г.Е, Б.Н бид нар хамт үйлдсэн нь үнэн. Иймд хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Г.Е, Н.Т, Б.Н нар нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн нутаг “Хойд Адаргана” гэх газарт байрлалтай хохирогч Х.Алтанхуягийн агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж,  1.995.000 төгрөгийн эд зүйл, мөн 2017 оны 10 дугаар сарын эхээр дээрхи агуулахад дахин нэвтэрч, машин механизм ашиглан 6.427.700 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Г.Е, Н.Т, Б.Н нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн  байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл, гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.Тухайлбал:

Хэргийн газрын үзлэгээр 3 гутлын ул мөр илрүүлэн бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт зөвхөн Г.Егийн гутлын ул мөртэй харьцуулах шинжилгээ хийж, бусад гутлын ул мөр нь хэнийх болох талаар мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байна.

Мөн гэрч Б.Батбаатарын “...2017 оны 09 дүгээр сард 2 танихгүй залуу ирээд надад машины дээд анги, аккумлятор зэрэг зүйлийг өгсөн. ...Мөн 10 сард дахин ирж 2 мотор өгсөн“ гэх мэдүүлэг, хохирогч Н.Алтанхуягийн “...Төмөрбаатарын эгч гэх эмэгтэй Улаанбаатараас надтай ярихдаа хохирол төлж өгнө, мөнгө шилжүүлэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Тийн “...Б.Нийн төлсөн 1 сая төгрөг нь манай эгч над руу явуулсан мөнгө байгаа юм. Би зээлтэй болохоор данс руугаа хийж болохгүй учраас Б.Нийн данс руу хийгээд хохирогчийн данс руу шилжүүлсэн“ гэх мэдүүлэгүүдийн  эх сурвалжийг магадлах аргаар шалгаж гэрч Б.Батбаатарт хэн хэн хулгайн эд зүйлийг аваачиж өгсөн бэ гэдгийг тордуулан, шаардлагатай бол таньж олуулах ажиллагааг хийх, хохирогчийн дансанд Б.Н шилжүүлсэн гэх мөнгө нь хаанаас шилжсэн, уг мөнгөний эх сурвалжийг шалгах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Е нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Г.Е нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул “Б.Нийн үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон“ гэх прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Е, Н.Т, Б.Н нарт холбогдох 1735001450110 дугаартай эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Г.Е, Н.Т нарт авсан цагдан хорих, Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ