Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0633

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар0221/МА2017/0633

Улаанбаатар хот

Дугаар0221/МА2017/0633

Улаанбаатар хот

А.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ц.Г, түүний өмгөөлөгч Б.М нарын гаргасан давж заалдах гомдлоор А.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.А 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Орон тоо цомхотгох тухай” Б/05 дугаар тушаал, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/06 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Орон тоо цомхотгох тухай” Б/05 дугаар тушаал, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/06 дугаар тушаалын А.А-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Ц.Г-д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь гуравдагч этгээдийн эрхийг дордуулан шийдвэр гаргасан байна. Учир нь нэхэмжлэгч А.А-ийг Цэнгэл сум хариуцсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар эгүүлэн томилсон нөхцөлд гуравдагч этгээдийн асуудлыг хэрхэх талаар, түүний хууль ёсны эрх хөндөгдөхөөр байгааг шүүх анхаараагүй орхигдуулсан байна. Ц.Г-д нь маргаан бүхий орон тооны ажлыг нэхэмжлэгч А.А томилогдохоос өмнө хийж гүйцэтгэж байсан болохоор ажил олгогч зөвхөн өөрийн эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалт явуулан түүнийг Цэнгэл сум хариуцсан байцаагчаар, А.А-ийг Улаанхус сум хариуцсан байцаагчаар томилсон шийдвэр гаргасан байгаа нь хууль ёсны байлаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Ц.Г-ыг Цэнгэл сум хариуцсан байцаагчаар томилсон тушаал хууль ёсны эсвэл үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

2. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар туршилтын журмаар томилсон хариуцагчийн буруутай ажиллагаанд гуравдагч этгээдийг буруутгахыг урьтал болгосон. Энэ асуудалд хариуцагч буруутай болохоос гуравдагч этгээд буруугүй.

3. Шүүх нэхэмжлэгч А.А нь анх төрийн албанд орох үед 1993 онд Төрийн албаны тухай хууль батлагдаагүй гэж дүгнэсэн мөртлөө энэ хууль дагаж мөрдөгдөж байх үед 2013 онд эргэж төрийн албанд ороход түүнд үйлчлэх ёстой байсан. Шүүх учир дутагдалтай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4. Нэгэнт Нийгмийн даатгалын ерөнхий газраас баталсан бүтэц орон тоонд багтаан ажиллуулах заавал шаардлага гарсан байх тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга уг баталж өгсөн бүтцийн орон тоонд багтаахын тулд Б/05 дугаар тушаал гаргаж Цэнгэл сумын байцаагчийн нэг орон тоог цөөрүүлэн цомхотгосон нь хууль ёсны байна. Харин шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгосноор Цэнгэл сумын байцаагчийн орон тоо хоёр байгаа мэтээр ойлгуулахаар дүгнэсэн нь буруу.

Нэхэмжлэгч Цэнгэл сум дахь нэг орон тоонд маргаж байгаа болохоос орон тоог нэмэгдүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан эрхийн актын талаар маргаагүй.

Иймд энэхүү үндэслэлүүд болон шийдвэрийг бүхэлд нь магадлан судалж үзээд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын тавдугаар хавсралтаар аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг, зургадугаар хавсралтаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн салбар нэгжийн орон тооны дээд хязгаарыг тус тус баталсны дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар нэхэмжлэгч А.А-ийг Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилон ажиллуулсан атлаа Ерөнхий газрын даргын дээрх тушаалыг мөн үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар тус сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хоёр байцаагчийн нэг орон тоог цомтгож, ийнхүү цомтгосонтой холбогдуулан А.А-ийг эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхнаасаа шинээр батлагдсан бүтэц, орон тоог үндэслэн Цэнгэл сумын эрүүл мэндийн даатгалын байцаагчаар нэхэмжлэгчийг томилсон, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Ц.Г-ыг томилсон шийдвэр байхгүй, харин өмнө нь тус суманд байсан нийгмийн даатгалын шимтгэлийн болон тэтгэврийн байцаагчийн 2 орон тоог зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн 1 орон тоотой болгосон, энэхүү орон тооны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэгтэй адил буюу хадгалагдаж үлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнээс хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаачлан Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн хоёр орон тоо байсны нэгийг цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй.

Учир нь нэхэмжлэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар, Ц.Г-ыг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар Улаанхус сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар тус тус томилсныг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/63 тушаалаар хүчингүй болгож, дээр дурдсан 2016 оны Б/74 дүгээр тушаалаар А.А-ийг Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар дахин томилжээ. 

Харин шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаснаар гуравдагч этгээд Ц.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулах нөхцөл байдалд хүргэхгүй, учир нь хууль бус шийдвэр гаргасан хариуцагч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ мөн адил Ц.Г-ын эрх ашгийг зөрчихгүйгээр түүнийг ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэдэг тул энэ талаар тусгайлан дүгнэлт өгөх боломжгүй болно.

Давж заалдах гомдолд дурдсанчилан Ц.Г-д маргаан бүхий орон тооны ажлыг нэхэмжлэгчийг томилогдохоос өмнө хийж гүйцэтгэж байсан гэдэг нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл шинээр батлагдсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар зөвхөн нэхэмжлэгчийг томилсон тушаал хэрэгт авагдсан, харин Ц.Г-ыг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар Цэнгэл сумын шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Улаанхус сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон байдгаас гадна хариуцагчаас өөрийн эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан талаарх баримт хэрэгт байхгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг зөвтгөх боломжгүй.

Нэхэмжлэгч 1993 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Цэнгэл сумын тэтгэврийн байцаагчаар томилогдон ажиллаж байсан, иймд 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай” гэж заасны дагуу А.А нь энэ үеэс төрийн жинхэнэ албан хаагч болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 110/ШШ2017/0054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.Г болон түүний өмгөөлөгч Б.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН