Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00154

 

“Д.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д.К” ХХК-ийн хариуцагч М.Эт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 503 168 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн ажилтан М.Э нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр компаниас 10 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд түүний 6 000 000 төгрөгт сарын 2 хувийн хүүтэй, түүний зээлсэн 4 000 000 төгрөгт сарын 3 хувийн хүүтэй сар бүрийн зээлийн эргэн төлөлт нь хүүгийн хамт 600 000 төгрөг байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээний хавсралт хуудсаар эргэн төлөлтийн хуваарийг тохирон бэлнээр мөнгөө хүлээн авч №01/19 тоот зээлийн гэрээг байгуулсан.

М.Э нь дээрх зээлийн гэрээ байгуулсны дараа эргэн төлөлтөө байнга хоцроож, элдэв янзын шалтаг тоочиж эргэн төлөлтөө хийхгүй байсаар нийт 8 508 779 төгрөгийн үлдэгдэлтэй байна. М.Э нь 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэмж 50 000 000 төгрөг зээлээч гэж хүсэлт тавьсан бөгөөд бид зөвшөөрсөн боловч тэрээр дахин 3 сарын цалингаа урьдчилан нэмж авмаар байгаагаа бидэнд хэлсэн. Манай компанийн зүгээс 3 сарын цалинг урьдчилж өгөхгүй, мөн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй цуг хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг түүнд тавьсан боловч М.Э маргаашаас нь ажлаа хаяж алга болсон.

Дээрх гэрээний 9-д зээл авагч нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчих, хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үл маргах журмаар үндсэн зээлийн үлдэгдлийг 50 хувиар нэмэгдүүлэн зээл олгогчид төлөх үүрэгтэй гэж заасан. М.Э нь нэгэнт ажлаа хаяж явсан тул бид дээрх зээлийн үлдэгдэл төлбөр болох 8 508 779 төгрөг дээр түүний 50 хувь болох 4 254 389 төгрөгийг нэмээд нийт 12 763 168 төгрөгийг М.Эээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал С.Бын ХААН банк ХХК дах 5163071275 данснаас хариуцагч М.Эийн 5083205880 тоот дансанд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч М.Э нь тус мөнгийг ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр амаар тохиролцон зээлж авсан.

Мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дэд захирал С.Б нь М.Этэй 05/19 тоот зээлийн гэрээг байгуулан 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан бөгөөд 5 000 000 төгрөгийг 4 сар, 15 хоногийн хугацаатай, хүүгүйгээр, гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн алданги тооцох үндсэн нөхцлүүдийг харилцан тохиролцсон. Иймд ажлаа хаяж явсны маргааш буюу 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 106 хоногоор алдангийг төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нь тооцож 2 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 7 500 000 төгрөгийг М.Эээс нэмж нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 600 000 төгрөг, мөн сарын 16-ны өдөр 150 000 төгрөг, мөн сарын 26-ны өдөр 75 000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 115 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөгийг, мөн сарын 12-ны өдөр 300 000 төгрөгийг нийт 4 740 000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал С.Бын ХААН банк дах 5163071275 данснаас шилжүүлэн зээлж авсан.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч М.Э нь 3 500 000 төгрөгийг компанийн захирал Ц.Н-ээс бэлнээр зээлж авсан байдаг бөгөөд тус зээлсэн талаарх баримтыг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа.

Иймд хариуцагч М.Эээс зээлийн гэрээний үүрэгт нийт 31 503 168 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь М.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид 12 763 168 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Нэхэмжлэлд дурдагдаж буй 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнээс харахад “Д.К” ХХК-аас М.Э нь зээл авч хохирол учруулсан зүйл огт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Этээс 20 263 168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.К” ХХК-д олгож, 11 240 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 810 /219 160+251 650/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259 265.84 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шийдвэрт “... гэрээний үлдэгдэл 8 508 779 төгрөг” гэжээ. Нэхэмжлэгч “Д.К” ХХК нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн гэрээний суутгал гэж хариуцагч М.Эийн цалингаас ажлаас гарах хүртэлх хугацаанд нийт 13 167 724 төгрөгийг авч байсан ба нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтаас харагддаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй.

Зээлийн гэрээний 5-д төлөгдөөгүй хоног тутамд 1 хувиар бодож алдангийг зээл төлөгчид төлөх үүрэгтэй гэж заажээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт анзын хэмжээ илт их байвал шүүх түүнийг багасгаж болно гэж заасан ба дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахлын нөхцөл байдал бий болсноор аж ахуй нэгж болон иргэдийн үйл ажиллагаа доголдох нөхцөл байдал бий болж орлого нь эрс муудсан ба давагдашгүй нөхцөл байдал бий болсон байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангаас чөлөөлөх үндэслэл бий болж байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

            Хариуцагч М.Э нь нэхэмжлэгч “Д.К” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31 503 168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 18 000 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Талууд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 000 000 төгрөгийн, мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг тус тус байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн үйл баримтад маргаангүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч “Д.К” ХХК 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 508 779 төгрөг, анз 4 254 389 төгрөг, нийт 12 763 168 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, зээлийн гэрээнүүд, хариуцагч М.Эийн цалингийн дэлгэрэнгүй хүснэгт зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /хх-4-5,35, 46/

            Талууд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Д.К” ХХК нь 10 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдүүлэхдээ 6 000 000 төгрөгийг сарын 20 хувийн, 4 000 000 төгрөгийг нь 3 хувийн хүү тус тус тооцохоор, зээлийн үүргийг зээлдэгч М.Эийн цалингаас сар бүр 600 000 төгрөг суутган төлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-4-7/

            Хэргийн 46 дугаар талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч М.Эийн 2019 оны 12, 2020 оны 1-2 дугаар сарын цалин, хөлсний тооцооллын “гарт олгогдох” гэсэн  баганад бичигдсэн мөнгөн дүнгийн урд “- компанид өгөх” гэсэн тэмдэглэгээ хийсэн байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад “дээрх хугацаанд хариуцагчийн цалин, хөлснөөс суутгал тооцоогүй” гэж тайлбарласан.

            Хариуцагч нь анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн дээрх баримтыг үгүйсгэж няцаагаагүй, зээлийн тооцооллын талаар маргаагүй байх тул түүнийг 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргээс 8 393 672 төгрөг төлөөгүй гэж үзэхээр байна.

            Иймд “нэхэмжлэгч компани хариуцагчийн цалингаас 13 167 724 төгрөг авч байсан нь нотлох баримтаар харагддаг, шүүх уг баримтыг үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/19 дугаартай зээлийн гэрээний үүргийн зөрчил, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Харин талуудын 01/19  дугаартай зээлийн гэрээний 9 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дах хэсгийн заасантай нийцэхгүй байхад хариуцагчаас торгуульд  4 254 389 төгрөг гаргуулсан нь хуулийн үндэслэлгүй байна.

            Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүнгийн хэмжээгээр торгууль төлөхөөр гүйцэтгээгүй үүрэгтэй холбоотой нэмэлт үүргийн харилцааг зохицуулжээ.

            Гэтэл талуудын гэрээний 9-д заасан “зээл авагч нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчих, хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үл маргах журмаар үндсэн зээлийн үлдэгдлийг 50 хувиар нэмэгдүүлэн зээл олгогчид төлөх” тохиролцоо нь дээрх хуульд заасанд нийцээгүй байна.

            Иймд 01/09 дугаартай зээлийн гэрээний үүргийн шаардлагаас анз нэхэмжилж буй хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. 

            2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухай:

            Талуудын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/19 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлдэгч “Д.К” ХХК нь М.Эт 5 000 000 төгрөг шилжүүлсэн, гэрээг 4 сар 15 хоногийн хугацаатай байгуулсан, уг хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд мөнгөн зээлийн 1 хувиар бодож алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон үйл баримтад зохигчдын хэн аль нь маргаагүй. /хх-35, 134/

            Хариуцагч М.Э нь уг зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч тал түүнээс үндсэн зээл, гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцон 7 500 000 төгрөг шаардаж буй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.

            Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч М.Эийн гүйцэтгээгүй үүргийг тооцвол 15 893 672 төгрөг байх боловч хариуцагч нь нэхэмжлэлээс 18 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байх тул энэ хэмжээгээр хангах нь талуудын диспозитив зарчимд нийцнэ.

            Зээлийн гэрээний үүрэгт 11 240 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

            Нэхэмжлэгч “Д.К” ХХК нь компанийн захирал Ц.Н, дэд захирал С.Б нараас хариуцагч М.Э нь нийт 11 240 000 төгрөг зээлсэн гэх үндэслэлээр түүнээс уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “20 263 168” гэснийг “18 000 000” гэж, “11 240 000” гэснийг “13 503 168” гэж, 2 дах заалтын “259 265.84” гэснийг “247 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Ч.ЦЭНД