Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00343

 

                                “,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 00154 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,, холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 31,503,168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ”,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,503,168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,  нь нэхэмжлэлийн шаардлагаас 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, ээс 20,263,168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч”,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, 11,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470,810 (219,160+251,650) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,265.84 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 00154 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/02537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “20,263,168” гэснийг “18,000,000” гэж, “11,240,000” гэснийг “13,503,168” гэж, 2 дахь заалтын “259,265.84” гэснийг “247,950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 00154 дүгээр магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд төлөгдөөгүй хоног тутамд 1 хувиар бодож алдангийг зээл төлөгчид төлөх үүрэгтэй хэмээн заажээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал шүүх түүнийг багасгаж болно” хэмээн заасан ба дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдал бий болсноор аж ахуй нэгж болон иргэдийн үйл ажиллагаа доголдох нөхцөл байдал бий болж орлого нь эрс муудсан ба давагдашгүй нөхцөл байдал бий болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангиас чөлөөлөх үндэслэл бий болж байхад шат шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд хууль талаас үгүйсгэж чадахгүй байна. Магадлалд “... гүйцэтгээгүй үүргийг тооцвол 15,893,672 төгрөг байх боловч гэжээ.” миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан уг маргаанд оролцож байсан ба эдийн засгийн тооцооллыг буруу гаргасан байх тул хангагдсан үнийн дүнгийн зөрүүг хассан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч”,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,503,168 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 20,263,168 төгрөгийг гаргуулж, үлдэх 11,240,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргуулж, үлдэх 13,503,168 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... Манай компанийн ажилтан ,,,,,,,,,,,,,,,,,,  нь 2019.06.11-ний өдөр компаниас 10,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд түүний 6,000,000 төгрөгт сарын 2 хувийн хүүтэй, 4,000,000 төгрөгт сарын 3 хувийн хүүтэй, сар бүрийн зээлийн эргэн төлөлт нь хүүгийн хамт 600,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, бэлнээр мөнгөө хүлээн авч 01/19 тоот зээлийн гэрээг байгуулсан... Уг гэрээний 9-д “зээл авагч нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчих, хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үл маргах журмаар үндсэн зээлийн үлдэгдлийг 50 хувиар нэмэгдүүлэн зээл олгогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр болох 8,508,779 төгрөг дээр түүний 50 хувь болох 4,254,389 төгрөгийг нэмээд нийт 12,763,168 төгрөгийг 2019.08.16-ны өдөр компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал ,,,,,,,,,,,,,ын данснаас 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2019.09.07-ны өдөр 05/19 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг 4 сар, 15 хоногийн хугацаатай, хүүгүйгээр, гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцож зээлсэн, 2020.06.06-ны өдрөөс 2020.09.22-ны өдрийг хүртэл 106 хоногоор алдангийг төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нь тооцож 2,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 7,500,000 төгрөгийг, мөн хариуцагч нь 2020.01.09-ний өдөр 1,600,000 төгрөг, 16-ны өдөр 150,000 төгрөг, 26-ны өдөр 75,000 төгрөг, 2020.02.17-ны өдөр 115,000 төгрөг, 2020.03.19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2020.05.02-ны өдөр 500,000 төгрөг, 12-ны өдөр 300,000 төгрөгийг, нийт 4,740,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал ,,,,,,,,,,,,,,,ын данснаас шилжүүлэн зээлж авсан, 2020.02.22-ны өдөр 3,500,000 төгрөгийг компанийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,гээс бэлнээр зээлж авсан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 31,503,168 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нэхэмжлэлд дурдагдаж буй 2019.06.11-ний өдрийн зээлийн гэрээнээс харахад”,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ,,,,,,,,,,,,,,,,,,  нь зээл авч хохирол учруулсан зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, анхан шатны шүүх хуралдаанд “...хоёр гэрээнээс 18,000,000 төгрөгийг зөвшөөрч байна...” гэсэн тайлбар өгчээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд байгуулагдсан 2019.06.11-ний өдрийн 01/19 тоот, 2019.09.07-ны өдрийн 05/19 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна, гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь эдгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Харин ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нараас хариуцагчийн зээлсэн мөнгийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхгүй юм.

10. Харин анхан шатны шүүх 2019.06.11-ний өдрийн 01/19 тоот зээлийн гэрээний  үлдэгдэл 8,508,779 төгрөг, торгууль 4,254,389 (үндсэн зээлийн үлдэгдэл 50 хувь) төгрөг, нийт 12,763,168 төгрөг, мөн 2019.09.07-ны өдрийн 05/19 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөг, алданги 2,650,000 төгрөг (2020.06.06-2020.09.22-ны өдөр хүртэл 106 хоног, өдрийн 0,5 хувь) төгрөг, нийт 7,500,000 төгрөг буюу хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 20,263,168 төгрөг (12,763,168+7,500,000)-ийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “...  2019.06.11-ний өдрийн 01/19 тоот зээлийн гэрээний 9 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас торгуульд 4,254,389 төгрөг гаргуулсан нь хуулийн үндэслэлгүй тул анзыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг тооцвол 15,893,672 төгрөг байх боловч тэрээр нэхэмжлэлээс 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байх тул энэ хэмжээгээр хангах нь талуудын диспозитив зарчимд нийцнэ...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

 11. Тодруулбал, зохигчийн хооронд байгуулагдсан 01/19 тоот гэрээний 9-д “зээл авагч нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчих, хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд үл маргах журмаар үндсэн зээлийн үлдэгдлийг 50 хувиар нэмэгдүүлэн зээл олгогчид төлөх үүрэгтэй” гэж заасан нь Иргэний хуулийн 232.1Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.5Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэснийг зөрчсөн, өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг иргэний-зээлийн харилцааны “хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй” гэх үндэслэлд хамааруулж, үл маргах журмаар торгууль төлөхөөр заасан нь хуульд нийцэхгүй юм.

12.  Хариуцагчийн “... Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал шүүх түүнийг багасгаж болно” хэмээн заасан ба дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдал бий болсноор аж ахуй нэгж болон иргэдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь эрс муудсан давагдашгүй нөхцөл байдал бий болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Учир нь, хоёр шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2019.09.07-ны өдрийн 05/19 тоот зээлийн гэрээний алдангид хариуцагчаас 2,650,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг “анзын хэмжээ хэт их” гэж үзэх үндэслэл байхгүй байна.

14. Мөн хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд холбогдох баримтыг гаргаж, мэтгэлцээгүй буюу шүүхээр хэлэлцэгдээгүй “давагдашгүй хүчин зүйл”-ийн талаар болон “...буруу тооцоолол гаргасан байх тул үнийн дүнгийн зөрүүг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэх анхан шатны шүүхэд өгсөн тайлбараасаа өөр агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүх хүлээн авч, шүүхийн шийдвэрийг өөрчлөх хууль зүйн боломжгүй юм.

15. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны  өдрийн 00154 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 99,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД