Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/02681

 

 

 

 

 

 

 

 

    2020         10          30                                    181/ШШ2020/02681

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Н ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, үүссэн алдангид нийт 2,023,284,603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани Б ХХК-ийг олон жил түлш шатахуунаар ханган ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2019/а/102 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулан гэрээний хүрээнд түлш шатахуун зээлээр нийлүүлэн хамтран ажилласан.

Б ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ байгуулах өдрөөр өмнөх гэрээний төлбөрийн үлдэгдэл 2,057,968,454 төгрөгийн төлбөрийг манай компанид төлөх тооцоотой байсан.

2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/а/102 тоот гэрээний дагуу манай компаниас Б ХХК-д 2019 оны 6 дугаар сард 150,645,600 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 7 дугаар сард 622,104,000 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 8 дугаар сард 531,630,400 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 9 дүгээр сард 959,870,800 төгрөгийн дизелийн түлш, нийт 2,264,250,800 төгрөгийн дизелийн түлшийг зээлээр нийлүүлсэн.

Б ХХК нь худалдан авсан дизелийн түлшний төлбөрт 2019 оны 6 дугаар сард 900,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 300,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сард 300,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сард 500,000,000 төгрөг тус тус төлж 2019 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 2,000,000,000 төгрөг буюу өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж 2,322,219,254 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон.

2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний төлбөр хугацаандаа төлөгдөхгүй байсан учраас манай компани 2019 оны 10 дугаар сараас нийлүүлэлтээ зогсоож төлбөрөө төлөхийг шаардаж ирсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг төлж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,322,219,254 төгрөгийн үлдэгдэлтэй болж, энэхүү төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Гэрээний 2.7-д заасны дагуу Б ХХК нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг дараа сарын 10-ны өдөр төлөх, 2.8-д уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнд 0,2 хувийн алдангийг хоног тутам тооцно гэж заасан байдаг.

Хамгийн сүүлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсныг 13 хоногийн хугацаа хэтрүүлэн 500,000,000 төгрөг төлсөн тул 2,322,219,254 төгрөгийн 0,2%-аар тооцоход 60,377,701 төгрөгийн алданги, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 69 хоногийн хугацаа хэтрүүлэн 500,000,000 төгрөг төлсөн тул 1,822,219,254 төгрөгийн 0,2%-аар тооцоход 251,466,257 төгрөгийн алданги, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш анх шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 147 хоног хэтэрсэн тул 1,322,219,254 төгрөгийн 0,2%-аар тооцоход 389,221,391 төгрөгийн алданги буюу бүгд 701,065,349 төгрөгийн алданги шаардах эрх манайд үүссэн.

Өнөөдрийн байдлаар Б ХХК-ийн төлбөрийн хугацаа 307 хоног хэтрээд байгаа бөгөөд зээлээр авсан шатахууны үндсэн төлбөр 1,322,219,254 төгрөг, гэрээний 2.8-д заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй төлбөрт тооцогдсон алданги нь 701,065,349 төгрөг болоод байна.

Манай компанийн зүгээс төлбөрөө төлөхийг байнга шаардаж, утсаар ярих, албан бичиг явуулах, удирдлагуудын түвшинд уулзалт хийх зэрэг арга хэмжээг авч байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Хамгийн сүүлд нь Б ХХК-ийн хуульч нь манай компани дээр ирж уулзалт хийж төлбөр төлөх хугацаа, хуваарийн талаар захиралтайгаа уулзаж тохиролцоно гэсэн боловч 2 удаа уулзаад дахиж уулзаагүй болно. Олон жилийн хамтын ажиллагаагаа бодож шүүхэд хандах асуудлыг ч хойшлуулж ирсээр өнөөдрийг хүрлээ.

Б ХХК-ийн төлбөр хугацаандаа төлөгдөхгүй байгаа нь манай компанийн мөнгөн урсгал, гадаад татан авалтад сөргөөр нөлөөлж, бид арилжааны банкны зээлийн хүү, валютын ханшын өсөлт зэргээс маш их хохирол амсаж байна.

Иймд Б ХХК-аас зээлээр авсан шатахууны үндсэн төлбөр 1,322,219,254 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 701,065,349 төгрөг, нийт 2,023,284,603 төгрөгийг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нэхэмжлэгчийн нийлүүлсэн шатахууны хэмжээ, хугацаа, манай компаниас 1,000,000,000 төгрөг төлсөн хугацаа, хэмжээнд маргаан байхгүй, мөн төлбөрийн үлдэгдэл 1,322,219,254 төгрөг байгаад маргахгүй, үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч байна.

Харин хугацаа хэтрүүлсний алдангийн хамт 701,065,349 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээр уг актад заасан үнийн дүнгээр төлбөрийг төлөх нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т заасанд нийцнэ. Иймд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан 1,322,219,234 төгрөгийг л нэхэмжлэгч шаардах эрхтэй болохоос алданги нэмж шаардах эрхгүй.

Нэхэмжлэгчийн шаардсан алдангийн дүн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчсөн байна. Манайх дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж үүргээ биелүүлэх боломжгүй байгаа тухайгаа нэхэмжлэгч талд мэдэгдсэн байдаг. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү.

Мөн энэ маргаанд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан анзын хэмжээг багасган хэрэглэх боломж байгаа гэж харж байна. Хариуцагч компани нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болж санхүүгийн хувьд хямралд орсон, энэ тухайгаа нотлох зорилгоор татварын тайлангаа өгсөн байгаа.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрөөс бусад хэрэгсэхгүй болгох, алданги төлүүлэх үндэслэлтэй гэж үзвэл 20%-аар тооцох үндэслэл байгааг анхааран шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, талуудаас шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангид нийт 2,023,284,603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Хариуцагч үндсэн төлбөр 1,322,219,254 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 701,065,349 төгрөгийг төлөхгүй гэж маргасан байна. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2019/а/102 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Н ХХК нь Монгол Улсын чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч Б ХХК нь тухайн сард худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний тооцоог тухайн сардаа тооцоо нийлж, дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх алданги төлөх үүргийг харилцан хүлээжээ.

 

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байх зохигчдын хэн аль нь гэрээ байгуулсан эсэх болоод түүний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сард 150,645,600 төгрөгийн дизель түлш, 2019 оны 7 дугаар сард 622,104,000 төгрөгийн дизель түлш, 2019 оны 8 дугаар сард 531,630,400 төгрөгийн дизель түлш, 2019 оны 9 дүгээр сард 959,870,800 төгрөгийн дизель түлш буюу нийт 2,264,250,800 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээрх төлбөрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 төгрөг буюу нийт 1,000,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,322,219,254 төгрөг байгаа болох нь талуудын маргаагүй тайлбараар мөн тогтоогджээ.

 

Үндсэн төлбөрийн үлдэгдэлд хариуцагч маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх 1,322,219,254 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Нэхэмжлэгч нь сүүлийн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсныг 13 хоногийн хугацаа хэтрүүлэн 500,000,000 төгрөг төлсөн тул 2,322,219,254 төгрөгийн 0,2%-аар тооцоход 60,377,701 төгрөгийн алданги, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 69 хоногийн хугацаа хэтрүүлэн 500,000,000 төгрөг төлсөн тул 1,822,219,254 төгрөгийн 0,2%-аар тооцоход 251,466,257 төгрөгийн алданги, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш анх шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 147 хоног хэтэрсэн тул 1,322,219,254 төгрөгийн 0,2%-аар тооцоход 389,221,391 төгрөгийн алданги буюу бүгд 701,065,349 төгрөгийн алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрсөн.

 

Талууд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2,322,219,254 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,322,219,254 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн байх ба хариуцагч энд заасан өр төлбөрийн хэмжээнд маргаагүй.

 

Тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгааг ийнхүү үйлдсэн нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Талууд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн тул гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч дараа сарын 10-ны өдрийн дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Гэвч гэрээнд заасан хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд үүргээ хугацаанд нь биелүүлэхэд үүрэг үүссэнээс хойш Дэлхий даяар дэгдсэн Ковид-19 цар тахал буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх боломжгүй тул мөн зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчид анзын гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан, тогтоосон алдангийн хэмжээ мөн зүйлийн 232.6-д нийцсэн, хариуцагч хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Алдангийн хэмжээг тооцоолж үзвэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 13 хоног хэтрүүлэн 500,000,000 төгрөг төлсөн тул 60,377,694 төгрөг /2,322,219,254х0.2%х13/-ийн, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 69 хоног хэтрүүлэн 500,000,000 төгрөг төлсөн тул 251,466,222 төгрөг /1,822,219,254х0.2%х69/-ийн, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн тооцсон хугацаа 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 147 хоног хэтэрсэн тул 388,732,386 төгрөг /1,322,219,254х0.2%х147/-ийн буюу бүгд 700,576,302 төгрөгийн алданги гарч байна.

 

Энд заасан дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалт зөрчигдсөн гэх хариуцагч талын тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

 

Учир нь, тооцогдсон алданги нь нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн төлбөр болох 1,322,219,254 төгрөгийг төлөх үүргийг хугацаа хэтрүүлснээс тооцогдоогүй, үүнд гэрээний үндсэн төлбөр 2,322,219,254 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлсний хариуцлага мөн багтаж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалт зөрчигдөөгүй гэж үзсэн болно.

 

Харин анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь зохицуулалтын хүрээнд хариуцагчийн санхүүгийн өнөөгийн чадавх болоод Дэлхий даяар дэгдсэн Ковид-19 цар тахлын улмаас улс даяар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогдож, аж ахуй эрхлэгчдийн бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, төр, хуулийн этгээд, иргэн гэлтгүй нийтээрээ эдийн засгийн хямралд орсон өнөөгийн бодит нөхцөл байдлыг харгалзан 700,576,302 төгрөгийн алдангийг 30%-аар бууруулах нь талуудын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчигдөхгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 490,403,412 төгрөг /700,576,302-(700,576,302х30%)/-ийг алдангид гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн алдангитай холбоотой шаардлагын үлдэх хэсэг 210,661,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд шүүх хариуцагчаас шатахууны төлбөрийн үлдэгдэлд 1,322,219,254 төгрөг, төлбөр төлөх хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангид 490,403,412 төгрөг буюу нийт 1,812,622,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 210,661,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эцэст нь, хариуцагчийн өмгөөлөгчөөс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн үйл баримтыг и-мэйлээр нотолно гэж тайлбарлаж, хуралдааны явцад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч ийнхүү хүсэлт гаргаж байгаад нь хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй, өмнө гаргаж шийдвэрлүүлэх боломжтой хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад буюу шүүх хуралдаанд гаргаж байгааг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д тус тус заасныг баримтлан Б ХХК-аас 1,812,622,666 төгрөгийг гаргуулан Н ХХК-д олгож, Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 210,661,937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,274,373.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,221,063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА