Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01147

 

Н.Жанцандоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03019 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1274 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Жанцандоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Саусгоби Сэндс ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, нөхөх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Жанцандорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010.11.19-ний өдөр Саусгоби Сэндс ХХК-д засварчин механикчаар ажилд орсон, 2013 онд засварын ээлжийн мастер, 2015 онд засварын ахлах мастераар тус тус дэвшин ажиллаж байсан. Саусгоби Сэндс ХХК нь 2015.12.07-ны өдөр захирлын тушаалаар орон тоог хасаж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ажиллах хугацаандаа хулгай хийж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Саусгоби Сэндс ХХК-ийн удирдлагууд худал мэдээлэлд итгэж намайг хулгай хийдэг, зохион байгуулдаг гэж ажлаас халсан гэж үзэж байна. Намайг үндэслэлгүй ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна. Би сард 2.590.000 төгрөгийн цалин авдаг байсан ба дутуу авсан цалин нэхэмжилсэн боловч энэ шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нүүрсний эрэлт эрс буурсан тул   компанийн үйл ажиллагаа тасалдаж, орон тоог хасах арга хэмжээ авч байгаа. Орон тоо хассан бөгөөд үүнд засварын ахлах мастерийн ажлын орон тоо багтсан. Иймд засварын ахлах мастераар ажиллаж байсан Н.Жанцандоржид түүний ажлын байрны орон тоог хасах болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд буюу 45 хоногийн өмнө 2015.10.22-ны өдөр мэдэгдсэн. Улмаар Саусгоби Сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын 2015.12.07-ны өдрийн тушаалаар Н.Жанцандоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Компанийн зүгээс нэхэмжлэгчид ажиллаж байсан хугацааны цалин, олговор болоод нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу олгосон. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг зохих журмын дагуу бөглөж өгсөн. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь зөвхөн цомхотгол буюу хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 юм. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Байгууллага ажлын байрны орон тоог цомхотгож байгаа нь ажилтны сайн, муу ажилладаг болон хувийн байдлаас шалтгаалсан зүйл байхгүй, ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал юм. Хамтын гэрээ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэхгүй байна. 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл орон тооны бүтэц зохион байгуулалтаар 12 ажилтны ажлын байр хасагдсан байгаа. Н.Жанцандоржийг хулгайн хэрэгт сэжиглэсэн, компанийн удирдлагад өргөдөл, гомдол гаргасан баримт алга. Манай компани нийгмийн даатгалын шимтгэл илүү төлөх асуудал хааяа гардаг энэ нь компанийг алдагдалтай гэдгийг нотлохгүй юм. Иймд Н.Жанцандоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03019 дугаартай шийдвэр гаргаж  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Жанцандоржийг Саусгоби Сэндс ХХК-ийн засварын ахлах мастерын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 7.770.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,   эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрт бичилт хийхийг Саусгоби Сэндс ХХК-д даалгасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1274 дугаартай магадлал гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгосон байдаг. Хариуцагчийн зүгээс нотлох баримт болгож Саусгоби Сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2014.04.28-ны өдрийн 14/197-R Ажил албан тушаалын хавсралтаас Засварын хэлтэс нь 68 ажилтантай байхаар болж нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоог хасахаар болсон. Мөн хуулийн 40.5-д зааснаар 45 хоногийн өмнө нь мэдэгдэнэ гэж заасны дагуу 2015.10.22-ны өдөр мэдэгдсэн. Үүнээс үзэхэд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 2 заалтыг зөрчөөгүй болох нь харагдаж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

Н.Жанцандорж нь Саусгоби Сэндс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа  засварын ахлах мастерын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, холбогдох дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Саусгоби Сэндс ХХК-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1-г баримтлан  Н.Жанцандоржтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтныг халсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хариуцагчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэл бүрдэх юм.   

Ажил олгогч нь Н.Жанцандоржийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр халсан боловч Саусгоби Сэндс ХХК-д засварын ахлах мастерын орон тоо хасагдсан болох нь хэрэгт байгаа баримтаар нотлогдоогүй байх тул  2015 оны 15/423R дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Хариуцагч гомдол гаргахдаа “Эрх олгох тухай” Хувь нийлүүлэгчдийн тогтоол /хх 104-105/, “Саусгоби Сэндс ХХК-ийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай” Саусгоби Сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14/197-R дугаар тушаал хавсралтын хамт /хх 144-153/, 2015 оны 15/313-R, 15/419-R дугаар тушаалуудыг /хх 70-79/ үндэслэл болгох хэдий ч энэ нь хариуцагчийн татгалзлыг нотлоогүй байна. Ажил олгогч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15/419 R дугаар тушаалаас өмнө Н.Жанцандоржид мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй, хяналтын шатны шүүхэд гаргасан “Саусгоби Сэндс ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Харин анхан шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1274 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03019 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...128.1...” гэснийг “...128.1.2...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч  хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ