Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00153

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02681 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч “Б.Э.С.С” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 023 284 603 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Б.Э.С.С” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2019/а/102 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан, мөн оны 6-9 дүгээр сар хүртэл нийт 2 264 250 800 төгрөгийн дизелийн түлшийг зээлээр нийлүүлсэн. “Б.Э.С.С” ХХК нь талуудын өмнөх гэрээний төлбөрийн үлдэгдэлд 2 057 968 454 төгрөг төлөх тооцоотой байсан.

“Б.Э.С.С” ХХК нь худалдан авсан дизелийн түлшний төлбөрт 2019 оны 6 дугаар сард 900 000 000 төгрөг, мөн оны 7 дугаар сард 300 000 000 төгрөг, мөн оны 8 дугаар сард 300 000 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сард 500 000 000 төгрөг нийт 2 000 000 000 төгрөг төлснийг өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрт тооцож 2 322 219 254 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. “Б.Э.С.С” ХХК нь төлбөрөө хугацаандаа төлөхгүй байсан учраас манай компани 2019 оны 10 дугаар сараас нийлүүлэлтээ зогсоож төлбөрөө төлөхийг шаардаж ирсэн. Ингээд хариуцагч компаниас мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500 000 000 төгрөг төлж, 1 322 219 254 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Гэрээний 2.7-д заасны дагуу “Б.Э.С.С” ХХК нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 10-ны өдөр төлөх, 2.8-д уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнд 0,2 хувийн алдангийг хоног тутам тооцно гэж заасан байдаг.

Хамгийн сүүлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсныг 13 хоногийн хугацаа хэтрүүлэн 500 000 000 төгрөг төлсөн тул алдангийг 2 322 219 254 төгрөгийн 0,2 хувиар тооцоход 60 377 701 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 69 хоногийн хугацаа хэтрүүлэн 500 000 000 төгрөг төлсөн тул алдангийг 1 822 219 254 төгрөгийн 0,2 хувиар тооцоход 251 466 257 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш анх шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 147 хоног хэтэрсэн тул алдангийг 1 322 219 254 төгрөгийн 0,2 хувиар тооцоход 389 221 391 төгрөг буюу нийт 701 065 349 төгрөгийн алданги шаардах эрх үүссэн.

Манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг байнга шаардаж, утсаар ярих, албан бичиг явуулах, удирдлагуудын түвшинд уулзалт хийх зэрэг арга хэмжээг авч, олон жилийн хамтын ажиллагаагаа бодож шүүхэд хандах асуудлыг хойшлуулж ирсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд “Б.Э.С.С” ХХК-аас зээлээр авсан шатахууны үндсэн төлбөр 1 322 219 254 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 701 065 349 төгрөг, нийт 2 023 284 603 төгрөгийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нийлүүлсэн шатахууны хэмжээ, хугацаа, манай компаниас 1 000 000 000 төгрөг төлсөн хугацаа, хэмжээнд болон төлбөрийн үлдэгдэл 1 322 219 254 төгрөг байгаад маргахгүй бөгөөд ковид-19 цар тахлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй байгаа тухай нэхэмжлэгч талд мэдэгдсэн.

Талууд тооцоо нийлэх акт үйлдсэнээр Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дах хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан учир нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.

Нэхэмжлэгчийн шаардсан алдангийн дүн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Хариуцагч компани нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж санхүүгийн хувьд хямралд орсноо нотлох зорилгоор татварын тайланг өгсөн байх тул шүүхээс алданги төлүүлэх үндэслэлтэй гэж үзвэл 20 хувиар тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан “Б.Э.С.С” ХХК-аас 1 812 622 666 төгрөгийг гаргуулан “Н” ХХК-д олгож, “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 210 661 937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 274 373.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 221 063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд 2019 оны 9 дүгээр сарын 30, мөн оны 12 дугаар сарын 31, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус тус Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны 347 тоот тушаалын хавсралтаар баталсан тооцооны үлдэгдлийн баталгааны маягтад заасны дагуу төлбөрийн үлдэгдлийг 1 322 219 254 төгрөг гэж харилцан тохиролцож тооцоо нийлсэн акт үйлдсэн болох нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2 дах хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний хэлбэрийн болоод хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан байна.

Гэтэл анхан шатны шүүх тооцоо нийлэх гэрээ биш гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд өгсөн хариу тайлбартаа “...2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлсээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “Б.Э.С.С” ХХК нь 1 322 219 254.10 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав” гэж заасан тул “Н” ХХК-д гэрээний төлбөр, үүргийн гүйцэтгэлд 1 322 219 254.10 төгрөг төлөх үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан байдаг. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс үзвэл анхан шатны шүүх уг үйл баримтад огт дүгнэлт хийлгүй зөвхөн өмнөх онд үйлдсэн тооцоо нийлэх гэрээнүүдийг авч үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн өмгөөлөгч нь тус эцсийн байдлаар тооцоо нийлсэн актыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаар гаргуулахаар цахим хаягт үзлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан. Мөн асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс талуудын хороонд 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн зүйл байгаа эсэх, тооцоо нийлсэн бол актад алданги тооцсон эсэх талаар асуухад нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн, алданги тооцсон зүйл байхгүй тус актын үнийн дүн 1 322 219 254.10 төгрөг байгаа гэж хариулсаар байхад шүүх нотлох баримтыг гаргуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Шүүх алдангийн хэмжээг бууруулахдаа үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн эдийн засгийн чадавхи, ямар шалтгаан нөхцөлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болсон зэргийг харгалзан үзэж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байна гэсэн шаардлагыг хангах учиртай.

Монгол Улс ковид-19 цар тахлын улмаас хилийн боомтын орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарласан, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэг нь манай компанийн санхүүгийн байдалд хохирол учруулсаар байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 80 хувиар бууруулах эрх шүүхэд нээлттэй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар огт тусгагдаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбарыг тодорхой тусгаагүй, тайлбарын агуулга болоод хууль зүйн үндэслэлийг хасаж хэт товч байдлаар дурджээ. Шийдвэр нь агуулгын болоод хэлбэрийн хувьд шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх хэд хэдэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн “төлбөр төлөх хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангид 490 403 412 төгрөг гаргуулах” хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Б.Э.С.С” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 023 284 603 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

“Б.Э.С.С” ХХК нь “Н” ХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/а/102 дугаартай гэрээний дагуу худалдан авсан газрын тосны үнээс 1 322 219 254 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэдэгт талуудын хэн аль нь маргаангүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, шаардах эрхийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, дээрх гүйцэтгээгүй үүргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн зөв байна.

Зохигчид алданги шаардах хууль зүйн үндэслэл болон тооцоо нийлж баталгаажуулснаар тэдгээрийн хооронд тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн эсэх асуудлаар маргажээ.

Хариуцагч компани худалдан авсан газрын тосны үнээс 2019 оны 10 дугаар сарын 23-нд 500 000 000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдөр 500 000 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон. /хх-1,64/ Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан барааны үнийг төлж дуусгах байсан гэх үндэслэлээр мөн сарын 23-ны өдөр төлөлт хийх хүртэл 13 хоногийн, мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцон нэхэмжилжээ.

Талууд худалдах-худалдан авах гэрээний 2.7 дах заалтаар “тухайн сард авсан бүтээгдэхүүний тооцоог тухайн сардаа нийлж, төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр харилцан тохиролцсон байна. /хх-6/ 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК, хариуцагч “Б.Э.С.С” ХХК-уудын нягтлан бодогч нар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдан авсан барааний үнэд 1 322 219 231 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар хоёр байгууллага хооронд тооцоо нийлж баталгаажуулжээ. /хх-11/ Уг үйлдлээр талуудын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт тооцоо нийлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол хуулийн үндэслэлгүй.

Дээрх тооцоо нийлсэн өдрөөс хойш нэхэмжлэгч компаниас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/292, 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/402 дугаартай албан бичгээр төлбөрийн үлдэгдэл болон алдангийн хэмжээг тодорхойлон 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай мэдэгдсний дараа мөн оны 7 дугаар сарын 22-ны өдөр хоёр байгууллага дахин тооцоо нийлж, акт үйлдэн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулахдаа хариуцагч Б.Э.С.С” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 1 322 219 254 төгрөгөөр тодорхойлсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-13-14, 65-66/ Иймээс талуудыг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эцсийн байдлаар төлбөрийн үлдэгдлийг алдангигүйгээр тооцсон гэж үзэх тул нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч “Б.Э.С.С” ХХК-аас алданги гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Хариуцагч тал “шүүх хуралдааны тэмдэглэлд хариу тайлбар тусгагдаагүй, хэт товч байдлаар дурдсан” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ хариуцагч талын тайлбарыг агуулгыг алдагдуулахгүйгээр товч бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсгийн “шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар ..-ын агуулгыг заана” гэж заасныг зөрчөөгүй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган зарим хэсгийг нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02681 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.8” гэснийг хасаж, “1 812 622 666” гэснийг “1 322 219 254” гэж, “210 661 937” гэснийг “701 065 349” гэж, 2 дах заалтын “9 221 063” гэснийг “6 769 046” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 609 968 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ч.ЦЭНД